Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00762

 

          

М.Гантулгын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1643 дугаар магадлалтай,

 Нэхэмжлэгч М.Гантулга

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Тэнгис

22,646 ам.доллар, 34,168,820 төгрөгийг төлбөр төлөгч Т.Тэнгисээс гаргуулан төлбөр авагч талд шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, 2019.09.18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Гантулгаас гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Тэнгисээс 13,000 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Т.Тэнгисээс 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013.05.09-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулахдаа манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал зардлыг тооцохын тулд доллараар тооцох боломжгүй учраас шүүхийн шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцож, 22,646 ам.долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийн долларын ханш 1,400 төгрөгөөр тооцож, 31,711,420 төгрөг гэж бодож 34,168,820 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 480,543 төгрөг гээд нийт 66,360,783 төгрөг гаргуулах гэрээ хийсэн. Шүүхийн шийдвэрт 2013 онд хийсэн зардал урамшууллын гэрээний тухай ярьж байгаа. Түүнээс биш зардал урамшууллын гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэсэн хуулийн заалт байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх талаар хуульчилсан ба 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Т.Тэнгисээс доллар болон төгрөг гаргуулах шийдвэр гарчихсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дур мэдэн мөнгө гаргуулж байгаа нь манай эрх ашгийг ноцтой хохироож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай 2013 онд байгуулсан гэрээний дагуу 1-2 жилийн дотор төлбөр төлөгдсөн бол манайх маргахгүй байх байсан. Магадгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 6 жилийн дараа төлбөр төлөгдсөн байгаа. Төлбөрийг 2019.09.11-ний өдөр Т.Тэнгисээс шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 62,410,783 төгрөг болон 4,000,000 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгө нь манайх руу 2020.01.16-ны өдөр орж ирсэн. Долларын ханшны зөрүү үүссэн учраас манайх төлбөрөө доллараар авах шаардлага удаа дараа тавьсан. Хэрэв долларын ханшны зөрүү үүсээгүй бол төгрөгөөр тооцоод авах боломжтой байсан. Гэтэл долларын ханшны зөрүү үүсч талуудын дунд маргаан үүссэн учраас манайх доллараар төлбөрийг авах шаардлагыг бичгээр болон амаар хэд хэдэн удаа тавьсан. Тухай бүрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас боломжгүй гэх хариуг өгч битүүмжлэх болон хураан авах ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулах үед долларын ханш 1,400 төгрөг байсан. Төлбөр төлөгдсөн өдөр болох 2020.01.16-ны өдөр долларын ханш 2,671 төгрөг болсон. Үүнд 28,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Хэрэв төгрөгөөр төлбөл 28,000,000 төгрөгийг нэмж төлөх, төгрөгөөр төлөхгүй тохиолдолд доллараа авъя гэх шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тавьсан боловч хүлээж аваагүй, ийм учраас шүүхэд хандсан. Хариуцагч тал шүүхэд ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдсээр байж 2019.09.18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан. Төлбөр төлөгчөөс төлөгдсөн төлбөр, төлбөр авагч руу шилжээгүй байхад ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь шийдвэр гүйцэтгэх алба хууль бус ажиллагаа явуулж байгааг нотолж байна. Гомдол гаргасан учраас мөнгийг нь шилжүүлэхгүй гэсэн атлаа ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдээгүй байхад ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гарга гэсний дагуу ажиллагаа явуулж өгнө үү гэх шаардлагыг гаргаж байна гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 584 дүгээр магадлалаар Тамирын Тэнгисээс 22,646 ам.доллар, 34,649,363 төгрөгийг гаргуулж Есөн дэлбээ ХЗХ-нд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.5 дахь хэсэгт гадаад улсын валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасны дагуу төлбөр төлөгч Т.Тэнгисээс 22,646 ам.доллар буюу 31,711,420.26 төгрөг, үүнд 34,649,363 төгрөгийг нэмээд нийт төлбөр төлөгчөөс 66,410,783 төгрөгийг төлүүлж, төлбөр авагчийн дансанд 2020.01 сард шилжүүлж олгосон. Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцоолж олгосон. Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбарт: Төлбөр төлөгч Т.Тэнгис болон Есөн дэлбээ ХЗХ-той холбоотой зээлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна. Төлбөрийг бүрэн төлж шүүхийн шийдвэр биелэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа учраас дуусгавар болсон тогтоол үйлдэнэ. Бид 62,410,783 төгрөгийг 2019.09 дүгээр сард төлсөн. 2014 он, 2015 онуудад тус тус 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг төлсөн байсан. Нийт 66,410,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлсөн. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт төлбөр тооцоог Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийж гүйцэтгэнэ, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Монгол Улсын төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Тус хуулийн 4.4 дэх хэсэгт банк, банк бус санхүүгийн байгууллага орж байгаа. Магадгүй долларын ханш унасан байвал нэхэмжлэгч тал яах байсан юм. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өсч, буурч, өөрчлөгддөг учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр л төлбөр тооцоог гүйцэтгэнэ шүү дээ. Иймд үндэслэлгүй шаардлага гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага болон тайлбарт: Бид шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гүйцэтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байсан. Төлбөрийг төлж гүйцэтгэсэн учраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авъя гэж шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага танай гэрчилгээг өгөхгүй гэж байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол болон албан бичгүүдийг хийж өгсөн. Эдгээр зүйлүүдийг аваад бүртгэлийн байгууллагад хандахад барьцааны зүйлийг дуусгавар болгосон албан тооттой ирж байж барьцааны бүртгэл дуусгавар болно гэж хэлсэн. Бид төлбөрөө төлсөн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй байгаа юм. Есөн дэлбээ ХЗХ барьцааны гэрээг дуусгавар болгосон албан тоотыг гаргаж өгөхгүй байгаа. Үүнээс болж Тамирын Тэнгис гэх хүн өөрийн орон сууц үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хөндөгдөөд байна. Иймд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцааны зүйлийг дуусгавар болгосон албан тоотыг нэхэмжлэгч М.Гантулгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Төлбөр төлөгч 2019.09.11-ний өдөр төлбөрийг манай данс руу бүрэн тушаасан. Үүний дагуу 2019.09.16-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгч Т.Тэнгис төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээнэ үү гэсэн албан тоот хүргэгдсэн. Битүүмжлэлээс чөлөөлсөн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрийн мөнгийг шилжүүлснээр дуусгавар болгоно гэсэн заалт байхгүй гэжээ.

 Нэхэмжлэгчийн тайлбарт: Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага манай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. Манай шаардлага хангагдах эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байж гуравдагч этгээдийн асуудал шийдэгдэнэ. Манайх шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам.долларыг бодитой хүлээж аваагүй байж барьцааны гэрээг дуусгавар болгох боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн байгууллага руу явуулсан албан тоотыг харахад 2019.09.16-ны өдрийн огноотой байна. Т.Тэнгис төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 2019.09.16-ны өдөр хийсэн гэх боловч тус өдөр манай дансанд төлбөр орж ирээгүй байсан. 2020.01.16-ны өдөр буюу дуусгавар болгох тогтоол гарснаас хойш 4 сарын дараа мөнгөө өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Шилжүүлж авсан мөнгө нь шүүхийн шийдвэрт заасан 22,646 ам.доллар болон 34,000,000 төгрөгийг төлж хүрэхгүй байсан. Шилжүүлсэн гэх 66,410,783 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 34,168,820 төгрөгийг хасаад, үлдсэн 36,000,000 төгрөгийг долларын ханш руу шилжүүлэхээр 11,980 долларын төлбөр төлөгдсөн гэсэн үг юм. Үлдсэн доллар төлөгдөөгүй байгаа учраас манайх барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх хүсэлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төлбөр бүрэн төлөгдсөний дараа барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой. Биелэгдэх боломжтой учраас доллараар гарга гэсэн шүүхийн шийдвэр гарсан гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 22,646 ам доллар, 34,168,820 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, 2019.09.18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан бичгийг тус тус Т.Тэнгист гаргаж өгөхийг М.Гантулгад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Гантулгаас 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Т.Тэнгист олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1643 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Тэнгисээс 13,000 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22.646 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүх 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн. Шийдвэр гүйцэтгэх алба зөвхөн зардал, урамшууллын мөнгийг тухайн үедээ тооцохын тулд долларыг монгол төгрөгт шилжүүлэн гэрээ хийснээс болж төлбөр авагч би бүтэн 6 жилийн дараа төлбөрөө авахад долларын ханшийн зөрүү 28,788,727 төгрөг болж байна. Гэтэл Т.Тэнгис болон М.Гантулга нарын хооронд төлөх ёстой 22,646 ам долларыг 1400-р тооцоод ийм хэмжээний төлбөр төлнө гэсэн тохиролцоо огт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талаас хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасныг баримталсан нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд өөрчлөлт оруулсан мэтээр харагдаж, өөр хоорондоо зөрчилтэй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл болсон Иргэний хуулийн 217.1 дэх Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж заасныг баримталсан нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд анхнаасаа долларын зээлийн гэрээ байгуулж, гурван шатны шүүхээс үнэлж дүгнэн үүргийн гүйцэтгэлийг доллараар гаргуулах хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гаргасан. Хэрэв үүргийн гүйцэтгэлийг төгрөгөөр гаргуулах шаардлага, хууль зүйн үндэслэл байсан бол гурван шатны шүүх доллараар төлбөр гаргуулах шийдвэр гаргахгүй байсан. Иргэний хуулийн 217.2-т Хуулиар хориглоогүй бол талууд мөнгөн төлбөрийн үүргийг гадаадын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж болно гэж заасан байгаа нь уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн дагуу доллараар төлбөр төлүүлэхийг хориглосон заалт огт байхгүй болохыг мөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүйг тус тус нотолж байна. Энэ нь зээлийн гэрээний зүйл нь анхнаасаа төгрөг биш доллар зээлсэн учир доллар л гаргуулах шүүхийн шийдвэр гарсан байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг болон талуудын хүсэл зоригийг дур мэдэн гуйвуулж төлбөр төлөгчөөс төлөгдөх төлбөрийг төгрөгөөр төлүүлж, төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой хохироож, төлбөр төлөгчид илт ашигтай байдал бий болгож байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж гомдолтой байна. Хариуцагч байгууллагын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гуйвуулж байгаа энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн ерөнхий хуулийг баримтлах ёстой зарчмыг зөрчиж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 6 жил гаруй хугацаа өнгөрөхөд шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлүүлэхгүй байгаа нь нэгт: шүүхийн шийдвэр 22,646 ам доллар төлүүлэхээр гарсан, хоёрт: ханшийн зөрүүний өөрчлөлт гарч төлбөр төлөгдөх үеийн ханш болох 2019.09.12-ны өдрийн байдлаар 2,671.25 байгаа нь 60,493,127 төгрөг болж байгаа, гуравт: манайх анх зээл өгснөөс хойш 9 жил 3 сар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгснөөс хойш 6 жил 4 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь бизнесийн үйл ажиллагааг доголдуулж, иргэн миний мөнгийг түгжиж, маш их хохирол учруулж байна. Төлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй санаатайгаар хугацаа авах зорилгоор шүүхэд удаа дараа хандах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зэргээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ингэтлээ удааширсан нь төлбөр төлөгчөөс шалтгаалсан учир шүүх үүнийг анхаар үзэхийг хүсч байна. НШГА-ны дансанд төлбөр төлөгч Т.Тэнгисээс нийт 66,360,783 төгрөгийг төлүүлж, энэхүү мөнгийг манайх руу шилжүүлээгүй мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусаагүй, төлбөр авагч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус явагдсан гэж үзэж долларын зөрүүг авах, шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар шат дараалан гомдол гаргаж хүлээж аваагүй учраас шүүхэд нэхэмжлэл гарган шийдүүлж байх энэ хугацаанд буюу 2019.09.18-ны өдөр НШГА-аас, төлбөр төлөгчөөс төлөгдсөн мөнгийг төлбөр авагчид шилжүүлээгүй, төлбөр авагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаах ямар нэг хүсэлтгүйгээр эрх ашгийг маань ноцтой зөрчиж, нэ^ талын санаачилгаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-т заасан төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол үйлдсэн нь хариуцагч байгууллагын бас нэг хууль бус үйл ажиллагаа юм. Энэ талаар төлбөр авагчид мэдэгдээгүй байсан бөгөөд дуусгавар болгосон тогтоолтой 3 сарын дараа буюу 2019.12.06-ны өдөр танилцуулж, гардаж авсан. Мөн төлбөр төлөгчөөс төлөгдсөн төлбөрийг хариуцагч байгууллага төлбөр авагч хүсэлт гаргаад байхад шилжүүлэхгүй байсан учир дээд шатанд нь гомдол гаргаж байж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гаргаснаас хойш 4 сарын дараа буюу 2020.01.16-ний өдөр 62,410,783 төгрөгийг, 2020.01.27-ны өдөр үлдсэн 4,000,000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т Төлбөр төлөгчөөс шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө, мөнгийг гаргуулснаар төлбөрийг биелүүлсэнд тооцно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн магадлалд заасан 22,646 ам доллар гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дуусаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

М.Гантулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019.09.18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгож, 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөгийг төлбөр төлөгч Т.Тэнгисээс гаргуулан төлбөр авагч талд шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон гэж татгалзжээ.

 Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Тэнгис Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Гантулгаас гаргуулах шаардлага гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

 Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012.09.27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.12.03-ны өдрийн 854 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2013.02.19-ний өдрийн 97 дугаар тогтоолоор Т.Тэнгисээс 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гаргуулан Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэснийг болон төлбөр авагчийн шаардах эрхийг М.Гантулга шилжүүлэн авсан талаар талууд маргаагүй байна.

 Төлбөр төлөгч Т.Тэнгис төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөрийг хариуцагч байгууллагын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Т.Тэнгис шилжүүлснээр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай 2019.09.18-ны өдрийн 9/841 тоот тогтоол үйлдэгдсэн, мөнгийг төлбөр авагчид 2020.01.14-ний өдөр олгожээ. (хх-32-33)

 Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг шүүхийн шийдвэрээр 22,646 ам.доллар гаргуулсан байхад төгрөгөөр тооцсон буруу, төлбөр бүрэн барагдаагүй гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн зарласан ханшаар тооцох тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасан зохицуулалтыг болон Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д заасныг маргааны харилцаанд хэрэглэсэн нь буруутгах үндэслэлгүй юм.

 Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д мөн зүйлийн 29.1.3-д заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тал гомдол гаргах эрхгүй гэж заасан ба хуулийн 29.1.3-д төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг бүрэн төлсөн нөхцөлийг нэрлэжээ.

 Нэгэнт төлбөрийг төлж барагдуулсан байх тул барьцааны хөрөнгийн холбогдох бичиг баримтыг гаргуулах тухай гуравдагч этгээдийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчөөгүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэснийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/01556 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1643 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч талын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ШҮҮГЧИД                                                       П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ