Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2018/01197

 

Х.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00703 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Б-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: А.У-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 245 058 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.У нь нэхэмжлэгч Х.Б-гийн өмчлөлийн 2013 онд үйлдвэрлэгдсэн Хаммер /Hummer/ HX маркийн 5GRGN23U43H140454 арлын дугаартай, 85-88 УБК улсын дугаартай автомашиныг 2014 оны 7 дугаар сард 150 000 ам.доллараар зээлээр худалдан авах санал тавьж, 2 сарын дотор бүх төлбөрийг төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тухайн автомашины үнэ бүрэн төлөгдөөгүй байна. Хариуцагчаас үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч бодит бус санал тавьсаар өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэгч миний бие өөрт учирсан хохирлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн. Иймд худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөр болох 100 000 ам.доллар буюу 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Монголбанкны ханшаар тооцож 245 058 000 төгрөгийг хариуцагч А.Уас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.У-ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.У нь Х.Б-тай Хаммер маркийн 85-88 УБК улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах хэлцлийг амаар болон бичгээр байгуулаагүй. А.У нь Х.Б-гаас уг автомашиныг аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан Х.Б-гийн нэхэмжлэлтэй, А.У-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 245 058 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 1 383 240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн материаллаг эрх зүйн харилцааг үнэн зөв тодорхойлж чадаагүй. Хэлцэл хүчин төгөлдөр байхын тулд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл давхацсан байхыг шаарддаг. "М" ХХК-ийн нэхэмжлэгч Х.Б-д хандаж хүргүүлсэн "бид Г ченжээр дамжуулан танаас худалдан авсан 2004 онд үйлдвэрлэсэн, 2013 онд орж ирсэн авто машины үлдэгдэл төлбөр болох 100 000 ам долларт Худалдаа үйлчилгээний төвийн 6-р давхрын талбайгаас бартер хийж төлбөрийн үлдэгдлийг дуусгах хүсэлтэй байна" гэх албан тоот,Эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар хангалтай тогтоогдсон. Хүсэл зоригоо илэрхийлээгүй байсан бол нэхэмжлэгч Х.Б-гийн хариуцагч А.У-д худалдсан авто машины үлдэгдэл төлбөрийг хариуцагч тал хэрхэн төлж барагдуулах талаар харилцан тохиролцох ямар ч шаардлагагүй байсан. Үлдэгдлийг хэрхэн төлөх төлөөр харилцан тохиролцсон байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад шүүх үйл баримтыг үнэн зөв үнэлж, дүгнээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7-д зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн. Д.Г-аар дамжуулан хариуцагч А.У-ын гэр бүлийн Б.А  гэх хүнд хариуцагчийн  зөвшөөрснөөр  гэрээний  зүйл болох авто машиныг шилжүүлсэн байдаг.  Д.Г-ыг гэрчээр мэдүүлэг авахуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байдаг. Анхан шатны шүүхийн 183/Ш320185/01065 тоот захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн захирамж биелэгдээгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг өөрчилж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан ажиллагаа дутуу хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б хариуцагч А.У-д холбогдуулан Хаммэр /Hummer/ HX маркийн 5GRGN23U43H140454 арлын дугаартай, 85-88 УБК улсын дугаартай автомашиныг 2014 оны 7 дугаар сард 150 000 ам.доллараар худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тул үнийн үлдэгдэл 100 000 ам.доллар буюу 245 058 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1-2, 23 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэлийг нотлохоор гэрчээр Д.Г-ыг асуулгахаар хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэжээ. /хх-31, 81-82 дугаар хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар дээрх ажиллагааг зөвхөн шүүх хийх боломжтой. Гэрчийг дуудан ирүүлэхээр түүний хаягаар мэдэгдэх хуудас хүргэсэн боловч Д.Г уг хаягт байхгүй талаар мэдэгдэх хуудаст бичигдсэн байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэх үеэр нотлох баримттай холбоотойгоор хэргийн оролцогч нараас хүсэлтийг тодруулахад нэхэмжлэгчийн зүгээс гэрч Д.Г-ын хаягийг тодруулан, мэдэгдэх хуудсыг гардуулах боломжтой гэж тайлбарлажээ. Энэ тохиолдолд шүүхээс нотлох баримт бүрдүүлэх эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту хай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хангах боломжтой байсан байна. Анхан шатны шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг бүрэн хийхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэн явуулсантай холбоотойгоор А.У нь Б.А-ийн хамт худалдах, худалдан авах гэрээний нэг тал байсан эсэх нөхцөл байдал тодорхой бус үлдсэн байна.

 

Худалдах худалдан авах гэрээний дагуу эд зүйлийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн тохиолдолд худалдагч үнийг шаардах эрхтэй бөгөөд Б.А, А.У нарын хэнд эд хөрөнгийг шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлыг тодорхойлоход гэрч Д.Г-ын мэдүүлэг ач холбогдолтой байж болно.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хянан дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/00703 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б-ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 383 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                   ШҮҮГЧИД                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД