Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00758

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00775 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 981 дүгээр магадлалтай,

 ******* нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: П.Уянга нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь компанийнхаа бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулах зорилготойгоор 2018.08.11-ний өдөр Цогзол финанс ББСБ-аас өөрийн өмчлөлийн хувийн орон сууц болох Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, өлгий 10 дугаар гудамж, 130 тоот хаягт байршилтай 411 м.кв газар, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, өлгий 10 дугаар гудамж, 130 тоот хаягт байршилтай 500 м.кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан, нийт 80.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан ч хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрч, Цогзол финанс ББСБ-аас зээлийн гэрээний үүргээ шаардаж, П.Уянгад холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн шийдвэр нь 2019.04.22-ны өдрийн 1135 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрэлийг баталж, П.Уянгаар 105,772,000 төгрөг төлүүлэхээр шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, компанийн эзэмших эрх бүхий 411 м.кв газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч томилон үнэлсэн байх бөгөөд шинжээч нь газар, үл хөдлөх хөрөнгийг нийтэд нь 123,270,000 төгрөгөөр үнэлсэн. Газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн тухайн үнэлгээнд гомдож, анхан шатны шүүхэд үнэлгээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбажав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1135 дугаар шүүгчийн захирамжаар П.Уянгаас 105,115,925 төгрөг гаргуулж Цогзол финанс ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, өлгийн 10 дугаар гудамж, 130 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж албадан дуудлага худалдаанд оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилсон. Үнэлгээг 2019.12.02-ны өдрийн 4/27503 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдсэн. Мэдэгдэхдээ 2019.12.02-ны өдөр төлбөр төлөгчийн нөхөрт мэдэгдсэн. Дамжуулж хэлье гэж хэлсэн. 2019 оны 12 сарын 03-ны өдөр төлбөр төлөгч П.Уянга өөрөө хүрэлцэн ирж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцаад үнэлгээн дээр гарын үсэг зурж, хүлээж авсан. Ингэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхцэцэгийг хамт байлцуулж хүлээж авсан. Иймд төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааны дагуу 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан боловч хугацаа хэтэрч гомдол гаргасан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болохыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.17-ны өдрийн 102/ШШ2020/00775 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4, 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүрэг, 5 хороо, Өлгийн 10 гудамж, 130 тоот хаягт байршилтай 540м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаар бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгийн 10 гудамж, 130 тоот хаягт байршилтай, 411м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгүүдийн 176,100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 981 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.17-ны өдрийн 102/ШШ2020/00775 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2020.03.17-ны өдрийн 775 дугаар шийдвэртэй, ******* нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй хэрэгт давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээ тогтоосон тухай мэдэгдэхдээ 7 хоногийн дотор гомдлоо гаргах тухай мэдэгдээгүй, миний бие хууль эрх зүйн мэдлэг дутмаг тул энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжоо алдсан байсан тул Баянзүрх дүүрэг 5-р хороо, Өлгийн 10-р гудамж 130 тоот хаягт байршилтай 540 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаар бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг 22-р хороо, Өлгийн 10-р гудамж 130 тоот хаягт байршилтай 411 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгүүдийн 176,100,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх үл хөдлөх үнэлгээг гаргасан "Мөнх оргил трейд" ХХК- нь хамтран хариуцагчаар оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч 2020.03.17-ны өдрийн 4192 дугаар захирамжаар гомдол гаргах эрхгүйгээр, хүсэлтийг хангахаас татгалзаж, 2020.03.17-ны өдрийн 775 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэр, магадлалыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч П.Уянга, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэгүйдүүлсэн гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.22-ний өдрийн 102/ШШ2019/01135 дугаар захирамжаар П.Уянга нь Цогзол финанс ББСБ-д 104,740,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсоныг буюу зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-4-5/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Төлбөр төлөгч П.Уянга төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул, албадан гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасаны дагуу явуулж, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт заасан барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 5 хороо, Өлгийн 10 гудамж, 130 тоот хаягт байршилтай 540м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2204023814 дугаар бүртгэлтэй хувийн сууц, Баянзүрх дүүрэг, 22 хороо, Өлгийн 10 гудамж, 130 тоот хаягт байршилтай, 411м2 талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-2204008942 дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар үл хөдлөх хөрөнгүүдийн битүүмжлэн хураан авч (хх-12-16), үл хөдлөх эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлэх ажиллагаа явуулсан нь хэргийн баримтаар тогтоогдсон, энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

Шинжээч газар, үл хөдлөх хөрөнгийг бүгд 176,100,000 төгрөгөөр үнэлснийг 2019.12.02-ны өдрийн 4/27503 тоот албан бичгээр төлбөр төлөгч П.Уянгад мэдэгдэж, тэрээр 2019.12.03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай танилцсан нь хэрэгт баримтаар авагджээ. (хх-17-18)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг мөн зүйлийн 55.3-т зааснаар 7 хоногийн дотор шүүхэд гаргах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, шаардлагыг баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

Хоёр шатны шатны шүүх ******* нэхэмжлэлтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааныг зохицуулсан хуулийг зөв сонгон хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/00775 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 981 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                               ШҮҮГЧИД                                               П.ЗОЛЗАЯА

Б.УНДРАХ

Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ