Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/01556

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н Ш Ш Г Г т холбогдох

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Т.Т

 

            Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалаар хариуцагч Т.Т ээс 22.646 ам.доллар 34,168,820 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөгийг тус тус төлбөр төлөгч Т.Т ээс гаргуулан төлбөр авагч талд шилжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Н Ш Ш Г Г т даалгах, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

            Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Г ас гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Энхсоёл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаартай шийдвэрээр хариуцагч Т.Т ээс 13,000 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Т.Т ээс 22.646 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулан гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн 97 дугаартай тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Н Ш Ш Г Г т хандан шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр гэрээ байгуулсан. Тухайн үед Н Ш Ш Г Г тай гэрээ байгуулахдаа манайх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал зардлыг тооцохын тулд доллараар тооцох боломжгүй учраас шүүхийн шийдвэр гарсан өдрийн ханшаар тооцож 22,646 ам долларыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийн долларын ханш 1400 төгрөгөөр тооцож, 31,711,420 төгрөг гэж бодож 34,168,820 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамж 480,543 төгрөг гээд нийт 66,360,783 төгрөг гаргуулах гэрээ хийсэн. Шүүхийн шийдвэрт 2013 онд хийсэн зардал урамшууллын гэрээний тухай ярьж байгаа. Түүнээс биш зардал урамшууллын гэрээний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэсэн хуулийн заалт байхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх талаар хуульчилсан ба 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Т.Т ээс доллар болон төгрөг гаргуулах шийдвэр гарчихсан байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дур мэдэн мөнгө гаргуулж байгаа нь манай эрх ашгийг ноцтой хохироож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай 2013 онд байгуулсан гэрээний дагуу 1-2 жилийн дотор төлбөр төлөгдсөн бол манайх маргахгүй байх байсан. Магадгүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад 6 жилийн дараа төлбөр төлөгдсөн байгаа. Төлбөрийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Т.Т ээс шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 62,410,783 төгрөг болон 4,000,000 төгрөг хийсэн байсан. Энэ мөнгө нь манайх руу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орж ирсэн.

Долларын ханшны зөрүү үүссэн учраас манайх төлбөрөө доллараар авах шаардлага удаа дараа тавьсан. Хэрэв долларын ханшны зөрүү үүсээгүй бол төгрөгөөр тооцоод авах боломжтой байсан. Гэтэл долларын ханшны зөрүү үүсч талуудын дунд маргаан үүссэн учраас манайх доллараар төлбөрийг авах шаардлагыг бичгээр болон амаар хэд хэдэн удаа тавьсан. Тухай бүрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас боломжгүй гэх хариуг өгч битүүмжлэх болон хураан авах ажиллагаа явагдсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулах үед долларын ханш 1400 төгрөг байсан. Төлбөр төлөгдсөн өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр долларын ханш 2671 төгрөг болсон. Үүнд 28,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Хэрэв төгрөгөөр төлбөл 28,000,000 төгрөгийг нэмж төлөх, төгрөгөөр төлөхгүй тохиолдолд доллараа авъя гэх шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тавьсан боловч хүлээж аваагүй, ийм учраас шүүхэд хандсан.

Хариуцагч тал шүүхэд ажиллагаа явагдаж байгаа гэдгийг мэдсээр байж 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан. Төлбөр төлөгчөөс төлөгдсөн төлбөр, төлбөр авагч руу шилжээгүй байхад ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь шийдвэр гүйцэтгэх алба хууль бус ажиллагаа явуулж байгааг нотолж байна.

Гомдол гаргасан учраас мөнгийг нь шилжүүлэхгүй гэсэн атлаа ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэгдээгүй байхад ажиллагааг дуусгавар болгох тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэслэл болсон шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам.доллар, 34,168,820 төгрөг гарга гэсний дагуу ажиллагаа явуулж өгнө үү гэх шаардлагыг гаргаж байна.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага манай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай шууд холбоотой. Манай шаардлага хангагдах эсэх нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж байж гуравдагч этгээдийн асуудал шийдэгдэнэ. Манайх шүүхийн шийдвэрийн дагуу 22,646 ам.долларыг бодитой хүлээж аваагүй байж барьцааны гэрээг дуусгавар болгох боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх газрын Улсын бүртгэлийн байгууллага руу явуулсан албан тоотыг харахад 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой байна. Т.Т  төлбөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данс руу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн гэх боловч тус өдөр манай дансанд төлбөр орж ирээгүй байсан.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр буюу дуусгавар болгох тогтоол гарснаас хойш 4 сарын дараа мөнгөө өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Шилжүүлж авсан мөнгө нь шүүхийн шийдвэрт заасан 22,646 ам.доллар болон 34,000,000 төгрөгийг нийт нь төлж хүрэхгүй байсан. Шилжүүлсэн гэх 66,410,783 төгрөгөөс шүүхийн шийдвэрийн дагуу өгөх ёстой 34,168,820 төгрөгийг хасаад, үлдсэн 36,000,000 төгрөгийг долларын ханш руу шилжүүлэхээр 11,980 долларын төлбөр төлөгдсөн гэсэн үг юм. Үлдсэн доллар төлөгдөөгүй байгаа учраас манайх барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэж үзэж байгаа тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах, үлдэгдэл төлбөрийг төлүүлэх хүсэлтэй нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Төлбөр бүрэн төлөгдсөний дараа барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжтой. Биелэгдэх боломжтой учраас доллараар гарга гэсэн шүүхийн шийдвэр гарсан” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 584 дүгээр магадлалаар Тамирын Тэнгисээс 22,646 ам.доллар, 34,649,363 төгрөгийг гаргуулж Есөн дэлбээ Хадгаламж зээлийн хоршоонд олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйл 107.5 дахь хэсэгт гадаад улсын валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно гэж заасны дагуу төлбөр төлөгч Т.Т ээс 22,646 ам.доллар буюу 31,711,420,26 төгрөг, үүнд 34,649,363 төгрөгийг нэмээд нийт төлбөр төлөгчөөс 66,410,783 төгрөгийг төлүүлж, төлбөр авагчийн дансанд 2020 оны 01 сард шилжүүлж олгосон.

Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцоолж олгосон. Төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд Төлбөр төлөгч 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрийг манай данс руу бүрэн тушаасан. Үүний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст төлбөр төлөгч Т.Т  төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээнэ үү гэсэн албан тоот хүргэгдсэн.

Битүүмжлэлээс чөлөөлсөн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгосон тогтоол гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөрийн мөнгийг шилжүүлснээр дуусгавар болгоно гэсэн заалт байхгүй” гэв.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төлбөр төлөгч Т.Т  болон Есөн дэлбээ Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой зээлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгчийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна. Төлбөрийг бүрэн төлж шүүхийн шийдвэр биелэгдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогсоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болж байгаа учраас дуусгавар болсон тогтоол үйлдэнэ. Бид 62,410,783 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сард төлсөн. 2014 он, 2015 онуудад тус тус 2,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг төлсөн байсан. Нийт 66,410,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлсөн.

Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт төлбөр тооцоог Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр хийж гүйцэтгэнэ, 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Монгол Улсын Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэж заасан. Тус хуулийн 4.4 дэх хэсэгт банк, банк бус санхүүгийн байгууллага орж байгаа.

Магадгүй долларын ханш унасан байвал нэхэмжлэгч тал яах байсан юм. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш өсч, буурч, өөрчлөгддөг учраас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр л төлбөр тооцоог гүйцэтгэнэ шүү дээ. Иймд үндэслэлгүй шаардлага гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бие даасан шаардлагын тухайд Бид шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг гүйцэтгэсэн. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан байсан. Төлбөрийг төлж гүйцэтгэсэн учраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авъя гэж шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага танай гэрчилгээг өгөхгүй гэж байна гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол болон албан бичгүүдийг хийж өгсөн. Эдгээр зүйлүүдийг аваад бүртгэлийн байгууллагад хандахад барьцааны зүйлийг дуусгавар болгосон албан тооттой ирж байж барьцааны бүртгэл дуусгавар болно гэж хэлсэн.

Бид төлбөрөө төлсөн атлаа өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй байгаа юм. Есөн дэлбээ ХЗХ барьцааны гэрээг дуусгавар болгосон албан тоотыг гаргаж өгөхгүй байгаа. Үүнээс болж Тамирын Тэнгис гэх хүн өөрийн орон сууц үл хөдлөх хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хөндөгдөөд байна.

Иймд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барьцааны зүйлийг дуусгавар болгосон албан тоотыг нэхэмжлэгч М.Г ас гаргуулж өгнө үү” гэв.

  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Г  нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 22.646 ам доллар, 34,168,820 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулахыг Н Ш Ш Г Г т даалгах, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн  нэхэмжлэлийн шаардлага, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч М.Г д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Г ас гаргуулах тухай бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалаар  хариуцагч Т.Т ээс  22,646 ам доллар, 34,168,820 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Есөн дэлбээ ХЗХ-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл  Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, 50 мянгат, 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Г  болон Есөн дэлбээ ХЗХ нарын хооронд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Шаардах эрхээ шилжүүлэх гэрээ”-ний 1 дэх заалтаар “Есөн дэлбээ хадгаламж зээлийн хоршоо нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн иргэн Т.Т ээс 22,646 ам доллар, 34,649,363 төгрөг шаардах эрхээ иргэн М.Г д шилжүүлэв.” гэж тохиролцож, уг гэрээг үндэслэн Н Ш Ш Г Г  нь төлбөр төлөгч Т.Т ийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М.Г д шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.

 

Дээрхи гэрээний дагуу М.Г  нь төлбөр авагч Есөн дэлбээ ХЗХ, төлбөр төлөгч Т.Т  нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзэв.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны 9/841  тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-ын 1-д “Төлбөр төлөгч Т.Т т холбогдох 13280438 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэж Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрийн дагуу явагдаж байгаа ажиллагааг дуусгавар болсон болох нь нотлогдов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасны зөрчиж байна. Шүүхийн шийдвэрээр зөвхөн доллар гаргуулахаар шийдвэрлэсэн байхад төгрөгөөр тооцож байгаа нь төлбөр авагч талд хэт хохиролтой, мөн 22,646 ам доллар 2019 оны 09 дүгээр сарны 12-ны өдрийн ханш 2,671.25 төгрөгөөр тооцоход 60,493,127 төгрөг болж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 6 жил 4 сар үргэлжилсэн тул хохиролтой байна. Иймд Т.Т ээс шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 22,646 ам доллар, 34,168,820 төгрөг гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг даалгаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэж, хариуцагч Н Ш Ш Г Г  нь “...Т.Т ээс 22,646 ам доллар буюу 31,711,420 төгрөг, нийт 66,410,783 төгрөг төлүүлж, төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарласан байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно” гэж заажээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр гарсан өдрийн ханш буюу 1 ам долларыг 1,400,31 төгрөгөөр тооцож, 22,646 ам долларыг 31,711,420 төгрөгөөр тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хуулийн дээрхи зохицуулалтад нийцсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зохицуулалт нь гадаад валютын ханшийн өсөлт, бууралтаас сэргийлэх, гадаад валютыг төгрөгт шилжүүлэх тооцох ханшийн тогтвортой байдлыг хангах, төлбөр авагч болон төлбөр төлөгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт тул нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт доллар гаргуулж байж шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзнэ гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд, төлбөр төлөгч Т.Т  нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалаар  хариуцагч Т.Т ээс  22,646 ам доллар, 34,168,820 төгрөгийг гаргуулахаар заасан шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн байх тул нэхэмжлэгчийн 22.646 ам доллар, 34,168,820 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулахыг Н Ш Ш Г Г т даалгах, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай үндсэн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Т.Т  нь нэхэмжлэгч М.Г д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан тоотыг М.Г ас гаргуулах тухай бие даасан шаардлагыг гаргажээ.

 

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэж заажээ.

 

Т.Т  нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 854 дүгээр магадлалд дурьдсан төлбөрийг бүрэн төлсөн тус барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.”, 172 дугаар зүйлийн 172.1-д “Ипотек болон түүний үндэслэл болж байгаа шаардлага нь гагцхүү энэ хуулийн 87.1-д заасны дагуу өөр этгээдэд нэгэн зэрэг хамтдаа шилжиж болно.” гэж тус тус заажээ.

 

Нэгэнт М.Г  нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, төлбөрийг шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан тул барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардах эрх шилжсэн гэж үзэх тул барьцаалагч буюу Есөн дэлбээ ХЗХ-оос шаардах эрхийг шилжүүлэн авсан М.Г  нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулах, барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан бичгийг төлбөр төлөгч Т.Т т гаргаж өгөх үүрэг үүснэ.

 

Шүүхийн шийдвэр гарснаар гэрээний үүрэг дуусгавар болох хэдий ч барьцааны бүртгэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд дуусгавар болох онцлогтой тул Т.Т ийн шаардлага үндэслэлтэй байна.

 

Иймд, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан бичгийг тус тус Т.Т т гаргаж өгөхийг М.Г д даалгах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д  зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 22.646 ам доллар, 34,168,820 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаа явуулахыг Н Ш Ш Г Г т даалгах, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 9/841 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат 28 дугаар байр 30 тоотод байрлах 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон барьцааны үүрэг ногдуулсан бүртгэлийг дуусгавар болгох тухай албан бичгийг тус тус Т.Т т гаргаж өгөхийг М.Г д даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Г ас 70,200 төгрөг гаргуулж, гуравдагч этгээд Т.Т т олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 С.ЭНХБАЯР