Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 125/2018/0051/З |
Дугаар | 112/ШШ2021/0002 |
Огноо | 2021-01-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 112/ШШ2021/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сугар, шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Х.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б-д холбогдох,
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.М-д ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.М-ыг ажилд томилох тухай тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.М-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.М-ыг томилохыг хариуцагчид даалгах,
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тус хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, гуравдагч этгээд А.М, С.Гнар Ховд аймгийн шүүхийн Тамгын газраас онлайнаар, иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны дэг сахиулагч Д.Лхаасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн нэмж тодруулсан шаардлагын нэгдүгээрт нь: Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгох, энэ тушаалууд нь А.Мыг ажил хавсруулан гүйцэтгэхтэй холбоотой тушаал байгаа. Ажил хавсруулан гүйцэтгүүлэх тухай тушаалууд нь нэхэмжлэгч Х.Мын Төрийн албаны тухай хуулийн 27.2.4-д заасан эрх ашгийг хөндөж байгаа. Төрийн албанд ажиллаад өөрийн буруугүй шалтгаанаас ажлаас чөлөөлөгдсөн бол төрийн албан хаагчийн хувьд өөрийн гэсэн нэмэгдэл баталгаануудыг эдэлдэг. Х.Мыг сул гарсан орон тоон дээр тавилгүйгээр А.Мыг тавьсан байгаа.
Учир нь: А.Мын ажил албан тушаал ямар нэгэн байдлаар нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй. Ажил албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа этгээд гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Хоёрдугаарт: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.Мыг томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд хариуцагчийг томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалууд дээрээ дурддаг яагаад заавал Х.Мыг томилох ёстой талаар үндэслэлээ гаргаж ирээч гэж дурдаад байдаг. Бүтэц орон тоо төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан гэдэг хоёр орон тоо нэгтгэгдсэн байгаа. Харин Х.Мын хувьд ямар нөхцөл байдал үүссэн гэхээр орлого шимтгэлийн байцаагч 3 байж байгаад 2 болж цөөрсөн. Цөөрсөн энэ орон тоон дээр өөр этгээдүүдийг бус зөвхөн орлого шимтгэлийн 3 байцаагчийг хооронд нь өрсөлдүүлээд шалгалт аваад явсан байгаа. Үйл ажиллагааны нягтлан бодогч, төлөвлөлт судалгаа нэрийн дансны мэргэжилтэн хоёрын орон тоо нэгтгэгдсэн байхад үүн дээр өөр орлого шимтгэлийн байцаагч юм уу эсхүл Х.М өрсөлдөх боломжгүй.
Гэтэл энэ дээр ямар нэгэн шалгаруулалт явуулалгүйгээр Үйл ажиллагааны нягтлан бодогч, төлөвлөлт судалгаа нэрийн дансны мэргэжилтэн хоёрын нэгтгэгдсэн орон тоонд Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангаагүй этгээдийг томилоод, шаардлага хангасан этгээдийг нь сул орон тоо байна гээд сул орон тоон дээр өрсөлдөх боломжийг нь хааж өгсөн байгаа. Үүн дээр шаардлага хангасан хүнийг анхнаасаа тавьсан бол сул орон тоон дээр Х.М буюу хяналт шалгалтын орон тоон дээр Х.М томилогдох бүрэн боломж байсан. Дараагийн дугаарт 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш тус хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх гэж байгаа. Хугацааны хувьд Х.М нь орлого шимтгэлийн байцаагчийн ажлаас 2018 онд гарсан боловч жирэмсний амралттай хүний оронд 2019 оны 09 дүгээр сарын 02-н хүртэл ажилласан байдаг. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр шимтгэлээ төлөөд явсан учир огт нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй хугацаа нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш юм. Хэрэв хууль бус тушаалууд гараагүй бол, өөр хүнийг Х.Мын ажиллах ёстой орон тоон дээр томилоогүй байсан бол Х.М хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоон дээр 2019 оны 09 дүгээр сарын 02-оос эхлээд ажиллаад явах бүрэн боломж байсан. Хяналт шалгалтын байцаагч, орлого шимтгэлийн байцаагчийн үндсэн цалин нь ижилхэн учир энэ хэмжээгээр нэхэмжилнэ гээд хавтаст хэрэгт Х.Мын нийгмийн даатгалын дэвтрийг хавсаргасан байгаа гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын хувьд яагаад хууль бус гэж үзээд байгаа гэхээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дээр өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын тоо хасагдсан бол хуульд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлсэнгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Х.Мыг орлого шимтгэлийн байцаагчаас чөлөөлсөн. Тэр өдрөө шинэ орон тоо гарсан. Үүн дээр ажлын байрны тодорхойлолтыг хангаж байгаа. Улсын байцаагчийн эрхтэй төрийн жинхэнэ албан хаагч нь Х.М байсан. Шаардлага хангасан алба хаагчийг томилохгүйгээр хяналт шалгалтын байцаагчийн шинэ орон тоон дээр А.Мыг ажил хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байдаг. Энэ тушаал нь Х.Мын хөдөлмөрлөх эрхэд халдсан тушаал байна гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-д төрийн жинхэнэ албан хаагч ажиллах нөхцөл баталгаагаар хангуулах гэж байгаа. Ажиллах нөхцлөөр хангахгүйгээр шууд ажлаас халсан явдалд гомдож байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий гэж үзэж байгаа. 2 дахь нэхэмжлэлийн шаардлага нь хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоон дээр томилохгүй байгаа нь ажлаас халсантай адилтгаж үздэг. Томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хариуцагчийн зүгээс хууль бус байна. Хяналт шалгалтын албан тушаал дээр Х.Мыг томилохыг даалгах гэж байгаа. Ямар үндэслэлээр гэхээр А.Мын хувьд төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэдэг 2 албан тушаал нэгтгэгдсэн. Төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэдэг албан тушаал нь төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах орон тоо байдаг. Нэгтгэгдсэн орон тоон дээр урд нь ажиллаж байсан албан хаагч буюу А.М үргэлжлүүлэн ажиллана.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэсэн заалтын дагуу А.М энэ албан тушаал дээр үргэлжлүүлэн ажиллах ийм л зохицуулалт байгаа юм. Би энэ ажил албан тушаал дээр ажиллахгүй, би хяналт шалгалтын байцаагчийн албан тушаал дээр ажиллана гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хуулийн зохицуулалт нь та энэ ажил дээрээ үргэлжлүүлэн ажилла. Хэрэв хяналт шалгалтын байцаагчаар ажиллана гэж байгаа бол улсын байцаагчийн эрхтэй, төрийн жинхэнэ албан хаагчийг ажиллуулах зохицуулалт байгаа. А.М чиг үүрэг нь хадгалагдан үлдэж байгаа төлөвлөлт нэрийн данс үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлаа хийгээд, шинэ гарсан төрийн жинхэнэ албан дээр Х.Маас өөр шаардлага хангасан төрийн жинхэнэ албан хаагч байхгүй байсан учир шууд томилох боломжтой байсан. Гэтэл энэ албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус байна. Х.Мыг шууд томилуулах нь зүйтэй байсан.
Яагаад 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш цалин нэхэмжлээд байна гэхээр 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш хугацааны цалинг нэхэмжлэхгүй байгаа юм гэдэг асуудал яригддаг. Энэ хугацаанд Х.Мыг төрийн жинхэнэ албанд түр хугацаагаар ч гэсэн ажиллуулсан. Х.М нь энэ байгууллагад 13, 14 жил ажилласан. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд цалин аваад явж байсан учир энэ хугацааны цалингаа нэхэмжлэх эрхгүй юм. Давхардуулан нэхэмжлэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн асуудал байх. 09 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл сул орон тоон дээр ажиллаж байсан. Үүнээс хойш томилогдож ажиллаагүй шууд халагдсан учраас үүнээс хойш ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Улсын байцаагчийн эрх олгох шалгалт 2018 оны 10 дугаар сард авсан байдаг. Энэ шалгалтыг дуусаад А.М 3 сарын чөлөө аваад гадагшаа гарч явсан байдаг. Энэ хугацаанд ямар тушаал гарсан талаар Х.М мэдэх боломжгүй байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар Солонгос яваад буцаад ирсэн гэсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар Төрийн албаны шинэ хууль гарсантай холбоотойгоор шүүхэд маргаантай байгаа учраас би буцаагаад хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасан гэж хэлдэг. Мөн ажлын байрны тодорхойлолт нь гарч ирээгүй. Мөн төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт ирээгүй. Сүүлд 3 дугаар сард энэ тодорхойлолт дэс түшмэлээр ажиллуулахаар ажлын байрны тодорхойлолт гарсан. Төрийн жинхэнэ албан хаагч нарыг дэс түшмэл, түшмэл гэж ялгадаг. Төрийн үйлчилгээний алба хаагчид дэс түшмэл гэдэг ангилал байхгүй.
Гэтэл батлагдсан орон тоон дээр ажиллуулахгүйгээр үйл ажиллагааны нягтлан бодогч гэдэг орон тоог С.Г-д гаргаад, үүнийгээ дэс түшмэл гэсэн ангилал оруулаад ТҮ-ээр цалинжуулаад явж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг нэгэндээ давуу байдал олгож үйлдсэн. Төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэдэг нь дэс түшмэлийн албан тушаал. Үүн дээр төрийн үйлчилгээний албан тушаалтныг ажиллуулах боломжгүй юм. Энэ хууль бус үйлдэл нь Х.Мын хөдөлмөрлөх эрхэд халдаад байгаа юм. Хэрэв дэс түшмэлийн албан тушаал дээр А.Мыг ажиллуулаад ТЗ-5-аар цалинжихаар байгаа. Тэгэхээр энэ хууль ёсны ажиллуулах чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан ажлын байран дээр А.Мыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасны дагуу үргэлжлүүлэн ажиллаад явахын бол хяналт шалгалтын байцаагч ТЗ-6, орлого шимтгэлийн байцаагч ТЗ-6 энэ албан тушаал дээр шилжин ажиллах боломж нь Х.Мд байсан. 27.2.4-ийг баримтлаад шууд шилжүүлэн ажиллах, төрийн албанд ажиллах баталгааг хангаж ажиллуулаагүй учир маргааны гол үйл баримт үүн дээр байгаа.
Үйл ажиллагааны нягтлан бодогч дээр төрийн жинхэнэ албан хаагч биш хүнийг тавьсан. Хууль бус үйл ажиллагааг өдий хүртэл явуулж байгаа. Үүнээс болж Х.Мын ажиллах эрх зөрчигдөж байгаа. 09 дүгээр сарын 07-ны өдөр орж ирээд улсын байцаагчийн эрх олгох шалгалтад хэн өндөр оноо авсан нь хяналт шалгалтын байцаагчаар томилно гэдэг саналыг тавьсан. Х.Мыг ч зөвшөөрсөн гэдэг байдлаар хариуцагч болон гуравдагч этгээд нар тайлбарладаг. Гэтэл сонсох ажиллагаан дээр Х.Мын хэлж байсан байр суурь 27.2.4 гээд хуулийн зүйл заалтыг бариад хэлж байсан байдаг. Хоёрдугаарт нь зааснаар 12 хоногийн дараа төрийн албаны зөвлөлд гаргасан гомдол. Хэрэв тохиролцсон бол төрийн албаны шалгалтаа хүлээгээд явах байсан байх. Гэтэл анхнаасаа ингэж тохиролцолгүйгээр хүлээн зөвшөөрөөгүй гэж хэлж байгаа нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа.
А.Мын ажлын байр хасагдсан юм уу? өөрчлөгдсөн зүйл байгаагүй. А.Мын урд нь эрхэлж байсан ажил нэгтгэгдсэн. Үйл ажиллагааны нягтлан бодогч гэдэг албан тушаал нэмэгдсэн. Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагч гэдэг нь тангараг өргөсөн байх ёстой, нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан байх ёстой. Тэгэхээр энэ хангасан хүнийг төрийн жинхэнэ албанд ажиллуулах ёстой. Тангараг өргөөгүй учраас, нийтлэг болон тусгай шаардлага хангаагүй. Тэгэхээр төрийн үйлчилгээний алба хаагчийг ажиллуулаад байгаа нь Х.Мын эрх ашгийг хөндөөд байгаа. Дээрээс батлагдсан орон тоон дээр хүнээ зөв тавиад явахын бол Х.М хяналт шалгалтын байцаагчийн орон тоон дээр шилжин ажиллах боломж байсан. Гэтэл энэ боломжийг хаасан үйлдэл хийгээд байгаа. Батлагдсан орон тоон дээр ажиллуулахгүй, С.Г-ыг цомхотголд оруулахгүй байгаа учраас энэ маргааны гол үндэслэл болж байгаа. Хяналт шалгалтын байцаагчаар ажиллах хүсэлт бичгээр ирүүлээгүй гэж байна. Хүсэлтийг амаар болон бичгээр өгөх ёстой. Ийм хүсэлтийг урд нь өгч байсан. Үүнийг хүлээж аваагүй байна. 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ирсэн. Үүн дээр бусад захиргааны актыг хүчингүй болгуулах гэдэг байдлаар анх хандсан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ир гэж буцаасан. Яг ямар тушаал гарсан талаар мэдэхгүй учир бусад захиргааны актыг гэдэг байдлаар шүүхэд хандаж байсан. Эргээд шүүхээс тодруул гэсний дагуу Х.М энэ 2 тушаалыг олж мэдсэний үндсэн дээрээс хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны акт гаргасан этгээд мэдэгдэх ёстой. Гэтэл Х.Мд энэ талаар мэдэгдээгүй. Мөн Х.Мын эрх ашиг энэ өдрөөс эхэлж зөрчигдсөн талаар мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Ерөнхий газрын даргын А/22 дугаар тушаалаар бүтэц орон тоо батлагдсан. Хяналт шалгалтын тасгийн даргын орон тоо шинээр батлагдаж, орлого шимтгэлийн байцаагч нэгээр хасагдаж төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоо хасагдаж шийдвэрлэгдэж ирсэн. 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хяналт шалгалтын байцаагч А-г тасгийн даргын үүргийг хавсран гүйцэтгүүлсэн. 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тасгийн даргын сул орон тоо явж байгаад 09 дүгээр сарын 04-ний өдөр А-г тасгийн даргаар томилсон байгаа. 08 дугаар сарын 08-ны өдөр бүтэц орон тоо нь хасагдсан байцаагч нарын дунд сонгон шалгаруулалт хийх ажлын хэсэг томилж шалгаруулалт зарласан. Үүнээс орлого шимтгэлийн байцаагч нарын дунд зарласан шалгаруулалтаар Х.Мын хувьд бага оноо авч ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн. Намрын амралтын үе таарсантай холбоотой явж байгаад 09 дүгээр сарын 07-ны өдөр Х.Мыг ажлаас чөлөөлсөн. Мөн тэр өдөр А.Мыг тушаалаар хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр 2 байцаагчийн дунд улсын байцаагчийн эрх олгох шалгалтаар хэн аль өндөр оноо авсан нь томилогдох тохирооны үндсэн дээр А.Мыг ажил хавсран гүйцэтгүүлэхээр томилсон байдаг. 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд улсын байцаагчийн эрх олгох шалгалт авагдаж үүн дээр А.М хамгийн өндөр оноог авсан байгаа.
2002 оны Төрийн албаны тухай хуулийн 17.1-д сул орон тоон дээр тухайн байгууллагад ажиллаж байгаа алба хаагч нараас шалгаруулж томилно гэсэн байгаа. Улсын байцаагчийн шалгалтын хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 26.1-д заасан 2014 оны Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/120 дугаар тушаалаар батлагдсан улсын байцаагчийн эрх олгох, сунгах шалгалтын журамд сүүлийн 1 жилийн хугацаанд сахилга ёс зүйн зөрчилгүй, сүүлийн 2 жилийн үр дүнгийн гэрээний биелэлт А, В үнэлгээтэй байх, 2-оос доошгүй жил нийгмийн даатгалын байцаагчаар ажилласан байх шаардлагыг хангасан хүмүүсийг шалгалтад оруулна гэж заасан байдаг. Хоёрдугаарт: Шалгалтын үйл явц нь ерөнхий шалгалт буюу хууль эрх зүйн шалгалт байдаг. Энэ нь төрийн албаны шалгалтад ордог бүх хууль эрх зүйг оруулсан байдаг. Онол арга зүйн шалгалт буюу жинхэнэ мэргэжлийн шалгалт байдаг. Гуравдугаарт албан хэрэг хөтлөлтийн шалгалт гэсэн 3 үе шаттайгаар онлайн хэлбэрээр зохион байгуулдаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ирж шалгалт авсан байдаг. Тэгэхээр шалгаруулалтыг орлохуйц хангалттай хэмжээний шалгалт авсан гэж үзэж байна. 10 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд шалгалт дуусаад 11 дүгээр сарын 08-ны өдөр А.Мын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар хэлтсээс 3 сарын хугацаатай чөлөө авсан.
А.Мыг чөлөөтэй байх хугацаанд хяналт шалгалтын байцаагчаар тухайн үед эрүүл мэндийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан М-г түр томилон ажиллуулж байсан. 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээ ирүүлсний дагуу буцааж ажилд нь томилсон. Үүн дээр ажил хавсруулсан гэж маргаад байдаг. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанууд дээр тодорхой хэлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Төрийн албаны тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Энэ эрх зүйн акт нь шинэ хууль мөрдөгдөж эхэлснээс хойш гарч байгаа учраас шүүхийн аливаа маргаантай асуудал дээр шийдвэр гаргахгүй гэсний дагуу хуучнаар нь тушаал шийдвэрийг гаргасан байдаг. Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо нэгээр цөөрсөн. Үүн дээр 3 байцаагчийн дунд шалгаруулалт яваад шийдэгдсэн байгаа.
Мөн төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоо нэгтгэгдсэн. Гэхдээ 2018 онд мөрдөгдөж байсан хуулиар ажлын байрны тодорхойлолтыг төсвийн шууд захирагч өөрөө батлан мөрдүүлж ажиллахаар заасан байдаг. Үүний дагуу өдөр тутмын үйл ажиллагаа явуулж байгаа нь үйл ажиллагааны нягтлан бодогч учраас төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтэн гэдэг нь жилийн эцсээр юм уу, хагас жилээр гүйцэтгэл тайлагнадаг, төсөл боловсруулж тайлагнадаг. Өдөр тутмын үйл ажиллагаа нь үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажил үүргийн хуваарийн дагуу явагдаж байгаа. Ийм учир шалтгааны байдлаас болоод төрийн үйлчилгээний албан тушаалтан гэдэг ажлын байрны тодорхойлолтыг мөрдөн ажиллуулж байсан. Энэ ажлын байрууд нэгтгэгдсэн нь Х.Мын хувьд ямар нэгэн байдлаар эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй гэж үзэж байгаа. 27.2.4-д заасан нэмэгдэл баталгааны хувьд Х.Мын хувьд ч биш, А.Мын хувьд мөн баталгаагаар хангагдах ижил тэгш эрхтэй зарчимд нийцэж байгаа учир аль алинд нь боломж олгож сул орон тоонд ажиллах эрхээр хангах үүднээс улсын байцаагчийн эрх олгох шалгалтад аль өндөр оноо авсныг нь томилно гэж харилцан зөвшилцсөний үндсэн дээрээс А.Мыг томилоод ажиллуулж байгаа. С.Гтөрийн үйлчилгээний албан хаагч.
Тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу ажлын байрны тодорхойлолтыг баталж мөрдүүлээд явахад төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан учир төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллуулаад явсан байдаг. Дээд шатнаас удирдамж ирээгүй учир өдөр тутмын үйл ажиллагаанд нийцүүлээд ажлын байрны тодорхойлолтыг төрийн үйлчилгээгээр батлуулсан байдаг. Сонсох ажиллагаа явуулахад ажиллах хүсэлттэй байна гэсэн хүсэлт тавьсан. Тэрний дагуу 4 хүн байгаа гэдэг тайлбар өгсөн. Цаашаа гомдол гаргахдаа хяналт шалгалтын байцаагч дээр ажиллуулах талаар биш сонгон шалгаруулалт хууль бус болсон гэдэг байдлаар хандсан байдаг. Тэгэхээр миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа. Улсын байцаагчийн эрх олгох шалгалт болсны дараа А.М чөлөө аваад явахад 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар тухайн үедээ Эрүүл мэндийн орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл нэг зааланд зэрэгцээд сууж байсан байцаагчийг нь хяналт шалгалтын байцаагчаар түр томилсон байдаг. Үүнийг мэдэхгүй гэж булзааруулах боломжгүй байх. А.Мыг ирээд ажлаа авсны дараа 02 дугаар сарын 14-нд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ хяналт шалгалтын байцаагчийн орон тоон дээр маргаж орж ирдэг. Үүнийг миний хувьд хүлээн зөвшөөрч байсан гэж ойлгож байгаа. Түүн дээр огт маргалгүй явсаар байгаад хамгийн сүүлд 02 дугаар сарын 14-ний нэхэмжлэлийн шаардлага дээрээ маргаж орж ирсэн байгаа. Иймээс хөөн хэлэлцэх хугацаан дээр анхаарч үзээсэй гэсэн хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотойгоор хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа талаар тайлбарлаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны талаар Х.М өөрөө оролцсон шүүх хуралдаанууд дээр мэдүүлгээ өгдөг. Хяналт шалгалтын байцаагчаар томилуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан гэж үздэг. Учир нь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан Энэ дээр тэр талаар гомдол гаргаагүй. 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүн дээр тушаалуудыг хүчингүй болгоё гэдэг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа хяналт шалгалтын байцаагчийн албан тушаал дээр маргаж орж ирж байгаа. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлага, урагшлууллаа гэхэд 02 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага гээд ийм хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа юм. Хоёрдугаарт: Бүтэц орон тоо батлагдахдаа 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүтэц орон тоо батлагдсан. Ингэж батлагдахдаа хяналт шалгалтын тасгийн даргын орон тоо шинээр нэмэгдсэн. Шинээр нэмэгдсэн тасгийн даргын орон тоон дээр орно гэдэг хүсэлтийг Х.М өгөөгүй байгаа. Үүн дээр бичгээр ямар нэгэн хүсэлт гаргаагүй гэдэг. Хяналт шалгалтын байцаагч нь тасгийн дарга болж ажиллаад хяналт шалгалтын байцаагчийн орон тоо гарсан. Үүнтэй холбоотой бичгээр ямар нэгэн хүсэлт ирээгүй. Хяналт шалгалтын байцаагчийн орон тоон дээр хэн өндөр оноо авсан нь буюу улсын байцаагчийн эрх олгох шалгалтад хэн аль өндөр оноо авсан нь томилогдоно гэдэг зүйлийг нийгмийн даатгалын хэлтсийн дарга Х.М, А.М нарт тавьдаг. Аль аль нь хүлэн зөвшөөрч хэн өндөр оноо авсан нь томилогдох юм байна гэдэг зүйлийг өмнөх шүүх хуралдаанууд дээр тайлбарлаж байсан. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр Х.М тайлбарладаг. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хавсаргагдсан.
Өөрөөр хэлбэл шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэж байна. Х.М, А.М хоёрын хэн хэн нь улсын байцаагчийн эрх олгох шалгалтыг өгсөн. Уг шалгалтад А.М өндөр оноо авсан гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байгаа. Нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбараар мөн давхар баталж байгаа. Тэгэхээр сонгон шалгаруулалт зарлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргадаггүй юм байна. Сонгон шалгаруулалт зарлуулах эрхээ эдлэхгүй яваад байсан юм. Эхний шүүх хуралдаан бол нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байгаа бүх ажилчдаас хяналт шалгалтын байцаагчийн орон тоон дээр нэр дэвшүүлэх эрх нь нээлттэй байна гэсэн. Дараагийн шүүх хуралдаанаар сонгон шалгаруулалт зарлахыг даалгаад шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаан дээр дүгнэлт хий гэдэг асуудлыг яриад хөөн хэлэлцэх хугацаан дээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахаас эхлээд хариуцагч талаас нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Үүн дээр дүгнэлт хий гэдэг зүйлийг хэлдэг. Ингээд хөөн хэлэлцэх хугацааны талаар асуудалтай зүйл байгаад байна. Х.Мын шууд эрх биш байгаа. Хяналт шалгалтын байцаагчийн орон тоо нийгмийн даатгалын хэлтэс дээр гарснаар Х.Мтай шууд холбоотой биш байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллага үүнийг танилцуулаагүйгээр буруутгах боломжгүй байгаа.
Нэгэнт хамт ажиллаж байгаагийн хувьд А.М хяналт шалгалтын байцаагчийн орон тоог эрхлээд явж байгаагийн хувьд Х.М мэдэх, мэдсэн байх боломжтой гэж үзээд байгаа. нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнг харахад мэдсэн нь харагдаж байгаа. Ийм тушаал гарсан өдрийг нь мэдээгүй байж болно. А.М энэ ажлыг хийгээд байгааг мэдсэн байх боломжтой. Дараагийн зүйл нь А.М, С.Г хоёрын орон тоо нэгтгэгдсэн дээр Х.М маргах эрх зүйн боломж байхгүй. Х.М орлого шимтгэлийн байцаагчийн орон тоон дээр маргаж байсан. С.Г орох ёсгүй байсан гэж нэхэмжлэл гаргасан. С.Г төрийн үйлчилгээний ажил эрхэлж байснаараа Х.Мд ажлаа өгөх боломж байхгүй. А.Мын төлөвлөлт нэрийн дансны мэргэжилтний ажил нь нэгтгэгдэж орж ирснээр нийгмийн даатгалын байгууллага дээр төрийн захиргаагаар цалинжаад, ТҮ-ийн албан тушаалтан энэ ажлыг эрхэлж байгаа тохиолдолд ТҮ-ээр цалинжаад явж байгаа учир ажлын байрны тодорхойлолт нь тэгж ирж байгаа. С.Г- с Х.М давуу эрхтэй учир А.М төлөвлөлт нэрийн данс, үйл ажиллагааны нягтланг хийх ёстой гэдэг тайлбар гаргаж байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа. Үндсэн хуульд зааснаар бүгд адил тэгш эрхтэй. Өөрийнхөө ажлыг хийж байгаагаар С.Г буруутгагдаад байгааг ойлгохгүй байгаа. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/252 дугаар журмын хавсралт дээр 3 жил тутамд улсын байцаагчийн эрх олгох шалгалтаа өгдөг. 3 жил тутамд улсын байцаагчийн эрх олгох шалгалт өгөх явцад Х.М А.М аас өндөр оноо авахыг үгүйсгэхгүй. Энэ нь нийгмийн даатгалын хэлтсээс хамааралгүй шалгалт байгаа. Цалин хөлсөө нэхэмжилж байгаа юм байна. Энэ хүний оронд ажиллаж байсан хугацааны цалинг авахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан юм байна гэж ойлгосон.
Тэгэхээр нэгэнт хяналт шалгалтын улсын байцаагчийн орон тоон дээр орно гэдэг албан бичиг, хүсэлтийг шүүхэд өгсөн зүйл байхгүй. Иймд ажил үүрэг гүйцэтгээгүйгээс шалтгаалсан цалин хөлс нэхэмжлэх боломж байхгүй. Хоёрдугаарт: А.М, Х.М хоёрын шалгаруулалтыг нийгмийн даатгалын хэлтсийн дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд шударга гэж үзэн шалгалтаа авсан учраас миний хувьд үүн дээр маргаагүй гэж үзэж байсан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд орж ирсэн. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломж байхгүй. Төрийн албан хаагчийн нөхцөл баталгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж орж ирдэг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар маргаж орж ирж байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албан хаагчийн нөхцөл баталгааг нийгмийн даатгалын хэлтсээс эдлүүлсэн гэж үзэж байгаа.
Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар 3 сарын тэтгэмжтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэг удаа олгосон учир төрийн албан хаагчийн хуульд заасан нөхцөл баталгааг хангагдуулсан гэдэг үндэслэл байгаа. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын зүгээс ялгасан, ялгаварласан зүйл байхгүй. Ийм учраас сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан юм байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д зааснаар сонгон шалгаруулалт зарлах эрх хэмжээ нийгмийн даатгалын хэлтсийн даргад байдаг. Дарга нь тухайн эрхээ эдлээд улсын байцаагчийн эрх олгох шалгалт шударга явагдсан гэж үзэж байгаа учир энэ оноогоор нь шалгаруулж авсан байгаа. Үүнтэй нэхэмжлэгч талаас маргадаггүй. Анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа эс үйлдэхүй байна гэж маргаагүй. Өнөөдөр өмгөөлөгчийн тайлбараар эс үйлдэхүйтэй маргаад явж байгаа юм байна. Анхнаасаа эс үйлдэхүйтэй маргаагүй, шалгалттай маргаагүй. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний агуулга, агуулгатай холбоотой гаргаад байгаа өөрөөр хэлбэл шууд хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд Х.Мыг аваад томилох хууль зүйн боломж байхгүй.
Х.М хэрэв сул орон тоо гарсан гэж үзээд байгаа юм бол тасгийн даргын орон тоон дээр яагаад маргаагүй юм. Энэ дээр боломж байсан. 4 цомхотголд орж байгаа ажилчдаас А.М, Х.М 2 хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд тавигдах шаардлагыг хангаж байгаа. 2018 оны 10 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа шалгалт дээр өндөр оноо авсан нь гэдэг дээр маргаагүй гэдэг асуудал байгаа. Яагаад хариуцагч талаас маргаагүй гэж үзээд байгаа юм гэхээр нэхэмжлэлийн шаардлага дээр сонгон шалгаруулалт зарлаж өгнө үү гэсэн шаардлагыг гаргадаггүй. Өөрөөр хэлбэл 10 дугаар сараас эхлэн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Улсын байцаагчийн эрх олгох шалгалт нийгмийн даатгалын системийн хувьд зөвшөөрөгдсөн. Ийм учраас энэ асуудлууд дээр дүгнэлт гаргаж өгнө үү. 12 дугаар сарын 17-нд М ажилласнаар Х.Мд ажиллах боломж байгаад байна. Хэрэв 12 дугаар сарын 17-ноос шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаан дээр яригдах ёстой. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа 02 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгогдож байна. М- ийн ажилд томилсон өдрөөс хойш тооцоход бараг 60 хоног болж байгаа. Иймээс хөөн хэлэлцэх хугацаан дээр анхаарч үзнэ үү. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна гэжээ.
Гуравдагч этгээд А.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: А.М гэдэг хүн ямар нэгэн байдлаар хууль зөрчөөд нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын байцаагчийн ажлыг хийгээд байсан зүйл байхгүй. Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/131 дүгээр тушаалын 6 дугаар хавсралтаар нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоог баталсан байдаг. Орлого шимтгэлийн байцаагч 3, төлөвлөлт судалгаа нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагчийн орон тоо 1 байсан. Миний бие нь өмнөх орон тоо бүтцээрээ төлөвлөлт судалгаа нэрийн дансны тооцоо хариуцсан улсын байцаагчийн орон тоон дээр ажиллаж байсан. Х.М орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаартай нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын 6 дугаар хавсралтаар бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан. Энэ шинэчлэн батлагдсан бүтэц орон тоогоор А.М-ын эрхэлж байсан төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан улсын байцаагчийн орон тоо хасагдаад байхгүй болсон. Энэ миний эрхэлж байсан байцаагчийн ажлаас төлөвлөлт судалгаа шинжилгээ хариуцсан нэг хэсэг нь үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаал дээр нэгтгэгдсэн байдаг. Жилд 2 удаа л үйл ажиллагаа гүйцэтгэдэг.
Тэгэхээр миний өмнө эрхэлж байсан албан тушаал хасагдаад байхгүй болсон байгаа. Хоёрдугаарт: Х.Мын ажиллаж байсан орлого шимтгэлийн байцаагч 3 байж байгаад 2 болоод албан тушаал нь цөөрсөн. Х.М нь сонгон шалгаруулалтаар хамгийн бага оноог аваад тухайн ажлаас чөлөөлөгдсөн. Намайг хууль бусаар ажлаас халсан гэж нэхэмжлэл гаргаад маргалдаад явсан байдаг. Намайг хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилж ажиллуулсан байдаг. Х.Мыг орлого шимтгэлийн байцаагчийн ажил чөлөөлөгдсний дараа шууд ажилгүй болгоогүй байдаг. Х.Мыг сайн дурын байцаагчаар, А.Мыг хяналт шалгалтын байцаагчаар түр томилуулж ажиллуулсан байдаг. Хяналт шалгалтын байцаагчийн орон тоо өмнө нь 2 байсан. сүүлд 2 байгаа албан тушаал. Ажил олгогч хэлж байсан хяналт шалгалт дотоод аудитын тасаг байгуулагдаад энэ тасаг дээр тасгийн дарга гэдэг шинэ орон тоо бий болсон байдаг. Тасгийн даргаар хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан байцаагч нь томилогдож ажиллаад түүний оронд А.Мыг томилоод, Х.Мыг сайн дурын байцаагчаар томилж ажиллуулсан байдаг. Миний орон тоо байхгүй болсон учир сул гарч байгаа орон тоон дээр намайг ажиллуулж өгөөч гэж хэлж байсан. Тэгэхэд Х.Мыг ч түр томилсон, чамайг ч гэсэн түр томилсон. Гэхдээ энэ орон тоон дээр шударга зарчмыг баримталж дадлага туршлага, мэргэжлийн мэргэшсэн байдал зэрэг олон зүйлийг харж үзээд томилно гэдэг асуудлыг надад болон Х.М бид хоёрт хэлсэн.
Шүүгчийн сонгон шалгаруулалт гэдэгтэй адилхан нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллах хүнийг нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалт байдаг. Энэ шалгалтад орж байж нийгмийн даатгалын хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллах боломж байдаг. Энэ шалгалтын дүнгээр та хоёрын асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлсэн байдаг. М өнөөдөр болтол М-ыг төрийн албаны салбар зөвлөлд юм уу байгууллагын даргад албан бичгээр А.М ажлаас чөлөөлөгдсөн хугацаандаа хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаа нь хууль бус юм гэсэн ганц ч өргөдөл гомдол гаргаагүй байдаг. Орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалдаа маргаад явж байсан. Үүн дээрээс миний хяналт шалгалтын байцаагчаар ажиллах нь, ажлын байрны чиг үүрэг нь орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байгаа Х.М-ын эрх ашгийг хөндөөд байна гэж яриад байгааг би ойлгохгүй байгаа.
Ажлын байрны чиг үүрэг нь өөр байгаа. Энэ хугацаанд намайг түр томилоод ажиллуулсан. Х.М ч тухайн үедээ зөвшөөрөөд, би ч зөвшөөрөөд шалгалт өгөхөөр болсон. Үнэхээр манай мэргэжлийн бөгөөд мэргэшлийн шалгалт мөн гээд шалгалт өгсөн. Шалгалтыг онлайнаар өгдөг. Баруун 5 аймгийн хэмжээнд шалгалт болсон. Тухайн үедээ баруун 5 аймгийн хүмүүсээс хамгийн өндөр оноог би авсан байдаг. Нийт 110 оноо авах ёстойгоос би 108 оноо авсан байдаг. Шалгалтын дараа би хяналт шалгалтын байцаагчийн ажлаа хийгээд, Х.М орлого шимтгэлийн байцаагчийн ажлаа хийгээд ямар ч маргаангүй ажиллаж байсан. 2019 оны 02 дугаар сард орлого шимтгэлийн байцаагчийн орон тоон дээр маргаад явж байсан хүн гэнэт А.Мыг хяналт шалгалтын байцаагчийн ажлаас чөлөөлж намайг хяналт шалгалтын байцаагчаар томилж өгнө үү гэсэн.
Намайг хяналт шалгалтын байцаагчаар томилсон нь хүчингүй гэдэг зүйлийг хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд энэ дээр яригдах ёстой. Миний хувьд тухайн ажлын байрыг хийх шаардлагыг хангаж байгаа юу гэхээр дадлага туршлагаар, мэргэжлийн шалгалтын хувьд, мэдлэг чадвараар ч 100 хувь хангаж байгаа. Нийгмийн даатгалын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Төрийн албаны шалгалт өгсөн, тангараг өргөсөн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26.1-д шалгалтын талаар заасан байдаг. Миний тухайд энэ ажлыг хууль бусаар эрхлээд байгаа зүйл байхгүй. Орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Х.Мын эрх ашгийг хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаа А.М ямар нэгэн байдлаар зөрчсөн зүйл байхгүй.
Би төлөвлөлт судалгаа нэрийн данс хариуцсан улсын байцаагч гээд ТЗ-6-аар цалинжиж ажиллаж байсан. Улсын байцаагчийн эрхтэй холбоотой албан тушаал байхгүй болсон байдаг. Х.М бид хоёр нэг нь сайн дурын байцаагчаар, нөгөө хяналт шалгалтын байцаагчаар 9 сард томилогдоод би 11 дүгээр сарын 08-н хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө аваад явсан. Энэ хооронд М ажилласан. Би эмчилгээ хийлгэх гээд Солонгос улс руу явсан өргөдлийг мэдсэн байж намайг ямар ажил хийж байгааг мэдэхгүй байна гэдэгт би үнэхээр харамсалтай байна. Бид хоёр хамтраад ажиллаж байгаа. Ажиллах хугацаанд аль өндөр оноо авсан нь ажиллана гэдэг талаар мэдэж байсан. Гэтэл Төрийн албаны зөвлөлд хяналт шалгалтын байцаагчаар ажиллуулахгүй байна гэдэг зүйл гаргаагүй. А.М хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байгаа нь хууль бус гэдэг талаар нэг ч гомдол гаргаагүй байдаг. Иймээс А.Мтай холбоотой Х.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд С.Гнь шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Орлого шимтгэлийн байцаагчийн орон тоо цөөрч хасагдсан нь Х.Мын эрх ашгийг зөрчсөн гэж үзэхгүй байна гэжээ.
Иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Х.Мын нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Сонсох ажиллагаанд хүсэлтээ гаргасан нь цаасан дээр буусан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Х.Мын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч бүх шаардлагыг зөв гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 1. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.Мд ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.Мыг ажилд томилох тухай тушаалуудыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах; 2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х. М-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.Мыг томилохыг хариуцагчид даалгах; 3. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагуудаа дахин тодруулсан тул энэ хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлан үзэхэд нэхэмжлэгч Х.М нь 2005 оноос Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оноос Орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байжээ. Нэхэмжлэгч нь 2011 онд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд нийгмийн даатгалын байцаагчийн эрхтэйгээр ажиллаж байсан байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд уг хавсралтын Гурав. Санхүү, бүртгэлийн тасаг гэсэн хэсгийн 4-т Орлого, шимтгэлийн байцаагч арын мөрөнд 2 гэж тусгагджээ.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс Орлого, шимтгэлийн байцаагчийн 3 орон тоотой ажиллаж байсан байна.
Ийнхүү Орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо 1-ээр цөөрсөн учир Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга сонгон шалгаруулалт явуулж, нэхэмжлэгчийг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар ажлаас чөлөөлжээ.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар Сайн дурын байцаагч Н.М-ийг жирэмсний болон амаржсаны чөлөөтэй байх хугацаанд Х.Мыг түр томилон ажиллуулж, Н.Мөнхгэрэл ажилдаа орох болсон тул 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна.
Нэхэмжлэгч сонгон шалгаруулах ажиллагаа болон 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/37 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
1. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.М-д ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтын шинэчлэлтэй холбоотой А.Мд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 40 дүгээр тушаалаар Хяналт шалгалтын байцаагчийн албан үүргийг хавсруулан гүйцэтгүүлсэн байна.
Мөн А.М Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хандаж 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөдөл гаргасан бөгөөд хэлтсийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл захиргааны чөлөө авсан байна. Ингэснээр түүний албан үүргийг түр орлон гүйцэтгэх үүрэг дуусгавар болж 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Б.Мөнхтуяа хяналт шалгалтын байцаагчийн албан үүргийг түр гүйцэтгэж байсан байна.
Ийнхүү Б.М-г Хяналт шалгалтын байцаагчаар түр томилсноор Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.Мд ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалын үйлчлэл дуусгавар болсон гэж үзэх үндэслэл байгаа тул шүүхээс түүнийг хүчингүй болгох шаардлагагүй юм.
Иймээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.Мыг ажилд томилох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлагын тухайд;
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд А.М нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд тэрээр 2009 онд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлагдсанаар Санхүү, бүртгэлийн тасаг гэсэн хэсэгт
3. Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн 1 орон тоо тусгагдсан байдаг. Ингэснээр Үйл ажиллагааны нягтлан бодогч, Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн гэсэн 2 орон тоо нэгтгэгдсэн гэж хэргийн оролцогчид тайлбарладаг. Энэ нэгдсэн орон тоонд Төлөвлөлт судалгаа шинжилгээ нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн А.М, Үйл ажиллагааны нягтлан бодогч С.Гнараас шалгалт авахад А.М 33 оноо, С.Г37 оноо авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Нэгтгэсэн албан тушаалд С.Гажиллаж байгаа нь хариуцагч болон гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газраас Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн орон тоо нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан төрийн захиргааны албан тушаал юм гэсэн лавлагааг шүүхэд ирүүлсэн байдаг. Харин үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Гнь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, төрийн жинхэнэ албан хаагч биш болох нь Ховд аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн албан бичгээр тогтоогдож байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан тушаалд төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан иргэнийг томилсон нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг зөрчсөн байна. Гэвч А.М, С.Гнарын албан тушаалын орон тоог нэгдсэнтэй холбоотойгоор явуулсан сонгон шалгаруулалт, томилгооны талаар гуравдагч этгээд А.М маргаагүй бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын "Бүтэц, орон тоо батлах" тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн байцаагчийн орон тоо 3 байсныг 2 болгосноор нэхэмжлэгч Х.М, "Төлөвлөлт, судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан байцаагч", "Үйл ажиллагааны нягтлан бодогч" гэсэн 2 орон тоог нэгтгэж, "Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч" гэсэн 1 орон тоо бий болсноор гуравдагч этгээд А.М нарын албан тушаалын орон тоо хасагдсан тул энэ 2 төрийн албан хаагч тус хэлтэст өөр албан үүргийг түр орлон гүйцэтгэх байдлаар ажиллах болсон байна.
Нэхэмжлэгч хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд ажиллах хүсэлтэй байгаа нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас нэхэмжлэгчтэй хийсэн сонсох ажиллагааны тэмдэглэлээр нотлогддог.
Нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд А.М нар Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч тул энэхүү хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
Мөн Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 62 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах бөгөөд төрийн байгууллага төрийн жинхэнэ албан хаагчдыг уг баталгаагаа эдлэх боломжийг хангах үүргийг хүлээнэ. Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтад хэн илүү өндөр оноо авсанг нь хяналт шалгалтын байцаагчаар томилохоор тохиролцсон гэж маргадаг. Гэвч нэхэмжлэгч, гуравдагч этгээд А.М нар төрийн жинхэнэ албан хаагчид бөгөөд хоёул улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллаж байсан нь нотлогдож байгаа тул уг эрхээ сунгуулах шалгалтын дүнг төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалттай дүйцүүлэн үзэх үндэслэлгүй байна.
Учир нь: Төрийн албаны хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаатай холбоотой заалтууд утга, агуулгын хувьд хэвээр батлагдсан байгаа бөгөөд Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар томилох эрх бүхий этгээд сонгон шалгаруулж авахаар хуульчилсан байна.
Түүнчлэн нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгох шалгалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас улсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулдаг тул үүнийг томилох эрх бүхий этгээдийн сонгон шалгаруулалт гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иймээс нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгох шалгалтын дүнг үндэслэн А.Мыг Хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд томилсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Учир нь А.М, нэхэмжлэгч Х.М нар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан нэмэгдэл баталгаагаар нэгэн адил хангагдахын зэрэгцээ тухайн албан тушаалд томилогдон ажиллах хүсэлтээ нэхэмжлэгч илэрхийлсээр байхад нөхцөл байдлыг тогтоолгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдтэй сонсох ажиллагаа явуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 24, 27 дугаар зүйлийг зөрчин маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээдийг томилсон байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.Мыг ажилд томилох тухай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэжээ.
Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох иргэнд тавигдах нийтлэг шаардлагыг, 23 дугаар зүйлд тусгай шаардлагыг тус тус заажээ. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 26 дугаар зүйлд төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг заасан бөгөөд энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлд заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан байхаар хуульчилсан байна. Иймээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан хуульд үндэслэх зарчимтай нийцээгүй байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтоор Төлөвлөлт судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтний үндсэн чиг үүрэг нь нийгмийн даатгалын сангуудын орлого зарлагын болон байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлын төсвийн төслийг оновчтой, үнэн зөв, үндэслэлтэй боловсруулах, дүн шинжилгээ хийх, харин Хяналт шалгалтын байцаагч нь хяналт шалгалт хийх, үр дүнг тодорхойлох үндсэн чиг үүрэгтэй байхаар заасан байна. Өөрөөр хэлбэл, Төлөвлөлт судалгаа шинжилгээ, нэрийн дансны тооцоо хариуцсан мэргэжилтэн нь байгууллагын дотоод шинжтэй үйл ажиллагааг хариуцахаас гадна улсын байцаагч байх шаардлага тавигдаагүй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 122 дугаар тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Хяналт шалгалтын байцаагч-ийн албан тушаалын тодорхойлолтод Дэс түшмэл ТЗ-6 гэсэн ангиллаар дээр дурдсан мэргэжилтнээс /ТЗ-5/ 1 шатлал дээгүүр байхаар батлагдсан байна.
Иймээс Хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд гуравдагч этгээд А.М, нэхэмжлэгч Х.Маас илүү шаардлага хангаж байна гэж дүгнэх боломжгүй байна.
Хариуцагчаас төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангавал зохих 2 төрийн жинхэнэ албан хаагч байсаар атал тэдгээрийн хооронд сонгон шалгаруулалт явуулаагүй байх тул шүүхээс гуравдагч этгээд А.М, нэхэмжлэгч Х.М хоёрын аль нь илүүтэйгээр тухайн албан тушаалыг хаших болзол, шаардлагыг хангаж байгааг тодорхойлох боломжгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан шалгаруулалтыг явуулах замаар хэргийн нөхцөл байдлыг тодруулах эрх шүүхэд байхгүй бөгөөд төрийн албан хаагчийг шалгаруулж авах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, тухайн захиргааны байгууллагын дотогшоо чиглэсэн харилцаанд хамаарна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын "Бүтэц, орон тоо батлах" тухай 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо өмнө батлагдсан орон тооноос цөөрсөн нь тогтоогддог. Иймээс хэлтсийн орон тоо нийт дүнгээрээ цөөрсний улмаас Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдаж байгаа албан хаагчдаас сонгон шалгаруулалтгүйгээр гуравдагч этгээдийг томилсон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна.
Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох нь томилох эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлэх чиг үүрэг байх бөгөөд шүүхээс түүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.Мыг ажилд томилох тухай тушаалыг 2 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаанд багтаан сонгон шалгаруулалт явуулж шалгаруулалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд Х.М-А нарын хэн нь илүү шаардлага хангаж буйг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилсон шийдвэрийг шинээр гаргахыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасны дагуу 2 сарын хугацаанд сонгон шалгаруулалт явуулж, шинэ акт гаргаагүй тохиолдолд Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаал хүчингүй болж, Хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд Х.Мыг томилох ёстойг тайлбарлах нь зүйтэй.
2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.Мыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.Мыг томилохыг хариуцагчид даалгах шаардлагын тухайд;
Нэхэмжлэгч хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нөхөн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.Мыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.Мыг томилохыг хариуцагчид даалгах гэж 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тодруулсан болно.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар Б-ын А-г Тасгийн дарга, дотоод аудитороор томилсноор Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоо гарсан байдаг. Энэ сул орон тоонд хариуцагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар А.Мд ажил үүрэг хавсран гүйцэтгүүлж, Б.Мөнхтуяаг Хяналт шалгалтын байцаагчаар түр томилон тус тус ажиллуулж байжээ.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч-ийн албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагч А.М ажиллах ёстой ингэснээр хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд нэхэмжлэгч Х.М Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27.2.4-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдаж шилжин томилогдох ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч гэсэн албан тушаалын сонгон шалгаруулалт, томилгооны талаар гуравдагч этгээд А.М маргаагүй бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй талаар өмнө дурдсан.
Түүнчлэн нэхэмжлэгчээс Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч-ийн албан тушаалын сонгон шалгаруулалт, томилгоотой холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймээс шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, гуравдагч этгээдийн шаардлага гаргаагүй асуудлаар дүгнэлт хийж гуравдагч этгээд А.М-ыг Төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч-оор томилон ажиллуулахаар шийдвэрлэх боломжгүй.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан Орлого, шимтгэлийн байцаагч-ийн орон тоо цөөрсний улмаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулж төрийн жинхэнэ албан хаагчдыг томилсон нь Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн , ....орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авна; гэж заасныг зөрчөөгүй байна.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр баталсан ажлын байрны тодорхойлолтоор Орлого бүрдүүлэлт, шимтгэлийн байцаагчийн үндсэн чиг үүрэг нь нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь санд төвлөрүүлэх, шимтгэлийн авлага, өглөг үүсгэхээс урьдчилан сэргийлэх, нийгмийн даатгалын хамрагдлыг нэмэгдүүлэх, харин Хяналт шалгалтын байцаагч нь хяналт шалгалт хийх, үр дүнг тодорхойлох үндсэн чиг үүрэгтэй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн өмнө ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэгтэй ижил, ойролцоо эсхүл давхцсан шинжгүй байх тул хариуцагчийн зүгээс шууд хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд томилох хууль зүйн үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуур нь чадахуйн зарчим бөгөөд Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан чадахуйн зарчим нь хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлан сонгон шалгаруулж томилох явдал юм. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд А.М нарын хооронд сонгон шалгаруулалт явагдаагүй нь тогтоогдож байхад шүүхээс нэхэмжлэгчийг тухайн Хяналт шалгалтын байцаагчийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа гэж дүгнэх үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчимтай байна.
Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт 2017 онд шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т утга, агуулгын өөрчлөлтгүйгээр төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох. гэж тусгагдсан байна. Төрийн байгууллага төрийн албаны хууль тогтоомжид заасан нэмэгдэл баталгааг төрийн жинхэнэ албан хаагчид нэг дор бүгдийг эдлүүлэх хууль зүйн боломжгүй юм. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын дүнгээр өөрийн хашиж байсан албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр өөр нэг нэмэгдэл баталгаа болох ...мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих хүсэлтээ илэрхийлсэн нь түүнийг төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилох эрхийг үүсгэхгүй юм.
Учир нь: Ховд аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтсийн орон тоо нийт дүнгээрээ цөөрсөн учир түүний адил орон тоо цөөрсний улмаас албан тушаалаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид энэ эрх мөн олгогдоно. Иймээс Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.Мыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдохгүй байх тул тус орон тоонд Х.Мыг томилохыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд;
Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заасан байна. Энэхүү нарийвчлан зохицуулсан хуулийн заалтаас харахад шүүхээс ажилд албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заажээ.
Нэхэмжлэгч урьд эрхэлж байсан Орлого шимтгэлийн байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн талаар маргаагүй, тухайн албан тушаалд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.
Мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х.Мыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдоогүй болно. Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Х.Мын Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/40 дугаартай А.Мд ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах; Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн сул орон тоонд Х. М-ыг томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус орон тоонд Х.М-ыг томилохыг хариуцагчид даалгах; 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчийн үндсэн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хууль /2017/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.5, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг баримтлан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай А.М-ыг ажилд томилох тухай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрт заасан 2 сарын хугацаанд багтаан хариуцагч сонгон шалгаруулалт явуулж шалгаруулалтын дүнг үндэслэн нэхэмжлэгч Х.М, гуравдагч этгээд Х.М нарын хэн нь илүү шаардлага хангаж буйг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт шалгалтын байцаагчаар томилох шийдвэр гаргаагүй тохиолдолд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаал хүчингүй болж, нэхэмжлэгч Х.Мыг Хяналт шалгалтын байцаагчаар томилохыг мэдэгдсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН
ШҮҮГЧИД Б.СУГАР
Ц.НЭРГҮЙ