Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00703

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хойд овогтой, Х. Бн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Нархан 57 дугаар байр, 1-9 тоотод оршин суух /

 

Хариуцагч: Утайжав овогтой, А.У холбогдох

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Бэлла Виста 500 дугаар байр, 2202 тоотод оршин суух, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, 4 дүгээр хаус оршин суух/

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 245.058.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.У нь нэхэмжлэгч Х.Бгийн өмчлөлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн Хаммер /Hummer/ HX маркийн 5GRGN23U43H140454 арлын дугаартай, 85-88 УБК улсын дугаартай автомашиныг 2014 оны 7 дугаар сард 150.000 ам.доллараар зээлээр худалдан авах санал тавьж, 2 сарын дотор бүх төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн автомашины үнэ бүрэн төлөгдөөгүй байна. Хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч бодит бус санал тавьсаар өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэгч миний бие өөрт учирсан хохирлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Иймд худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр болох 100.000 ам.доллар буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож 245.058.000 төгрөгийг хариуцагч А.Уас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч А.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.У нь Х.Бтай Хаммер маркийн 85-88 УБК улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах хэлцлийг амаар болон бичгээр байгуулаагүй. А.У нь Х.Бгаас уг автомашиныг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Х.Бгийн нэхэмжлэлтэй, А.Уд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 245.058.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Х.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...А.У нь Х.Бгийн өмчлөлийн Хаммэр /Hummer/ HX маркийн 5GRGN23U43H140454 арлын дугаартай, 85-88 УБК улсын дугаартай автомашиныг 2014 оны 7 дугаар сард 150.000 ам.доллараар зээлээр худалдан авсан тул үлдэгдэл 100.000 ам.доллар буюу 245.058.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэснийг хариуцагч А.У хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж “...А.У нь Х.Бгаас Хаммер маркийн 85-88 УБК улсын дугаартай автомашиныг худалдан аваагүй, тэдний дунд автомашин худалдах, худалдан авах хэлцэл амаар болон бичгээр байгуулагдаагүй” гэсэн хариу тайлбар гаргаж талууд мэтгэлцжээ.

 

Нэхэмжлэд дурдсанаар Х.Б нь өөрийн өмчлөлийн 8588 УБК улсын дугаартай, 5GRGN23U43H140454 арлын дугаартай, Хаммер маркийн автомашиныг А.Уянгын өмчлөлд шилжүүлсэн, А.У нь автомашины төлбөрт 150.000 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан “Мэргэн девелопмент” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17/22 дугаар “Х.Бд хүсэлт гаргах” тухай баримт,  Автотээврийн үндэсний төвийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 69 дүгээр лавлагаагаар “8588 УБК улсын дугаартай, Хаммер Эйч 2 маркийн, цагаан өнгөтэй, 2004 онд үйлдвэрлэсэн, 5GRGN23U43H140454 арлын дугаартай,  автомашин нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Х.Бгийн өмчлөлд, 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Б.Алтангэрэлийн өмчлөлд, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Экокапитал ББСБ-ын өмчлөлд, 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ю.Баттөмөрийн өмчлөлд шилжсэн” гэсэн баримтаар нотлогдоогүй болно.

 

 Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дүгээр зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд 8588 УБК улсын дугаартай, Хаммер маркийн автомашин худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч А.Уянгыг хууль буюу гэрээгээр нэхэмжлэгч Х.Бгийн өмнө үүрэг хүлээсэн, эсхүл түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр Х.Бгийн нэхэмжлэлтэй, А.Уд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 245.058.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШЗ2018/01055 дугаар захирамжаар нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн гэрчээр Д.Галбадрахыг оролцуулахаар шийдвэрлэсэн хэдий боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбаярын шүүхэд мэдүүлсэн “...гэрч Д.Галбадрахын оршин суух хаяг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, Өнөр хороолол, 23 дугаар байр, 272 тоот” гэсэн хаягаар Шүүхийн мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч гэрч Д.Галбадрах нь уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Хорооны Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, магадлагаагаар тогтоогдсон бөгөөд түүний 95940099 гэсэн дугаарын утасруу залгасан боловч холбогдох боломжгүй болох нь Шүүгчийн туслах Н.Бат-Уянгын тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүхээс гэрч Д.Галбадрахыг шүүхэд дуудан ирүүлж, мэдүүлэг авах боломжгүй тул нэхэмжлэгчийн “гэрчээр Д.Галбадрахыг оролцуулах” тухай хүсэлтийг хангахгүй орхисон болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х.Бгийн нэхэмжлэлтэй, А.Уд холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 245.058.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1.383.240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.СЭМЖИД