Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00458

 

 

 Нийслэлийн Татварын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2057 дугаар магадлалтай, 

Нийслэлийн Татварын газрын нэхэмжлэлтэй,

Зулбаяр трейд ХХК-д холбогдох

Татварын өр 83,185,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, М.Дуламсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч С.Ганзориг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Зулбаяр трейд ХХК нь 2007.01.01-ний өдөр улсын бүртгэлд 2623463 тоот регистрийн дугаартай, Барилга угсралт, барилгыг дуусгах шатны ажил чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгэгдсэн. Тус компани нь 2019.06.27-ны өдрийн байдлаар 2010.10.28-ны 220318 тоот Хяналт шалгалтын актаар тавигдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар 34,050,900 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татвар 21,209,900 төгрөг, татварын хүү торгуулийн 27,924,500 төгрөг, нийт 83,185,300 төгрөгийн татварын өр төлбөртэй байна. Хяналт шалгалтын актаар тавигдсан татварын өрийг төлүүлэхээр Монгол Улсын татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдтэй ярилцлагын тэмдэглэл хийсэн. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкан дахь дансыг 2019.05.31-ний өдөр 223242019/01 тоот мэдэгдэх хуудас хүргүүлэн хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд Зулбаяр трейд ХХК нь өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй байх тул боломжгүй байна. Зулбаяр трейд ХХК нь хөрөнгөгүй болох нь татварын албаны цахим мэдээллийн сангаас авагдсан лавлагаа зэргээр нотлогдож байгаа болно. Шүүхээс урьдчилсан шатанд шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана. гэж заасны дагуу Зулбаяр трейд ХХК-иас нийт 83,185,300 төгрөгийн татварын өрийг гаргуулж, төлбөрийг улсын төсвийн орлогод оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нийслэлийн татварын газраас 2010.10.28-нд манай компанид ээлжит шалгалт орж 83,185,300 төгрөгийн акт тавигдсан. Би энэ актыг хүлээн зөвшөөрөхгүй тул гарын үсэг зураагүй юм. Зулбаяр трейд ХХК нь энэ төлбөрийг төлөх субъект биш бөгөөд энэ талаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаад Дэмбэрэлдагвад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. Үүний гол шалтгаан нь манай компанийн ня-бо Ц.Эрдэнэчимэг нь Сайран Булаг ХХК, Эм Эн Жи Эл ХХК, ЧММ ХХК-иудад 2007-2009 онуудад бүгд 270,743,280 төгрөгийн бараа худалдан авалт хийгээгүй байхад НӨАТ-ын падааныг өгч дундаас нь ашиг олсон байсан. Шалгалтын явцад би буруутай эзэд нь хариуцлага хүлээх ёстой гээд 2013 онд хуулийн байгууллагад хандсан юм.

1. Тухайн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний хэргийн шүүх авч үзээд 2013.12.03-ны өдрийн 8937 тоот Шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2. 2010.10.28-ны өдрийн Нийслэлийн татварын газраас манай байгууллагад актаар 83,185,300 төгрөгийн татварын нөхөн оногдуулалт хийсний хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Татварын ерөнхий хууль /2008.05.20/-ийн 11 дугаар зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж, 11.6.-д Татварын хяналт шалгалтын явцад нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар болон алданги, торгуулийн хөөн хэлэлцэх хугацааг татварын улсын байцаагчийн тогтоосон АКТ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно. Актаар тавигдсан нөхөн ногдуулалт нь татварын ерөнхий хуулийн 11.2-т заасан Татвар, алданги, торгуулийн өрд хамаарахгүй болно.

3. Тус компанийн ня-бо Ц.Эрдэнэчимэг нь эрх мэдлээ хэтрүүлж, хоосон бичилт хийж өөртөө ашиг олсон үйлдэлдээ эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, эрүүгийн 21135207 тоот хавтаст хэргийг Прокурорын 2014.02.24-ний өдрийн 24 тоот тогтоолоор хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэрэгсэхгүй болгосон нь тухайн хууль бус орлого нь манай компанид хамаарахгүй гэдгийг нотолж байна.

4. Манай компани бодитой борлуулалт хийж орлого олоогүй байхад 83,1 сая төгрөгийн төлбөр гаргуулахаар тооцсон нь нягтлан бодох бүртгэлийн ОУ-ын стандартад заасан Орлого гэсэн шаардлагыг хангахгүй бөгөөд орлого зарлага уялдаатай байх Татварын ерөнхий хуулийн зайлшгүй, тодорхой байх зарчмуудыг зөрчиж байна. Иймд татварын нөхөн ногдуулалт хийсэн актаар тогтоосон 83,185,300 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1., 55 дугаар зүйлийн 55.1., 70 дугаар зүйлийн 70.1.-т заасныг баримтлан хариуцагч Зулбаяр трейд ХХК-иас 83,185,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн татварын газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Нийслэлийн татварын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Зулбаяр трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 573,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2057 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.01 өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 2057 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна: 62.1.1 үл маргах журмаар гаргуулах, 62.1.2 эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, 62.1.3.шүүхэд нэхэмжлэл гаргах. гэсэн хуулийн зохицуулалтаас харахад татварын алба нь дээрх дарааллаар өр барагдуулах ажиллагаа хийгдсэний дараа шүүхэд хандах эрх нь нээгдэж байна. Гэтэл татварын алба нь дээрх хуулийн шаардлагыг үл биелүүлсэн байх бөгөөд манай компанид мэдэгдэх хуудас хүргүүлээд шууд шүүхэд хандан шийдвэрлүүлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хугацаанд нь төлөөгүй татварыг барагдуулахад татварын алба нь мэдэгдэх хуудсыг хугацаатай гардуулах бөгөөд энэ хугацаанд барагдаагүй тохиолдолд үл маргах журмаар гаргуулах буюу банкан дахь данснаас гаргуулах, барагдаагүй тохиолдолд эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах, битүүмжлэх процесс хийгдсэний дараа шүүхэд нэхэмжлэл гаргахаар хуулийн зохицуулалттай байхад мэдэгдэх хуудас хүргүүлээд шууд шүүхэд хандаж байгаа нь Татварын хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Дээрх процессыг анхан болон давж заалдах шатны шүүх нь хийгдсэн эсэхийг шүүхийн шатанд дүгнэлт өгөөгүй болно. Монгол улсад хууль ёсоор оршин байгаа хувь хүн, хуулийн этгээд нь шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд хараат бус шүүхээр маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх эрхтэй. Шүүх хэрэг маргааныг хараат бусаар үнэн зөв, эргэлзээгүйгээр эцэслэн шийдвэрлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй. Гэтэл шүүхээс Татварын улсын байцаагчийн оногдуулсан актын эрх зүйн болоод тооцооллын үнэн зөв эсэх, зөв бурууг нягтлахгүйгээр шууд хөдөлбөргүй нотлох баримтаар үнэлж, маргах шаардлагагүй нотлох баримт гэж үзэж хариуцагчийг энэ талаар маргах боломжгүй болгож буй нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Манай компани нь дээрх актыг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй, тухайн актад гарын үсэг зураагүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...тэрхүү падааныг өөр компани худалдан авалтандаа тусгаж улсад төлөх татвараа бууруулсан нь баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн байтал манай компанийг улсад төлөх татвараа бууруулсан мэтээр ойлгож улсыг хохироосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд улсыг хохироосон субъект нь худалдан авалт хийсэн компаниуд байхад Зулбаяр трейд ХХК гэж дүгнэж дээрх актын хууль зүйн үндэслэлийг дүгнэлгүйгээр нотлох баримтын хүрээнд үнэлж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т хугацаанд нь төлөөгүй татварын өр гэдэг ойлголт харагдаж байх бөгөөд хугацаандаа төлөөгүй татварын өр гэдэг нь Татварын ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хуульчилсан байна. Үүнээс харахад татварын алба нь мэдэгдэл өгөх, улмаар 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног гэж заасан байх тул уг актыг манай компани нь гардаж аваагүй бөгөөд гардаж авснаас хойш хугацаа тоологдох тухай хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, тус актыг гардаж авсан эсэх талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй байхад тухайн актыг нотлох баримтын хүрээнд үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу дээрх акт нь эрх зүйн үйлчлэлгүй илт хууль бус захиргааны акт байхад дээрх актыг анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэн шийдвэр гаргаж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал болж чадаагүй байна гэж үзэж байна. Мөн Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагчийн 2010.10.28-ны өдрийн 220318 дугаартай акт татварын өршөөлийн хуульд хамрагдах хууль зүйн үндэслэлтэй байна. Учир анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу хүү торгууль алданги өршөөлд хамрагдахаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх нь өршөөлийн хуулийг хэрэглээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Нийслэлийн Татварын газар нь хариуцагч Зулбаяр трейд ХХК-д холбогдуулан татварын актаар тогтоогдсон өр 83,185,300 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, актаар тогтоосон татварын хэмжээ болон акт тавих болсон нөхцөлд компани буруугүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Зулбаяр трейд ХХК-аас 83,185,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн татварын газарт олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргажээ.

Талуудын хооронд үүссэн хуульд зааснаар үүсэх үүрэгтэй холбоотой маргааныг хоёр шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Хэргийн баримтаас үзэхэд Нийслэлийн Татварын газрын улсын байцаагчийн 2010.10.28-ны өдрийн 220318 дугаар актаар Зулбаяр трейд ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татварт 34,050,900 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нөхөн татварт 21,209,900 төгрөг, татварын хүү, торгуульд 27,924,500 төгрөг, нийт 83,185,300 төгрөгийн төлбөр ногдуулсныг хариуцагч эс зөвшөөрч, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд тус зөвлөлийн 2011.01.19-ний өдрийн 02 тоот тогтоолоор уг актыг хэвээр үлдээсэн байна. /хх-11,19,20/

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар татвар төлөгч Зулбаяр трейд ХХК нь Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолтой танилцсанаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхээ эдлээгүй байх тул татварын байцаагчийн актыг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн татварын зөрчил нь актаар тогтоогдсон учир Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар хариуцагч нь нөхөн ногдуулсан татварыг төлөх үүрэгтэй тул татварын улсын байцаагчийн актаар тогтоосон татварын дүнг шалгаагүй, буруутай этгээд нь төлөх ёстой гэх хариуцагчийн тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хариуцагч компанийг бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох газарт гомдол, нэхэмжлэл гарган хохирлоо барагдуулах боломжтой гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан, татварын улсын байцаагчаас хариуцагч компанийн 2006-2009 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, илэрсэн зөрчилд 2010.10.28-ны өдрийн 220318 дугаар актаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан нь 5 жилийн хугацаанд хамаарч байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу хүү, торгууль алданги өршөөлд хамрагдахаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх нь өршөөлийн хуулийг хэрэглээгүй гэсэн гомдол үндэслэлгүй юм.

Учир нь, тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэсэн бөгөөд 4 дүгээр зүйлд Ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх тухай зохицуулахдаа ... ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтныг шүүхээс оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ, хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж зохицуулсан байх тул хариуцагчийн гомдлын үндэслэлд заасан татварын хүү торгууль алданги дээрх хуульд хамаарахгүй байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь зөв боловч хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт нь шийдвэрийн тогтоох хэсэгт байх шаардлагагүй, давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Татварын ерөнхий хуулийн зохицуулалтыг дутуу хэрэглэсэн байх тул энэ алдааг хяналтын шатны шүүхээс залруулна. Уг маргааныг хянан шийдвэрлэгдэж байх үед 2008 оны Татварын ерөнхий хууль үйлчилж байсан байна.

 Иймээс шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2057 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2019/01922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг баримтлан хариуцагч Зулбаяр трейд ХХК-аас 83,185,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн татварын газарт олгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД