Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2018/00691

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баян буурал овогтой, Даваажавын Алтанчимэгийн нэхэмжлэлтэй,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, БХНТ байр, 29 тоотод оршин суух /

 

 Хариуцагч: “БХТН” ТББ-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчны гудамж, БХТН-ийн Төв зөвлөлийн байранд байрлах, /

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа, түүний өмгөөлөгч Э.Нямжав, нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагын даргын 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар тушаалаар ажилд томилогдон ажиллаж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд хандсанаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2604 дугаар шийдвэрээр намайг үнэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. БХТНийн төв зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан хэдий боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Гэтэл БХТНийн төв зөвлөл нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй өдий хүрч байна. Иймд 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 1.875.552 төгрөг, ээлжийн амралт 20 хоногийн 426.520 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржисны тэтгэмжид 902.450 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ээлжийн амралт 20 хоногийн 426.520 төгрөгийн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Дашзэвэгийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Д.Аийг ажилд нь эгүүлэн авч, нийгмийн даатгалыг нь бөглөж өгсөн боловч нэхэмжлэгч нь ажилдаа огт ирээгүй, мөн ээлжийн амралтын олговрыг нь олгож, өөрөөр нь гарын үсэг зуруулсан атал дээрх нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.А нь хүүхэд асрах чөлөөг албан ёсоор манай байгууллагаас аваагүй бөгөөд дээрх нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.А нь “БХТН” ТББ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2604 дүгээр шийдвэрээр “...Д.Аийг БХТНийн төв зөвлөлийн нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 774.668 төгрөг гаргуулан Д.Ат олгох”-оор шийдвэрлэсэн байх бөгөөд уг шүүхийн шийдвэрийг БХТНийн төв зөвлөлөөс эс зөвшөөрч, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 824 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 636 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

1. Зохигчид “...шүүхийн шийдвэрийн дагуу БХТНийн төв зөвлөлийн даргын тушаалаар 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д.Аийг ажилд нь эгүүлэн тогтоосон, Д.Ат 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацааны цалин олгоогүй” талаар маргаагүй болно.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Д.Аийг ажилд авсан буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны” ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.875.522 төгрөгийг хариуцагч “БХТН” ТББ-аас гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчаас “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “...шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулий хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна” гэж заасан байх тул нэхэмжлэгч Д.А нь “...2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй болохыг дурдав.

 

2. Нэхэмжлэгч Д.Аийн “...2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902.450 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан маргаанд хамаарахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн” гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг “...ээлжийн амралтын олговор 426.520 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “БХТН” ТББ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.875.522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ат олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Д.Аийн нэхэмжлэлтэй, “БХТН” ТББ-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 51.783 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд буцаан олгож, хариуцагч “БХТН”-ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 44.958 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД