Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 101/2019/02128/И |
Дугаар | 001/ХТ2021/00490 |
Огноо | 2021-05-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 001/ХТ2021/00490
С.Бямбажавын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1992 дугаар магадлалтай,
С.Бямбажавын нэхэмжлэлтэй,
П.Бүдрагчаад холбогдох
Зээлийн гэрээний төлбөрт 133,159,880 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сувд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь иргэн П.Бүдрагчаатай харилцан тохиролцож 2011.09.20-ны өдөр 2011/038 тоот зээлийн гэрээг байгуулж 47,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, мөнгийг бэлнээр хүлээлгэж өгсөн тухай зээлдэгчийн гарын үсэг бүхий зарлагын баримт үйлдсэн. Зээлийн эргэн төлөлтийг графикаар тохирсон боловч хүүгийн төлбөрт нийт 19,425,000 төгрөг төлсөн. Уг зээлийн төлбөрт буюу үндсэн зээлд 47,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 38,928,533 төгрөг, нийт 85,928,533 төгрөг байсан боловч 19,425,000 төгрөгийн хүүгийн төлөлтийг хасвал 66,503,533 төгрөг үлдсэн. Үүнийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 2014/004 тоот зээлийн гэрээгээр 48,190 ам.долларт хөрвүүлж нэг ам.долларыг 1380 төгрөгөөр тооцож сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай төлөх нөхцлийг тохиролцож эргэн төлөх хуваарийг баталсан. Уг зээлийн гэрээний дагуу хүүд 24,962.42 ам.доллар төлөхөөс нийт 22,831.44 ам.доллар төлснийг хасч тооцвол хүүгийн үлдэгдэлд 2130.98 ам.доллар, үндсэн зээлийн 48,190 ам.доллар, нийт 50,320.98 ам.доллар болно. Дээрх зээлийн гэрээний үүргийг зээлдэгч тал гэрээгээр тохирсон 24 сарын хугацаанд биелүүлээгүй учраас талууд 2016.03.15-ны өдөр дахин нэмэлт өөрчлөлт бүхий зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 2011.09.20-ны өдөр байгуулсан 2011/038 тоот зээлийн гэрээний хугацааг 2016.09.10-ны өдөр хүртэл сунгаж 2014.05.15-ны өдрийг хүртэлх хүүгийн үлдэгдэлд 19,503,533 төгрөг, үндсэн зээл 47,000,000 төгрөг, нийт 66,503,533 төгрөг байхаар тохиролцсон. Нэмэлт гэрээний 3.4-т зааснаар 66,503,533 төгрөгийн үндсэн зээлийг ам.долларт шилжүүлж нэг ам.долларыг өмнө тохирсон 1380 төгрөгөөр бодож, хүүг 2.8 хувь байхаар тохирсон. Үүнээс хойш талууд байнга уулзаж, төлбөр тооцоог дуусгах талаар ярилцаж байсан ба П.Бүдрагчаа нь энэ талаар хүсэлт бичиж, төлбөрийн үнийн дүн болон төлөх хугацааг баталгаажуулж байсан боловч төлөлт хийгдээгүй. Иймээс эцсийн байдлаар буюу 2018.03.28-ны өдөр 52,379 ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж тооцвол 125,185,810.880 төгрөг байхаар баталгаажуулсан баримт үйлдсэн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчийн зээлийн хүүгийн үлдэгдэл 2130.98 ам.доллар, үндсэн зээлийн үлдэгдэл 48,190 ам.доллар нийт 50,320.98 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнийг нэхэмжлэл гаргах өдрийн албан ханшид хөрвүүлбэл 133,159,880 төгрөг болж байна. Иймд 133,159,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч нь надаас зээлийн төлбөрт 133,159,880 төгрөг нэхэмжлэхдээ 2011, 2014, 2016 онуудын зээлийн гэрээнүүдийг үндэслэл болгожээ. Би зээлдүүлэгч С.Бямбажавтай 2011.09.20-ны өдөр 47,000,000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаагаар зээлэхээр харилцан тохирч, мөн өдрөө зээлийн гэрээг бичгээр байгуулж, мөнгийг хүлээн авсан талаар маргаангүй. Дээрх гэрээний хавсралтад зааснаар гэрээний хугацаа дуусахад зээл, хүүгийн хамт нийт 56,075,881 төгрөг төлөхөөр тохирч, график байгуулсан ба энэхүү гэрээний хугацаа 2012.09.20-ны өдөр дууссан. Харин нэхэмжлэлд дурдсан 2014.05.15-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 48,190 ам.долларыг нэхэмжлэгч нь надад бодитоор өгөөгүй бөгөөд энэ тухайгаа нэхэмжлэлд тодорхой бичжээ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар зээлийн мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох ба зээлдүүлэгч нь зээлдэгчээс уг мөнгийг буцаан шаардах эрхтэй болно. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан 48,190 ам.долларыг надад шилжүүлэн өгөөгүй тул уг гэрээний дагуу зээл, хүүг нэхэмжлэх эрхгүй. Зээл олгосон тохиолдолд уг мөнгийг ашиглаж, эргэлтэд оруулсны үндсэн дээр хүү төлөх бөгөөд нэгэнт зээл олгогдоогүй тохиолдолд хүү төлөх үндэслэл байхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 2011 оны зээлийн гэрээний хуримтлагдсан хүү 38,928,533 төгрөг гэжээ. 2011.09.20-ны өдрийн гэрээний хугацаа 2012.09.20-ны өдөр дууссан бөгөөд энэхүү гэрээг хуульд заасан журмын дагуу сунгасан асуудал огт байхгүй болно. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дах хэсэгт зааснаар гэрээний хугацааг дуусахаас өмнө анх байгуулсан хэлбэрээр сунгах ба 2011 оны зээлийн гэрээг хуульд заасан журмаар сунгаагүй тул нэхэмжлэгч нь уг гэрээнд заасан хугацаанаас илүүгээр хүү шаардах эрхгүй. Нэгэнт 2014.05.15-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 48,190 ам.долларыг шилжүүлээгүй тул уг гэрээнд 2016.03.15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй. Харин миний хувьд 2011.09 сард 47,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй 12 хугацаагаар зээлж авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул уг гэрээний дагуу төлбөрийг төлөх үүрэгтэй. Дээрх зээлийн төлбөрт 2014 он хүртэл хугацаанд 19,425,000 төгрөг, үүнээс хойш 22,831 ам.доллар төлсөн, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, 2011 оны зээлийн гэрээний төлбөрт нийт 56,075,881 төгрөг төлөх байснаас 1 ам.долларыг нэхэмжлэлд дурдсан 1380 төгрөгөөр тооцвол 51,000,000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Нэхэмжлэгч С.Бямбажавын гаргасан нэхэмжлэлийн үндэслэлд 2014 оны зээлийн гэрээ, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016 оны гэрээг дурджээ. Бидний хооронд 2011 оны 09 дүгээр сард 47,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу зээлийг хүлээн авч, төлбөрийг төлж дууссан талаар нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан болно. Харин нэхэмжлэлд дурдсан дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Уг гэрээний үүргийг шаардаж буй бол нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 48,190 ам.долларыг надад шилжүүлэн өгснөө нотлох хэрэгтэй бөгөөд мөнгийг өгөөгүй болохоор баримт байхгүй. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ам.долларыг шилжүүлэн өгөөгүй тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Харин Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийсэн этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог. Би нэхэмжлэгчээс 2011 онд 47,000,000 төгрөг зээлсэн, үүний зарим хэсгийг төлж чадаагүй байсан тул түүнийгээ төлөхөөр тохирсон гэж ойлгон 2014 оны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэтэл нэхэмжлэгч нь надад 48,190 ам.доллар шинээр олгосон мэтээр хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зуруулсан. Иймд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нь гэрээнд заасан 48,190 ам.долларыг бодитоор өгөөгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй мөн хэлцэл хийгч этгээд хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хууран мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулан гарын үсэг зуруулсан гэжээ. Талуудын хооронд байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээгээр П.Бүдрагчаа нь 47,000,000 төгрөгийг зээлж, хүүг төлж байгаад нийт төлбөрийн үлдэгдэл 66,503,533 төгрөг дээр 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр харилцан тохиролцсон гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 48,190 ам.долларыг 2.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон. Улмаар хариуцагч хүсэлт гэх 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдөр, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 09 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн баримтуудаар дээрх гэрээний тохиролцоог баталгаажуулж төлбөрийг валютаар төлөх болсон. Үүгээр талуудын хооронд байгуулсан 2011/038 тоот зээлийн гэрээ сунгагдсан гэдэг нь нотлогдоно. Нэгэнт гэрээний хугацаа болон бусад нөхцөлийг сунгасан тохиолдолд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэхгүй. Бид ч мөн дурдсан хэмжээний ам.доллар шилжүүлсэн гэж нэхэмжлээгүй, харин үндсэн гэрээний төлбөрийг хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр ам.долларт шилжүүлэн тооцох болсон. Ийм учраас хариуцагч гэрээний төлбөрөө ам.долларт тооцож 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1000 ам.доллар, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1105 ам.доллар төлсөн баримтаар нотлогдоно. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн бол тухайн хэлцлийг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцдог гэж тайлбарлажээ. Улмаар нэхэмжлэгчээс би 2011 онд 47,000,000 төгрөг зээлсэн, үүний зарим хэсгийг төлж чадаагүй байсан тул түүнийгээ төлөхөөр тохирч байна гэж ойлгон 2014 оны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж өөрийн хүсэл зоригийг маш тодорхой бичсэн байна. Энэ нь үндэслэлтэй тайлбар болжээ. Нэхэмжлэгчийн хувьд ч 48,190 ам.долларыг шинээр олгосон гэж хуурч мэхэлж, ноцтой төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулаагүй. Талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, гарын үсэг зурсан. Гэрээний нэмэлт өөрчлөлтөд гэрээг нотариатч бичиж өгсөн ба уншуулж танилцуулж, гарын үсэг зуруулав гэж маш тодорхой, хэн ч уншсан ойлгогдохоор тусгагдсан. Үүнээс үзэхэд гэрээний агуулгыг үг өгүүлбэр болон утгын хувьд эндүүрэх, төөрөгдөх боломжгүй. Хариуцагч нь гэрээний төлбөрийг ам.долларт шилжүүлж төлсөн. Үүнийхээ дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн гэрээний төлбөрийг ам.доллароор төлнө гэдгээ удаа дараа Хүсэлт гаргаж мэдэгдсэн нөхцөл байдлаас үзвэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэж байгаа. Түүнчлэн Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасны дагуу хариуцагчийн гаргасан удаа дараагийн хүсэлтийг зээлдүүлэгч талдаа бичгээр мэдэгдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх баталгаагаар өмнөх гэрээний үүргийг үргэлжлүүлж буйгаа хүлээн зөвшөөрч мэдэгдсэн үйл баримт юм. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Бүдрагчаагаас зээлийн гэрээний үүрэгт 66,175,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбажавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,983,934 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Бямбажавд холбогдох 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч П.Бүдрагчаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 823,749.62 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,467 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Бүдрагчаагаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 488,829.73 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бямбажавд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1992 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул зээлийн гэрээний төлбөрт 133,159,880 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.25-ны өдрийн 1992 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан 2011.09.20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээний хугацаа 2012.09.20-ны өдөр дууссан тул уг гэрээг шинэчлэн байгуулсан 2016.03.15-ны гэрээг дээрх 2011/038 тоот зээлийн гэрээний сунгалт гэж үзэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан 3 жилийн хугацаа дууссаны дараа гэрээг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон гэрээний нөхцлийг сайтаар нягтлан үзвэл хариуцагч П.Бүдрагчаа нь 2011.09.20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээр бол 47,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүгийн төлбөрт нийт үндсэн зээлд 47,000,000 төгрөг, хүү 38,928,533 төгрөг төлөх ёстойгоос 19,425,000 төгрөгийг төлж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Улмаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шинээр 2014.05.15-ны өдөр 2014/004 тоот зээлийн гэрээг байгуулж дээрх гэрээгээр хүлээн авсан үндсэн зээлийг төлөгдөөгүй хүүгийн хамт 48,190 ам.доллар гэж хөрвүүлэн тооцож 24 сарын хугацаатай 2.8 хувийн хүү тооцох болсон. Гэвч дээрхийн адил 2014/004 тоот зээлийн гэрээний дагуу хүүд 24,962.42 ам.доллар төлөхөөс 22,831.44 доллар төлж, үндсэн зээл болон үлдэгдэл хүү төлөгдөөгүй. Нэгэнт 2014/004 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас талууд дахин тохиролцож 2016.03.15-ны өдрийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс уг гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж байгаа нь өөрөө Гэрээний үүргийг хангуулах гэж буй энэхүү маргааны зүйл юм. Харин давж заалдах шатны шүүх 2011.09.20-ны өдрийн 2011/038 тоот зээлийн гэрээ болон 2016.03.15-ны өдрийн гэрээг дүгнэсэн атлаа 2014 оны 2014/004 гэрээнд дүгнэлт өгөлгүй орхигдуулан шууд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацааг тооцсон нь учир дутагдалтай.
Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалддаг. Мөн зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолдог. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан ба энэ зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх тусгай буюу богиносгосон хугацаанд хамаарахгүй шаардлагад нэхэмжлэл гаргах ерөнхий хугацаа үйлчлэх учиртай. Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацааг тооцох ёсгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.25-ны өдрийн 1992 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч С.Бямбажав нь хариуцагч П.Бүдрагчаад холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 133,159,880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч 2014.05.15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч П.Бүдрагчаагаас 66,175,946 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбажавд олгож, үлдэх 66,983,934 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч П.Бүдрагчаагийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан боловч маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаж чадсангүй.
Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоос хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Хэргийн баримтаас үзэхэд 2011.09.20-ны өдрийн С.Бямбажав нь П.Бүдрагчаад 47,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, 2014.05.15-ны өдөр 48,190 ам.долларыг сарын 2,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэх зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч нь эхний гэрээнд заасан мөнгийг авч, хариу төлбөр хийж байсан байна.
Хариуцагч нь 48,190 ам.доллар аваагүй тул ам.долларын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл, авсан зээлдээ 19,425,000 төгрөг болон 22,831.44 ам.доллар төлсөн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.
Талуудын 2011.09.20-ны өдөр байгуулсан 47,000,000 төгрөгийн сарын 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Дээрх гэрээний хугацаа 2012.09.20-ны өдөр дууссанаар хөөн хэлэлцэх хугацааг 2015.09.20-ны өдөр дуусна гэж тооцох боловч хэрэгт дээрх гэрээтэй холбоотой 2014.05.15 болон 2016.03.15-ны өдрийн хэлцэл, хариуцагчаас нэхэмжлэгчид зээлийг эргэн төлөх талаар 2014.09.12, 2015.06.12, 2015.07.04, 2016.06.08, 2016.09.21, 2017.12.20, 2018.03.28-ны өдөр гаргасан хүсэлт, 2014.10.09, 2014.12.17-ны өдрийн зээлийн хүү төлж байсан баримтууд авагджээ.
Давж заалдах шатны шүүх ...Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа дууссаны дараа гэрээг сунгасан нь хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэгч нь 2011.09.20-ны өдрийн гэрээний үүргийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүй, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг хэрэглээгүй нь буруу юм. Түүнчлэн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гэрээний үүргийг сунгасныг буруутгасан боловч магадлалын тогтоох хэсэгт ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй болжээ.
Анхан шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан 2011.09.20-ны өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч үүргийн хугацааг 2016.09.10-ны өдрийг хүртэл 59 сараар тооцсон нь учир дутагдалтай юм.
Хэргийн баримтаар 2011.09.20-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2012.09.20-ны өдөр дууссан, талууд 2016.03.15-ны өдрийн хэлцлээр үүргийн хугацааг 2016.03.15-2016.09.10-ны өдрийг хүртэл гэж шинээр тохиролцсон гэж үзэх нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2, 198.4-т нийцнэ.
2011.9.20-ны өдрийн зээлийн гэрээ болон 2016.03.15-ны өдрийн хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээл 47,000,000 төгрөг болон 18 сарын хүү 21,150,000 төгрөг, нийт 68,150,000 төгрөг төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагчийн өмнө нь төлсөн 50,932,387 төгрөгийг хасахад 17,217,613 төгрөгийн үүрэг үлдсэн гэж хяналтын шатны шүүхээс дүгнэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч С.Бямбажав нь хариуцагч П.Бүдрагчаатай байгуулсан 2014.05.15-ны өдрийн зээлийн гэрээгээр 48,190 ам.долларыг бодитоор шилжүүлээгүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй буюу гэрээний үр дагавар үүсгэхгүй тул хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1992 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2019/02698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Бүдрагчаагаас зээлийн гэрээний үүрэгт 17,217,613 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бямбажавд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115,942,267 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дахь заалтын 488,829.73 гэснийг 290,431 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 823,750 /найман зуун хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД