Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
Хэргийн индекс | 183/2017/03102/И |
Дугаар | 183/ШШ2018/01979 |
Огноо | 2018-09-05 |
Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2018/01979
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х.З” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
/Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 71, улсын бүртгэлийн дугаар 9011042100/
Хариуцагч: И.Н.Е.Гт холбогдох,
/Хан-Уул дүүрэг, 10-р хороо, /
гэрээнээс учирсан хохиролд 4.705.118.456 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, санхүүжилтийн зөрүү 2.190.059.364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй алданги 4.325.749.845 төгрөг, нийт 6.515.809.209 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Энхсүх, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мяндасмаа, Б.Байгалмаа, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Энхсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь И.Н.Е.Гтай 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ байгуулж, Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, хамгаалалтын хашаа үерийн далангийн хамт барьж байгуулах ажлыг хийж гүйцэтгэхээр болсон. Өнөөдрийн байдлаар хамгаалалтын хашаа, үерийн далан, суурийн ажил 100% дууссан. Суурь асфальт бетон хучилт 1176 м тус тус хийгдсэн байна. Энэ нь нийт ажлын 78% юм. 2008-2013 оныг дуустал улсын төсөвт хуваагдаж тавигдсан мөнгөний хэмжээгээр ажил хэвийн явагдаж, жил бүр И.Н.Е.Г гэрээгээ дүгнэн, гэрээний сунгалтыг хийж явсан. 2013 оны 9 дүгээр сард талбай дээр уг ажлыг дуусгахад шаардагдах бүх материал болох битум, буталсан чулуу, эрдэс нунтаг мөн хүн хүч, машин механизм, мөн захиалагч болох Иргэний нисэхийн ерөнхий газрын хяналтаар баталгаажуулсан асфальт бетон зуурах орц норм бүгд бэлэн болсон байсан. Мөн хөндлөнгийн 3 лаборатороор хянан баталгаажуулсан орцын дагуу дээр дурьдсан 1176 м суурь хучилтын ажлыг хийж И.Н.Е.Г баталгаажуулж санхүүжилтийг олгож байсан. Эдгээр дурьдсан зүйлүүд нь 2014 онд уг ажлыг үргэлжлүүлэн дуусгахад ямар ч саадгүй байсан болохыг нотолно. Гэвч 2013 оны өвөл И.Н.Е.Г захиалагчийн байр сууринаас гуйвж, гэрээг дүгнэж сунгалгүй, ажил зогсонги байдалд орж өнөөдрийг хүрлээ. Энэ байдлаас яаралтай гарч, асуудлыг аль нэг талд хурдан шийдэхийн тулд И.Н.Е.Гт удаа дараа хандсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч шийдэлд хүрсэнгүй. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 334 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг газар дээр нь шалгаж, манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн дуусгах дүгнэлт гарч, дүгнэлтэнд ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсэг зурсны дараагаар уг дүгнэлт алга болсон. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 233 тоот тушаалаар дахин ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг дээр нь ажиллаж мөн манай компаниар уг ажлыг үргэлжлүүлэн хийж дуусгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Гэвч 2013 оноос хойш томилогдсон Иргэний нисэхийн ерөнхий газрын үе үеийн удирдлагууд уг ажилд огтхон ч анхаарал тавилгүй байснаар өнөөдрийг хүрч Завхан аймгийн Доной нисэх буудлын ажил ч дуусахгүй, манай компани ч санхүүгийн хувьд хүнд байдалд орж, олох байсан асар их ашиг, бизнесийн боломжоо алдаж хохирол хүлээгээд байна. Цагт 120 тн асфальт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай заводыг 2014, 2015, 2016, 2017 онуудад уг ажлыг хийх зорилгоор Завхан аймгийн нисэх буудал дээр өнөөдрийн хүртэл байлгасаар байна. И.Н.Е.Г асуудалд хөнгөн шуурхай, бодитойгоор хандаж 2008-2012 оны жишгээр гэрээгээ дүгнэж, ажлаа үргэлжлүүлсэн бол 2014 онд уг ажил ямар ч нэмэлт зардалгүйгээр дуусах боломжтой байсан. 2015 онд нэмэлт зардлыг шийдэж, гэрээг сунгасан боловч уг ажлыг захиалагч тал явуулаагүй болно. 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын тушааалаар уг ажилд зарцуулагдах нэмэлт зардлыг шийдвэрлэж үүний дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг дээр тохирсон хугацаа буюу 10 дугаар сарын 30-ны өдөр уг ажлыг дуусгах гэрээний хугацааг биелэх боломжгүй болгох ноцтой үр дагаварт хүргэсэн. Захиалагч Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалж асфальт бетоны үйлдвэрээ Улаанбаатар хотод авчирч ажиллуулж олох байсан ашгаа алдаж, 4 жил сул зогсоосны хохирлыг нэхэмжилсэн болно. Үүнд: 2014 онд ажиллах боломжит хоног 88, өдөрт 10 цаг ажиллаж 1200 тн, нийт үйлдвэрлэх хэмжээ 105 600 тн, Улаанбаатар хотод борлуулах НӨАТ-гүй үнэ 112.996.85 төгрөг, шууд зардал 167.096,84 төгрөг, үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 1 тн асфальт бетоноос 13.367,75 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.411.634.138.33 төгрөг.
2015 онд ажиллах боломжит хоног 90, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт асфальт бетон 108.000 тн, Улаанбаатар хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 146.349.03 төгрөг, шууд зардал 126.709,12 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10.136,73 төгрөг нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.094.766.788.36 төгрөг.
2016 онд ажиллах боломжит хоног 85, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт үйлдвэрлэх асфальт бетон 10.200 тн, Улаанбаатар хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 147.439.11 төгрөг, шууд зардал 127.652,91 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10.212,23 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.041.647.737.65 төгрөг.
2017 онд ажиллах боломжит хоног 94, өдөрт 10 цаг ажиллахаар 1200 тн, нийт үйлдвэрлэх асфальт бетон 112.800 тн, Улаанбаатар хот руу борлуулах НӨАТ-гүй үнэ 148.095,70 төгрөг, шууд зардал 128.221,39 төгрөг үүнээс ашгийг 8 хувиар тооцоход 10.257,71 төгрөг, нийт асфальт бетоноос өгөх ашиг 1.157.069.792.01 төгрөг.
4 жилд 428.400 тн асфальт бетон үйлдвэрлэж, 67.930.147.713.83 төгрөгийн борлуулалт хийж, нийт 4.705.118.456.37 төгрөгийн ашиг олох байсан тул уг учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, П.Сүхболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 350 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч “Х.З” ХХК нь гэрээнд заасан техникийн шаардлагыг хангасан материалаар ажлыг хийж гүйцэтгэх байсан. Гэтэл захиалагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчиж, техникийн шаардлага хангаагүй битум авчирсан болохыг захиалагчийг төлөөлж лабораторын хяналтыг хийж буй “Ялгуусан” ХХК тогтоосон. Нэгэнт шаардлага хангаагүй битумээр ажил гүйцэтгүүлэх нь нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд нөлөөлнө. Мөн хяналт тавих эрх бүхий байгууллага нь шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан байхад манай газрын зүгээс ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй тул гэрээний үүргээ зөрчсөнтэй холбогдуулан ажил зогссон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь өөрөө гэрээний үүргээ зөрчсөнөөс шалтгаалан ажил зогссон болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
“Х.З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, И.Н.Е.Гт холбогдох, гэрээнээс учирсан хохиролд 4.705.118.456 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний нисэхийн ерөнхий газрын “...санхүүжилтийн зөрүү 2.190.059.364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй алданги 4.325.749.845 төгрөг, нийт 6.515.809.209 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х.З” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Иргэний нисэхийн ерөнхий газрын хариуцлагагүй, санхүүжилтээ хугацаандаа шилжүүлээгүйгээс манай компани асфальт бетоны үйлдвэрлэлээс олох ашиг 2014 онд 1.411.634.138.33 төгрөг, 2015 онд 1.094.766.788.36 төгрөг, 2016 онд 1.041.647.737.65 төгрөг, 2017 онд 1.157.069.792.01 төгрөг, нийт 4.705.118.456.37 төгрөгөөр хохирсон тул гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...Х.З ХХК нь гэрээнд заасан техникийн шаардлагыг хангасан материалаар ажлыг хийж гүйцэтгээгүй, захиалагчид урьдчилан мэдэгдэлгүйгээр талуудын хооронд байгуулсан гэрээгээ зөрчиж, техникийн шаардлага хангаагүй битум авчирсан болохыг захиалагчийг төлөөлж лабораторын хяналтаар тогтоогдсон тул манай газрын зүгээс ажлыг гүйцэтгүүлэх боломжгүй...” гэсэн хариу тайлбарыг гаргажээ.
1. Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ИНЕГ.ТББ/БУ-56-07 дугаар гэрээгээр “Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу инженерийн хийцтэй барилга байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулахтай холбогдуулан Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлыг /гэрээний үнэ 8.651.499.690 төгрөг/-өөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг хүлээн зөвшөөрч, захиалагч И.Н.Е.Г болон гүйцэтгэгч “Х.З” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Уг гэрээ болон гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөлд зааснаар “гэрээний нийт дүн 8.651.499.690 төгрөгөөс 2008 онд 1.000.000.000 төгрөг, 2009 онд 7.651.499.690 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэгч талд шилжүүлэх, гүйцэтгэгч тал нь гэрээнд заасан ажлыг 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх”-ээр тохиролцжээ.
“Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт” 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр “...гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг баталгаажуулсан графикийн дагуу 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх”-өөр, “Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт” 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн гэрээгээр “...гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг баталгаажуулсан графикийн дагуу 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх”-өөр, “Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт” 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гэрээгээр “...гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг баталгаажуулсан графикийн дагуу 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх”-өөр, “Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээний нэмэлт өөрчлөлт” 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн гэрээгээр “...гэрээт ажлыг ашиглалтад өгөх хугацааг баталгаажуулсан графикийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өгөх”-өөр талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгасан талаар маргаагүй.
Мөн хавтаст хэрэгт авагдсан 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Захиалагч гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ дүгнэсэн акт”-аар “...2009 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн батлагдсан гүйцэтгэлийн байдлаар дүгнэхэд ...нийт 8.651,5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын батлагдсан гүйцэтгэл 4.124.3 сая төгрөг буюу 47.7 хувийн биелэлттэй, санхүүжилт 5.292 сая төгрөг буюу 61.1 хувь...”, 2011 оны 4 дүгээр сарын “Завхан аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ дүгнэсэн акт”-аар “...2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн батлагдсан гүйцэтгэлийн байдлаар дүгнэхэд ...нийт 8.651,5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын батлагдсан гүйцэтгэл 4.406 сая төгрөг буюу 49.1 хувийн биелэлттэй, санхүүжилт 5.409,4 сая төгрөг буюу 63.5 хувь...”, 2013 оны 02 дугаар сарын “Завхан аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ дүгнэсэн акт”-аар “...нийт 8.651,5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын батлагдсан гүйцэтгэл 5.693.85 сая төгрөг буюу 65.8 хувийн биелэлттэй, санхүүжилт 6.703.81 сая төгрөг буюу 77.4 хувь...”, 2015 оны “Завхан аймгийн нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ИНЕГ.ТББ/БУ-56-07 тоот гэрээ дүгнэсэн тухай”-аар “...нийт 8.651,5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын батлагдсан гүйцэтгэл 6.322.8 сая төгрөг буюу 73 хувийн биелэлттэй, санхүүжилт 7.649.4 сая төгрөг буюу 88 хувь...” гэсэн байх бөгөөд гэрээний дагуу ажил гүйцэтгэгч “Х.З” ХХК-д 2008 онд 1.000.000.000 төгрөг, 2009 онд 4.289.407.492 төгрөг, 2011 онд 1.414.408.280 төгрөг, 2012 онд 945.600.000 төгрөг, нийт 7.649.415.772 төгрөгийн санхүүжилт хийсэн талаар талууд маргаагүй болно.
Завхан аймгийн Доной нисэх буудлын онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвас, үерийн далан барих ажлын 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ИНЕГ.ТББ/БУ-56-07 дугаар гэрээний хугацааг талууд харилцан тохиролцож 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан хэдий боловч гэрээний 3-т “...2009 онд 7.651.499.690 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэх” үүргээ зөрчиж, “2009 онд 4.289.407.492 төгрөг, 2011 онд 1.414.408.280 төгрөг, 2012 онд 945.600.000 төгрөгийг ажил гүйцэтгэгч Х.З ХХК-д шилжүүлсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Иймд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар захиалагч И.Н.Е.Г нь гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу хөлс төлөх /санхүүжилт хийх/ үүргээ гүйцэтгээгүй тул мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-д зааснаар ажил гүйцэтгэгч “Х.З” ХХК нь учирсан хохирлоо шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч “Х.З” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа “...асфальт бетоны үйлдвэрээ Улаанбаатар хотод авчирч ажиллуулж олох байсан ашгаа алдсан тул асфальт бетоноос олох ашиг 2014 онд 1.411.634.138.33 төгрөг, 2015 онд 1.094.766.788.36 төгрөг, 2016 онд 1.041.647.737.65 төгрөг, 2017 онд 1.157.069.792.01 төгрөг, нийт 4.705.118.456.37 төгрөг” гэж тодорхойлон, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэнийг хариуцагч тал үгүйсгэж тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд буюу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны “асфальт бетоноос олох байсан ашиг 2014 онд 1.411.634.138.33 төгрөг, 2015 онд 1.094.766.788.36 төгрөг, 2016 онд 1.041.647.737.65 төгрөг” нийт олох байсан ашиг 3.548.048.663 төгрөгийн 12 хувь буюу /2012 оны байдлаар буюу гэрээний дагуу 8.651.499.690 төгрөгийн 100 хувийн санхүүжилт хийхээс 7.649.415.772 төгрөгийн буюу 88 хувийн санхүүжилт хийсэн тул 100 хувиас 88 хувийг хасаж, 12 хувиар хохирлыг тооцон/ 425.765.839 төгрөгийн гэрээнээс учирсан хохирлыг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч “Х.З” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
2. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын “...санхүүжилтийн зөрүү 2.190.059.364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул алданги 4.325.749.845 төгрөг, нийт 6.515.809.209 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар уг сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй тул хамтруулан шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээнээс учирсан хохиролд 425.765.839 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х.З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.279.352.616 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газрын “...санхүүжилтийн зөрүү 2.190.059.364 төгрөг, гэрээний хугацаанд үүргээ гүйцэтгээгүй алданги 4.325.749.845 төгрөг, нийт 6.515.809.209 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х.З” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 23.750.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 66.457 төгрөгийг буцаан олгож, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 2.286.779 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х.З” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД