Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0407

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “Гаалийн ерөнхий газрын татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярмаагийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2/295 тоот “Автомашины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е

Хэргийн индекс: 128/2024/0172/З

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                 

        1. Нэхэмжлэгч Б.Б нь “Гаалийн ерөнхий газрын татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2/295 тоот “Автомашины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар шийдвэрээр: “… Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг тус тус баримтлан Б.Бээс Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярмаад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2/295 тоот Авто машины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай албан бичгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. ... Б.Б Бүгд Найрамдах Солонгос Улсаас КIA Morning загварын тээврийн хэрэгсэл импортлон 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Амгалан ложистик” гаалийн хяналтын бүсэд оруулсан байна. Дээрх автомашиныг Гаалийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 02-2151010-23-134926 дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлсэн. Гаалийн мэдүүлэгт хавсаргасан Техникийн паспортод Kia Morning автомашин нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэсэн байсан ба 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 10 жил 1 өдөр болсон тул бичиг баримт хариуцсан Гаалийн Улсын байцаагчийн дээрх гаалийн мэдүүлгийг завсарт буцаасан. Иргэн Б.Б 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалд гаргасан өргөдөлдөө “Татварын мөнгөө бүрдүүлж байж гаальд мэдүүлэх ёстой гэсэн өөрийн мэдлэг, мэдээлэлгүй байдлаас шалтгаалан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлснээс үүдэн татварын хэмжээ ялгаатай байгаа тул харгалзан үзэж тээврийн хэрэгслийг олгож өгөхийг хүссэн. Тус өргөдлийг Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярмаагийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2/295 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн. Онцгой албан татварын тухай хуулийн зүйлд 6.3, Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна” гэж заасан. Тус хуулийн заалтын дагуу иргэн Б.Бийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 02-2151010-23-134926 дугаартай гаалийн мэдүүлгээр Kia Morning загварын тээврийн хэрэгсэл 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус автомашины үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа нь 10 жил 1 өдөр болсон. Иймд тухайн барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр тухайн барааны үйлдвэрлэсэн оныг тооцож, гаалийн болон бусад татварыг ногдуулах талаар хариу хүргүүлсэн.

3.2. Шүүхийн шийдвэрийн 3 дугаар зүйлд дээрх хуулийн зохицуулалтаар суудлын автомашиныг импортолсон бол насжилтыг үйлдвэрлэсэн оноос, гаалийн байгууллагад мэдүүлсэн он хүртэл хугацаагаар тооцож татварын хувь хэмжээг ногдуулахаар байна гэж тодорхой бичжээ. Гэвч шүүхийн шийдвэрийн 4 дүгээр зүйлд автомашины бүртгэлийн гэрчилгээнд үйлдвэрлэсэн огноог 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тэмдэглэсэн байгааг хүлээн зөвшөөрч мөн тухайн машин үйлдвэрээс гарч бүртгэгдсэн огноо 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэх дээрх үйлдвэрлэсэн огноотой ямар ч хамааралгүй, гэрчилгээ анх бүртгэсэн огноог шүүхийн үндэслэлд оруулж ирсэн байна. Шүүхийн шийдвэрийн 5 дугаар зүйлд нь 3 дугаар зүйлээ үгүйсгэсэн. Энд анх бүртгэсэн огноо нь энэхүү автомашинд техникийн үзлэг, оношилгоо зэрэг стандартын шаардлага хангасны үндсэн дээр арлын дугаар олгогдож, улмаар үйлдвэрээс гарч, автомашинд техникийн үзлэг, оношилгоо зэрэг стандартын шаардлага хангасны үндсэн дээр арлын дугаар олгогдсон эсэхийг тодорхойлсон үйлдвэрлэгчийн ямар ч тайлбар байхгүй байхад шүүх нотлох баримтыг буруугаар тайлбар хэрэглэсэн байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн 6 дугаар зүйлд автомашиныг улсын бүртгэлд бүртгэн, улсын дугаар цохон, гэрчилгээ олгосноор ашиглах боломж үүсэх тул анх бүртгэсэн огнооноос тээврийн хэрэгслийн насжилтыг тооцох нь зүйтэй гэж үзсэн байна. Олон улсын худалдаанд барааг үйлдвэрлэхээс өмнө барааг худалдах, худалдан авах захиалга өгч, барааг ашиглах, захиран зарцуулах эрх үүсдэг тул зөвхөн гэрчилгээ олгосноор ашиглах эрх үүсэх үндэслэлгүй байхгүй. Ашиглах эрх үүссэн эсэхийг нотлох баримт байхгүй болно.

3.4. Гаалийн мэдүүлэгт хавсаргасан автомашины техникийн гэрчилгээнд үйлдвэрлэгч өөрөө тухайн суудлын автомашины үйлдвэрлэсэн огноог албан ёсоор тогтоож Үйлдвэрлэсэн огноо: 2013 оны 12 дугаар сарын 19 гэж тодорхойлсон байхад дээрх шүүхийн шийдвэрт анх бүртгэсэн огноо буюу 2013 оны 12 дугаар сарын 26”-ыг үйлдвэрлэсэн огноогоор авч үзэх нь зүйтэй гэсэн нь үйлдвэрлэсэн огноо нь тодорхой байсаар байтал Онцгой албан татварын тухай хуульд заасан үйлдвэрлэсэн огноо гэсэн хуулийн заалтыг “анх бүртгэсэн” огноо гэсэн хугацаагаар авч хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн болж байна.

3.5. Олон улсын худалдаанд автомашины үйлдвэрлэсэн огноо болон анх бүртгэсэн огноо хэдэн хоногоос хэдэн сар жилийн зөрүүтэй байх тохиолдол их байдаг бөгөөд хэрэв анх бүтгэсэн огноогоор үйлдвэрлэсэн огноог тооцож татвар ногдуулдаг бол Онцгой албан татварын тухаи хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Автомашины үйлдвэрлэсэн огноог дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу гэрчилгээ олгосон, анх бүртгэсэн огноогоор тооцох тохиолдолд цаашид Онцгой албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, татварыг оновчтой зөв ногдуулах, төлөх, хураах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт алдагдаж, буруу жишиг тогтох нөхцөл бүрдэж байна.

3.6. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар шийдвэр нь нотлох баримтыг зөв үнэлээгүй, илт үндэслэлгүй, Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэнийг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

2.1. Гаалийн ерөнхий газрын татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-ийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02-2/295 тоот “Автомашины гаалийн болон бусад татвар ногдуулах тухай” албан бичгээр “Тус мэдүүлэгт хавсаргасан Техникийн паспортад KIA Morning автомашиныг 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрлэгдсэн болохыг нотолжээ ... 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус автомашины үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа 10 жил 1 өдөр болсон байна. Иймд Гаалийн байгууллагад мэдүүлсэн өдрөөр тухайн барааны үйлдвэрлэсэн оныг тооцож, гаалийн болон бусад татварыг ногдуулна” гэж үзсэн байна.

 

2.2. Нэхэмжлэгчээс дээрх актыг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газрын татвар, орлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-д холбогдуулан “2023 оны 12 сарын 20-ны өдөр уг тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлэн, тухайн тээврийн хэрэгслийн мэдээллийг авто машины мэдүүлгийн программаар илгээхэд 7-9 жилийн насжилттай гэж тодорхойлогдон мэдүүлэг илгээгдсэн. Гэвч гаалийн улсын байцаагч нь насжилтыг өдрөөр тооцон бараа материалын ангиллын программд гараар шивж оруулахыг шаардан мэдүүлгийг буцаасан. Гаалийн улсын байцаагч нь Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна” гэсэн заалтыг үл харгалзан тухайн тээврийн хэрэгслийн насжилтыг тооцохдоо Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 зүйлийн дагуу өдрөөр тооцон, бараа материалын мэдүүлгийн журмаар онцгой албан татвар ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан, хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

2.3. Анхан шатны шүүх “…суудлын автомашиныг импортолсон бол насжилтыг үйлдвэрлэсэн оноос, гаалийн байгууллагад мэдүүлсэн он хүртэл хугацаагаар тооцож татварын хувь хэмжээг ногдуулахаар байна. Энэхүү маргааны ач холбогдол бүхий баримт болох 009512 тоот автомашины бүртгэлийн гэрчилгээнд KIA Morning загварын автомашины үйлдвэрлэсэн огноог 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тэмдэглэсэн байх хэдий ч уг машин үйлдвэрээс гарч бүртгэгдсэн огноог 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хэмээн тэмдэглэсэн байна. Энэ тохиолдолд шүүх үйлдвэрлэгдсэн автомашинд техникийн үзлэг, оношилгоо зэрэг стандартын шаардлага хангасны үндсэн дээр арлын дугаар олгогдож, улмаар үйлдвэрээс гарч буйг бүртгэсэн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр маргаан бүхий автомашины үйлдвэрлэсэн огноог тооцох нь зүйтэй … бодит байдал дээр гаалийн байгууллага нь импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн гаалийн татварыг тооцохдоо дээрх Гаалийн цахим үйлчилгээний CEPS системийн автомашины гаалийн мэдүүлэх хэсэгт байх үйлдвэрлэсэн он, сараар нь тооцдог байх бөгөөд нэхэмжлэгчийн KIA Morning загварын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэснээс хойших хугацааг анх бүртгэсэн огнооноос тоолоход 9 жил 11 сар байна” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцсэн байна.

 

2.4. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Гаалийн болон бусад татварын барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулах ба хэрэв бичиг баримтын бүрдүүлэлтийг урьдчилан хийсэн өдрөөс гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүртэлх хугацаанд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш болон тарифын хувь хэмжээнд өөрчлөлт орсон бол гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа тариф, валютын ханшийг баримтална”, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна” гэж тус тус заажээ.

 

2.5. Суудлын автомашиныг импортолж байгаа бол үйлдвэрлэсэн өдрөөс гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүртэлх хугацаагаар татварыг бодож ногдуулахаар байх бөгөөд Гаалийн цахим үйлчилгээний CEPS системийн автомашины гаалийн мэдүүлэх хэсэгт бүртгэгдсэнээр нэхэмжлэгчийн KIA Morning загварын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэснээс хойших хугацааг тоолоход 9 жил 11 сар байна. Өөрөөр хэлбэл уг системд бүртгүүлснээс үзэхэд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр анх гаалийн байгууллагад барааг мэдүүлсэн байх тул тухайн автомашины үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа 10 жил 01 өдөр болсон гэж үзэх үндэслэлгүй.

 

2.6. Түүнчлэн, Автомашины бүртгэлийн гэрчилгээнд KIA Morning загварын автомашины үйлдвэрлэсэн огноог 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тэмдэглэсэн байх боловч уг автомашинд олгосон 009512 тоот гэрчилгээнд үйлдвэрлэсэн он сарыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэж тэмдэглэсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2.7. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

 

                                    ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ