Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0410

 

 

 

 

 

  2021          06           08                                    128/ШШ2021/0410

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Мөнхбат /РД:ЧН77072215/, О.Амарбат /РД:ЛГ73053015/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ч.Саранцэцэг /РД:ТЗ74052266/,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч О.Амарбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баднайсүрэн, гуравдагч этгээд Ч.Саранцэцэг, түүний өмгөөлөгч С.Одгариг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч О.Амарбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхбат шүүх хуралдааны үед гаргасан гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн гэрчилгээ нь 2008 онд шинээр авсан гэж харагдаж байгаа. Тухайн 2008 оны 05 дугаар сард гуравдагч этгээдийн газар нь битүүмжлэгдсэн газар байсан. Би 2011 оны 05 дугаар сард тухайн газрыг худалдаж авсан. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын гэрээ гэрчилгээ гээд бүх юм нь байхгүй байдаг. Тус албанд ямар ч бүртгэлгүй байдаг.

Өнөөдрийг хүртэл 2011 онд худалдаж авч гэрчилгээ гаргаад, тухайн үед Засаг дарга солигдох хугацаа болоод удаашраад байсан. Өнөөдрийг хүртэл бидний гэрчилгээ гарахгүй байна. 2008 оны тухайн гэрчилгээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр биш. Өнөөдрийг хүртэл цаг нар, эдийн засаг гээд бүх юмаар хохироогоод л явж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч О.Амарбат, Д.Мөнхбат нарын өмгөөлөгч Б.Баднайсүрэн шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Д.Мөнхбат болон О.Амарбат нар нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан дуудлага худалдаагаар 2012 оны 05 дугаар сарын 18-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус тус 97 м.кв-тай 90 хувийн гүйцэтгэл бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Албадан дуудлага худалдааны худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлэн авсан. Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр Чингэлтэй дүүргийн газрын албанд" тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газрын эзэмших эрхүүдийг Ч.Саранцэцэгээс Д.Мөнхбат болон О.Амарбат нарт шилжүүлэхийг мэдэгдсэн.

Ийнхүү Д.Мөнхбат болон О.Амарбат бид нар нь тухайн шүүхийн шийдвэрээр хураагдсан үл хөдлөх хөрөнгө болон газрыг эрх бүхий байгууллагын албадан дуудлага худалдаагаар авсан ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өдрийн А/228 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг баталгаажуулсан. Энэхүү захирамжийг үндэслэн Д.Мөнхбатын нэр дээр 000412934 дугаар, О.Амарбатын нэр дээр 000412935 дугаар бүхий гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших гэрчилгээнүүд тус тус гарсан.

Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдөр иргэн Ч.Саранцэцэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг О.Амарбат, Д.Мөнхбат бидэнд холбогдуулан гаргасан ба Ч.Саранцэцэг нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль ёсны хэмээн үзэж, бидний шүүхийн журмаар хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шүүхийн журмаар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Мөн Ч.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2020/00786 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Д.Мөнхбат болон О.Амарбат бидний газар эзэмших эрх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Учир нь шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн газрын албанд 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 дүгээр албан бичгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 700 м.кв газрын эзэмших эрхүүдийг Ч.Саранцэцэгээс Д.Мөнхбат болон О.Амарбат нарт шилжүүлэхийг мэдэгдсэн Чингэлтэй дүүргийн газрын алба нь биелүүлэхдээ Д.Мөнхбат болон О.Амарбат нарт газар эзэмших эрхийг шилжүүлсэн атлаа Ч.Саранцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүйгээс нэг газар дээр 2 гэрчилгээгээр давхардаж газар эзэмших эрхүүд үүссэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь 2020 оны 05 дугаар сарыг 20-ны өдрийн 1107 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү Ч.Саранцэцэгийн газар албадан чөлөөлүүлэх тухай шүүхийн шийдвэрийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс бүхэлд нь хэрэгсэхгүй болгосны дараа Ч.Саранцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг даргад урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны дагуу гомдол гаргахад Бүртгэл хяналтын 0200423085 дугаар өгч, Нийслэлийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 07/2595 дугаар Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гомдлын хариуг шуудангаар хүргүүлсэн болно.

Иймд О.Амарбат, Д.Мөнхбат бид нартай давхардуулан газар эзэмших эрх олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн Д.Мөнхбат, С.Амарбат нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэг олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч үндэслэлгүй болохыг дурдаж, дараах үндэслэлээр хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр үгийн 40.1 дэх заалт Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.2-т “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон; 40.1.3-д шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй; 40.1.4-д “байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон; 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй; 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. 40.1.7-д “газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан гэсний дагуу дээрх нөхцөл байдал үүсээгүй.

 Хоёр. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.1 Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана,”, 38.5-д газар эзэмшигч нь эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн Газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж заасан нь газар нь зуслангийн байшингаас тусдаа үл хөдлөх хөрөнгө юмаа гэдгийг нотолж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь дуудлага худалдаагаар газрыг худалдаагvй байж Ч.Саранцэцэгийн эзэмшлийн газрыг Д.Мөнхбат , О.Амарбат нарт шилжүүлэн өгөх албан бичиг тус дүүргийн Газрын албанд ирүүлсэн нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байх учир Ч.Саранцэцэгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Саранцэцэг шүүх хуралдааны үед гаргасан гаргасан тайлбартаа: “...Д.Мөнхбат сая хэлэхдээ газрын гэрчилгээ нь 2008 оны огноотой байдаг гэж яриад байна. Гэтэл миний газар эзэмших эрхийн гэрчилгээ нь 2005 оны огноотой байдаг. 2005 оноос 2020 он дуустал төлбөрийн тооцоо хийсэн акт, кадастрын зурагтайгаа байна. Тэгэхээр энэхүү гэрчилгээ нь нэхэмжлэгч нарын дуудлага худалдаагаар авсан гээд байгаа байшинтай ямар ч холбоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалт байдаг. Эдгээр бичиг баримтуудаар манайхаас хураагдсан газар байна. Үүнийг дуудлага худалдаагаар оруулах гэсэн үг үсэг байхгүй. Хадгаламж зээлийн хоршооны 90 хувийн гүйцэтгэлтэй байшинг битүүмжилж, дуудлага худалдаагаар оруулсан байдаг.

Би 10 сая төгрөг хадгаламж зээлийн хоршоонд хадгалуулаад, хүүтэйгээ нийтдээ шүүхээр 14 сая төгрөгийн хохиролтой байна гэдэг нь тодорхойлогдоод нийт хохирогчдын 50 хувийг барагдуулах дүнгээр 7 сая төгрөгийг гаргуулсан байдаг. Байшин битүүмжиллээ гэхээр нь би 2009 мэдүүлэг өгсөн. Тухайн хадгаламж зээлийн хоршооны захирал нь хамт сурдаг хүн байсан ба миний газар дээр байшингаа барьсан. Тэгэхээр би найздаа итгээд мөнгөө хадгалуулсан. Мөн газар дээрээ байшин бариулсан. Байшин хурагдаад дуудлага худалдаа явуулахдаа 1.5 сая төгрөгөөр худалдан авсан газрыг хамт дуудлага худалдаагаар оруулж өгнө үү гэдэг мэдүүлэг хүсэлтээ хадгаламж зээлийн хоршооны ажлын албанд 2009 оны 05 дугаар сард өгсөн байдаг. Хүсэлтийг хүлээж авсан учир дуудлага худалдаандаа намайг оруулж тус ажиллагаагаа буюу дуудлага худалдаа болох юм байна гэж хүлээж байтал тэгээгүй.

Тэгээд 2013 онд тухайн газар дээрээ очиход манай хашаа байхгүй болсон байсан. Би энэ газрыг худалдаж авсан хүмүүстэй холбогдох гэж хичээж байсан боловч надаас зугтаасаар байгаад Иргэний журмаар шүүхэд хандан эрэн сурвалжлуулсан. Тухайн ажил нь 3 жил үргэлжилсэн байдаг. Арай гэж хаяг тогтоолгоод өнөөдөр шүүх хуралдаан болж байна.” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Одгариг шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг албадан дуудлага худалдаагаар авсан үл хөдлөх хөрөнгийн газартай холбогдуулж ярьж байна. Эрүүгийн хэрэгт бол зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө буюу байшин хураагдсан ба энэ нь 80 м.кв. Энэ хүмүүсийн хүчингүй боглох гээд байгаа нь газар нь 700 м.кв. Шийдвэр гүйцэтгэгчийн албан бичгийг яриад байдаг. 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 700 м.кв газрыг шилжүүлнэ үү гэдгийг яриад байдаг. Тэр нь хууль зүйн үндэслэл болохгүй. Энэ асуудлаар маргаж байгаа буюу шүүхээр эцэслэн шийдээгүй. Газрын гэрчилгээг хүчингүй болгоход тодорхой үндэслэл хэрэгтэй байдаг. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байна., Газрын тухай хуульд заасан үндэслэлээр гэрчилгээг хүчингүй болгодог болохоос биш та нарын яриад байгаа тухайн албан бичиг нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Эхлээд гуравдагч этгээд нь тухайн газрыг эзэмших эрхгүй тул хууль бусаар гэрчилгээ олгогдсон байна гэдэг асуудал нотлогдох ёстой. Тэгж байж гэрчилгээ хүчингүй болох асуудал яригдах ёстой. Нэхэмжлэлийн шаардлага зөв тодорхойлох ёстой.

Шийдвэр гүйцэтгэгч нь тухайн асуудлыг шийдэх эрх бүхий этгээд биш. Үүнийг хууль зүйн үндэслэл болгоод байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу яригдах ёстой байтал шал өөр зүйл яриад байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ НЬ;

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэншаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонгуулийн хэсгийн хорооны гишүүнээр ажиллаж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлсэн боловч холбогдох баримтыг хавсаргаж ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, ...тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Мөнхбат, О.Амарбат нар нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас зохион байгуулсан албадан дуудлага худалдаанд оролцож Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнтийн зуслан Билгүүний энгэрт байрлах тус бүр 97 м.кв,  90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авчээ.

          Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2012 оны  07 дугаар сарын 10-ны өдрийн 1/0739 тоот албан бичгээр “... дуудлага худалдааны ялагч Д.Мөнхбат, О.Амарбат нарын нэр дээр Чинзоригтын Саранцэцэг /ТЗ74052266/-ийн эзэмшилд байгаа 700 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх талаар Чингэлтэй дүүргийн газрын албанд...” мэдэгдэж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/228 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд 700 м.кв /га/ газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатай газрыг  эзэмшүүлж, эрхийн гэрчилгээг тус тус  олгожээ.

   Харин гуравдагч этгээдэд Чингэлтэй дүүргийн Засаг даргаас 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

Уг гэрчилгээнд дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 237 дугаар захирамжийг үндэслэл болгосон байх бөгөөд тухайн захирамж болон түүний хавсралтаар газар эзэмшүүлсэн иргэн, аж ахуйн дунд гуравдагч этгээдийн нэр байхгүй байна.

Мөн дээрх захирамж болон гэрчилгээтэй холбоотой газрын хувийн хэрэг үүсээгүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15/446 тоот албан бичгээр тус тус нотлогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэжээ.

Хэдийгээр гуравдагч этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай, маргаан бүхий газрын төлбөрийг жил бүр төлж байсан зэрэг үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч энэ нь гуравдагч этгээдэд хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэхээргүй байна.

Учир нь иргэн, аж ахуйн нэгжээс хүсэлт гаргасны дагуу газар эзэмших эрх нь сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар үүсч, гэрээ байгуулснаар баталгаажих бөгөөд уг үйл явц нь газрын хувийн хэрэг /архивын нэгж/ болж хадгалагдах учиртай.

Гэтэл гуравдагч этгээдэд эрх олгосон гэх захирамжид түүний нэр байхгүй, гэрээ байгуулаагүй, хувийн хэрэг эрх бүхий байгууллагын архивт хадгалагдаагүй байх тул түүнд хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших эрх үүссэн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл дээрх захиргааны актууд нь эрх зүйн шууд үр дагавар бий болгох бөгөөд тус шүүхээс дээрх баримтуудыг байсан, эсхүл байх боломжтой мэтээр хийсвэр дүгнэлт хийх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нь хариуцагчтай 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ хавтас хэрэгт авагдсан боловч уг гэрээний нэгж талбарын дугаар, кадастрын зурагт авагдсан нэгж талбарын дугаарууд нь зөрүүтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

          Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мөнхбат, О.Амарбат нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргаас Ч.Саранцэцэгт олгосон 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 047664 дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ.