Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2021/0500

 

 

 

 

 

  2021           07           29                                   128/ШШ2021/0500

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,

Хариуцагч: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Гуравдагч этгээд: В.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.-д холбогдох хэсэг болон газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-д газар эзэмшүүлэхийг даалгах”, мөн “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсэг болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-д газар өмчлүүлэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш*******, тэдгээрийн өмгөөлөгч С.С*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* нар танхимаар, хариуцагч  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тё, гуравдагч этгээд В.Д, түүний өмгөөлөгч Ш.О******* нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар тус тус оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манайх 2010 онд гуравдагч этгээдийн аав н.Вё болон түүний хүүтэй амьдарч байгаа хэсгийг хэн талыг нь авах аман гэрээ хийгээд урьдчилгаа 800.000 төгрөгийг өгөөд тус газар буусан байдаг. Тухайн үед анх буухад хэн нэгний өмчлөл бүртгэлгүй, бичиг баримтгүй байсан. Тус хоосон газрыг өнөөдрийг хүртэл тохижуулан амьдарсан юм. Ерөнхийдөө аман тохиролцоогоор өргөдөл мөнгийг авна гэсэн тохиролцоо хийж өнөөдрийг хүртэл явсан. Тухайн аман гэрээ хийсэн хүндээ итгээд газрын гэрчилгээ авна гэж хүлээж байсан боловч 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай 10 жил оршин суусан газрыг гуравдагч этгээдийн нэр дээр эзэмшлийн гэрчилгээ гаргасан байна.

Үүнийг бид яаж мэдсэн бэ гэхээр саяны гэрчийн хариуцаж байсан 23 дугаар хорооны маргаан бүхий тоот газрыг эзэмшиж авах хүсэлт өгсөн байдаг. Бид шууд гомдол гаргаагүй. Тэгэхэд аман хариуг саяны гэрч өгсөн. Гуравдагч этгээдийн нэр дээр бичиг баримт нь гарсан байна гэх талаар хэлсэн. Энэ цагаас эхлээд зөвшилцөж аман гэрээ хийсэн этгээдтэй газраа өөрийн нэр дээр шилжүүлж авъя, та нар охин дээрээ бичиг баримт гаргуулж авсан байна гэхэд чаддаг юм бол шүүх дээд аваа гэдэг байдлаар тохуурхан хэлсэн. Үүнээс үүдээд бид 2020 оны 02 дугаар сараас иргэний хэргийн шүүхээр яваад, цаашлаад иргэний шүүхээр анхан шатны шүүхээр шийдүүлэх гэсэн боловч газартай холбоотой асуудал иргэний эрх зүйн маргаан биш гээд авч хэлэлцээгүй учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гуравдагч этгээд нь газрын маргаантай байгаа буюу өөрөөр хэлбэл шүүхийн маргаантай байгаа газарт өмчлөлийн гэрээ гаргуулж авсан. Үүнээс болж бидний хэрэг маргаанд улам удаан болсон. Улаан цайм биднийг залилсан байдаг. Бид нар зараагүй байсан гэдэг байдлаар хэрэг нь маш удаж байна.

Хууль бус эзэмшлийн гэрчилгээ гарсан байдаг. Тухайн үедээ кадастрын зураг нь манай оршин суугаа газрыг оролцуулаад өөрийн хашааны бодит зураг болон сансрын зурагтаа яг өөрийн хэсгийг зоосон байдаг. Хуурамч бичиг баримт үйлдээд манай газрыг аль хэдий өөрийн нэр дээр авсан байдаг. Үүнийг үндэслээд өмчлөлийн гэрчилгээ гарсан байдаг. Бид Геодези зураг зүйн газраас нотлох баримт гаргасан байгаа. Манайх 10 жил оршин сууж байгаа гэдгийг манай гуравдагч этгээдүүд ч хүлээн зөвшөөрдөг. Өнөөдрийг хүртэл эзэмшсэн нь кадастрын зургаас харагдана. Х*******н 2*******тоот хаяг 2 айлын 2 хашаан нэг тоот дээр явдаг нь ингэж хохироход хүргэсэн. Анх бид гайхаад хорооноос очоод уулзахаар танай 2 чинь 1 хаягтай юм байна гэдэг хариу өгдөг. Ийм учир аль нь ч очсон танайх энд амьдардаг гэсэн тодорхойлолт гаргаж өгдөг. Энэ нь манайхыг хохироосон учир бид шүүхэд хандаад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд манай талд нааштай шийдвэрлэж өгнө үү гэдэг хүсэлтийг анхнаасаа гаргаж явж байгаа. Одоо үлдсэн шаардлагатай зүйлсийг манай өмгөөлөгч хэлэх байх.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу газрыг эзэмшиж ашиглана гэж заасан байдаг. Мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 мөн 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг үндэслэн гуравдагч этгээдийн гаргуулж авсан байгаа манай хашааны газар нь бусдын эзэмшил ашиглалттай ямар нэгэн байдлаар давхцаж байна. Нөгөөтээгүүр Газар зохион байгуулалтын алба нь хүсэлт гаргасан этгээдийн хавсаргаж өгсөн нотлох баримтыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй байна” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай захирамж нь эзэмших захирамжийн хүрээнд гарсан. Сонгинохайрхан дүүргийн захирамж нь хуульд заасан үндэслэлгүйгээр гарсан гэх юм бол манайх дагаад хүчингүй болох байх. 2018 оны захирамжаа Сонгинохайрхан дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар өөрсдөө хамгаалах ёстой байх.” гэв.

Хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны дагуу амьдарч байх хугацаандаа газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй. 2020 онд манайд хүсэлт гаргахад Газрын тухай хуулийн 31.3-д заасны дагуу бусдын газартай давхцалтай байсан учир шийдвэрлэх боломжгүй тул гэсэн хариуг өгсөн. Ийм учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу ямар нэгэн эзэмших зөвшөөрөлгүйгээр байхыг хориглох үйлдэл болохоос биш нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн асуудал биш юм.” гэв.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Газрын харилцаа геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 03 дугаар тушаалаар батлагдсан “ Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” тухай журмын 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд боломжтой гэж үзэн газар дээр нь хээрийн судалгаа хийсэн байна. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д "Энэ хуулийн 32.2, 32 .3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ.

Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он,сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө" гэж заасны дагуу мэдээллийн санд бүртгэн дүүргийн Засаг даргын 2018 оны А/123 тоот захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, эзэмших гэрчилгээ олгосон нь газар зохион байгуулалтын албаны архивт хадгалагдаж буй баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэлд маргаж буй газар дээрээ арван жил амьдарсан байхад тухайн газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн гэх боловч нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь газрыг өрөлгүй эзэмшиж, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27. 1 /Газрыг энэ хуульд асан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ. 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/-т заасныг зөрчсөн үйлдэл болохоос нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох үл баримт биш.

Мөн тухайн газарт арван жил амьдарсан гэх боловч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 32.2-т иргэнээс газар эзэмших тухай хүсэлт гаргах журмыг заасан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь Засаг даргад маргаж буй газрыг эзэмших хүсэлтийг хуульд заасан журмаар гаргаж байгаагүй тул нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй байна. Иймд иргэд хоорондын худалдаж авсан, залилсан гэх маргааныг шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн өргөдлийн хариуг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 17/2780 тоот албан бичгээр өгсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гуравдагч этгээдийн хувьд тус маргаан бүхий тоот газарт 2008 оноос хойш амьдарч байгаа. Газар худалдаж авсан талаар ярьж байгаа боловч гуравдагч этгээдтэй энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс яриа байгаагүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу газар эзэмших гэрчилгээгүй байж миний газар гээд байх юм. Нэхэмжлэгч нь газар эзэмших гэрчилгээгүй. Мөн амаар тохиролцоо хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Газар зохион байгуулалтын алба нь бүрдүүлэхдээ Газрын тухай хуулийн дагуу бүрдүүлэлтийг гуравдагч этгээд нь эзэмших гэрчилгээ авсан. Эзэмших байж байгаад өмчлөх гэрчилгээтэй болж байгаа. Ийм учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Өнөөдрийг гэрч нь тухайн ажиллаж байх үед ажиллаж хугацаанд өргөдөл гомдол өгсөн өөр зүйл өгөөгүй гэж байна. В.Д-ийн хувьд хуульд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн гэж байна. Иймд хууль бус зүйл алга байна. Нэхэмжлэгчийн хэлээд байгаа 106.1-т заасан хүчингүй болох хууль зүйн үндэслэлгүй байна.” гэв.         

                                                ҮНДЭСЛЭХ НЬ;

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамжийн В.Д холбогдох хэсэг болон газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгож,Б.С газар эзэмшүүлэхийг даалгах”, мөн “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д холбогдох хэсэг болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С газар өмчлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “уг газрыг В*******аас худалдаж авсан, 2010 оноос хойш амьдарч байгаа” гэж, хариуцагч  Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газар эзэмших тухай хүсэлтдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргаагүй, уг газар нь бусдын эзэмшиж ашиглаж буй газартай давхцаагүй” гэж, гуравдагч этгээдээс “хуульд зааснаар хүсэлтээ гаргаж эзэмшиж, улмаар өмчилж авсан” гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгчийг гэр бүлийн хамтаар маргаан бүхий газарт 2010 оноос хойш өдийг хүртэл амьдарч байгаа эсэхтэй хэргийн оролцогч нар маргаагүй бөгөөд шүүхийн үзлэгээр тухайн газарт нэхэмжлэгч нь амьдардаг болох нь тогтоогдсон.

Харин гуравдагч этгээдээс 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/123 дугаар захирамжаар 23 дугаар хороо, Х*******н 2*******тоотод 437 м2 газрын 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, мөн өдөр 000741205 дугаар гэрчилгээг олгожээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлжээ.

   Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “.Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэжээ.

   Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аав С.В******* нар нь хөрш зэргэлдээ амьдардаг бөгөөд тэдгээрийн хооронд маргаан бүхий газрын асуудлаар хэлцэл хийгдсэн болох нь гэрч С.В*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “1,500,000 тохирсон ч сүүлд мөнгөө авч харагдаач гэхээр нь хүүхдийнхээ нэр дээр шилжүүлсэн” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Харин уг хэлцэл хүчин төгөлдөр эсэх, уг маргаан бүхий газрыг худалдаж, худалдах авахтай холбоотой үйл баримт хуульд нийцсэн эсэхийг ердийн харъяаллын буюу иргэний хэргийн шүүхээр тогтоолгосны дараа уг маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” хэлнэ гэж тус тус заасан бөгөөд дээрх үйл баримтыг иргэний хэргийн шүүхээр тогтоолгох нь уг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл тухайн шүүх нь үйл баримт тогтоохгүй бөгөөд тухайн хэлцэл нь хүчин төгөлдөр эсэхээс хамаарч маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх, эсхүл хөндөгдөж болзошгүй талаар, мөн гуравдагч этгээдийн газар эзэмших, өмчлөх эрхүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна.

          Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/1ё дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсэг болон газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-т газар эзэмшүүлэхийг даалгах”, мөн “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/849 дугаар захирамжийн В.Д-д холбогдох хэсэг болон өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Б.С-т газар өмчлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХ-ЭРДЭНЭ