Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0239

 

 

 

 

         

З.О-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Б.А

 

Нэхэмжлэгч: З.О

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/30 дугаар актыг хүчингүй болгуулах, тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл авах байсан тэтгэврийг тооцож гаргуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2024/0001 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч З.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүжин

Хэргийн индекс: 125/2023/0053/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.О-аас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Анхтуяад холбогдуулан “... улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/30 дугаар актыг хүчингүй болгуулах, тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл авах байсан тэтгэврийг тооцож гаргуулах-аар маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2024/0001 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч З.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Б.А дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч нь 2020 оны 05 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан болзол шаардлагыг хангасан гэж үзэж өндөр насны тэтгэврийг тогтоож, нийгмийн даатгалын сангаас 2020 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр олгож эхэлсэн.

3.2. Өндөр насны тэтгэвэр авч буй иргэд нь хууль бус баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгож байгаатай холбоотой нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэвэр тогтоолт, олголтыг шалгах зорилгоор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дүгээр удирдамжийн дагуу тус хэлтсийн даргын 2022 оны 4 сарын 20-ны өдрийн А/15 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Ховд аймагт өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэд өмнө нь улсад ажиллаж байсан эсэх, ямар ажил эрхэлж байсан талаар Ховд аймгийн Архивын тасгийн баримтуудтай тулгаж хяналт шалгалт хийсэн.

3.3. Энэ шалгалтын хүрээнд З.О-ын тухайд дараах зөрчил илэрсэн. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 сарын 12-ны өдрийн 324 дүгээр шийдвэрээр 1984 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажилласан байдлаа тогтоолгосон ба түүний 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 262860 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Барилгын техникийн мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар Дархан хотын Барилгын техникийн мэргэжлийн дунд сургуульд бетон арматурын ангид элсүүлэн суралцуулж, 1986 оны 11 сарын 18-ны өдрийн 112 дугаар тушаалаар “Ардын боловсролын яамны шийдвэрээр Дархан хотын БМЧТМДС-д мэргэжлийн ангид шилжүүлж”, 1988 оны 8 сарын 25-ны өдрийн 92 дугаар тушаалаар “сургуулиа төгссөн учир Дарханы Монгол ажилчдын нэгдсэн захиргаанд шилжүүлж”, Дарханы Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаар тушаалаар 1988 оны 6 сарын 30-ны өдрөөс Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар авч ажиллуулж, “Дарханы Монгол ажилчдын нэгдсэн захиргааны даргын 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж Ховд аймгийн АДХГЗ-ны ТЭЗХ-ийн мэдэлд шилжүүлэв” гэж тус тус тэмдэглэсэн. Энэ нь Дархан-Уул аймгийн архивын тасгаас авсан тушаалын лавлагаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл малчнаар ажиллаж байсан гэх хугацаанд сургуульд сурч, өөр ажил хийж байсан нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан “... үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж ...” гэж заасан нөхцөл болзлыг хангаагүй зөрчлийг илрүүлж тэтгэврийг зогсоож, улсын байцаагчийн акт бичигдсэн.

3.4. Хуульд заасан шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол” гэж зааснаар З.О-т олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр акт тогтоосон.

Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 28-ны өдрийн 125/ШШ2024/0001 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын байцаагчийн актыг хүчингүй болгосон нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасныг үгүйсгэсэн, хуулиас дээгүүр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх шийдвэр гаргахдаа дээрх хуулийн заалтыг буруу тайлбарласан нь хууль бус учир тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч З.О нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А-д холбогдуулан “... улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/30 дугаар актыг хүчингүй болгуулах, тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл авах байсан тэтгэврийг тооцож гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... сургуульд сурч байхдаа ч зав зайгаараа эцэг эхдээ мал маллахад нь тусалдаг байсан, надад нуусан зүйл байхгүй, тухайн үед миний материал шалгаад буцаасан бол зарим оны шимтгэлийг нөхөн төлөөд тэтгэвэрт гарах боломж байсан, намайг малчнаар ажилаж байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад сонсох ажиллагаа хийлгүй акт тавьсан нь үндэслэлгүй” гэж тодорхойлж, хариуцагч түүнийг эс зөвшөөрч “... Хэлтсийн даргын тушаалаар баталсан дотоод хяналт шалгалтын хүрээнд зөрчлийг илрүүлсэн, 1984-1991 оны хооронд Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа иргэний хэргийн шүүхээр тогтоолгосон боловч малчнаар ажиллаж байсан гэх зарим хугацаанд сургуульд сурч, ажил хийж байсан нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан нөхцөл болзлыг хангахгүй болох нь тогтоогдсон тул тэтгэвр олголтыг зогсоосон” гэж маргасан.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

4.1. 1968 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн З-ийн О нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан үндэслэлээр, 52 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

Ингэхдээ 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөрийн нэгдлийн Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоосон тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2020/00324 дүгээр шийдвэр, 1984 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичиг баримтыг өргөдөлдөө хавсаргажээ.

 

4.2. Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018-2022 оныг дуусталх хугацаанд шинээр тогтоолгосон тэтгэврийн хувийн хэрэгт хийсэн дотоод хяналт шалгалтын хүрээнд, З.Отгонбаяр нь Барилгын техник мэргэжлийн дунд сургуулийн захирлын 1985 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 144 дүгээр тушаалаар бетон арматурын ангид элсэн суралцаж, Ардын боловсролын яамны шийдвэрийн дагуу сургуулийн захирлын 1986 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 112 болон 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дүгээр тушаалаар Дархан хотын БМЧТМДС-д мэргэжлийн дагуу түүнийг шилжүүлэн суралцуулсан ба улмаар нэхэмжлэгч нь Дархан хотын Монгол ажилчдын захиргааны газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 203 дугаар тушаалаар Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар ажиллаж, 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн болох нь 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 262860 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль зөрчсөн байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

6. Анхан шатны шүүх “... З.О-ыг 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаарсарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Зэрэг сумын Бургасан бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 324 дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа, энэ шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай холбогдуулж түүний үндэслэл болсон баримт бичгийг хуурамч байх магадлалтай гэж үзэж, олгосон тэтгэврийг буцаан төлүүлэхээр акт тогтоосныг зөвтгөх үндэслэлгүй, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн тэтгэврийг зогсоож, 9,579,032 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон улсын байцаагчийн акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

7. З.О-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хугацаанд, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/ үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:” гээд тус хэсгийн 2 дахь заалтад “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол”, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг;/ойлгоно/” гэж тус тус заасан.

8. Дээрх хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримттай уялдуулан системчлэн тайлбарлавал, малчин иргэний хувьд өндөр насны тэтгэвэр тогтоох урьдчилсан нөхцлийг (а) нийтдээ 20-иос доошгүй жил ажилласан байх, (б)  үүний 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж, шимтгэл төлсөн, (в) эмэгтэй хүний хувьд 50 нас хүрсэн байх гэж тус хуулиар тогтоосон бөгөөд эдгээр нөхцлийг нэгэн зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх; нөгөөтээгүүр малчин иргэний хувьд (б)-д заасан хугацааны турш тасралтгүй мал маллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх агуулгыг илэрхийлнэ.

 9. Гэтэл хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг хэргийн оролцогчдын тайлбартай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч З.О нь тус бүр 1984 оны 1 дүгээр сарын 19, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 2 хөдөлмөрийн дэвтэртэй, иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр малчнаар ажилласан гэж тогтоолгосон 1984-1991 оны хоорондох зарим хугацаанд буюу 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 3 сарыг дуустал, нийтдээ 4 жил 6 сарын хугацаанд Барилгын техник мэргэжлийн сургуульд суралцан төгсөж, Дархан хотод бетон арматурчнаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдох ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

10. Гагцхүү 1984-1991 онд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүх тогтоосон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс “... уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгосон нөхцөл байдал байхгүй, хариуцагч нь шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулан маргасан нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн энэ нөхцөлд нийгмийн даатгалын улсын байцаагчаас З.О-ын тэтгэвэр олголтыг зогсоож, нөхөн төлүүлэхээр акт тогтоосныг хэрэгт авагдсан Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2020/00324 дүгээр шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан гэж үзэхгүй, учир нь энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилласан жилийг л тогтоосноос бус түүнд өндөр насны тэтгэвэр олгохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасан агуулгагүй байна.

11. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 23 дугаар зүйлийн 3-д зааснаар даатгуулагчийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоох эсэхийг шийдвэрлэх эрх нийгмийн даатгалын байгууллагад хадгалагдах ба дээрх байдлаар хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоосон болох нь тус байгууллагын дотоод хяналт шалгалтаар илэрсэн гэх үндэслэлээр улсын байцаагч акт үйлдэж, тэтгэвэр олголтыг зогсоосон нь тус хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэвэр, тэтгэмжээс дор дурдсан үндэслэлээр суутгал хийж болно:” гээд тус хэсгийн 1 дэх заалтад “тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс … үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол;” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

12. Хэдийгээр З.О-ыг 1984 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 16 нас хүрэхэд нь хөдөлмөрийн дэвтэр олгож, Нэгдлийн даргын 1984 оны 31 дүгээр тушаалаар Гүвээ бригадад малчнаар ажиллуулсан нь 1991 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан БНМАУ-ын Хөдөлмөрийн хууль /1973 он/-ийн 163 дугаар зүйлд “Залуучуудыг нийгмийн тустай хөдөлмөрт өргөнөөр оролцуулах зорилгоор арван зургаан нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуй, соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө...” гэж заасантай нийцэх боловч Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 153/ШШ2020/00324 дүгээр шийдвэрээр, 1984 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа буюу түүний 16 нас хүрээгүй байсан зарим үе “малчнаар ажиллаж байсан” гэж тогтоогдсон нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байхын зэрэгцээ энэ хэсгийн 4.2, 9-д заасанчлан 1985 оны 9 дүгээр сараас 1990 оны 3 дугаар сарыг хүртэл 4 жил 6 сарын хугацаанд ба барилгын техник мэргэжлийн сургуульд суралцаж, тухайн мэргэжлээр ажилласан болох нь тогтоогдсон тул “... 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх” гэж хуулиар тогтоосон нөхцлийг хангасан гэх өндөр насны тэтгэвэр тогтоох үндэслэл болсон үйл баримт үгүйсгэгдэнэ.

Ховд аймгийн Зэрэг сум, Дархан хот гэсэн засаг захиргааны өөр өөр нэгжид, нэг хугацаанд, зэрэг хөдөлмөр эрхлэх боломжгүй гэдгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс анх З.О-ын өндөр насны тэтгэврийг тогтоохдоо анхаараагүй байна.

13. Энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан “... үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж ...” гэж заасан нөхцөл болзлыг хангаагүй гэсэн зөрчил илрүүлж, тогтоосон актыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр нь тус заалтыг үгүйсгэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

Учир нь тус хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 25 дугаар зүйлийн 1-д зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдөлд холбогдох баримтыг бүрдүүлж хавсаргах үүргийг даатгуулагч хүлээх байтал 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн 262860 дугаартай /2 дахь/ хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 9 сараас 1990 оны 3 сар хүртэлх хугацаанд барилгын техникийн мэргэжлийн сургуульд сурч, Дархан хотын Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар ажилласан талаарх тайлбар, баримтыг мэдүүлээгүй нь тэтгэвэр олголтыг зогсоох “...хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэх үндэслэлд хамаарч байна.

14. Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагын үндэслэлдээ “... нөхцөл байдлыг тодруулж, сонсох ажиллагаа явуулаагүй, тэмдэглэл баримтад надаас гарын үсэг аваагүй” гэж маргасан боловч хариуцагчаас “З.О нөхрийн хамт аймаг дээр ирж уулзсан, Д.Д байцаагч сонсох ажиллагаа явуулсан” гэж тайлбарлах бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн сонсох ажиллагааны мэдэгдэл, уулзалтын тэмдэглэлд “З.О” гэж гарын зурж баталгаажуулсан баримт хэрэгт авагджээ. /хэргийн 48-49 дэх талд, арын нүүрийн хамт/

Тодруулахад, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулаагүй гэх зөрчил нь шийдвэр гаргасан бодит байдал хийгээд хууль зүйн үндэслэлээс хамааран, дангаараа маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохгүй.

15. Иймд иргэний хэргийн шүүх шийдвэрээр З.О-ыг 1984-1991 онд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосноос бус түүний өндөр насны тэтгэврийг тогтоогоогүй, нэхэмжлэгч нь 1985 оны 9 сараас 1990 оны 3 сар хүртэл 4 жил 6 сарын хугацаанд барилгын техникийн мэргэжлийн сургуульд сурч, Дархан хотын Нүүдлийн засал чимэглэлийн 4-р хэсэгт бетон арматурчнаар ажилласан тул “12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх” нөхцлийг хангаагүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нээгдэхгүй тохиолдолд улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй, уг хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 125/ШШ2024/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/-ийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг баримтлан З.О-аас Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.А-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 16-07/30 дугаар актыг хүчингүй болгуулах, тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгуулахыг даалгах, 2022 оны 07 дугаар сараас одоог хүртэл авах байсан тэтгэврийг тооцож гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ