Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2018/03299

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 11 сарын 05 өдөр

        Дугаар 102/ШШ2018/03299

              Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч М.Мөнхтөр, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэгийг оролцуулан, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 7 дугаар гудамж, 32 дугаар байрны 07 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 35 настай, эрэгтэй, ЕС83030219 регистртэй, Боржигон овогт Ц.А,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 18 дугаар байрны 2 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, 35 настай, эмэгтэй, ЙР83092860 регистртэй, Тайж овогт Ч.Д нарын нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-4 Дулааны цахилгаан станцын баруун талд, өөрийн байранд байрлах У ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний баруун талд өөрийн байранд байрлах Н ХК,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Төв аймгийн Баянцагаан сум, 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, 40 настай, эрэгтэй, НЗ78090170 регистртэй, Жимээ овогт Ж. Э

           

Эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохиролд 34,058,678 /гучин дөрвөн сая тавин найман мянга зургаан зуун далан найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган, хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, хариуцагч Н ХК-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж нар оролцов.            

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

           

Миний бие 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын арын зам дээр эхнэр Ч.Дгийн эзэмшлийн 74-88 УНҮ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашинтай, БНСУ-ын иргэн Кон Кён Ким, Монгол улсын иргэн А.Цэвээнпүрэв нарын хамт Налайх дүүргийн чиглэлд явж байгаад У ХХК-ийн ажилтан, 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч Ж.Э гэгч урсгал сөрөн, миний жолоодож явсан автомашиныг мөргөсний улмаас БНСУ-ын иргэн Жон Кён Ким, Монгол улсын иргэн А.Цэвээнпүрэв нар нас барж, миний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн билээ. Уг гэмт хэрэгт Нийслэлийн цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бөгөөд, мөрдөн байцаалтаар жолооч Ж.Эийн буруутай үйлдлээс зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдож, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлүүлж байсан У ХХК буюу уг компанийн захирал Д.Ганзоригийг иргэний хариуцагчаар татсан юм. Хэрэг шалгах явцад “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль” батлагдан гарч, улмаар Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 856 тоот тогтоолоор Ж.Эд холбогдох эрүүгийн 201424000413 тоот хэргийг уг хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Уг ослын улмаас миний биед зүүн мөрний шөрмөс тассарсан, зөөлөн эд няцарч мах үхэжсэн гэмтэл, оношийг Монгол улсад оношлож, эмчилж чадахгүй байсан учир аргагүйн эрхэнд БНСУ руу онош тогтоолгох, мэс засал хийлгүүлэхээр эхнэрийн хамт явсан юм. Энэ хүрээнд БНСУ-ын эмнэлэгт оношлуулан шөрмөс залгах мэс засал хийлгэсэн. Улмаар давтан үзлэг хийлгэх хэрэгтэй гэсний дагуу ганцаараа БНСУ руу зорчиж үзлэгт хамрагдаж байсан. Би урьд нь гаргаж байсан нэхэмжлэлээс зөвхөн өөрийн эмчилгээ, оношлогоонд гаргасан зардлыг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардал 341,000 төгрөг, БНСУ руу зорчсон онгоцны зардал 2,381,600 төгрөг, БНСУ-д оношлогоо, эмчилгээ хийлгэсэн зардал 14,829,474.8 төгрөг, БНСУ-д давтан үзлэг хамрагдсан зардал 272,604 төгрөг, бусад зардалд 1,112,000 төгрөг, нийт 18,936,678.8 төгрөг болгож нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасган өөрчилж байна. Иймд хариуцагч У ХХК-иас гэм хорын хохирол болох 18,936,678.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Д надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

 

Миний нөхөр Ч.Д 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр миний эзэмшилд байсан 74-88 УНҮ улсын дугаартай Тоёота Премио маркын автомашиныг жолоодож явах үед нь У ХХК-ийн ажилтан, 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн автомашины жолооч Ж.Э гэгч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж мөргөснөөс нөхөр Ч.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учирч, машинд нь зорчиж явсан хоёр иргэн нас барсан билээ. Улмаар уг эрүүгийн хэрэг Өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсон бөгөөд, гэм буруутай жолооч, түүний ажилладаг компаниас талийгаач нарын хохирлыг бүрэн төлөөд, манай нөхөрт учирсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Уг зам тээврийн осол болох үед манай нөхөр Ч.Дгийн жолоодож явсан автомашин нь ашиглах ямар ч боломжгүй болсон бөгөөд, уг машиныг би осол болохоос 2 сарын өмнө худалдан авсан, шинэвтэр машин байсан тул машины үнэ, автомашинд нэмэлтээр тавьсан байсан эд зүйлсийн үнэ, үнэлгээний зардал зэрэг нийт 15,122,000 төгрөгийн хохирол Ч.Д надад учирсан тул нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзлээ. Иймд хариуцагч У ХХК-иас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасны дагуу автомашины үнэ, машины эд зүйлсийн үнэ, үнэлгээний үнэ нийт 15,122,000 төгрөгийг гаргуулж, иргэн Ч.Д надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мянган шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Яллагдагч Ж.Эийн барьж явсан тээврийн хэрэгсэл Ш ХХК-ийн нэр дээр байсан ч мөрдөн байцаалтын явцад тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь У ХХК байсан нь Фидуцийн гэрээгээр тогтоогдсон. 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр яллагдагч Ж.Э нь У ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтан байсан. У ХХК-ийн зуурмагны машины жолоочоор ажиллаж байсан нь 2014 оны 5 дугаар сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар тогтоогдоно. 2014 оны 6 дугаар сараас эхлэн төлөхөө больсон нь У ХХК эд хөрөнгийн хариуцлагаас зайлсхийж Ж.Эийг ажлаас халсан байдлаар баримт бүрдүүлсэн.

 

Мөрдөн байцаалтын шатанд У ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан. Тухайн ослоос болж 2 иргэний амь нас хохирсон ба хохирлыг У ХХК бүрэн барагдуулсан бол хохирогч Ч.Дгийн хохирлыг барагдуулаагүй. Мөрдөн байцаалтын явцад Ч.Дд учирсан гэмтлийг Монголд тогтоож чадаагүй. Аргагүйн эрхэнд эхнэрийн хамт БНСУ-д очиж нарийвчилсан шинжилгээгээр зүүн гарны шөрмөс тасарч, эргэн тойрны мах үхэжсэн гэсэн онош гарсан учраас яаралтай хагалгаанд орсон. Хэрэв хугацаа алдсан бол Ч.Д зүүн гараа алдах эрсдэлтэй байсан. Хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосныг БНСУ-д эмчлүүлсэн эмчилгээний бичгийг үндэслэн хүндэвтэр зэргийн гэмтэлд оруулж хохирогчоор тогтоосон. Хагалгаанд орсноос 2 сарын дараа дахин БНСУ руу очиж давтан эмчилгээ хийлгэсэн.  2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх Монгол банкнаас авсан лавлагаагаар хохирлыг тогтоосон. Мөн 2014 оны 9 дүгээр сарын 03-наас 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл БНСУ руу зорчиж үзлэг, оношилгоо хийлгэсэн дүнг нэмж оруулсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу У ХХК-иас хохирлыг 100 хувь нэхэмжилж байгаа. Н ХК-ийг иргэний хариуцагчаар татсан тогтоолыг прокурор хэрэгсэхгүй болгож шийдсэн. Хэрэг болсноос 3 хоногийн дараа Н ХК улсын бүртгэлд бүртгэгдэж эрх зүйн чадамжтай болсон. Иймд Н ХК-ийг хариуцагчаар татах үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэгч нар Н ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

 

Зам тээврийн осол гарснаас хойш 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нар энэ хүмүүсийн араас хөөцөлдөж байна. Хохирлын нөхөн төлбөрт нэг ч төгрөг аваагүй. Эрүүгийн хэргийн шүүхэд буруугаа хүлээж, хохирлоо нөхөн төлнө гээд тухайн үед батлагдсан өршөөлийн хуульд хамрагдаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн. Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх гэхэд өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, маргах хэмжээний нөхцөл байдалд хүрсэн байна. Эдгээр хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд өршөөлийн хуульд хамрагдаж, ялаас чөлөөлөгдсөн. Иргэний хэргийн шүүхэд гэм буруугийн асуудал ярьж байгаа нь туйлын болчимгүй үйлдэл гэж хэлмээр байна. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай гэдэг нь хангалттай тогтоогдсон. Тухайн ослыг гаргасан Ж.Э нь У ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилчин гэдэг нь тогтоогдсон. Н ХК нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр буюу хэрэг явдал болсны дараа эрх зүйн чадамжтай болсон. Мөрдөн байцаалтын шатанд Н ХК хариуцагчаар татсан шийдвэрийг хэрэгсэхгүй болгосон. Эд хөрөнгийн хариуцлагыг Н ХК-д нялзаах гэсээр иргэний хэрэг үүссэнээс 2 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Хөнгөн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтэнд “зүүн мөр эмзэглэлтэй” гэж дүгнэлт гаргасан. Монголд Ч.Дн зүүн мөрний шөрмөс тасарсныг оношилж чадаагүй. 2 сарын дараа өвчин нь даамжирч  аргагүй эрхэнд БНСУ руу явж хагалгаанд орсон. Харийн орны хэл мэдэхгүй, газар мэдэхгүй учраас өөрийн эхнэр Ч.Дгийн хамт БНСУ руу явсан.  Нийт замын зардал 2,381,600 төгрөг гарсан. Өнөөдөр нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол банкнаас авсан ханшийн лавлагааны зөрүүгээс үүдэн нэхэмжлэлийн шаардлага 170,000 гаруй төгрөгөөр багасч байгаа.

 

Ч.Дгийн нэхэмжлэлийн шаардлага болох 18,815,506.40 төгрөгийг У ХХК-иас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Ч.Дгийн хувьд тээврийн хэрэгсэл худалдан авсан гэдэг нь худалдах худалдан авах гэрээ, иргэн н.Хүрэлбаатарын тодорхойлолт, 14,800,000 төгрөгөөр худалдаж авсан гэдэг нь тогтоогдож байна. Уг машин нь 2014 онд Монголд орж ирсэн шинэ машин байсан одоо машиныг ашиглах ямар ч боломжгүй болсон. Машинд нэмэлтээр бүрээс, шалавч зэргийг авч тавьсан. Нэхэмжлэгч Ч.Д нь 15,122,000 төгрөгийг У ХХК-иас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд гэм хорын хохирлыг Н ХК-иас нэхэмжлэх байсан мэтээр тайлбар хийсэнтэй холбогдуулан хэлэхэд гуравдагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар өгөх, дүгнэлт гаргах эрх бүхий субъект биш. У ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлах ёстой байсан гэж ойлгож байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид ёс зүйтэй байна уу гэж хэлмээр байна гэв.

           

Хариуцагч У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

           

Уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ш ХХК тул нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хариуцахгүй. У ХХК болон Ш ХХК-ийн хооронд фидуцийн гэрээ байсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл Ш ХХК-ийн эзэмшилд байсан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу Ш ХХК-ийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Ш ХХК гарсан зардлаа Ж.Э эсвэл У ХХК-иас нэхэмжлэх боломжтой. Хэрэг удах болсон шалтгаан нь нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу тодорхойлсноос болж хэрэг сунжирсан. Гуравдагч этгээд хохирлоо төлнө гэдгээ илэрхийлсэн гэж ойлгосон. Анхнаасаа Ш ХХК эсвэл Ж.Эийг хариуцагчаар татсан бол хэрэг шийдвэрлэгдчихсэн байсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хариуцагч Н ХК-ийн өмгөөлөгч Х.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н ХК-ийг  тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдах ямар ч үндэслэл байхгүй. Нэгдүгээрт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу тус хэргийг шалгаж байсан техникийн шинжээч 4 удаа дүгнэлт гаргасан. Техникийн шинжээчийн дүгнэлт гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэй, маш тодорхой гарах ёстой байдаг. Гэтэл  эхний 2 дүгнэлтэнд замын байдлаас үүдэн осол болоогүй гэсэн. Сүүлийн 2 дүгнэлтэнд осол замаас болж гарсан гэж байгаа боловч ямар байгууллага Замын хөдөлгөөний ямар ямар заалтуудыг зөрчсөн талаар дүгнэлтэндээ тусгаагүй. Ж.Эийг эсрэг урсгалд орж, урд байгаа машинаа мөргөсөн гэж дүгнэлт гаргасан. Замаас болж осол гараагүй гэж үзэж байгаа. Осол болоод 3 хоногийн дараа буюу Н ХК 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно” гэж заасны дагуу тухайн үед Н ХК нь иргэний эрх зүйн чадамжгүй компани байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлыг Н ХК-иас нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Хавтаст хэргийн 220 дугаар хуудсанд байгаа Өршөөлийн хуульд хамрагдах тухай Ж.Эийн хүсэлтийн доор Г.Мягмардорж гэдэг хүн хамт гарын үсэг зурсан байдаг. Одоо өнөөдөр өөрийн биеэр ирээд хуралд сууж байна. Ж.Э тухайн үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөөр баталгаа өгсөн. Гэтэл иргэний нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тогтоосон байна, замын байдлаас шалтгаалж осол болсон гэж ярьж байгаа нь буруу. Хэрэв Ж.Э Өршөөлийн хуульд хамрагдалгүй эрүүгийн журмаар хэргийг шийдвэрлүүлсэн бол иргэний хэргийг хамтад нь шийдэх боломж байсан. Эд хөрөнгийн хохирлыг Н ХК хариуцах үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч хариуцагчаар хэнийг сонгох,татгалзах эрх нь нээлттэй байдаг тул нэхэмжлэгч тал манай байгууллагыг хариуцагчаас чөлөөлөх хүсэлт өгсөн байх гэж бодож байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 

Ч.Дгийн хувьд зам тээврийн осол хэргийн улмаас бие махбодид нь нь учирсан гэмтлийн зэрэг нь эргэлзээтэй, шинжээчийн олон удаагийн дүгнэлт гарсан. Уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч нь БНСУ-д эмчилгээ хийлгэсэн гэх боловч дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хуулийн дээрх шаардлагын дагуу нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа хуульд зааснаар нотолж чадаагүй байна. Ч.Дгийн хувьд хуульд заасан журмын дагуу хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй. Зүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гуравдагч этгээд Ж.Эийг сэжигтнээр, У ХХК, Н ХК-ийг тус тус иргэний хариуцагчаар татаж байцаан шийтгэх ажиллагаа явуулсан бөгөөд, хэрэг учралтай холбоотой иргэний хэргийн хүрээнд зөвхөн У ХХК-ийг хариуцагчаар татаж шаардлага гаргаж байгаа нь хууль бус юм. Н ХК нь урьд үйл ажиллагаа явуулж байсан “Улаанбаатар АЗЗА” ТӨХК-иас салбарлан үүссэн аж ахуй нэгж байсан бөгөөд, дээрх байдалд байцаан шийтгэх ажиллагааны явцад мөрдөн байцаагч, прокурорын зүгээс дүгнэлт хийн Н ХК-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулж ажилласан нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон.

 

Иргэний хэргийн хүрээнд маргаан бүхий үйл баримтыг бодитой тогтоох, хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийхийн тулд нэгэнт иргэний хариуцагчаар татсан эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул түүнийг үгүйсгэх хууль зүйн боломж байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн хүрээнд гаргасан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтэнд “Зам орчны нөхцөл осол хэрэг гарахад нөлөөлсөн” гэж тогтоогдсон байдаг. Дүгнэлтүүдээр тухайн зам орчны арчлалт засвар үйлчилгээг хариуцаж, төсвөөс санхүүжилт авах авто замын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүрэг хүлээсэн аж ахуй нэгж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь тодорхой байна. Иймд У ХХК-д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

Нэхэмжлэгч нар нь хуулиар хүлээсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үндсэн үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий асуудалд хууль зүйн хувьд дүгнэлт хийхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Эийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

           

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                              

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч У ХХК, Н ХК-иудад холбогдуулан, гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд нийт 34,062,196 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Д нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагч У ХХК-иас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол 11,936,678.80 төгрөг гаргуулахаар шаардсан бол, түүний эхнэр Ч.Д нь зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол 15,122,000 төгрөгийг хариуцагч У ХХК-иас гаргуулахаар шаардан, энэхүү хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд, хариуцагч У ХХК нь нэхэмжлэгч нарын дээрх шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

           

Нэхэмжлэгч Ч.Дгийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н ХК-д холбогдох шаардлагаасаа татгалзсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Н ХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15 цаг 30 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд 26-52 УБР улсын дугаартай, Хово маркийн автомашиныг жолоодон явсан Ж.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 дахь хэсэгт “саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 8.11 дэх хэсэгт “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ч.Дгийн жолоодож явсан, Ч.Дгийн эзэмшлийн 74-88 УНҮ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашиныг мөргөж, жолооч Ч.Дгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан, уг авто машинд зорчиж явсан БНСУ-ын иргэн Жон Кён Ким болон Монгол улсын иргэн А.Цэвээнпүрэв нарын амь насыг хохироожээ.

 

Тээврийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 856 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор Ж.Эийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчин осол гаргасны улмаас Ч.Дгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, зорчигч БНСУ-ын иргэн Жон Кён Ким, Монгол улсын иргэн А.Цэвээнпүрэв нарын амь насыг хохироосон гэм буруутай болох нь тогтоогдсон боловч, Ж.Эийг анх удаа хүнд төрлийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг үндэслэн, “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд, зохигчид энэ талаар маргаагүй болно.

 

Ж.Эд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход үндэслэл болгосон “Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдсан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж заажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.Э нь эрүүгийн хэрэгт хянан шалгагдах явцад гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд, хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, нас барсан хохирогч нарт учирсан хохирлыг У ХХК-ийн хамтаар төлж барагдуулсан болох нь  хохирлын мөнгө хүлээлцсэн тэмдэглэлүүд, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Тээврийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 856 тоот прокурорын тогтоол, Ж.Эийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Замын цагдаагийн газрын зам тээврийн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст хандан гаргасан хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул Ж.Э нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хууль бус үйлдэл хийсэн гэм буруутай этгээд мөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.  /1-р хх-220, 239, 2-р хх 8-10/  

 

Ослын улмаас нэхэмжлэгч Ч.Д өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол болох Монгол улсад хийлгэсэн эмчилгээний зардалд 341,000 төгрөг, гэмтлийн зэрэг Монгол улсад бүрэн тогтоогдон оношлогдож чадаагүйн улмаас БНСУ-д оношлогоо, эмчилгээ хийлгэсэн болон хагалгааны зардалд 14,829,474.8 төгрөг, БНСУ-д давтан үзлэгт хамрагдсан зардал 272,604 төгрөг, бусад зардалд 1,112,000 төгрөг, нийт 18,936,678.80 төгрөгийг осол гаргасан жолооч Ж.Эийн ажил олгогч У ХХК-иас гаргуулахаар шаардаж, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх явцад БНСУ-ын вонын ханшийн зөрүүг тооцсоноор бүгд 18,815,506.4 төгрөг болгон багасгасан байна.

Харин нэхэмжлэгч Ч.Дгийн хувьд Ч.Дгийн жолоодож явсан 74-88 УНҮ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашин түүний эзэмшлийнх бөгөөд, ослын улмаас дахин ашиглагдахааргүй эвдэрсэн учир авто машины үнэ 14,800,000 төгрөг, уг авто машинд нэмэлтээр авч тавьсан эд зүйл болон үнэлгээ хийлгэсэн зардалд 322,000 төгрөг, нийт 15,122,000 төгрөгийг У ХХК-иас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч У ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч, осол гаргасан жолооч Ж.Э нь тус компанийн ажилтан бус, харин Тээвэрлэлтийн гэрээний дагуу Ш ХХК-ийн эзэмшлийн Хово маркийн автомашиныг жолоодон, У ХХК-ийн бетон зуурмагийг тээвэрлэж явахдаа гаргасан осол учир Иргэний хуулийн 498, 499 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг У ХХК хариуцах үндэслэлгүй гэх тайлбарыг гарган, Ж.Этэй байгуулсан Тээвэрлэлтийн гэрээг нотлох баримтаар гаргаж маргасан.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч У ХХК-ийг гуравдагч этгээд Ж.Эийн ажил олгогч учир тэдэнд учирсан гэм хорын хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ гэж тайлбарлаж байна.

 

У ХХК болон Ж.Э нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ бус, Тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байгаа хэдий ч Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Жадамба овогтой Энхтөрийн У ХХК-д ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн талаарх архивын лавлагаагаар түүнийг зам тээврийн осол болсон 2014 оны 5 дугаар сарыг дуусах хүртэл хугацаанд тус компанид ажиллаж, түүний нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч У ХХК төлж байсан болох нь тогтоогдсон тул Ж.Эийг ажил олгогч У ХХК-иас өгсөн заавар журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэн, бетон зуурмагийг тээвэрлэж явахдаа зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу У ХХК нь Ч.Д, Ч.Д нарт учирсан хохирлыг хариуцан төлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  /1-р хх-7/

 

Түүнчлэн, хариуцагч У ХХК-ийн зүгээс гуравдагч этгээд Ж.Эийн жолоодож явсан автомашин нь Ш ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан учир  Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу маргаан бүхий автомашины эзэмшигч бусдад учруулсан хохирлыг хариуцах тул нэхэмжлэгч нар хариуцагчаа буруу тодорхойлсон гэж тайлбарлан маргасан.

 

Гэтэл осол болох үед Ж.Эийн жолоодож явсан 26-52 УБР улсын дугаартай, Хово маркийн автомашин нь Ш ХХК-ийн нэр дээр Фидуцийн гэрээний дагуу шилжсэн байсан хэдий ч, гэрээний зүйлийг У ХХК өөрийн өмчлөлд байлган, ашиглаж байсан болох нь зохигчдын тайлбар, Т-575 дугаартай Фидуцийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдсон бөгөөд, нэхэмжлэгч нар нь тухайн автомашины эзэмшигчээс бус, зам тээврийн осол үйлдсэн гэм буруутай жолоочийн ажил олгогчоос хохирлоо гаргуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Дгийн биед ослын улмаас гэмтэл учирсныг анх 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 8009 дугаар “Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн дүгнэлт”-ээр зүүн тохойд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн бол, 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 273 дугаар дүгнэлтээр БНСУ-ын Нанүри эмнэлгийн тэмдэглэл, рентген зураг болон нэмэлт баримтуудыг үндэслэн: Ч.Дгийн зүүн мөрний шөрмөсний язарсан урагдал, зүүн тохойд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон гэж дүгнэсэн бөгөөд, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1223 дугаар шинжээчийн дүгнэлтээр дээрх 273 дугаар дүгнэлт үндэслэлтэй гарсан болох нь тогтоогджээ. /1-р хх 148-153/

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Д зам тээврийн ослын улмаас өөрийн бие махбодид учирсан гэмтлээ Монгол улсад  эмчлүүлэхэд 341,000 төгрөг зарцуулсан болох нь Гранд мед эмнэлгийн төлбөрийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн рентген зураг, тархины эхоны баримт зэргээр тогтоогдсон бөгөөд эдгээр баримтуудыг Ж.Эд холбогдох эрүүгийн хэргийн материалаас, Эрүүгийн хэргийн салбар архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцсэн байх тул уг зардлыг хариуцагч У ХХК-иас гаргуулах нь зүйтэй. /1-р хх 20-27/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Д нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 8009 дугаартай Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон боловч түүний бие махбодид учирсан гэмтлийг дутуу оношилсон болох нь БНСУ-ын Нанүри эмнэлгийн үзлэг оношлогооны тэмдэглэл, рентген зураг зэргийг үндэслэн 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 273 дугаартай Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон болох нь баримтаар нотлогдож байна.

 

Ч.Д нь зам тээврийн ослын улмаас үүссэн шөрмөсний тасралт өвчний улмаас эхнэрийн хамт БНСУлс руу зорчин, тус улсын Сөүл хотын Нанүри эмнэлэгт 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс үзлэг, оношлогоо хийлгэж, улмаар 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн эмчлүүлж, 2014 оны 4 дугаар сарын 18-ны өдөр “...мэс засал, SLAP засвар, PASTA засварын дараах эмчилгээ”-г тус тус хийлгэн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн, улмаар 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Ч.Д ганцаар БНСУ руу явж, давтан үзлэг эмчилгээ хийлгэжээ.

 

Дээрх байдлаар БНСУ руу зорчсон онгоцны тийзний зардалд 2,381,600 төгрөг, Сөүл хотын “Нанүри” эмнэлэгт хийлгэсэн үзлэг оношлогоо, хагалгааны болон хэвтэн эмчлүүлсэн, мөн эмчилгээнд хэрэглэсэн эм болон бусад зардалд нийт 14,709,808 төгрөг, 2014 оны 9 дүгээр сард дээрх эмнэлэгт давтан үзлэгт хамрагдсаны зардалд нийт 2,710,000 төгрөг, эмчилгээний зардал 1,120,000 төгрөг /зардал гарсан тухайн өдөр бүрийн Монгол банкнаас зарласан БНСУ-ын вонын ханшийн лавлагаагаар тооцон/, нийт 18,815,506 төгрөгийг У ХХК-иас гаргуулахаар шаардан нэхэмжлэлийн шаардлагаа 121,172 төгрөгөөр багасгасан бөгөөд, эдгээр гарсан зардлууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан нислэгийн тасалбар захиалгын баримт, Ж.Эд холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хэргийн салбар архивын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажсан Нанүри эмнэлгийн төлбөрийн баримтууд, эмийн сан, зочид буудал, мөн таксины төлбөрийн баримтууд болон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШТ2017/00387 дугаар “Нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүхийн тогтоолын дагуу, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар гаргуулан авсан БНСУ-ын Сөүл хотын Нанүри эмнэлгийн Эрүүл мэндийн товч дүгнэлт, Эмчилгээний зардлын төлбөр хүлээн авсан баримтуудаар тус тус тогтоогдож байх тул Ч.Дгаас гарсан дээрх зардлыг хариуцагч У ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /1-р хх 32-49, 51-65, 2-р хх 124-140/    

 

Ч.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч У ХХК-д холбогдуулан, тус компанийн жолооч Ж.Эийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гаргаж, түүний эзэмшлийн 74-88 УНҮ улсын дугаартай, Тоёота Премио маркийн автомашинд учруулсан хохирол буюу машины үнэ 14,800,000 төгрөг, уг машинд нэмэлтээр тавьсан эд зүйл /шалавч, бүрээс/-ийн үнэ 174,000 төгрөг, “Вендо” ХХК-иар ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ хийлгэсний ажлын хөлс 148,000 төгрөг, нийт 15,122,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хонхорын замд У ХХК-ийн жолооч Ж.Э, тус компанийн 26-52 УБР улсын дугаартай Хово маркийн автомашиныг жолоодож явах үедээ Ч.Дгийн өмчлөлийн 74-88 УНҮ улсын дугаартай, Тоёота Премио маркийн автомашиныг мөргөсний улмаас тухайн автомашинд зорчиж явсан хоёр иргэн нас барж, жолооч Ч.Дгийн биед хүндэвтэр гэмтэл учруулан, уг автомашин ашиглагдах боломжгүй болсон үйл баримт хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар бүрэн тогтоогдсон байна.

           

Нэхэмжлэгч Ч.Д нь 74-88 УНҮ улсын дугаартай, Тоёота Премио маркийн автомашиныг маргаан бүхий зам тээврийн осол болохоос өмнө буюу 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Д.Хүрэлбаатараас 14,800,000 төгрөгөөр худалдан авч, мөн оны 5 дугаар сарын 02-ны өдөр 46,000 төгрөгийн үнэтэй шалавч, 128,000 төгрөгийн үнэ бүхий бүрээс зэргийг хийлгэж, “Вендо” ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 148,000 төгрөг төлж, нийт 15,122,000 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд, уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Д.Хүрэлбаатарын Хас банк дахь харилцах дансны хуулга, бичгээр гаргасан тодорхойлолт, “Зиг заг фейшн” ХХК-ийн зарлагын баримт, “Доктор авто сүлжээ” ХХК-ийн зарлагын падаан, “Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт зэрэг баримтуудаар тогтоогдсон, ослын улмаас нэхэмжлэгчийн автомашин их хэмжээтэй эвдэрснийг дахин ашиглах боломжгүй болсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д нь зам тээврийн осол гаргасан буруутай этгээд болох Ж.Эийн ажил олгогч, хариуцагч У ХХК-иас 15,122,000 төгрөгийн хохирол шаардах эрхтэй байна.

           

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд, шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-иас 327,637 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ НЬ:

 

            1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У ХХК-иас 18,815,506 /арван найман сая найман зуун арван таван мянга таван зуун зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд, 15,122,000 /арван таван сая нэг зуун хорин хоёр мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд тус тус олгосугай.

           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н ХК-д холбогдох шаардлагаас нэхэмжлэгч Ч.Д татгалзсаныг батлаж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У ХХК-иас 327,637 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данс/-т оруулсугай.

           

4.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА

                                                      

                                                   ШҮҮГЧИД                          М.МӨНХТӨР

                                                                                                           

                                                                                                 Х.ЭНХЗАЯА