Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00514

 

 Л.Баасандоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00259 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 985 дугаар магадлалтай,

Л.Баасандоржийн нэхэмжлэлтэй,

Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д холбогдох

Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Халиунаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Л.Баасандорж 2014 оноос хойш тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажилдаа дуртай, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг хүн. 2019.09.25-ны өдөр Б/428 дугаартай тушаалаар компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Энэ сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч байгаа. Учир нь ямар нэгэн хулгай хийх санаа зорилго байгаагүй тухайн эд зүйлийг няравт нь хэлж зөвшөөрөл авч авсан. Авахдаа буцааж оруулж өгнө гэж хэлсэн байсан. Хэрвээ тухайн зүйлийг хулгайлах гэж байсан бол юманд боогоод хэн нэгэнд харагдахгүй байдлаар авч гарах байсан. Гэтэл тэгээгүй машины сандал дээрээ ил тавьсан байсан. Дулааны 3 дугаар станц ТӨХК-ийн ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй тул авто аж ахуй хэсгийн ачааны жолоочоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөл байдлын улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компанийн жолоочоор ажиллаж байсан Л.Баасандорж нь 2019 оны 09 дүгээр сард станцын эзэмшлийн 80-47 УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож объектоос 29 кг 2 ширхэг хар өнгийн дамартай утсыг авч гарахдаа харуулд баригдсан. Харуул уг үйлдлийг илрүүлж утсыг хэнээс авсан гэхэд Золбоогоос авсан нь тогтоогдсон. Золбоо нь нярвын ажлыг орлон гүйцэтгэх хугацаандаа өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн зохих зөвшөөрөлгүй жолооч Л.Баасандоржид өгсөн нь Эрүүгийн хуулийн 17.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг үүсээд шалгалт явагдаж байгаа. Золбоо нь Л.Баасандорж утсыг авах зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж утсыг өгч нууж авч гарах гэж байсан нь хамтран үйлдсэн хэлбэр. Л.Баасандоржийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар ажлаас нь халсан гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00259 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Баасандоржийг Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 8,868,510 төгрөг гаргуулж Л.Баасандоржид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-иас 156,846 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 985 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/00259 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөх бичилт хийлгэхийг даалгах тухай Л.Баасандоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Л.Баасандорж нь Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан тус компанийн авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хуулийн дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд энэхүү гомдлыг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 985 дугаартай магадлалыг эс зөвшөөрч байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан миний эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасан. Тухайлбал, Магадлалын 4 дэх талын дээрээсээ 2 дахь параграфд Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч нь 2019.09.19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх хэсгээр байгууллагын эд хөрөнгө болох зэс утсыг зөвшөөрөлгүйгээр авч гарахыг завдсан, үүнийг тухайн үед харуулын үүрэг гүйцэтгэж байсан ажилтан илрүүлсэн үйл баримт тогтоогдсон. Талууд энэхүү үйл явдлын талаар маргадаггүй, харин Л.Баасандоржийн уг үйлдэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны гол зүйл болсон гэж үзэхээр байна гэсэн. Энэхүү тайлбар нь бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад болон нэхэмжлэл гаргахдаа өөрт ногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа хангалттай илэрхийлж, би хулгай хийгээгүй гэдэг. Энэ нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгын тайлбар болон хулгай хийх үйлдэл хийгээгүй гэсэн нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдааны тэмдэглэлд туссан тайлбаруудаар хангалттай нотлогдоно. Шүүх харуулын үүрэг гүйцэтгэж байсан ажилтан илрүүлсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хуульд заасан эрх бүхий байгууллага тогтооно, харуулын ажилтан эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхгүй. Мөн түүнчлэн шүүх Л.Баасандоржийн уг үйлдэлд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны гол зүйл болсон гэж үзэхээр байна гэж тайлбарласан. Ажилтан болон ажил олгогч гэсэн хүч тэнцүү бус 2 субъект маргаж байгаа, нөгөө талаар хүний үндсэн хуульд заасан ажил хөдөлмөр эрхлэх эрхэд халдаж байгаа ажил олгогч ямар ч тохиолдолд хуульд нийцсэн тушаал гаргах ёстой тиймээс ажил олгогчийн гаргасан тушаалын хууль зүйн үндэслэлийн тухай маргасан болно. Учир нь ажил олгогч нь Л.Баасандоржийг компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсан. Гэтэл үндэслэл болгосон компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3 дахь хэсэг 18.6.7 дахь хэсгийг үндэслэсэн байдаг. Хөдөлмөрийн дотоод журмын 18 дахь бүлэг нь Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах гэсэн бүлэг байхад ажил олгогч уг заалтыг баримтлаад хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтын дагуу ажлаас халсан байна. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох цуцлах гэдэг ойлголт нь Хөдөлмөрийн хуулийн 37, 40 дүгээр зүйлийг ойлгоно. Хөдөлмөрийн дотоод журмын 18.5 дахь хэсэгт Компанийн гүйцэтгэх захирал дараах тохиолдлуудад ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэсэн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл. Үүнд гээд цааш нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдээ дурдсан байх ба 18.5.3 хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж заасан. Ийнхүү 18.5.1-18.5.7 дахь хэсэгт ямар тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах вэ гэсэн хэсгээ тайлбарласан байх ба 18.6 дахь хэсэгт Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэх заалтаа тодруулсан байна. Энэний 18.6.7 дахь хэсэгт Ажилтан өөрт хариуцуулсан болон үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, компанийн эд зүйлийг тоносон, эд ангийг хулгайлсан, хулгайд алдсан, үрэгдүүлсэн, хулгай хийхийг завдсан, хууль бусаар ашигласан, ашиглахыг завдсан дутаасан гэх зүйлүүдийг тусгасан. Эдгээрээс ажил олгогч Л.Баасандоржийг хулгай хийхийг завдсан ноцтой зөрчил гаргасан гэдэг боловч тэрээр хулгай хийхийг завдаагүй гэдэг. Тушаалын үндэслэл 2019.09.24-ний өдрийн 2019/01 дугаартай хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байх ба уг хурлыг хийлгэсэн ДЦС-3 ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөл нь албан ёсоор байгуулагдаагүй зөвхөн Л.Баасандоржийг ажлаас нь чөлөөлөгдөхийн тулд байгуулагдсан хууль бус ёс зүйн зөвлөл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Л.Баасандоржийг ажлаас халсны дараа байгууллагын бүх ажилтнуудаас албан ёсоор санал хураалт авсны дараагаар хуулийн дагуу ёс зүйн зөвлөлөө томилсон байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд Хэрэгт тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн дотоод журам хуулбар хэлбэрээр авагдсан байх боловч талууд хөдөлмөрийн гэрээнд ямар тохиолдолд гэрээг цуцлах талаар тодорхой тусгасан, тухайн зөрчил нь бусад баримтаар тогтоогдож байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байгааг дурдах нь зүйтэй гэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хэрэглэгдэх нөхцөлийг хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд хэрэглэсэн нь зөв юм гэсэн утга бүхий дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 985 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.Баасандорж нь хариуцагч Дулааны III цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан урьд ажиллаж байсан авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халсан гэж маргажээ. /хх-2,18/

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Баасандоржийг Дулааны 3 дугаар цахилгаан станц ТӨХК-ийн Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,868,510 төгрөг хариуцагчаас гаргуулж Л.Баасандоржид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Баасандоржийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

2019.09.19-ний өдөр нэхэмжлэгч нь Дулааны III цахилгаан станц ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх хэсгээр байгууллагын эд хөрөнгө болох зэс утсыг зөвшөөрөлгүйгээр авч гарахыг завдсан, үүнийг тухайн үед харуулын үүрэг гүйцэтгэж байсан ажилтан илрүүлсэн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд ажилтны энэ үйлдэлд ажил олгогч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд ажил олгогч нь авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолооч Л.Баасандоржийг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7, Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийн 5, ДЦС-3 ТӨХК-ийн Ёс зүйн зөвлөлийн 2019.09.24-ний өдрийн 2019/01 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус баримтлан 2019.09.25-ны өдөр Б/428 дугаар тушаалаар ажлаас халсан байна. /хх-9/

Дээрх тушаал нь эрх зүйн актад тавигдах шаардлагыг хангаагүй, ямар хуулийн зохицуулалт үндэслэл болгосон нь тодорхой бус, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ гэж, 131 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сануулах, ...цалин бууруулах, ажлаас халах сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, энэ нь ажил олгогч ажилтныг сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах эрхийн зохицуулалт юм.

Ажил олгогчийн 2019.09.25-ны өдрийн Б/428 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т үндэслэгдсэн, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7 дахь заалтад заасан зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч Л.Баасандоржийн хариуцагч Дулааны III цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөх бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын хууль зүйн үндэслэлийг зөв гэж үзнэ.

Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 985 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 156,846 /нэг зуун тавин зургаан мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД