Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 113/ШШ2021/0006

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Ганзориг даргалж, шүүх хуралдааны I танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Боржигин овогт ************** (РД:***********), Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ************* тоотод оршин суух; 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид;

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэлт тайлбартаа: Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааны товыг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт зарлан, тогтоол гаргасан байдаг. Аймгийн Хурлын Тэргүүлэгчид 3 дугаар хуралдааныг товлон зарлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг шууд зөрчсөн. Аймгийн Хурлын 3 дугаар хуралдааны товыг төлөөлөгч нарт зарлаагүй хуралдсан нь хуралдаанд оролцоогүй төлөөлөгчийн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.9 дэх заалтууд буюу хуралдааны үед шууд хэрэгжих Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан, мөн ээлжит 2 дугаар хуралдааныг зарлан хэлэлцэх асуудлын холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж өмнө нь төлөөлөгч нарт хүргүүлж байсан. Харин ээлжит 3 дугаар хуралдааны зар, хэлэлцэх асуудлын холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж өгөөгүйн улмаас төлөөлөгчийн хувиар 3 дугаар хуралдаанд оролцоогүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэлээс 3 дугаар хуралдаантай холбоотой материалыг авч шүүхэд өгөх талаар хүсэлт гаргасан боловч өгөхгүй гэсэн хариуг авсан.

Мөн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нэмэгдэж байгаа болно. Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай тогтоолыг нэхэмжлэгч Ч.Батжаргал миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа шүүхээр дамжуулж хэргийн материалаас олж танилцсан. Уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг баримтлан гаргасан байдаг. Тогтоол албажиж гараад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заагдсан процесс ажиллагаа хийгдээгүй нь уг захиргааны акт хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно. Учир нь 70 дугаар тогтоолыг албажуулж гаргаад, төлөөлөгчдөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу танилцуулаагүй.

Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааныг товлон тогтоосон тогтоол нь хуульд заасан Хурлын төлөөлөгчдийн эрхийг зөрчсөн, мөн албажиж гараад Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар сонсох ажиллагаа хийгдээгүй нь дээрх тогтоол бүхэлдээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа тул шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, нэмж гаргасан шаардлагын үндэслэл зэргийг харгалзан үзэж Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай Хуралдааны тов тогтож, хэлэлцэх асуудал батлах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал буюу нутгийн өөрөө удирдах байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 5.1.5-д зааснаар захиргааны байгууллага бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасны дагуу Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам нь хуулийн хугацаанд аймгийн 2021 оны төсвийн төслийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан.

Аймгийн 2021 оны төсвийн төслийг 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдааны хэлэлцэх асуудалд оруулахаар төлөвлөсөн боловч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 11 дүгээр сарын 25-нд 2021 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан тул хоригтой холбоотой шийдвэр гартал аймгийн 2021 оны төсвийн төслийг тус хуралдаанаар хэлэлцүүлэлгүйгээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан болно. Ерөнхийлөгчийн хоригийг Монгол Улсын Их Хурал 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж уг хоригийг хүлээж авахгүй шийдвэр гаргасан.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдсан бөгөөд тус хуралд 17 төлөөлөгч 100 хувь оролцсон. Тус хурлын үеэр хурлын дарга Ш.Билэггүмбэрэл нь ... 2021 оны төсвийн тухай хуулинд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор бид хуралдаанаа хэдийд хуралдуулж, төсвөө батлах нь тодорхойгүй байна. Төсвийн тухай хуульд заасан хугацаанаас өмнө хоригтой холбоотой шийдвэр гарвал тэр үед нь аймгийн төсөв батлах хуулийн хугацаандаа багтаж аймгийн 2021 оны төсвөө хэлэлцэж батална. Тийм учраас төлөөлөгчид та бүхэн утсаа салгалгүй, хөдөө, орон нутаг болон өөр аймаг руу зорчилгүй байж байхыг хүсье ... гэдгийг хэлж анхааруулсан. Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Ерөнхийлөгчийн хоригийн тухай 38 дугаар тогтоол гарснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн 2021 оны төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан хуулийн хугацаанд хуралдаж хэлэлцэн батлах зайлшгүй нөхцөл байдал үүссэн.

Улсын Их Хурлаас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй тухай шийдвэр гармагц аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд тусгагдсанаар холбогдох хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхээ хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, мөн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т заасны дагуу Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т заасныг тус тус үндэслэл болгон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хурлын 70 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааныг 18 цагт товлон зарласан.

Аймаг, орон нутагт цар тахал ковид-19 вирус батлагдсан, улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед хуралдаанууд болж байгаа тул улс, аймгийн онцгой комиссоос гаргасан зөвлөмж, чиглэлийн дагуу хуралдааныг цахимаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, аймгийн 17 төлөөлөгчдөд гуравдугаар хуралдааны зарыг утсаар болон цахимаар зарласан бөгөөд хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг түргэн шуурхай төлөөлөгчийн албан ёсны мэйл хаягаар болон цахимаар хүргүүлсэн.

Ч.Батжаргал нь нэхэмжлэлдээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 70 дугаартай Хуралдааны тов тогтож, хэлэлцэх асуудал батлах тухай тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.9-д заасан хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэсэн байна. Дээрх заалтууд нь хурлын төлөөлөгч хуралд оролцох бүрэн эрх тул Тэргүүлэгчдийн хурлаар хуралдааны тов тогтож, хэлэлцэх асуудал баталсан 70 дугаар тогтоолтой хамааралгүй болно.

Иймд Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Батжаргалын гаргасан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн тайлбарт нэмэгдсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаартай тогтоол, уг тогтоолоор шийдвэрлэгдсэн асуудлуудыг мэдсэн. Энэ талаарх үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга, тайлбар, хэрэгт авагдсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтууд хэрэгжсэн учраас Хурлын төлөөлөгчид хуулиар хүлээсэн үүргээ ухамсарлаж, гуравдугаар хуралдаанд оролцсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч ч уг хуралдаанд оролцож Ардчилсан намын бүлгийн шаардлагыг хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн тайлбарт нэмэгдсэн үндэслэл бодит байдалд нийцээгүй байгааг шүүх анхааралдаа авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Энэ хэрэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлосон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь нэхэмжлэгч /Хурлын Төлөөлөгч/-ийн эрхийг зөрчсөн эсэх-тэй холбоотой маргаан хэлэлцэгдсэн бөгөөд хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг зарлахдаа товыг мэдэгдээгүй, хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг танилцуулаагүй, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт товлосон хуралдаанд Хурлын Төлөөлөгчийн хувиар оролцоогүй, Хурлын Төлөөлөгчийн хуульд заасан бүрэн эрхийг[1] зөрчсөн гэж, хариуцагчаас Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь Хурлын Төлөөлөгчийн хуульд заасан бүрэн эрхэд хамааралгүй, Тэргүүлэгчдийн тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж тус тус шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргана.

Энэ тохиолдолд (1) аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоол нь нэхэмжлэлийн өргөдөлд дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эсэх, (2) түүний улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох замаар хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай ба дээрх нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан байх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болно.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д захиргааны акт, ... /-ыг/ ... хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж зааснаар нэхэмжлэгчийн тодорхойлсон эрхийн үндэслэлт байдал буюу захиргааны актын улмаас эрх зөрчигдсөн эсэхийг магадлан, дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гол нөхцөл билээ.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаар тогтоолоор, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт товлон зарлаж, иргэдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахдаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан гэх үндэслэлээр аймгийн 2021 оны төсөв хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ[2].

Улмаар аймгийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолоор, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдааныг тухайн өдрийнхөө 18.00 цагт товлож, аймгийн 2021 оны төсвийн төсөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, иргэдийн Хурлын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт гэсэн 3 асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д ..., бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна, 24 дүгээр зүйлийн 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасан.

Энэ нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар аливаа асуудлыг хэлэлцэх бүх тохиолдолд хэрэгжих бөгөөд иргэдийн Хурлаар хэлэлцэх асуудал нь урьдчилан тогтоогдсон, Хурлын Төлөөлөгч нарын хувьд ямар асуудал хэлэлцэх гэж байгааг мэдсэн, холбогдох баримт судалгаа, шийдвэрийн төсөлтэй урьдчилан танилцахаас гадна хэлэлцэж байгаа асуудлыг судлах, саналыг тодорхойлох боломжийг олгоход чиглэсэн /агуулга бүхий/ зохицуулалт юм.

Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хувьд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын III хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 18.00 цагт товлож хуралдуулахдаа иргэдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах болон түүгээр хэлэлцэх асуудалтай холбоотой материал, шийдвэрийн төслийг Хурлын төлөөлөгчдөд тараах-ад мөрдвөл зохих дээрх хугацааг баримтлаагүй, хуулиар тогтоосон шаардлагыг хэрэгжүүлээгүй болох нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн: Хурлын Тэргүүлэгчдийн 18 дугаартай хуралдааны тэмдэглэл, Хурлын Тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоол, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай хуралдааны тэмдэглэл, тус Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг Хурлын төлөөлөгч нарт хүргүүлсэн тухай Ажлын албаны ажилтны үйлдсэн баримтаас гадна Тэргүүлэгчдийн хурал дууссаны дараа иргэдийн Хурлын хуралдааны товыг төлөөлөгч нарт утсаар болон цахимаар мэдэгдсэн гэх Б.Баян-Онон, Д.Энхтуяа нарын, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн III хуралдааны урилгыг албан ёсоор ирүүлээгүй, хэлэлцэх асуудлын материалыг ажлын албанаас өгөөгүй гэх А.Баасанхүү, З.Олонбаатар нарын, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн III хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг тэр өдрөө цахимаар авсан гэх П.Ганчимэг, Э.Энх-Орчлон нарын гэрчийн мэдүүлэг, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг[3] хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.

Тухайлбал (а) иргэдийн Хурлын II хуралдааныг товлон зарласан хийгээд тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал, (б) иргэдийн Хурлын III хуралдааныг товлон зарласан хийгээд Хурлын тус хуралдаанаар хэлэлцсэн асуудал зэргийг (в) хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл, аймгийн иргэдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн III хуралдаанаар хэлэлцсэн асуудалд хамаарах материал, холбогдох тооцоо судалгаа, шийдвэрийн төслийг Хурлын төлөөлөгч Ч.Батжаргалд хууль журмын дагуу хүргүүлээгүй, Хурлын III хуралдааныг хуулиар тогтоосон хугацааны өмнө товлон зарлаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааныг хуулийн дагуу товлоогүй, иргэдийн Хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг танилцуулаагүй гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон Тэргүүлэгчдийн цахим хуралдааны дэг-ийн 3.2-т Хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар илгээж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсанд байршуулна гэж заасныг шүүхийн үзлэгээр[4] тогтоогдсон нэр бүхий 6 төлөөлөгчийн цахим шууданд 2021 оны байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний төсвийн төслийн танилцуулга, 2021 оны орон нутгийн төсвийн төсөл, Говьсүмбэр аймгийн Аймгийн орон нутгийн хөрөнгө оруулалтын жагсаалт-ын төсөл, 2021 оны авто замын сангийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг төсөл, арга хэмжээний санал зэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14:03 цагт Ажлын албанаас хүргүүлсэн бол Говьсүмбэр аймгийн 2021 оны орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсвийн төсөл-ийг хавсаргасан цахим шууданг Төлөөлөгч нарт илгээгээгүй /14:05 цагт хадгалсан төлөвтэй/, мөн иргэдийн Хурлын шийдвэрийн төсөл зэрэг бусад материалыг цахим шуудангаар хүргүүлээгүй үйл баримттай харьцуулан дүгнэвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Төлөөлөгч Ч.Батжаргалд иргэдийн Хурлын цахим хуралдааны дэгийн дагуу холбогдох материалыг цахим шуудан, Төлөөлөгчдийн фэйсбүүкийн групп чатаар хүргүүлсэн гэх тайлбар нь тогтоосон журам хийгээд бодит байдалд нийцэхгүй.

Учир нь фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээ нь тус иргэдийн Хурлаас баталсан цахим хуралдааны дэг-ийн дагуу албан ёсны цахим шуудангаар хүргэх гэдэгт хамаарахгүй байх ба ийнхүү хуулиар тогтоосон хугацааны өмнө, хэлэлцэх асуудалтай холбоотой материал, шийдвэрийн төсөл зэргийг бүрэн хүргүүлээгүй нь буруу болжээ.

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т заасны дагуу тухайн жилийн 12 дугаар сарын 05-ны дотор, ажлын өдөрт багтааж хуралдах шаардлага байсан гэх хариуцагчийн тайлбар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан хурлыг 15-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлах, хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг нэгээс доошгүй хоногийн өмнө Төлөөлөгч нарт тараах-иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны зохион байгуулалтыг хангах үндсэн зохицуулалтыг зөрчих, тогтоосон шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

Харин аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 3 дугаартай хуралдааны тэмдэглэл, хуралдааны ирцийн бүртгэл, гэрч П.Амарсайхан, Т.Бат-Эрдэнэ, П.Ганчимэг, Э.Энх-Орчлон нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг[5] хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнэвэл нэхэмжлэгч Ч.Батжаргал нь хуралдаан хийхээр тогтсон танхимд, товлосон цагт очсон, иргэдийн Хурлын III хуралдааны ирцэд бүртгэгдсэн, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гаргасан санал шаардлагаа танилцуулсан зэрэг нь түүнийг Хурлын тухайн хуралдаанд Төлөөлөгчийн хувиар оролцсон, орхиж гарсан гэж дүгнэх үндэслэл болох тул Хуралд төлөөлөгчийн хувиар оролцоогүй, оролцоогүй төлөөлөгчийн хувьд хуульд заасан эрх зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэгдэнэ.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д ... орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж заасанчлан иргэдийн Хурлын хуралдааныг орхиж гарсан дээрх тохиолдолд, маргаан бүхий захиргааны акт нь Хурлын хуралдаанд оролцоогүй нэр бүхий бусад Төлөөлөгчид үзүүлэхтэй адил эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэгчид үүсгэхгүй тул Ч.Батжаргалын Хурлын төлөөлөгчийн хувиар эдлэх, тус хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.9-д заасан эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан хуулийн дагуу биш дураараа ингэж болохгүй, үүнийг таслан зогсоох зорилгоор, хууль зөрчсөн шийдвэрээ эргэж хараач гэж шүүхэд хандсан гэх тайлбар буюу нэхэмжлэл гаргах болсон шалтгаан[6] нь зөрчигдсөн эрхийг тодорхойлж, илэрхийлэхгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа нь Хурлыг орхиж гарсан Ч.Батжаргал төлөөлөгчийн өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэдгийг харуулж байна гэх тайлбарыг хүлээн авах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 43, 46 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэхтэй холбоотой харилцааг хуульчилсан ба шийдвэрийг мэдэгдэх ойлголт нь захиргааны байгууллага зөвхөн гаргасан шийдвэрээ, тэр л хэлбэрээр хүргүүлж, гардуулсан байх явцуу хүрээнд тайлбарлагдахгүй, харин тухайн шийдвэрээс гадна гаргасан шийдвэрийн утга агуулгыг тусгасан албан бичиг, мэдэгдэл зэргийг хүргүүлж, энэ талаар баримтжуулсан тохиолдлыг ч хамааруулж ойлгоно.

Хурлын Тэргүүлэгчдийн 70 дугаар тогтоолоор гаргасан иргэдийн Хурлын хуралдааныг товлон зарласан шийдвэрийг, нэхэмжлэгч Ч.Батжаргалыг иргэдийн Хурлын хуралдаанд оролцож, орхиж гарсан гэх өмнө хийсэн эрх зүйн дүгнэлттэй хамтатган тайлбарлавал Хурал товлосон тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Нэгтгэн дүгнэвэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь иргэдийн Хурлын III хуралдааныг товлож, хуралдуулахдаа хуулиар тогтоосон хугацааг баримтлаагүй байх боловч уг шийдвэрийн улмаас Хурлын хуралдааныг орхиж гарсан Хурлын төлөөлөгчийн асуудал хэлэлцэхэд таслах эрхтэй оролцох, санал дүгнэлт, асуулт тавьж, санал хураалгах, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах, сонгогчдын тавьсан санал гомдлыг шийдвэрлэх, байгууллага албан тушаалтанд уламжилж хариу авах эрх зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулин 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.9 дэх заалтыг баримтлан Ч.Батжаргалын гаргасан Говьсүмбэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ

 

 


[1] Нэхэмжлэгчийн хувьд, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2, 12.1.3, 12.1.9-д заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх зөрчигдсөн гэж маргасан.

[2] Хэргийн I хавтасны 53-54, 67-69 дэх талд

[3] Хэргийн I хавтасны 9, 53, 54-69, 71-77, 84-102, 104-112, 113, 136-140, 162-164, 178-181, 187 болон II хавтасны 32-35 дахь талд

[4] Хурлын Төлөөлөгч нарт хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг хүргүүлсэн гэх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтан Д.Энхтуяагийн [email protected] цахим шууданд үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Хэргийн I хавтасны 162-164 дэх талд

[5] Хэргийн I хавтасны 103-108, II хавтасны 28-35 дахь талд

[6] Хэргийн II хавтасны 92, 115 дахь талд авагдсан 2021.07.30, 2021.08.20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд