Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 03075

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2018/03075

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Б.Т- ийн нэхэмжлэлтэй, 

          Хариуцагч: Ш.Ш-т холбогдох,

 

16,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тнь Ш.Шт 2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4,400,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 750,000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5,050,000 төгрөгийг Нийт 10,200,000 төгрөгийг Ш.Шийн Хаан банк дахь 5028573361 тоот дансанд бараа худалдан авахаар шилжүүлсэн. Мөн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 380,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 20,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг нийт 1,900,000 төгрөгийг 2016 онд Ш.Шт дансаар шилжүүлсэн. Ш.Ш нь 1 ширхэг пиджакийг 100,000 төгрөгөөр бодож 20 ширхэг пиджак авчирч өгнө гээд нийт 2,000,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сард бэлнээр Б.Туяагаас авсан. 2018 оны 02 дугаар сард хариуцагч үүнийг тайлбартаа дурдсан бөгөөд 1,000,000 төгрөгийг евро болгоод бэлнээр авсан гэдэг. 2016 онд Б.Туяаг Япон улсад байхад түүний дүү н.Тунгалагаар 1,000,000 төгрөгийг шилжүүлж Ш.Ш авсан байдаг. Үүнийг өөрөө тайлбар дээрээ мөн хүлээн зөвшөөрдөг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 10,200,000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа 5,900,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн тул нийт 16,100,000 төгрөгийг Ш.Ш-ээснэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Шийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Ш Итали улс руу бараанд явж гутал, хувцас, куртик зэргийг авч ирсэн. 2015 онд 2-3 удаа бараа зээлж аваад мөнгийг нь өгч байсан. 2016 оны өвөл 2,500,000 төгрөгийн бараанаас урт түрийтэй гутал, цамц, өндөр гутал, зуны сандаал зэргийг өгсөн. Дараа нь хавар, намрын хагас түрийтэй 200,000 төгрөгийн үнэтэй гутал 2 ширхгийг, 150,000 төгрөгийн үнэтэй эрэгтэй гутал 1 ширхгийг, нүдний шил 1 ширхгийг 250,000 төгрөгөөр, ээжийнх нь төрсөн өдрөөр 993 сорьцтой Солонгос загварын алтан бөгж 1,060,000 төгрөгөөр Мөнгөн завъяад ажилладаг эгчээрээ зээлүүлж аваад өгсөн байдаг. н.Тунгалагт нь бараа материал зэрэг өгсөн баримт байдаг. 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 4,400,000 төгрөг, дансаар 750,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 5,050,000 төгрөг, хүнс авах гээд 100,000 төгрөг дансаар явуулсан байдаг. Итали улсад байхад 350 доллар буюу 700,000 төгрөг явуулсан. Сүүлийн явуулсан 2 мөнгийг нэхэмжлэлд бичээгүй байдаг. Ингээд 11,000,000 төгрөг өгснөөс 2,500,000 төгрөгийг хассан гэж Б.Тхэлсэн байдаг. Үлдсэн 8,500,000 төгрөгөөс өмнө хэлсэн эмэгтэй гутал, Goex гутал, сандаал, могойн арьсан гутал, 200,000 төгрөгийн гутлыг нийлүүлээд 3,800,000 төгрөг болж байгаа. Хүүхдийн 4 ширхэг гутал 240,000 төгрөг, армен цүнх 200,000 төгрөг, тап 1 ширхэг, эрэгтэй ногоон гутал 180,000 төгрөг, эрэгтэй 45 размерийн буузан гутал 200,000 төгрөг, лакан эрэгтэй гутал 200,000 төгрөг, цүнх 200,000 төгрөг, плаж 60,000 төгрөг нийт 5,680,000 төгрөгийн бараа өгсөн. Энэ бараагаа өртэй эрэгтэй хүнд өгсөн гэж Ш.Шт ярьсан байсан. Мөн ээждээ 250,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг цүнх, хагас түрийтэй Калбин брэндийн хар саарал эмэгтэй гутал 200,000 төгрөг, хүүхдийн сандаал 2 ширхэг нь 140,000 төгрөгөөр дүүгийнхээ охинд авч өгсөн. Мөн сэвхний тос 150,000 төгрөгөөр 2 ширхгийг авсан. Эдгээр нь нийт 6,820,000 төгрөг болсон. Үүнтэй зэрэгцээд урлангийн ажил хийж байсан чинь хамтарч орно гэж хэлсэн бөгөөд Ш.Ш 17,650,000 төгрөг гаргаад Б.Т10,600,000 төгрөг оруулсан. Ер нь бол Батноров хийцийн эмээл хийсэн зүйл байдаг. Асемийн үеэр тооцоо гарсан байдаг. н.Тунгалаг дүүтэйгээ Зайсанд баар, караоке ажиллуулж байсан. Асемийн үеэр хүмүүст хоол хийж өгөх эрхийг энэ хүмүүс авсан юм. Тэгээд 1 тонн гурил авчихаад мөнгө дутлаа гээд 1,570,000 төгрөгийн барааг Ш.Шээр авахуулсан. Баарны тогоочид нүдний шил 220,000 төгрөгөөр, цүнх 250,000 төгрөгөөр авч өгч 470,000 төгрөг болсон бөгөөд авсан мөнгө нь нийт 2,400,000 төгрөг. Мөн тог цахилгаан тавиулсан асуудал байдаг. Ингээд үндсэн нэхэмжлэл болох 10,200,000 төгрөгийг бараа болон бусад зүйлээр төлсөн. Нэмэгдүүлсэн шаардлага болох 5,900,000 төгрөгийн хувьд 20 пиджакийг өгсөн. Пиджакийг Б.Төөрөө Итали улсаас захиад авсан. Тэр пиджакийг Газрын албаны хүмүүст өгсөн, Газрын албаны туслахад өгч газар авч байсан. Нэмэгдүүлсэн шаардлагын бүх мөнгийг төлсөн, үүнийг төлөх үндэслэл байхгүй гэж хэлсэн. Эдгээр бүгд тэмдэглэлийн шар дэвтэр дээр байгаа гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч Ш.Шт холбогдуулан 16,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргагжээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгов.

 

Б.Тнь Ш.Ш-ээсхувцас, цүнх зэрэг бараа худалдан авахаар харилцан тохиролцож, барааны үнийг шилжүүлж байсан талаар талууд маргаагүй. Талуудын энэ хүсэл зоригоос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалда авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигч худалдах худалдан авах хэлцлийн дагуу хэдэн төгрөг өгсөн, хэчнээн хэмжээний барааг авсан, буцаан өгсөн талаар хоорондоо баримт, тооцоо хийгээгүйгээс маргаж, нэхэмжлэгч шилжүүлсэн мөнгөө хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч Ш.Шт 2016 оны 04 сарын 18-ны өдөр 4,400,000 төгрөг, 2016 оны 04 сарын 19-ний өдөр 750,000 төгрөг, 2016 оны 04 сарын 27-ны өдөр 5,050,000 төгрөг, 2016 оны 03 сарын 29-ний өдөр 200,000 төгрөг, 380,000 төгрөг, 20,000 төгрөг, 2016 оны 03 сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2016 оны 06 сарын 05-ны өдөр 250,000 төгрөг, 2016 оны 08 сарын 26-ны өдөр 200,000 төгрөг, 2016 оны 09 сарын 22-ны өдөр 500,000 төгрөгийг түүний Хаан банкны 5028573361 тоот дансанд шилжүүлсэн нь зохигчийн тайлбар, банкны дансны хуулгаар, мөн 350 евро буюу 700,000 төгрөг, хүнсний үнэ 100,000 төгрөг шилжүүлсэн нь хариуцагчийн тайлбар /хх-ийн 10 дугаар тал/-аар нийт 12,900,000 төгрөг шилжүүлсэн тогтоогдсон, энэ талаар талууд мараагүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэлээ төлбөр тооцоо дууссан гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2 ширхэг тэмдэглэлийн дэвтэр, Хаан банкны дансны хуулга, төлбөрийн баримт зэргийг гаргасан. /хх-ийн 83, 84 дүгээр тал, тэмдэглэлийн том-1, жижиг-1 дэвтэр/

 

Тэмдэглэлийн дэвтэрт /том, жижиг/ Б.Туяад бараа өгсөн, буцаасан талаар тэмдэглэгээ хийгдсэн байх ба тэмдэглэлийн дэврийн /том/ 8 дахь талд 07 сарын 07-нд 60,000 төгрөгийн гуйвуулга, 27 дахь хуудсанд Туяад охины хамт 2 хүний тосны үнэ 300,000 төгрөг, гутлын 2,950,000 төгрөг, тэмдэглэлийн дэвтрийн /жижиг/ 107 дахь талд 840,000 төгрөгийн, хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, төлбөрийн баримт /хх-ийн 83, 84/-аар 2016 оны 07 сарын 22-ны өдөр Б.Т-ийн9919-5006 дугаарын утасны төлбөрт 55,750 төгрөгийг нийт 4,205,750 төгрөгийг төлсөн нь нотлогдож байх тул эдгээр төлбөр тооцоог нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч хариу тайлбар, татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч, хариуцагч дээрх үйл баримтаас бусдыг нь нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч Ш.Ш-ээс8,694,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Туяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,405,750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдсан тул энэ хэмжээгээр хариуцагч, нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Ш.Ш-ээс8,694,250 /Найман сая зургаан зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Туяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,405,750 /долоон сая дөрвөн зуун таван мянга долоон зуун тавь/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Туяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,500 /Хёор зуун наян долоон мянга таван зуу/ төгрөгөөс 238,450 /Хоёр зуун гучин найман мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 49,050 /Дөчин есөн мянга тавь/ төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ш.Ш-ээс154,058 /Нэг зуун тавин дөрвөн мянга тавин найм/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР