Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/627

 

185/2019/0818/Э

 

 

 

 

 

 

   2022      06      10          2022/ШЦТ/627                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Б” танхимд хийсэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Батсайхан, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Ж

Улсын яллагч:М.С

Иргэдийн төлөөлөгч: Г.Э

Шинжээч Б.Д /онлайнаар/,                                              

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-ийн өмгөөлөгч Л.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З, түүний өмгөөлөгч Э.А

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.М, М.Ц

Шүүгдэгч Т.М, Э.Б, тэдгээрийн өмгөөлөгч  Ч.С

нар оролцсон Эрүүгийн 1809051581175 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засвар, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, 1 удаагийн ял шийтгэлтэй, 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 215 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Х овогт Б.О

Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Содон- Өргөө” ХХК-ны үл хөдлөх хөрөнгийн зуучлагч ажилтай, ам бүл-3, ял шийтгэлгүй Б овгийн Э.Б

Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, ял шийтгэлгүй Х овгийн Т.М

            Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:  

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө
Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р.С” баарны үүдэнд Г.Б,
П.Хнартай маргалдан зодолдож П.Х-ынын толгойн тус газар нь
цохиж санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Б-тэй бүлэглэн П.Х-ын биед “Баруун нүдний
дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан,  

Э.Б, Т.М нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр
сарын 18-19-нд шилжих Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р.С” баарны
үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Б-ын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Б нь Т.М, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р.С” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Б-ын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.О-тай бүлэглэн П.Х-ын биед “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч Т.М нь шүүгдэгч Э.Б, Б.О нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р.С” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай маргалдан зодолдож Г.Б-ын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч П.Х-ыг цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бодит хохирлыг төлж барагдуулна. Би буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Та бүгдээс уучлалт хүсэж байна.  гэв.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Миний бие П.З нь өтлөх насандаа тэжээж явсан сайхан хүүгээ хүний гарт онц ноцтой хэрцгийгээр санаатай амь алуулсандаа туйлын их гашуудаж харамсаж, юугаар ч хэзээ ч нөхөшгүй зовлонд учирч, үр хүүхэд, бие сэтгэл, оюун санаагаараа хохирч явна. Талийгаач хүүгээс минь үлдсэн ач нартай минь уулзуулж учруулахгүй, тэднийг миний эсрэг тавьж, оюун тархийг нь эргүүлж байгаад их гомдож, амьдын хагацал үзэж амьдрал минь орвонгоороо эргэж, амьд явах баталгаа ч байхгүй боллоо. Үхэхийн цагт толгой түших харамсах үрээ идэр залуу насанд нь алдчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу, туйлын хүнд амьдарч байна. Төрүүлсэн үрээ алдсан эх хүн би үг хэлж, үрээ өмгөөлөх ч эрхгүй, олон жил дуугаа хурааж яваа өнөөдрийг хүрч монгол хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ ч эдэлж чадахгүй, ялгаварлан гадуурхагдаж, 3 жил 5 сар үг дуугаа залгиж явлаа. Би настай хүн, хоёр ачийнхаа төлөө чадан ядан ажиллаж амьдарч явна. Би үрийнхээ төлөө, үнэний төлөө үхэн үхтлээ тэмцсээр байх болно. Олон жил та бүхнийг өршөөж хүлээж хүлцэнгүй явлаа. Би хууль мэдэхгүйдээ хохирч явна. Миний хүү ямар ч муу зуршилгүй, хүнд тусархаг, өгөөмөр, эелдэг, уян хатан, ээж, үр хүүхэд, хань ижил, найз нөхдөдөө үнэнч байдаг сайн хүү байсан.  Хэрэг гарсан өдөр миний сайхан хүү ажлын газрын залуу Г.Б*ыг хамгаалж, гэмт этгээдүүдийг зохицуулж яваад Б.О-д алуулсан. Мөн Э.Б, Т.М нар бүлэглэн зодсон.  Биеэ хувааж төрүүлсэн хүү минь намайг өргөж, асарч, тэжээж хайрлаж халамжилж явсан ба сайхан хүүгээ алдсан би энэ хорвоог яаж элээх билээ гэж шаналан явна. Уг нь хамт явсан найзыгаа салгах гэж яваагүй бол өнөөдөр миний хүү амьд байх байсан.  Шүүгдэгч Б.О талийгаач хүүгийн толгойг тус газарт цохиж  гавал тархины битүү гэмтэл учруулсан, санаатай амь насыг нь хохироосон, би өнөөдрийн шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцож байна.  Миний хүүгийн биед учирсан гэмтэл нь ямар хүнд, амь насанд халгаатай болох нь шинжээч эмч Д.Д болон бусад эмч нарын гаргасан дүгнэлтэд тодорхой, үнэн зөв тусгасан байдаг. Би бэрдээ “Миний охиныг авчирч уулзуул” гэж хэлэхэд зөвшөөрөөгүй. Миний хүү 4 хоног 6 цаг гэмтлийн эмнэлэгт хоносноор хэргийн зүйлчлэл хөнгөрүүлэх гэж зүтгээд байгаад Б.О болон түүний өмгөөлөгч нарыг их гайхаж хардаж байна. Эмнэлэгт байх хугацаанд шинжилгээ маш их хийсэн, эмч нарын зөвлөгөөнөөр удаа дараа орсон боловч хагалгаа хийх ямар ч боломжгүй гэсэн, гэвч эмнэлгийн талаас хийх боломжтой эмчилгээ хийсэн тул гомдох юм байхгүй. Энэ хэрэгт хохирогч болсноос хойш хэргийн материалтай танилцаж эдгээр хүмүүсийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, камерийн бичлэггэй танилцсан. Энэ хурлаар миний хүүгээс ээждээ үлдээсэн хоёр ач хүүхэдтэй намайг уулзуулж элгийг минь дэвтээж байгаачээ гэж тогтоолдоо дурьдаж өгөхийг хүсье. Шүүх өнөөдрийн хурлаар хэргийг нэн даруй эргэж буцаахгүйгээр хуулийн дагуу шийдэж өгнө үү. Миний бие 2022 оны 9 сар хүртэл тэтгэврийн зээлтэй. Миний хүү амьд сэрүүн байхдаа ээж, үр хүүхдүүдээ асарч тэжээж, орон байрны өр төлбөргүй, амьдралаа авч ажиллаж хөдөлмөрлөж, хүү бид хоёр амьдралын хатуу бэрхшээлийг туулж, амьдрал сайхан болж иртэл амь хохирсон. Миний хүү ээжтэйгээ 2008 оноос түрээсийн байранд амьдарч байгаад 2017 онд ТОСК-ийн түрээсийн байранд цахимаар орж тэнцэж амьдарч байгаад 2018 онд өрх тусгаарласан. Иймд оршуулгын зардал амьдарч буй орон байрны төлбөрийг нэхэмжилж байна. Би хүүгийн хийж байгаад дутуу орхисныг гүйцээж машины төлбөр, өөрийнхөө байрны хүүгийнхээ төлж байсан бүхнийг төлж явсан, явсаар ч байгаа. Би энэ гэр орноо 30 хувийн зээлд оруулсан сар бүр 240.000 төгрөг төлдөг байсан. Одоо би 365000 төгрөг сар бүр төлж байна. 5 жилийн дараа 37 000 000 төгрөгний өртэй бид яаж төлж амьдрах юм бэ. Миний хүү байсан бол бид өрөнд орж явахгүй байсан. Нийт байрны төлбөр 41 307 000 төгрөг. 2022 оны 9 сараас ТОСК байрны төлбөр 365 000 төлж, тэтгэврийн зээлтэй, бие муу, нуруу хөл өвддөг зүрхний хэм алдагдалтай, эм тариа хоол ундаа ч авч чадахгүй, өтлөхийн цагт тэжээж явсан нэр алдартай олонд хүндлэгдэж, ажил төрөлдөө үнэнч шударга сайхан үрээ алдаж туйлын хүнд амьдарч явна. Оршуулгын зардал 32.881.450, байрны түрээсийн төлбөр 3.899.485, тэтгэврийн зээл 1.650.900 төгрөг, байрны урсгал зардлын төлбөр 49.155.505 төгрөг, нийт 87.587.358 төгрөг нэхэмжилж байна. гэв.

Эрүүгийн 1809051581175 дугаартай хэргээс:

Хохирогч Б.Х мэдүүлэг /1 хх-ийн 41 дүгээр хуудас/

Хохирогч Г.Б-ын /1хх-ийн  38-39 дүгээр хуудас/,  

Иргэний нэхэмжлэгч П.З-гийн мэдүүлэг /1хх-ийн 51 дүгээр хуудас/

Шинжээч эмч Б.Д-н мэдүүлэг /1хх-ийн 100 дугаар хуудас/

Гэрч Б.Б-н мэдүүлэг /1 хх-ийн 81-82 дугаар хуудас/,

Гэрч Э.Б-гийн мэдүүлэг /1 хх-ийн 83 дугаар хуудас/

Гэрч Б.У-н мэдүүлэг  / 2хх-ийн 148 дугаар хуудас/

Гэрч Ц.Э-ы мэдүүлэг  /2хх-ийн 149 дүгээр хуудас/

Гэрч С.Н-н мэдүүлэг /2 хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б-н мэдүүлэг /2 хх-ийн 176 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолууд /1хх-ийн 121, 125, 130, 134 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13799 дугаартай шинжээчийн дүгнэлт      /1 хх-ийн 89 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2609 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 хх-ийн 93 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №667 дугаартай шинжээчийн дүгнэлт /3 хх-ийн 44-46 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13807 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 86 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №2621 дугаартай шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 13-20 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №203 дугаартай шинжээчийн дүгнэлт /4 хх-ийн 198-204 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 618 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хх-ийн 189-190/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 141 -142, 2 хх-ийн 158-168, 169-172 дугаар хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 15 дугаар хуудас/,

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /1хх-ийн 45 дугаар хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 23-25 дугаар хуудас/,

Яаралтай тусламжийн хуудас /1 хх-ийн 105-107/,

Шүүгдэгч Б.О-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 59/,  

Шүүгдэгч Т.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 79/,

Шүүгдэгч Э.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх-ийн 89/,

Амь хохирогч  П.Х-ын өвчний түүх /2хх-ийн 203-223/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргаж ирүүлсэн хохирлын баримтууд,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Нэг: Шүүгдэгч Б.Он Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Сүхбаатар дүүргийн 1-р хороо “Р.С” баарны үүдэнд Г.Б, П.Х нартай “таксины жолооч, халтар юмнууд зайл гэх мэтээр доромжилсон” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж,  П.Х-ын толгой тус газар нь цохиж санаатай алсан гэх хэргийн үйл баримт нь:

Хохирогч Г.Б-ын “...2018 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчим Х-ын хамт “Р.С” бааранд орж бүжиглэсэн. Баар хаах болоод Х түрүүлж гарсан. Би араас нь куртикээ аваад гартал Х нэг залуутай хэрэлдээд зогсож байхаар нь би салгах гээд нөгөө залуугийн куртикнээс нь татсан. Нөгөө залуу намайг заамдаж байгаад тавьсан. Х маргалдсан залуутай хэрэлдэхэд нөгөө залуу нь Х-ын хөл рүү нь хөлөөрөө нэг удаа, нүүр рүү нь нэг удаа гараараа цохихоор нь би нөгөө залууг заамдаж аваад цохих гэтэл тал талаас баахан залуучууд унагааж байгаад нүүр, ам, толгой руу дэвссэн. Би зөрүүлж хөлөөрөө биеэ хамгаалж жийсэн. Тэр 4 залуутай Х бид хоёр зодолдсон. Намайг дахин унагааж дээрээс дэвсэж цохиж байсан. Намайг зодохоо болихоор нь босоод иртэл Х дээшээ харсан байдалтай унасан байсан...тэгээд маргалдаж байхад нь Х-ын хажууд очоод зогстол Х-тай маргалдаж байсан залуу Х-т хандан “ чиний наад нүдний шилийг чинь хагалаад , нүд рүү чинь чихнэ шүү” гэх утгатай зүйл хэлээд заналхийлж байсан. Тэгэхээр нь би тэр маргалдаад байсан залууд хандан “ чи яахаараа ийм зүйл ярьдаг юм. Чи хэн юм бэ? ” гэх зүйл яриад 2 гараараа түүний куртикны 2 талаас бариад бага зэрэг түлхэж Х-аас холдуулаад “ийм зүйл ярьж болохгүй. Монголчууд цөөхүүлхэнээ учраас ингэж болохгүй больцгооё” гэж хэлээд уучлалт гуйж гар барих гэтэл нөгөө залуу миний гарнаас бариагүй. Тэгээд тэр залуу эргэж Х-тай муудалцаад зодоон эхэлсэн. Би тэр залууг Х-тай юу гэж муудалцаад зодоон яаж эхэлснийг санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдэхэд зодоон эхэлсэн бөгөөд намайг газар унагачихсан тал талаас хүмүүс өшиглөж, цохиод байсан ба ямар нэгэн байдлаар харах сөхөө өгөхгүй байсан. Тэгээд хэр хугацаанд зодуулсныг мэдэхгүй байна. Би зодуулж байхдаа Х-ыг хэдэн хүн хэрхэн яаж зодож байгааг анзаарч хараагүй. Миний санаж байгаагаар би 5 хүнд зодуулж байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуучууд намайг зодохоо болиод , би бага зэрэг ухаан ороод өндийгөөд харахад Гадаад хэргийн яамны ертөнцийн зүгээр баруун урд талын булангийн манаачийн путекны хажууд хэвтэж байсан. Намайг анх нөгөө залуучууд Р.С баарны үүдэнд зодож эхэлсэн бөгөөд би хэрхэн тэнд очсоноо санахгүй байгаа. Намайг тэнд ухаан ороход Х мөн тус манаачийн путекний хажууд дээшээ харчихсан хэвтэж байсан. Түүнийг хаанаас эхлэн зодуулсныг мэдэхгүй байна. Ингээд би босоод хартал бид 2-ыг зодож байсан залуучууд Гадаад хэргийн яамны  баруун талаар Централ таурыг чиглээд зугтаад гүйж байсан. Тэгээд босч очоод Х дээр очоод дуудаад босгох гэтэл босохгүй, 2 нүд нь аниастай, амьсгаадаад ямар нэгэн  хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Тэр үед түүний хамраас цус гарсан байсан ба толгой хэсгээс нь ямар нэгэн цус гараагүй байсан. Тэгэхээр нь би толгойг нь өвөр дээрээ тавиад өөрийнхээ 94311111 дугаараасаа 102,103-т дуудлага өгсөн...гэх мэдүүлэг, 

Шинжээч эмч Б.Д-н “ Талийгаач П.Х-ын  биед учирсан  гавал тархины   битүү гэмтэл нь учирсан даруйд буюу энэ гэмтлийг авснаасаа хойш ямар нэгэн идэвхтэй хөдөлгөөн буюу алхах, гишгэх, ярих, идэх, уух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй. Тус гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой..гэх мэдүүлэг,

Гэрч Б.Б“...Манай баарны урд талд байрлах жижиг модон хашааны дэргэд хэсэг залуучууд бие биерүүгээ томроод муудалцаж байхаар нь бид гурав очоод та нар больцгоо гэхэд хэрэлдэхээ болиод жаахан намжаад байж байтал 165-170 орчим өндөртэй хар ноосон малгай, хар куртка өмссөн туранхай биетэй залуу нүдний шилтэй залуугаас нөгөө шар царайтай залуугийн хамар хэсэг рүү нь нэг удаа цохисон. Нөгөө залуу арагшаа бөгсөөрөө унангуутаа босож ирээд зодолдож эхлэхэд нэг залуу цаанаас нь гарч ирээд нүдний шилтэй залуу болон цохиход унадаг шар царайтай залуу мөн нөгөө талд нь 4 залуучууд хоорондоо зодолдож эхлэхэд 4-үүлээ явж байсан залуучуудын хоёр нь эхлээд цохиулаад босож ирдэг залууг Гадаад хэргийн яамны зам дээр дээшээ нь хараад хэвтүүлсэн цохиж, зууралдаад харин талийгаач болон нүдний шилтэй залууг хоёр баарны үүдэнд байх баруун талын хашлаганы хажууд мөн газар унагаагаад хэвтүүлчихсэн зодож байхаар нь би Гадаад хэргийн яамны зам дээр зодуулж байсан залуу руу гүйж очоод салгаж босоод баарны үүдэнд авчирсан” гэх мэдүүлэг,  

Гэрч Э.Б-н: ”Би 2018 оны 11 сарын 17-18 шилжих шөнө 00 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Р.С” баарнд очиж ажилласан. Тэр өдөр би касс хийсэн. Орой 02 цаг 20 минутын үед ажлаасаа буусан. Маргааш өдөр нь буюу 2018 оны 11 сарын 18-ны өдөр манай байгууллагын ажилчдын фейсбүүк групп чатад өчигдөр шөнө манай гадна болсон зодооны улмаас нэг хүн гэмтлийн эмнэлгийн сэхээнд очсон байна гэх утга бүхий чат явсан..” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №13799 дугаартай Шинжээчийн:      

     1.  “П.Х-ын биед гавлын орой ясны зулайн суман заадаснаас дух яс руу үргэлжилсэн, баруун дух яс, цох ясны гадна болон дотор ялтас, баруун нүдний ухархайн дээд хана болон хажуу хана дайрсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн таславч, тенториумд цус харвалт, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстын баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

   2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хуга  цаанд үүсгэгдсэн байх боломжтой.

  3. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ... шинжээч эмч Ц.Н...” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №2609 дугаартай шинжээчийн:         

   1. Талийгаачийн биед гавал яс зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан бүлэн, дух зулайн хуйханд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, уруулд шарх, зүүн өвдөгт зулгарал гэмтэл үүсжээ.

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна.

   3.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

   5. Талийгаач нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн учир согтууруулах ундааны зүйл үзэх шаардлагагүй.

   6. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь амьд байхад нь үүссэн гэмтэл байна.

   7. Дээрх гэмтлүүд нь  нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

   8. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

   9. Талийгаач нь  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхэнд 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 11 цаг 15 минутанд нас барсан гэж тэмдэглэгджээ.

  10. Талийгаач нь гэмтсэнээс хойш  Гэмтэл согог судлалын үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдсэн байна.

  11. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой.

  12.Талийгаачийн баруун хөмсөгний дээд хэсэг үүссэн хөхрөлт нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүний нэг удаагийн хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба гавал тархины гэмтэл үүссэн байх боломжтой. ...шинжээч Б.Даваасүрэн” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №667 дугаартай шинжээчийн

 1. Талийгаач П.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 04 цаг 20 минутаас 2018 оны 11 дүгээр сарын 22-нь өдрийн 11 цаг 15 минут хүртэл 4 хоног 06 цаг 05 минут эмчлэгдэж байгаад нас барсан байна.

2. Талийгаач нь гавал тархины хүнд гэмтэл, тархины эдийн хүнд зэргийн няцрал, хоёр тал бөмбөлгийн дух чамархайн дэлбэнгийн цусархаг няцрал, дух, зулай ясны далд шугаман хугарал, хоёр тал бөмбөлгийн шигдээс, хоёр тал бөмбөлгийн ялтаслаг хэлбэрийн хатуу хальсан доорх цусан хураа, баруун нүдний ухархай дээд дотор ханын хугарал, баруун духны хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хаван гүн комын байдал оноштойгоор эмчлэгдэж байсан байна. Талийгаачид тавьсан онош зөв байна.

3. Эмч нарын хийсэн эмчилгээ зөв байна. Тархины аалзан бүрхүүлийн доорхи тархмал цус харвалтын үед мэс заслын эмчилгээ хийх боломжгүй байдаг.

4.  Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл байна.

5. Талийгаачийн хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь нимгэн ялтаслаг хэлбэрийн байсан ба мэс заслын эмчилгээгээр бус шимэгдүүлэх эмчилгээ хийсэн нь үр дүнтэй байдаг. Тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цусан харвалт, дух, зулай ясны хугарал гэмтэлд мэс засал хийх боломжгүй гэмтлүүд байна.

6. Талийгаачид эмийн эмчилгээнээс өөр эмчилгээ хийх боломжгүй байна” гэх дүгнэлт,  

“...Шинжилгээнд ирүүлсэн сМ06_20181118030000.тр4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-11-18 03:16:55 секундээс 03:23:54 секунд, 003_М_181118030000 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2018-11-18 03:10:49 секундийн хооронд /мөрдөгчийн таниулсан/ Х, Б, О, Б, Билгүүн, М нар нь хоорондоо маргалдаж, зодолдож байгаа дүрс дүрслэгдсэн байх бөгөөд дээрх дүрс бичлэгийг удаашруулан, боломжит хэмжээгээр томруулж дискэнд бичиж хавсаргав. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд нь өөр хоорондоо хамааралгүй төхөөрөмжүүд дээр тухайн төхөөрөмжүүдийн системийн тохируулагдсан цагуудад бичигдсэн байх тул шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдийн цаг минутын зөрүүг тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт,  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №203 дугаартай шинжээчийн:

 1. ШШҮХ-н ШЭШГ-н шинжээч эмч Б.Д-н 2018.12.12-ны өдрийн гаргасан 2609 тоот дүгнэлт, 2019.05.23-ны өдөр нэмэлтээр гаргасан 667 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

  2. Гэмтлийн хүнд зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба 2.2.1-д амь насанд аюултай гэмтэлд 3.1.2, 3.1.3-д тус тус хамаарна. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэсэн нь адил ойлголт юм.

3. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог. Мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. Дээрх тохиолдолд талийгаачид учирсан “зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа” гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй байжээ” гэх дүгнэлт,   

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн “...хөр өнгийн юүдэнтэй цамцтай нь Б.О, саарал өнгийн малгайтай саарал алаг цамцтай нь Э.Б, хохирогч Г.Б яллагдагч О нар бие биенээ түлхэж байгаа байдал, талийгаач нь Б, Б.О нарын хооронд орж хэрэлдэж байгааг нь болиулж байгаа байдал, Яллагдагч Б.О У.Б, хохирогч Б талийгаач нарыг хэрэлдэж байхад яллагдагч М, Бэлгүүн нар ирж байгаа байдал, талийгаач нь Б-ыг салгаж шатан дээр аваачиж юм ярьж байгаа байдал, талийгаач нь гартаа барьсан шилтэй зүйлийг мод руу шидэж байгаа байдал, шидсэний дараа яллагдагч Б нь талийгаачтай заамдалцав, талийгаач гадаад харилцааны яамны баруун урд булангаар тойрч гүйж орж байгаа байдал, талийгаач гүйж гарч ирээд зүүн гараараа унаж байгаа байдал, талийгаач босоод цаанаас алхаж ирж байгаа байдал, талийгаачийг бараан хувцастай хүн зүүн гараараа нэг удаа цохиж байгаа байдал, талийгаач газар унахад бараан хувцастай хүн холдож гүйж байгаа байдал, уг гүйж байгаа хүний куртикны дотор талаас цагаан өнгийн цамц цухуйж байгаа байдал, бичлэгийг дуустал үзэхэд талийгаач дахин босоогүй бөгөөд эмнэлгийн түргэний тэрэг ирээд аваад явав...” гэх тэмдэглэл,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,

Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, талийгаач П.Х-ын өвчний түүх зэрэг нотлох баримтууд болно.

     Шүүгдэгч Б.О-н өмгөөлөгч Ш.М-гээс: “Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хооронд харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэл болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсвэл уг гэмтлээс шалтгаалж бусад шалтгаанаар нас барсан зэргийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.  Б.Он үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах санаа, зорилго байхгүй. Энэ зорилгыг нотлох баримтаар тогтоогоогүй. Дүгнэлт гаргасан шинжээч буюу үндсэн шинжилгээ хийж шинж чанарыг тогтоосон шинжээчийг өнөөдөр асуулаа. Амьд гарах, аврагдах болон нас барах магадлалыг 50/50 хувьтай. Ийм эргэлзээтэй байдлаар хэлсэн. Үүнийг хууль шийдсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийг оролцуулж тодорхой хариултуудыг авсан. 4 хоног  6 цаг эмчилгээ хийлгэсэн байна. Мөн эдгэрэх магадлал нь 50 хувьтай юм байна. Дээрх нөхцөл байдлаас уялдуулаад цохисон үйлдэл дээрээ маргаагүй. Цохисны улмаас нас барсан байна. Харин хэргийн зүйчлэл бол 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт буюу цохисноор хүнд гэмтэл үүсэж үүний улмаас нас барсан үйлдэлд гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй. Хэргийн зүйлчлэлийн хувьд зөвтгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйлчлэх боломжтой гэж үзвэл гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхээс эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулж шалгуулбал хэргийг мөрдөн байцаалтад буцааж шалгах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ц: Энэ хэрэг дээр нэг л юмыг ойлгох хэрэгтэй “үхэл гэж юу вэ?”.  Би шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шинжээчээс асуусан. Үхлийн 5 үе шат байдаг. Ямар үед хүнийг нас барсанд тооцох вэ? Өнөөдөр хамгийн наад зах нь ангаахын сурах бичиг дэлгээд уншихад үхлийн тодорхойлолтыг тархины шалгуураар л хэлж байгаа. Тархи үхэх буюу хүний ухамсарт ухаан үхээд мэдрэлийн системд зогссон тохиолдолд үүнийг биологийн үхэл буюу үхлийн 5 үе шатад тооцдог. Тархи үхэжсэн хэрнээ тархины доод хэсэг буюу зүрх судас, амьсгалын зам, уушги, дотор эрхтний систем хэвийн ажиллаж байдаг. Шинжээчээс асууж тодруулахад гэмтлийн үзлэг дээр буюу стор дээр мэс заслын асуудлыг шийдье гэж гэмтлийн дүгнэлтээ бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл, гэмтэлд хэвтэж байхдаа талийгаач буюу тархи нь үхжээгүй буюу амьд байсан. Хэрвээ тухайн үед Б.О санаатай байдлаар цохиод талийгаачийг алсан гэж үзэж байгаа бол тархины биологийн үхэл бол 3-5 минутад болоод өнгөрсөн байх ёстой.  Б.О-гийн хувьд талийгаачийг алъя гэсэн санаа, зорилго сэтгэхгүйн харьцаа байгаагүй. 2 дугаар шалгуур нь анагаах ухааны шалгуур байна. Тэр нь хүнд гэмтлийн улмаас нас барсан эсэхийг тогтооно. Шинжээчийн хэлснээр гавал ясны тархины гэмтлийн улмаас талийгаач нас барсан гэж хэлсэн. Өнөөдөр шүүх эмнэлгийн нарийн мэргэжил эзэмшсэн хэрнээ гэмтэл дээр очоод мэс засал хийж гавал тархины гэмтэл дээр хагалгаа хийгээд яваад байхгүй яагаад гэвэл надад тусгай эрх зүйн чадамж байхгүй. Зөвхөн энэ хэрэг ч биш, ийм хэргүүд дээр хэргийг бүслэнэ гэдэг шиг бүх төрлийг нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг та бүхэн харгалзаж үзэж байгаарай гэж захиж байна. Шүүх эмнэлгийн шинжээч болохоор боломж нь, мэдлэг нь хүрэхгүй байна ба мэдэхгүй бол мэдэхгүй гэж хариулах ёстой. Гэмтлийн мэс заслынх нь яриад байна амилаз нь өндөр байгаа учраас хагалгаанд орж болохгүй байна. Та нар амилазаг засаач гэхээр наад чинь нойр булчирхай шүүрэл учраас нойр булчирхай өөрөө үхэжсэн байгаа гэсэн дүгнэлт байгаа. Тэрнээс биш энэ хүн согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нойр булчирхайн үхжиж нас байсан зүйл байхгүй. Яагаад мэс засал хийгдээгүй гэдэг дээр холбоос нь нойр булчирхай гэдэг эрхтэн байгаа. Өөрөөр хэлбэл, мэс засал хийе гэж дүгнэсэн байдаг, гэтэл яагаад мэс засалд ороогүй вэ? гэхээр амилаза ферментийн асуудал байгаа. Амилаза энэ хэрэг дээр хэзээ ч хэвийн хэмжээнд очихгүй.  Яагаад гэвэл амилаза нь нойр булчирхайнаас ялгардаг гэж шинжээч эмч хариулсан. Тийм учраас мэс засалд ороогүй. Эцэст нь дүгнэхэд энэ хэрэг дээр талийгаач зодооны дараа шууд үхэлд хүрээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.Энхцэцэг “Шүүх хуралдааны явц болон дурдагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж байна. Харин зүйлчлэлийн хувьд хохирогч хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэж байна” гэв.

            Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогч П.Х-ын үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Шинжээч эмч С.О, Т.Ч, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтээр “Шинжээч эмч Б.Д-н 2018.12.12-ны өдрийн гаргасан 2609 тоот дүгнэлт, 2019.05.23-ны өдөр нэмэлтээр гаргасан 667 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй болохыг баталж, улмаар шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь насыг нь аврах боломжтой, боломжгүй гэдгийг тогтоож болох ба тухайн хүний биед учирсан гэмтлийн онцлог, мөн тухайн хүний бие физиологийн онцлог, эмчилгээ хүлээн авах байдал, эдгэрэлтийн байдал зэргээс хамаарч өөр өөр байх боломжтой. Дээрх тохиолдолд талийгаачид учирсан “зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа” гэмтлийн үед амь насыг аврах боломжгүй гэж дүгнэсэн байна.

      Шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтлийн улмаас нас барсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой эсэхийг тогтоож болох ч  амь хохирогч П.Х-ын хувьд түүний  биед учирсан гэмтэлд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч /мэс засал хийх зэрэг/  амь насыг аврах боломжгүй болохыг тодорхой дүгнэсэн тул өмгөөлөгч нараас гаргасан “шууд үхэлд хүргэх гэмтэл тогтоогдоогүй, эдгэрэх магадлал тодорхой хувьтай байсан” гэх дүгнэлт тайлбарыг хүлээж авах боломжгүй юм.    

Тусгай мэдлэг бүхий бүрэлдэхүүнтэй шинжээчдийн гаргасан дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан судалж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шинжээчийн  мэдүүлэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан тул шүүхээс үйл баримт болон хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримт  гэж үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Тодруулбал: Шүүгдэгч Б.О нь  2018 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Р.С баарны үүдэнд П.Х-тай хувийн шинжтэй харилцаанаас үүссэн маргаанаар шалтаглаж түүний толгойн тус газарт гараараа хүчтэй цохиж газар унагасны улмаас, зулайн оройгоос дух, баруун нүдний ухархайн дээд болон дотор ханыг хамарсан нийлмэл хугарал, тархины баруун зүүн духны дэлбэнгийн эдийн няцрал, тархины баруун зүүн дух, зулай, чамархай хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа бүхий хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдэн Гэмтэл согог төвийн үндэсний төвд 4 хоног 6 цаг эмчлэгдэж байгаад  2018 оны 11 сарын 22-ны өдрийн 11 цаг 15 минутанд нас барсан байна.

Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн: Талийгаачийн биед учирсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл нь нимгэн ялтаслаг хэлбэрийн байсан ба мэс заслын эмчилгээгээр бус шимэгдүүлэх эмчилгээ хийсэн нь үр дүнтэй, тархины хүнд зэргийн няцрал, аалзан хальсан доорх тархмал цусан харвалт, дух, зулай ясны хугарал гэмтэлд мэс засал хийх боломжгүй гэмтлүүд бөгөөд энэ гэмтлийн үед амь нас аврах боломжгүй гэх дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул өмгөөлөгч нараас гаргасан хүсэлт болон иргэдийн төлөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч Б.О нь  амь хохирогч П.Х-ын толгойн тус газар гараараа цохьсон үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлдэг ба энэ нь камерын бичлэгт үзлэг хийсэн “талийгаач газар унахад бараан хувцастай хүн холдож гүйж байгаа байдал, уг гүйж байгаа хүний куртикны дотор талаас цагаан өнгийн цамц цухуйж байгаа байдал, бичлэгийг дуустал үзэхэд талийгаач дахин босоогүй бөгөөд эмнэлгийн түргэний тэрэг ирээд аваад явав” гэх тэмдэглэлээр тогтоогдсон,  талийгаач П.Х-ын  биед учирсан  гавал тархины   битүү гэмтэл нь учирсан даруйд буюу энэ гэмтлийг авснаасаа хойш ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн буюу алхах, гишгэх, ярих, идэх, уух гэх мэт хөдөлгөөн хийх боломжгүй. Тус гэмтэл нь нэг удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэх шинжээчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон байна.

Шүүдэгч Б.О нь хохирогч П.Х-ыг зориуд өдөөн хоргоож,  “чиний наад нүдний шилийг чинь хагалаад , нүд рүү чинь чихнэ шүү гэх зэрээр хэрүүл маргаан үүсгэж улмаар араас нь очиж толгойн тус газар нь цохиж унагаахад түүний бие махбодид үхэлд хүргэх гэмтэл учирна гэдгийг энгийн ухамсрын түвшинд ойлгох бүрэн боломжтой байжээ.

Амь хохирогч П.Х-ын тархиндаа авсан хүнд гэмтэл нь өөр бусад өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан болох нь:  “талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ” гэх дүгнэлтээр тогтоогдсон тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр: Шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О, Э.Б тэй нар бүлэглэн П.Х-ын биед “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Э.Б, Т.М, Б.О нар нь хохирогч  Г.Б-тай маргалдан зодолдож Г.Б-ын эрүүл мэндэд “Дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь: шүүгдэгч нарын үйлдлээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон  хохирогч Г.Б-ын “ ...тэгээд маргалдаж байхад нь Х-ын хажууд очоод зогстол Х-тай маргалдаж байсан залуу Х-т хандан “ чиний наад нүдний шилийг чинь хагалаад , нүд рүү чинь чихнэ шүү” гэх утгатай зүйл хэлээд заналхийлж байсан. Тэгээд тэр залуу эргэж Х-тай муудалцаад зодоон эхэлсэн. Би тэр залууг Х-тай юу гэж муудалцаад зодоон яаж эхэлснийг санахгүй байна. Ямар ч байсан нэг мэдэхэд зодоон эхэлсэн бөгөөд намайг газар унагачихсан тал талаас хүмүүс өшиглөж, цохиод байсан ба ямар нэгэн байдлаар харах сөхөө өгөхгүй байсан. Миний санаж байгаагаар би 5 хүнд зодуулж байх шиг байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө залуучууд намайг зодохоо болиод , би бага зэрэг ухаан ороод өндийгөөд харахад Гадаад хэргийн яамны ертөнцийн зүгээр баруун урд талын булангийн манаачийн путекны хажууд хэвтэж байсан. Намайг анх нөгөө залуучууд Р.С баарны үүдэнд зодож эхэлсэн бөгөөд би хэрхэн тэнд очсоноо санахгүй байгаа..гэх мэдүүлэг, 

             2018 оны 11 сарын 22-ны өдрийн №13807 дугаартай : Г.Б-ын биед дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ..2. Мохоо зүйлийн 2 ба түүнээс удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт,

      Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “Талийгаачийн биед учирсан бусад гэмтэл буюу баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг,

        Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди бичлэг  зэрэг баримтуудаар тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нар нь хохирогч нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч нартай зүй зохисгүй харьцаж хоорондоо маргалдаж, улмаар  эрх чөлөөнд  нь халдан хүч хэрэглэсний улмаас амь хохирогч П.Х-ын эрүүл мэндэд “Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, уруулд шарх, өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол, хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд “дээд уруулын дотор салстын зүүн хэсэг шарх, зулгаралт, цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний сулрал, хэвлийн баруун дээд хэсэгт цус хуралт, зүүн тохойн дотор хэсэг, баруун өвдөгний доод хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.О*г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.Б, Т.М нарыг Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөр бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т “хохирогч нас барсан...тохиолдолд түүний төрсөн үрчилж авсан эцэг эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор заасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч П.Х-ын эхнэр  Б.Х, түүний эх П.З нарыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй байна гэж дүгнэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-н өмгөөлөгчөөс:  “Б.Х нь өнөөдрийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй учраас би төлөөлөн оролцож байна. Миний үйлчлүүлэгч хоёр бага насны хүүхэдтэй, ажил хийж амьдрах шаардлага гарсан. Эрүүл мэндийн байдалтай холбоотой олон төрлийн хагалгаанд орсон учраас хуралд ирээгүй. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилж байгаа ба талийгаач Иргэний нисэхийн газарт ахлах ажилтнаар ажилладаг байсан. Сард 1.452.000 төгрөгийн цалин авдаг байсан. 2019 оны 1 дүгээр сараас эхлээд тэжээгчээ алдсаны тэтгэвэр гэж хоёр хүүхэд нь нийлээд 588.360 төгрөг авч байгаа. Зөрүү мөнгө болох 69.060 төгрөг, хоёр хүүхдэд 138.090 төгрөгийн зөрүү гарч байна. Хэрэг болсноос хойш 41 сар тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 5.661.690 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн төлбөртэй сургуульд охин нь явж байгаа ба нийт 25.961.690 төгрөгийг сургалтын төлбөрт төлсөн. Үүнээс Б.О 9.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 15.661.690 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

Талийгаачийн асрамжинд байсан бага насны 2 хүүхдийг насанд хүртэл олгох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд  заасан  “ Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах” заалтыг баримтлан  508.3 дахь хэсэгт зааснаар  тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй байна. Хэргийн материалд авагдсан баримтаар[1] тэжээгчээ алдсаны тэтгэврийг   2019 оны 1 сараас эхлэн  сар бүр  588360 төгрөг  олгож эхэлжээ.  / Талийгаач П. Х нь Иргэний нисэхийн ерөнхий газар ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа сард 1.452.900 төгрөгний цалин авч байсан болох нь тогтоогдож байгаа тул тэжээгчээ алдсаны тэтгэврийг 2022 оны 5 сар хүртэл нийт олгогдсон 41 сарын зөрүү болох 5.661.690 төгрөгийг  гаргуулж , цаашид бага насны буюу насанд хүрээгүй иргэнд 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь хуульд заасан хувь хэмжээгээр гэм буруутай этгээдээс тухай бүр  гаргуулах нь зүйтэй байна. /  1.452.900 ÷  4= 363225.  ( 363225* 2 )-588360= 138090. 138090* 41 = 5.661.690 / 

Талийгаачийн 14 настай охин Х.Д нь“ С.Э.Э” бүрэн дунд сургуульд 5.650.000 / таван сая зургаан зуун тавин мянган/ төгрөг төлж сурдаг бөгөөд шүүх хэрэгт авагдсан 2018 онд 5650.000 төгрөг, 2019 онд 5650.000 төгрөг  тус тус төлөгдсөн баримтыг үндэслэн 11.300.000 төгрөгийг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 5.661.690 төгрөг нийт 16.961.690 төгрөгийг шүүгдэгч Б.О-гаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-с хүүхдийн сургалтын төлбөр төлсөн гэх ХААН банкны мөнгөн шилжүүлэг болон дансны хуулга баримтыг гаргаж ирүүлсэн боловч хувь хүний данс руу шилжүүлэг хийсэн ба мөнгө хүлээн авсан хүн нь тухайн сургалтын төлбөрийн хүлээн авах эрхтэй этгээд мөн болох нь баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч  Б.О нь урьд 7000.000 төгрөг[2]-ийг, шүүгдэгч  Э.Б, Т.М нараас нийт 1300.000 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-д шилжүүлэн өгсөн болох нь харилцах дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Б.О нь шүүхээс тогтоосон хохирлыг төлөхөөр завсарлага авах хугацаанд 6100.000 төгрөгийг өмгөөлөгч Л.Бурмаад хүлээлгэн өгсөн болох нь талуудын үйлдсэн бичгийн баримтаар тогтоогдож байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З-гээс: Шүүгдэгч  Б.О, Э.Б, Т.М нараас оршуулгын зардал 32.881.450,  байрны түрээсийн төлбөр 49.155.505, тэтгэврийн зээл 1.650.900 төгрөг, байрны урсгал зардлын төлбөр 3.899.485 төгрөг, нийт 87.587.358 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд: 2016 оны 9 сарын 21-ны өдрийн №3053-2016/155 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ[3]-ний  6.2.7 дахь хэсэгт  “ Зээлдэгч хамтран зээлдэгч нас барсан, сураггүй алга болсон, эрх зүйн чадамж нь алдагдсан, хязгаарлагдсан бөгөөд түүний өв залгамжлагч зээлийн гэрээний үүргийг цаашид үргэлжлүүлэх талаар банктай тохиролцоогүй бол зээлийн гэрээг цуцалж ...зээлдэгчээс шаардах эрхтэй талаар тусгажээ. Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээг зээлдэгч талыг төлөөлж П.Х-дангаар байгуулсан байх ба зээлдэгч нас барснаар зээлийн гэрээний үүргийг түүний өв залгамжлагчид  үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Мөн оршуулгын зардал, буяны зан үйлтэй холбоотой нэхэмжилсэн 32.881.458 төгрөгийн нэхэмжлэлээс баримтаар тогтоогдсон 12.817.988 төгрөгийг шүүгдэгч Б.О-гаас гаргуулж, 20.063.470 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхин, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих нь зүйтэй байна.

Харин Төрийн орон сууц корпорацитай “Төрийн түрээсийн орон сууцанд орон сууц түрээслэх гэрээ”[4]-г  түрээслэгч талыг төлөөлж П.З дангаар байгуулсан байх тул  түрээсийн төлбөрт нэхэмжилсэн 49.155.505 төгрөг, байрны урсгал зардалд нэхэмжилсэн 3.899.485 төгрөг, тэтгэврийн зээл 1.650.900 төгрөгт холбогдох нэхэмжлэл нь хохирогч нас барсантай холбоотой гарсан зардал гэж үзэхгүй тул хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З-д 3500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг төлсөн,                                                                                                                                                                                                                                              хохирогч Г.Б  нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбогдуулан шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарыг хохирогч Г.Б-т төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.   

 Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч  Э.Б, Т.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, мөн хуулийн  5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарын 2018 оны 11 сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг  өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэдийгээр хэргийн зүйлчлэл дээр маргадаг ч өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-д олгохоор шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З-д учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал,  хувийн байдал  зэрэг нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэр хэмжээг зөв оновчтой тодорхойлоход зайлшгүй харгалзан үзвэл зохих нөхцөл байдалд тооцогдоно.

Шүүгдэгч Б.О-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Б, Т.М нарын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 68 / жаран найм / хоног цагдан хоригдсоныг дурьдаж, шүүгдэгч Б.О-г 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр,  2020 оны 04 сарын 24-ны өдрөөс 2021 оны 06 сарын 14,  2022 оны 04 сарын 06-ны өдрөөс 2022 оны 06 сарын 10-ны өдөр хүртэл нийт 725 /долоон зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон:

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   

Шүүгдэгч Х овогт Б.О, Б овогт Э.Б, Х овогт Т.М нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5  дүгээр зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.О, Э.Б, Т.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж  шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-н энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 725 /долоон зуун хорин тав/  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-гаас нийт 9.317.988 /есөн сая гурван зуун арван долоон мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З-д олгож, П.З-гийн нэхэмжлэлээс 20.063.470 /хорин сая жаран гурван мянга дөрвөн зуун дал/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, 54.705.810 /тавин дөрвөн сая долоон зуун таван мянга найман зуун арав/ төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-н нэхэмжлэлээс 9000.000 /есөн сая/ төгрөгт холбогдох  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.О-гаас 15.661.690 /арван таван сая зургаан зуун жаран нэг мянга зургаан зуун ер/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-д, 3500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З-д, шүүгдэгч Э.Б, Т.М нараас 1300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-д төлсөн ба шүүгдэгч нараас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х, хохирогч Г.Б нарт баримтаар  төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай. 

9.  Шүүгдэгч Э.Б, Т.М нар нь энэ хэргийн улмаас тус бүр 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б, Т.М нарт урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах арга хэмжээг, шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шүүгдэгч Б.О-н эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.  

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э.Б, Т.М нарт урьд авсан Монгол улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

                                   

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ДАРЬСҮРЭН

                                ШҮҮГЧ                                      БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                      Б.ДУЛАМСҮРЭН

 

[1]  4-р  хх-ийн 94 –р хуудас

[2] 3ХХ-ийн 55, 79, 4 ХХ-ийн 87 дугаар хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 237-р хуудас

[4] 4ХХ-ийн 161 –р хуудас