Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/01782

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: ...тоотод оршин суух, ........ овогт Б.Б /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ......... хаягт байрлах, ЭМХТ/Регистрийн дугаар:./-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.770.200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одончимэг, гэрч Т.Содгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ЭМХТ 2016 оны 12 дугаар сард захиргааны мэргэжилтний албан тушаалд анх томилогдсон. Улмаар 2017 оны 1 дүгээр сард тус төвийн хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын албанд “дотоод аудитын мэргэжилтэн”-ээр томилогдсон. Дараа нь тус байгууллагад бүтцийн өөрчлөлт орж 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд шилжүүлсэн. Ийнхүү тушаал гарч шилжүүлэх үед би байгаагүй, гадаад улсад  сургалтад явсан байсан. 2018 оны 4 дүгээр сарын 15-наас эргэж ирэхэд өөр ажилд шилжүүлсэн байсан боловч би гомдол гаргаагүй. Гэтэл хэдхэн хоногийн дараа 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1, 55.1, 55.2 дахь заалтыг үндэслэн Б/83 дугаар тушаалаар намайг Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний албан үүргээс чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ийнхүү цуцлахдаа надад тэтгэмж гэж 1.619.822 төгрөг олгосон. Би ажлаас чөлөөлөгдснөө зөвшөөрч тэтгэмжийг аваагүй, харин өөрсдөө өгсөн. Би ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн дээдэлж, тухайн албандаа хоёргүй сэтгэлээр ажиллаж ирсэн. Миний бие уг тушаалыг зөвшөөрөхгүй, ажилдаа эргэж орох хүсэлтэй байна.

Иймд ЭМХТөв төвийн ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/83 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.390.018 төгрөгөөс бэлнээр авсан 1.619.822 төгрөгийг хасч тооцон 1.770.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан хариу тайлбартаа: “ЭМХТөв төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/21, “ЭМХТөв төвийн зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулах тухай” сайдын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/70 дугаар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үйл ажиллагааны хүрээнд ЭМХТөв төвийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Содномжамц 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар “Нэгжийн чиг үүрэг, орон тоо, ажил тушаалын жагсаалт”-ыг баталж, мөн өдрийн “Албан тушаалд томилох тухай” Б/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албанд Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтнээр Б.Бг томилсон байна. 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус төвийн Ерөнхий захирлаар Б.Ганцэцэг томилогдсон. Ерөнхий захирал Б.Ганцэцэг хууль тотоомжоор олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд ЭМХТөв төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, нэгжийн чиг үүрэг, ажил, албан тушаалын жагсаалт, тухайн ажлын байранд ажиллаж байгаа албан хаагч төрийн чиг үүргийг хууль, тогтоомж, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллах шаардлагыг хэрхэн хангаж байгааг харгалзан үзсэн. Б.Бг Хөгжлийн төлөвлөлт хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд тавигдах шаардлагуудыг хангахгүй байгаа тул ажлаас чөлөөлж, ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын тэтгэмжийг сүүлийн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон 1.619.822 төгрөгийг бэлэн мөнгөний баримтаар олгосон. Энэ нь ЭМХТөв төвийн Ерөнхий захирлын 2018 оны Б/83 дугаар тушаал, Б.Бгийн 2018 оны цалингийн карт, Б.Бгийн дундаж  цалингийн тооцоо, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримтаар нотлогдоно. Мөн Б.Б тэтгэмжээ авах өргөдөл хүсэлтээ гарган, зарлагын баримтад гарын үсэг зурж авсан нь ажлаас чөлөөлөгдөж байгаа шалтгаан нөхцлөө ойлгож байгааг нотлох боломжтой. Б.Б нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа нь их дээд сургууль төгссөн дипломоор нотлогдох боломжтой. Уг ажлын байранд эрүүл мэндийн чиглэлээр төгссөн мэргэжлийн хүн ажиллах ёстой байтал нэхэмжлэгч огт холбоогүй мэргэжлээр төгссөн байдаг.

 Энэхүү ажлын байр нь Эрүүл мэндийн сайдын 2018 оны “ЭМХТөв төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/21 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтын 7.1.1-д заасан Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлаар бодлогын төсөл боловсруулах, тогтолцооны судалгаа хийх тайлагнах, шийдвэр гаргагчдыг нотолгоогоор хангах, 7.1.2-д заасан Эрүүл мэндийн бодлого, хууль эрх, зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нөхцөл байдлын дүн шинжилгээ, нөлөөллийн үнэлгээ хийх тайлагнах, шийдвэр гаргагчдыг нотолгоогоор хангах, 7.1.4-д заасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, тэгш байдал, эрэлт, хэрэгцээний судалгаа хийх, тайлагнах, шийдвэр гаргагчдыг нотолгоогоор хангах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг тул чухал шаардлагатай болон шаардлагатай боловсрол, мэргэжил мэдлэг, туршлага, ур чадвар шаардсан ажлын байр юм.

Ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа талаар Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл нэхэмжлэгчийг хүлээн авч, танилцуулахад энэ тухайгаа ойлгож, Америкийн нэгдсэн улсад суралцах гэж байгаа тухайгаа хэлж 6 сарын тэтгэмж хүссэн байдаг. Байгууллагаас хуулийн дагуу 3 сарын нэг удаагийн тэтгэмжийг олгосон. Түүнчлэн Б.Бтай Хөгжлийн төлөвлөлт, хамтын ажиллагааны албаны Эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Б нь ЭМХТ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.770.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг талаас “ЭМХТөв төв”, нөгөө талаас Б.Б нар харилцан тохиролцож, 2017 оны 01 дүгээр сарын 26-нд Хөдөлмөрийн гэрээг байгуулан нэхэмжлэгч Б.Б тус байгууллагад 2016 оны 12 дугаар сарын 13-наас эхлэн мэргэжилтэн, дотоод аудитын мэргэжилтэн, эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх 4-9, 48-49 /

Тус байгууллагын захирлын 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, тус төвийн дүрмийн 4.7.3, 4.7.6-д заасныг баримтлан Б.Бг “бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /хх-14/

Хөдөлмөрийн тухай хуульд хэрэв ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан гэрээг цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлахаар, хэрэв Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр гэрээг цуцлах тохиолдолд ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс зэрэг эрх бүхий этгээдийн албан ёсны дүгнэлт, шийдвэр гарч тогтоогдсон байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч “Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байранд тавигдах шаардлагыг мэргэжлийн хувьд хангаагүй гэж хариуцагч татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байх уг албан тушаалд тэнцэхгүй болсон талаар гарсан эрх бүхий этгээдийн дүгнэлт байхгүй байхад захиргаа гэрээг цуцалсан байхаас гадна тус байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдэх үед нэхэмжлэгчийг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар “дотоод аудитын мэргэжилтэн”-ээс “Бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтэн”-ээр шилжүүлэн томилохдоо мэргэжлийн хувьд ажлын байранд тавигдах шаардлага хангаагүйг мэдсээр байж шилжүүлсэн үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Захиргаа ажилтантай Хөдөлмөрийн харилцааг үүсгэхээс өмнө тухайн ажлын байранд шаардагдах мэргэжил эзэмшсэн эсэхийг нягтлах, холбогдох бичиг баримтыг шалгах боломжтой. 

Мөн хэрэгт зохигч талаас баримтаар ирүүлсэн ажлын байрны тодорхойлолтууд дахь  “мэргэжил”-ийн хувьд тавигдах шаардлага хэсэг зөрүүтэй байх боловч нэхэмжлэгчид гардуулан өгсөн хувь зөв хэмээн хариуцагч шүүх хуралдаанд маргаагүйг дурдав.

Түүнчлэн нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон талаарх тайлбараа хариуцагч нотлоогүй, тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаас өөр үндэслэлээр гарсан тул дээрх тайлбар үндэслэлгүй.

Иймд тус байгууллагын Б/83 дугаар тушаал үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх ажлын 87 хоногт, нэг өдрийн дундаж цалин хөлс 25.158 төгрөгөөр тооцвол нийт 2.449.746 төгрөг байна.

Нэхэмжлэгч 1.619.822 төгрөгийг хүлээн авсанд маргаагүй тул хасч тооцон үлдэх 829.924 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул  хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон тэмдэгтийн хураамжийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.Бг ЭМХТөв төвийн эрүүл мэндийн бодлогын судалгаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт ЭМХТөв төвөөс 829.924 /найман зуун хорин есөн мянга есөн зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлээс үлдэх 940.276 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 24.468 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ