Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 03173

 

 

 

 

 

 


 

    2018 оны 10 сарын 24 өдөр

    Дугаар 102/ШШ2018/03173

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

 

Орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, хариуцагч Ж.Б, Г.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн өмчлөлийн Ү-2205048726 дугаар бүхий Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 48.5 метр квадрат талбайтай 3 өрөө орон сууцыг 2011 онд хариуцагч Ж.Бд компани байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан түүнийг шагнаж эзэмшүүлсэн. Уг байраар шагнах болсон шалтгаан нь тус компанид 5 жилээс дээш жил ажилласан ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байсан. Ж.Бтэй хамт 25 хүн 2-3 өрөө орон сууцаар хамтдаа шагнагдсан бөгөөд Ж.Бэс бусад нь одоог хүртэл компанидаа шударгаар хөдөлмөрлөсөөр байгаа тул орон сууцаа үргэлжлүүлэн эзэмшсээр байгаа. Гэхдээ шагналын орон сууцнууд бүгд компанийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн байдаг ба компаниас халагдсан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцааж өгөх журамтай бөгөөд дараагийн сайн ажилтан орон сууцыг эзэмших үндэслэл болдог. Ж.Б манай компанид төлөвлөлт технологи бодлогын албаны геологи хайгуул, гидрогеологийн өрөмдлөгийн хэлтсийн ахлахаар ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдсан. Ж.Б тухайн үед Могул гэх компани манай өрмийн ажил гүйцэтгүүлэхээр хандсаныг Ж.Б ажил албан тушаалын давуу талаа ашиглан олж мэдээд Могул руу өөрийн найзын коммпанийн өрмийн ажил гүйцэтгэх үнийн санал, бусад мэдээллийг илгээсэн байдаг. Манай компанид ажил гүйцэтгүүлэхээр хандсаны хувьд Могулынхан “танай өрмийн мастер Ж.Б-ийн Baterdene­­­­­­­­­­@tananimpex.mn хаягнаас Монголиан юнайтед дриллинг гэх компанийн үнийн санал ирээд байна, ямар учиртай юм бэ” гэж ярихад нь түүний гаргасан шударга бус үйлдлийг олж мэдсэн. Улмаар Ж.Бтэй уулзаж, тодруулахад гаргасан зөрчлөө хүлээж ажлаас халагдахад гомдолгүй гэж хэлж байсан. Ж.Б-ийн илгээсэн санал нь Могулд илүү таалагдаж бид нилээн хэдэн сая төгрөгийн өрмийн ажлын гэрээг байгуулж чадаагүй. Ажлын гүйцэтгэлийг алдсан. Иймд Ж.Б-ийн гаргасан зөрчлөөс болж, бид хамтран ажиллах итгэлгүй болсон тул хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэвч Ж.Б шүүхэд хандаж, ажилдаа эгүүлэн тогтоолгосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн заалтыг тушаалын үндэслэх хэсэгт баримтлаагүй байх тул ажлаас халсан тушаал үндэслэлгүй байна гэж үзсэн. Улсын дээд шүүхийн тогтоолын 4 дүгээр талд Хянавал хэсэгт “Ж.Б-ийн гаргасан зөрчил нь тогтоогдсон боловч тушаалд заасан ноцтой зөрчил биш байна” гэж үзээд шийдвэрийг хэвээр үлдээсэн. Бид шударга бус үйлдлийг илрүүлсэн, тогтоосон боловч тушаалаа буруу гаргаснаас болж Ж.Б-ийг ажилд нь эгүүлэн авах үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ж.Б-ийг дуудаж, захирлын ажлын албаны дарга Ц.Цогнэмэх хуулийн зөвлөх нар хурал хийсэн. Уг хурлаар шүүхийн шийдвэрээр ажилдаа орох санал тавихад Ж.Б эс зөвшөөрч гарч явсан. Тэр үеэс одоог хүртэл сураг чимээгүй болж ямар нэг байдлаар манай компанитай харилцаагүй болсон боловч компанийн орон сууцанд амьдарсаар байна. Өмнө компани орон сууцаа буцаан авахаар Ж.Бд хандаж байсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ж.Б-ийг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот орон сууцнаас гаргуулж, орон сууц чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогнэмэх шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ж.Б компанийн эзэмшлийн байрыг өөрийн эзэмшилд шилжүүлэх талаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Т ХХК өөрийн өмчлөлийн орон сууцыг Ж.Бд бэлэгдээгүй, худалдаагүй, үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэж Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 дэх хэсэгт зааснаар амлаж, нотариатаар орж гэрээ хийсэн талаар баримт байхгүй. Иргэний хуулийн 420 дугаар зүйлд зааснаар шагнаж амлаж, нийтэд зарлаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ж.Б-ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан болохоос биш байрны асуудлыг шүүх шийдээгүй. Бид шүүхийн шийдвэртэй маргаагүй. Ажилдаа орчихвол байртай болно гэсэн ойлголт байхгүй. Хавтаст хэрэгт Ж.Б-ийг ажилд эгүүлэн авах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар гаргасан санал, Ж.Б-ийн шийдвэрийн тухай хурлын тэмдэглэл зэрэг баримтаар байгаа. Мөн хавтас хэрэгт 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн баримтаар байрыг худалдаж авах саналыг хүлээн авч, төлбөр хийхийг мэдэгдсэн боловч тодорхой хугацаанд үүрэг хүлээгээгүй, хүсэлтээ биелүүлээгүй тул орон сууцыг чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан баримт байгаа. Уг мэдэгдлийг Ж.Б-ийн эхнэр 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан боловч би энэ асуудлыг мэдэхгүй гээд гарын үсэг зураагүй байдаг. Ж.Б ажлаас халагдах үедээ эзэмшиж буй 3 өрөө байраа худалдан авах тухай санал удирдлагад гаргаж өгөөч гэж удаа дараа надад хүсэлт гаргаж байсан. Ж.Б-ийн байраа худалдаж авах, байраа өөрийн болгох хүсэлт нь ажлаасаа халагдсаны дараа яригдсан. Ж.Б байрыг худалдаж авах талаарх хүсэлтийг нь би цааш захирал, инженердээ танилцуулж, өөрт нь байрыг шилжүүлж өгөх талаар ярилцсан. Ж.Б өөрөө гэм буруугаа хүлээж, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Удалгүй Ж.Б байрны талаар надтай ярилцаж, би ч асуудлыг нь нааштайгаар шийдвэрлэж өгөхийн тул маш их сэтгэл гаргасан. Ж.Б шүүхэд хандаж ажилдаа эгүүлэн тогтоолгох талаар шийдвэрлүүлсэн. Мөн компанийн өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлд шилжүүлж авах гэж байгаа нь ёс зүйгүй санагдаж байна. Орон сууцны журам дээр 5 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан ажилтныг байраар шагнана гэж байгаа. Энэ шаардлагыг Ж.Б хангаагүй. Гэхдээ залуу ажилтнаа өөрийн болгож авах гэсэн, ажилд нь дэмжлэг үзүүлэхийн тулд Ж.Б-ийг байраар шагнасан. 2011 онд байраар шагнуулж, эзэмших эрх авсан ажилтныг 2012 онд гаргасан журам нь дээр мөн хамаарна гэж заагаад байраар эзэмших эрхээр шагнагдсан хүмүүс 60 буюу  түүнээс дээш сараар тогтвор суурьшилтай ажиллана гэж заасан. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх шилждэг. Гэтэл Т ХХК болон Ж.Б нарын хооронд уг орон сууц буюу үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн хэлцэл байхгүй. Уг байрыг Ж.Бд үнэ төлбөргүй, эзэмшүүлж ашиглуулж байснаас зүйл байхгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Т ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрчилгээ, байр ашиглаж байсан гэрчүүдийн мэдүүлэг, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц чөлөөлөх тухай мэдэгдэл, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл, ажилчиддаа орон сууц эзэмшүүлэх журам зэрэг баримтуудаар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2007 оноос эхлэн Т ХХК-д өрмийн туслах, 2009, 2011 онуудад ахлах инженерээр ажиллахдаа 5 жил сайн ажилласан гэж байраар шагнуулсан. Ажиллаж байх хугацаанд 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан. Нэхэмжлэлийн шаардлага болох хууль бус эзэмшлээс байх чөлөөлүүлэх гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх байраар шагнахдаа 5 жил ажиллавал байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө гэсэн. Би 5 жил хангалттай ажилласан учраас байр авах нөхцөл нь бүрдсэн гэж үзэж байгаа. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн Ү-2205848726 Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Б миний нэр дээр шилжүүлж өгөхийг Т ХХК-д даалгаж өгнө үү. Миний бие анх 2007 онд Т ХХК-д ажилд орж, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажилласан. Энэ хугацаанд Т ХХК-ийн шилдэг ажилтнаар шалгарч, 2011 оны 12 дугаар сарын 30-ний өдөр компани үүсч, хөгжсөний 10 жилийн ойгоор ажил үйлсээрээ хамт олноо манлайлан, идэвхи зүтгэлтэй ажилласныг маань үнэлж орон сууцаар шагнаж батламж олгосон. 2013 онд тэргүүний залуу цол тэмдэг, Уул уурхай яамны жуух бичиг зэргээр шагнагдаж байсан. Т ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон Москвагийн гудамжны 8 дугаар байрны 28 тоот 3 өрөө орон сууцаар Ж.Б намайг шагнасан. Тухайн үедээ орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан. Дараа нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх талаар захирлаасаа удаа дараа асууж байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүй байгаа, байж бай гээд өнөөдрийг хүрсэн. Гэтэл уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг компанийнхаа нэр дээр гаргасан байсан. Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ гэж заасны дагуу өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр шилжүүлэх талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ж.Бд холбогдуулан Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн хариуцагч Ж.Б нь орон сууц эзэмших эрхээр шагнагдсан. Шагналын орон сууц компанийн нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн байдаг. компаниас халагдсан, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд орон сууцыг буцааж өгөх журамтай. Ж.Б манай компанид төлөвлөлт технологи бодлогын албаны геологи хайгуул, гидрогеологийн өрөмдлөгийн хэлтсийн ахлахаар ажиллаж байгаад ажил албан тушаалын давуу талаа ашиглан өөрийн найзын компанийн өрмийн ажил гүйцэтгэх үнийн санал, бусад мэдээллийг илгээсэн тул 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлаас халагдсан” гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д “Тодорхой үйлдэл хийсэн, эсхүл тодорхой үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгохоор амлаж нийтэд зарласан этгээд уг үйлдэл хийсэн буюу үр дүн бий болгосон этгээдэд шагнал олгох үүрэг хүлээнэ” гэж заасны дагуу компаниас 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Танан импекм” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр болон 2011 оны шинэ жилийн арга хэмжээг тохиолдуулан ажил үйлсээрээ шалгарсан ажилтнуудаа шагнагдсанаас намайг орон сууцаар шагнасан” гэж тус тус тайлбарласан.

 

Т ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Танан импекм” ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр болон 2011 оны шинэ жилийн арга хэмжээг тохиолдуулан ажил үйлсээрээ шалгарсан ажилтнуудаа шагнасан байх бөгөөд хариуцагч Ж.Б-ийг Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай орон сууцаар шагнаж, хүлээлгэн өгсөн болох нь Т ХХК-ийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 380 дугаар тушаал, тушаалын хавсралт, орон сууцаар шагнасан тухай батламж, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Т ХХК нь “МДТОФ” ХХК-тай 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу захиалан бариулсан байх бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дагаар гэрчилгээг 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өөрийн компанийн нэр дээр гаргуулан авчээ.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч байгууллагын нэр дээр гарсан ч талууд уг орон сууцыг 2011 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Ж.Б-ийн эзэмшил, ашиглалтад байгаа талаар зохигчид маргаангүй.  

 

Т ХХК нь маргаан бүхий орон сууцыг Ж.Бд 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Т ХХК үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баяр болон 2011 оны шинэ жилийн арга хэмжээг тохиолдуулан ажил үйлсээрээ шалгарсан ажилтаар тодруулж шагнал болгон олгосон байх тул Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шагналыг олгох үүрэг хүлээнэ.

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтаар “Татан импекс” ХХК нь Ж.Бд орон сууц эзэмшүүлэхээр шагнаж, дахин 5 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажилласан тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байдал нотлогдохгүй байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ орон сууцны өмчлөх эрхтэй гэж үзэж орон сууцны гэрчилгээгээг өөрийн нэр дээр шилжүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбар, хариуцагчийн хүсэл зоригчоос үзвэл шагналаар олгосон орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох шаардлага гэж үзлээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл хариуцагч маргаан бүхий орон сууцны өмчлөгч байх тул хууль бусаар эзэмшсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, гурван өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дагаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ж.Б нь уг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, гурван өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дагаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч Ж.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 420 дугаар зүйлийн 420.1-д заасны дагуу Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Шинэ хотхон, Москвагийн гудамж 8 дугаар байрны 28 тоот, 48.5 м.кв талбайтай, гурван өрөө, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000248395 дагаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205048726 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь хариуцагч Ж.Б мөн болохыг тогтоосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Ж.Бэс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 442,950 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР