Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 158/2016/0026/з |
Дугаар | 163 |
Огноо | 2017-05-08 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 163
Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг
нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Даваадоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Өлзий, хариуцагч Н.Цагаанхүү, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0160 дугаар магадлалтай, Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Өлзийгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.5, 70.5.13, 115 дугаар зүйлийн 115.1, 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т заасныг тус тус баримтлан Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарын “Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг илт хууль бусад тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0160 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаас “5 дугаар зүйлийн 5.1.1, 70 дугаар зүйлийн 70.1, 70.2, 70.5, 70.5.13, 115 дугаар зүйлийн 115.1, 159 дүгээр зүйлийн 159.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нар болон тэдний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Бат-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0160 дугаар магадлалыг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий би эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Нэг. Хэргийн үйл баримт
2016 оны орон нутгийн сонгуулиар нэхэмжлэгч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар Булган аймгийн Орхон сумын ИТХ-д МАН-аас нэр дэвшин оролцож олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон. Гэтэл тус сумын Сонгуулийн хороо 2016.11.17-нд 04 дугаартай тогтоол гаргаж дээрх нэр бүхий 3 төлөөлөгчдийн нэрсийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч түр үнэмлэхийг хүчингүй болгосон. Нэр бүхий 3 төлөөлөгч Сонгуулийн хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сонгуулийн хорооноос гаргасан дээрх Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг үүсгэж, маргааныг хянан хэлэлцэх үед:
1, Нэхэмжлэгч нар орон нутгийн сонгуульд нэр дэвшин оролцохдоо өөрсдийн үйлдэл эс үйлдэхүйгээр ямар нэг хууль бус үйлдэл гаргаагүй, сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй гэдэг нь тогтоогдсон. 2. Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.11.04-ний өдрийн 50 дугаар шийтгэвэрээр Орхон сумын МАН-ын сонгуулийн штаб сурталчилгаа хийхдээ Сонгуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13 дахь заалтыг зөрчин хуурамч мэдээ, мэдээллийг хэвлэмэл байдлаар хэвлэж тараасан нь тогтоогдсон гэж тус намын хороог Захиргааны хэргийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан байдаг бөгөөд Орхон сумын Сонгуулийн хороо нь МАН-ын хороонд Захиргааны арга хэмжээ авсан дээрх шүүхийн шийдвэрийг зөрчил гаргаагүй нэр бүхий 3 нэр дэвшигчид нялзаан, эдгээр 3 хүн сонгуульд оролцохдоо Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т хориглосон илт хуурамч мэдээллийг тарааж, хууль зөрчсөн мэтээр Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3 дахь заалтыг баримтлан 2016.11.17-нд 04 тоот тогтоол гаргаж дээрх сонгогдсон 3 төлөөлөгчийн нэрсийг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч, түр үнэмлэхийг хүчингүй болгосон болох нь Анхан шатны шүүхээс цуглуулсан нотлох баримт, талуудын тайлбараар тогтоогдсон болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянаад нэхэмжлэл болон давж заалдсан нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн хорооны маргаан бүхий тогтоолыг хэвээр үлдээж, шийдвэр магадлал гаргасныг нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-өлзий миний бие зөвшөөрөхгүй байгаа ба дээрх шийдвэр магадлал нь хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж үндэслэлгүй гарсан гэж үзэж байна.
Хоёр. Хяналтын гомдлын агуулга, үндэслэл
1. Анхан шатны шүүх хэргийг хянаад “Орхон сумын МАН тухайн зөрчлийг гаргасан ч энэ зөрчил нэр дэвшигч Ц.Даваадорж, Б.Буянхишиг, Ж.Оюунгэрзл нарын нэр дэвшсэн 341-р тойрогт гарсан талаар нэр дэвшигч нар маргаагүй. Иймд нам буруутай нэр дэвшигч нар буруугүй гэх байдлаар жишиг тогтоох нь хууль дээдлэх зарчмыг алдагдуулна” хэмээн Сонгуүлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 заалтыг намын гаргасан зөрчил түүний хариуцлагыг зөрчил гаргаагүй ч тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигч нар адилхан хариуцах нь хууль дээдлэх зарчимд нийцнэ гэх агуулгаар, мөн хуулийн 70.1, 70.2 , 70.5 , 70.5,13-т заасан олон зүйл зөрчлийг нэр бүхий 3 нэр дэвшигч гаргасан мэтээр дээрх зүйл заалтуудыг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сонгуулийн хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй ба шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг бүруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нараас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Сонгүулийн хорооны тогтоол илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн шаардлага бүхий давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад: анхан шатны шүүхээс хэргийг хянаж шийдвэрлэхдээ Сонгуулийн хуулийн 5.1.1, 70.1, 70.2 , 70.5, 70.5.13, 159.2 заалтыг буруу хэрэглэснийг тогтоож, уг зүйл хэсгүүдийг хассан боловч нэр дэвшигч нар МАН-ын Булган аймгийн Орхон суман дахь салбараас сонгуульд нэр дэвшиж оролцсон. Тэдгээрийн сурталчилгааг Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 “орон нутгийн хурлын сонгуулийн сурталчилгааг тухайн сум дахь намын болон нэр дэвшигчдийн сонгуулийн штаб эрхлэн явуулна” мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.4 нам эсвэл, нэр дэвшигчид хамтран сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар гаргаж болно. Мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.5-д сурталчилгааны хэвлэмэл материал нь нэгдмэл байдалтай бол нүүр тус бүр нь тухайлсан нэр дэвшигч нам эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулагдана, заалтуудын хүрээнд нэгдмэл байдалтай сурталчилгаа явуулж, түүндээ хуурамч мэдээ мэдээлэл тусган тарааж Сонгуулийн хуулийн 70.5.13-д заасныг зөрчсөн нь хэргийн оролцогчдын тайлбарууд Булган аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.04-ний 50 дугаар шийтгэвэрээр тогтоогдсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.
Учир нь давж заалдах шатны шүүх захиргааны акт болон анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэгдээгүй хуулийн заалтыг тайлбарлаж хэрэглэсэн тэгэхдээ хэргийн бодит үйл баримтыг гуйвуулж тухайн зүйл заалтуудад ашиглан тайлбарласан нь буруу гэж үзнэ. Тухайлбал, тухайн сонгуулийн үед нам болон нэр дэвшигчид тус бүрдээ сонгуулийн штабтай тэдгээрийн сурталчилгааны хэвлэмэл материал тус тусдаа байсныг нэхэмжлэгч нар нотолдог мөн хэрэгт авагдсан "Ардчилсан намаас юу хожив” гэсэн гарчигтай хэвлэмэл материалыг нам, нэр дэвшигч нар хамтран хэвлүүлж сурталчилгаанд тараасан гэж үзэх нэр ус байхгүй, нөгөө талаар нам түүний штабын гаргасан зөрчлийн хариуцлагыг нэр дэвшигч давхар үүрч хариуцах зохицуулалт Сонгуулийн хуульд байхгүй байхад давж заалдах шатны шүүх нам, нэр дэвшигч нар сонгуулийн хамтарсан штабтай байсан, нэгдмэл нэг хэвлэмэл сурталчилгааны материал гаргасан мэтээр дүгнэж, хууль тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 70.3 “Сонгуулийн штаб түүний ажилтан, менежер, шадар туслагч ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэсэн заалтын дагуу сонгуулийн штаб болон ажилтнууд Сонгуулийн хууль зөрчсөн үйлдлийг тухайн намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдэд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй. Шүүхийн шийдвэрээр Орхон сумын МАН-д Сонгуулийн тухай хуулийн 70.5.13-д заасныг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсан тул тус намаас нэр дэвшсэн Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч түр үнэмлэхийг хүчингүйд тооцон Орхон сумын Сонгуулийн хорооны маргаан бүхий захиргааны акт Сонгуулийн хуулийн 159.2, 159.3-т нийцсэн гэж дүгнэсэн нь хуулийг хуулийн үндэслэлгүйгээр тайлбарлаж буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна. Дээрх байдал нь нэр дэвшигч иргэдийн эрх ашиг сонирхолд хуулийн үндэслэлгүйгээр халдаж байгаа, эрх ашгийг нь хохироож байгаа үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
4. Магадлалын хянавал хэсэгт:
Шүүхийн шийдвэрээр: Орхон сумын МАН-д Сонгуулийн түхай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-д заасныг зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь тус намаас нэр дэвшсэн Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүйд тооцсон Орхон сумын Сонгуулийн хорооны маргаан бүхий захиргааны акт Сонгуулийн тухай хуулийн 159.2, 159.3-т нийцжээ гэж дүгнэсэн атлаа магадлалын тогтоох нь хэсэгт үндэслэл бүхий гэж үзсэн 70.5.13, 159.2 дахь заалтуудыг хасч анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь логикийн хувьд ойлгомжгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 70.5.13, 159.2-ыг хасч өөрчлөлт оруулснаас үзэхэд захиргааны акт хууль бус, нэхэмжлэл үндэслэл бүхий байжээ гэж дүгнэх үндэслэлтэй байх боловч ямар учраас нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож захиргааны актыг хэвээр үлдээж байгаа нь ойлгомжгүй энэ талаарх магадлалын дүгнэлт хууль хэрэглээ илэрхий алдаатай болсон гэж үзэж байна.
5. Сонгуулийн тухай хуулийн 117.1, 117.2-т Сонгуулийн хуульд заасан зөрчлийг цагдаа шалгаж, шүүх шийдвэрлэнэ гэж тодорхой заажээ. Гэтэл нэр бүхий 3 нэр дэвшигч нар өөрсдийн бодит үйлдэл эс үйлдэхүйгээр ямар зөрчил гаргасан эсэх талаар эрх бүхий цагдаа шүүхээс шалгаж шийдвэрлэсэн ямарч баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх тэднийг Сонгуулийн тухай хуулийн 72.3, 77.4, 77.5 , 70.3.15 заалтыг зөрчсөн нь тогтоогдсон мэтээр дүгнэсэн нь илт хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.
6. Орхон сумын Сонгуулийн хороо нь нэр бүхий 3 нэр дэвшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байхгүй байхад Захиргааны акт гаргаж тэдний сонгогдох эрхийг хязгаарласан тул энэ акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Орхон сумын Сонгуулийн хорооны 2016.11.17-ны 04 тоот тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна.
7. Сонгуулийн хорооны дээрх тогтоол нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэний ч эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Мөн хуулийн 16.14 аливаа ял зэмлэлийг бусдад нялзаан хэрэглэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж МАН-ын Сонгуулийн штабын гаргасан зөрчлийг гэм зэмгүй нэр дэвшигч нарт халдааж тэдний эрхийг нь зөрчсөн акт, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүхүүд энэ нөхцөл байдлыг бодит байдлаар нь үнэлж Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэр, магадлал гаргах ёстой байсан гэж үзэж байна.
Иймд хяналтын гомдлыг Захиргааны хэргийн танхимын хуралдаанаар хянаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хорооны 2016.11.12-ны 04 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
Булган аймгийн Орхон сумын Монгол ардын нам (МАН)-ын хорооны 2 дугаар хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаар тогтоолоор тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд МАН-аас Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг, Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтангэрэл, Т.Шаравжамц нарыг тус сумын Мандал багт нэр дэвшүүлсэн, Орхон сумын Сонгуулийн хороо эдгээр иргэдийн нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтад бүртгэсэн, нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нар нь сонгуулийн санал хураалтын үр дүнгээр Мандал багт хамгийн олон санал авсан, талууд уг үйл баримттай маргаагүй байна.
Сонгуулийн сурталчилгааны явцад Орхон сумын МАН-ын хороо нь “... сумын Мандал багийн Далт хороонд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн хүүхдийн тоглоомийн талбайг 98 сая төгрөгөөр барьсан гэж ... Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан илтэд хуурамч мэдээлэл иргэдэд тараасан” болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийтгэвэрээр Орхон сумын МАН-ыг “... хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4, 032, 000 төгрөгөөр торгох” захиргааны шийтгэл ногдуулсан, үүнийг үндэслэн Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2, 159.3-т заасныг үндэслэн Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгожээ.
Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2-т “... нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ”, 159.3-т “... сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно. Хэрэв уг нэр дэвшигч орон нутгийн хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан бол үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно” гэж тус тус заасан байх тул нэр дэвшигч Ц.Даваадорж, Ж.Оюунгэрэл, Б.Буянхишиг нарыг нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтаас хасч, хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг хүчингүй болгосон Булган аймгийн Орхон сумын Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоол дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, “... Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасан зөрчил гаргасан” нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүн гарсны дараа буюу Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 50 дугаартай шийтгэвэрээр тогтоогдсон байх тул дээрх хуулийн заалтуудыг баримталж гарсан маргаан бүхий захиргааны акт “хууль ёсны” байна.
Түүнчлэн, Сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “... сонгуулийн сурталчилгааг тухайн ... сум ... /-ын/ намын болон нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулах”-аар, 73 дугаар зүйлийн 73.3-т “... сонгуулийн штабыг нэр дэвшигч, эсхүл түүний итгэмжлэл олгосноор менежер удирдан зохион байгуулж явуулах”-аар, 75 дугаар зүйлийн 75.1-д “...нэр дэвшигчийн сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигчээс гадна түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарах”-аар тус тус зааснаас үзэхэд Булган аймгийн Орхон сумын Мандал багт явуулсан МАН-ын сонгуулийн штабын сурталчилгааны үйл ажиллагааг тус багт МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн нэхэмжлэгч нарт “хамааралгүй” гэж дүгнэх боломжгүй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан “...МАН-ын Сонгуулийн штабын гаргасан зөрчлийг гэм зэмгүй нэр дэвшигч нарт халдааж тэдний эрхийг нь зөрчсөн” гэх гомдлыг хангах боломжгүй байна.
Давж заалдах шатны шүүх “хуулийн зүйл заалтыг оновчтой зөв хэрэглээгүй” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хуулийн заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан эрх хэмжээний хүрээнд нийцсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2017/0160 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА