Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/0259

 


 

 

2020 оны 01 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2020/00259 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, ......... тоотод оршин суух, Б  /РД............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот-36, Хан-Уул дүүргийн ............., Д  ТӨХК /............./-д холбогдох,

авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  С  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Б  2014 оноос хойш тухайн байгууллагад тасралтгүй ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй ажилдаа дуртай, эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг хүн. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б/428 дугаартай тушаалаар компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан. Энэ сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч байгаа. Учир нь ямар нэгэн хулгай хийх санаа зорилго байгаагүй тухайн эд зүйлийг няравт нь хэлж зөвшөөрөл авч авсан. Авахдаа буцааж оруулж өгнө гэж хэлсэн байсан. Хэрвээ тухайн зүйлийг хулгайлах гэж байсан бол юманд боогоод хэн нэгэнд харагдахгүй байдлаар авч гарах байсан. Гэтэл тэгээгүй машины сандал дээрээ ил тавьсан байсан. Д  ТӨХК-ийн ажлаас халсан тушаал нь хуульд нийцээгүй тул авто аж ахуй хэсгийн ачааны жолоочоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах нөхцөл байдлын улмаас хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус компанийн жолоочоор ажиллаж байсан Б  нь 2019 оны 9 дүгээр сард станцын эзэмшлийн ............. УБЦ улсын дугаартай автомашиныг жолоодож объектоос гарахдаа 29 кг 2 ширхэг хар өнгийн дамартай утсыг авч гарахдаа харуулд баригдсан. Харуул уг үйлдлийг илрүүлж утсыг хэнээс авсан гэхэд З гоос авсан нь тогтоогдсон. З  нь няравын ажлыг орлон гүйцэтгэх хугацаандаа өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн зохих зөвшөөрөлгүй жолооч Б ид өгсөн нь Эрүүгийн хуулийн 17.4-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг үүсээд шалгалт явагдаж байгаа. З  нь Б  утсыг авах зөвшөөрөлгүй гэдгийг мэдсээр байж утсыг өгч нууж авч гарах гэж байсан нь хамтран үйлдсэн хэлбэр. Б ийн энэ үйлдэл нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн гэж үзээд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар ажлаас нь халсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Л.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч Л.Б  нь Д  ТӨХК-ийн Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн байна.

 

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд ...нэхэмжлэгч компанийн 29 кг, 2 ширхэг хар өнгийн дамартай ф-0.75 маркийн зэс утсыг хууль бусаар авч гарах үедээ баригдсан бөгөөд энэ үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдох тул ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд Л.Б  нь 2014.09.22-ны өдрөөс хойш тус байгууллагад жолоочоор ажиллаж байгаа болох нь Д  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014.09.30-ны өдрийн Б/194 тоот тушаалаар Д ТӨХК-ийн Материал техник хангамжийн хэлтэст жолоочоор томилсон тухай нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, 2014.09.17-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон байна.

 

Гэтэл Д  ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019.09.25-ны өдрийн Б/428 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 18.5.3, 18.6.7, Эрчим хүчний салбарын ажилтны ёс зүйн дүрмийн 5, Д ТӨХК-ийн ёс зүйн зөвлөлийн 2019.09.24-ний өдрийн 2019/01 дугаартай хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Л.Б ийг авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажлаас халсан байна.

 

Дээрх тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад нийцээгүй гэж шүүх дүгнэв.

 

Учир нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар 40.1.1-ээс 40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай юм.

 

Хариуцагчийн төлөөлөгч ... ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарладаг боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд мөн хуулийн 131.1.1, 131.1.2, 131.1.3-т дурдсан сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байх бөгөөд ажлаас халсанаар тухайн ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөрийн харилцаа шууд зогсдог.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь зүйтэй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь ажилтан сахилгын зөрчил гаргасан байх явдал юм.

 

Нэхэмжэгч Л.Б ийг ажлаас халсан тушаалд ...компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэж тусгаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1, 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж үзжээ.

 

Хэрэгт авагдсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн 2019.09.24-ний өдрийн 3/635 албан мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2019.10.01-ний өдрийн 191002271 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол зэргээс үзэхэд иргэн Л-гээс гаргасан ...Д ТӨХК-ийн шалганаар тус станцад ажилладаг Л.Б  нь зөвшөөрөлгүй зэс утсыг авч гарах гэж байсан гэх бүртгэлтийн Х-1-1037 дугаартай гэмт хэргийн шинжтэй мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

 

Эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан, гэтэл хэрэг бүртгэлтийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад ажил олгогчийн зүгээс ...компанийн эд зүйлийг хулгайлахыг завдсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь буруу болжээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар Л.Б ийг Д  ТӨХК-ийн Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 8,868,510 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдэв.

 

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн бичилт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журамыг үндэслэн 2019 оны 7,8,9 сарын цалингийн дундажыг 1,945,643 төгрөг, 1 өдрийн цалинг 90,495 төгрөг, ажилгүй байсан хугацааг 2019.09.25-ны өдрөөс хойш 2020.01.27-ныг хүртэл 98 хоногоор тооцож, ажилгүй байсан үеийн олговорын хэмжээг 8,868,510 төгрөг болохыг тогтоосон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байна.

 

Иймд Л.Б ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг хариуцагч Д  ТӨХК-д даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 156,846 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь хэсэгт зааснаар Л.Б ийг Д  ТӨХК-ийн Авто аж ахуйн хэсгийн ачааны автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д  ТӨХК-иас ажилтны ажилгүй байсан хугацааны олговорт 8,868,510 төгрөг гаргуулж Л.Б ид олгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг зөвтгөн нөхөн хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д  ТӨХК-иас 156,846 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ