Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1078

 

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2018/01078

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00691 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БАТН” ТББ-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Наранцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ариунаа

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Нямжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагын даргын 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 36 дугаар тушаалаар ажилд томилогдон ажиллаж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 42 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Би уг тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд хандсанаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2604 дугаар шийдвэрээр намайг үндэслэлгүй ажлаас халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. БАТНийн төв зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан хэдий боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл БАТН ТББ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 1 875 552 төгрөг, ээлжийн амралт 20 хоногийн 426 520 төгрөг, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 902 450 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ээлжийн амралт 20 хоногийн 426 520 төгрөгийн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Д.А-ийг ажилд нь эгүүлэн авч, нийгмийн даатгалыг нь бөглөж өгсөн боловч нэхэмжлэгч нь ажилдаа огт ирээгүй, мөн ээлжийн амралтын олговрыг нь олгож, өөрөөр нь гарын үсэг зуруулсан атал дээрх нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.А- нь хүүхэд асрах чөлөөг албан ёсоор манай байгууллагаас аваагүй бөгөөд дээрх нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “БАТН” ТББ-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 875 522 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Д.А-ийн нэхэмжлэлтэй, “БАТН” ТББ-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 51 783 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд буцаан олгож, хариуцагч “БАТН”-ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 44.958 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Д.А-ийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацааны, мөн хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, түүнийг баталгаажуулах хуулийн үндэслэлтэй байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 1-р хавсралтаар баталсан "Даатгуулагчийн нийгмийн даатгал шимтгэл төлөх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүн дундажийг тодорхойлох журмын 3 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу БАТН нь Д.А-ийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээсэн ч энэ үүргээ биелүүлээгүй байдаг.

Мөн тус тогтоолын 2-р хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам"-ын 2 дугаар  зүйлийн В-д заасны дагуу Д.А-ийг хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэг хүлээсэн ч мөн энэ үүргээ биелүүлэлгүй байдаг.

Ээлжийн амралт олгосон, жирэмсний болон амаржсаны амралтыг, мөн хүүхдээ асрах чөлөөг тус тус олгосон атлаа Монгол улсын хууль, журамд заасны дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зохих хувь хэмжээгээр нь төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу амаржсаны тэтгэмжид Д.А-т олгогдох 902 450 төгрөгийг хариуцагч нь өөрийн дансаар хүлээж аваад ажилтанд өгөх үүрэгтэй байсан ч энэ тэтгэмжийг олголгүй өнөөдрийг хүрсэн. Уг тэтгэмж нь хариуцагчийн орлогод орох үндэслэлгүй хөрөнгө тул үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Тиймээс уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1 дэх хэсэгт заасан маргааны төрөлд хамаарахгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хариуцагчаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй гэж дүгнэсэн.

Манай байгууллага Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2604 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 824 дугаартай магадлал, МУДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 636 дугаартай тогтоолыг биелүүлж, Д.А-ийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажилд нь эгүүлэн авсан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 3 сарын дотор гаргах байтал Д.А- нь 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 1 875 522 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ 2017 онд буюу бүтэн 3 жилийн дараа гаргасан нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Мөн нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзвэл шүүхээр хугацааг сэргээн тогтоолгох учиртай. Энэхүү хэрэгт шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоосон зүйл байхгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү хөдөлмөрийн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дах заалтыг хэрэглэвэл зохих байтал хэрэглэлгүй, Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй байтал хэрэглэж манай байгууллагаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 875 522 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч “БАТН” ТББ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2604 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 824 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 636 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.А-ийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 774 668 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Д.А-ийг нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ээлжийн амралт олгохыг даалгасан хариуцагч “БАТНийн төв зөвлөлийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаар тушаал гарчээ.

 

Ажилтан Д.А- нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ээлжийн амралтыг үргэлжүүлэн жирэмсний амралтыг хуулийн дагуу олгох талаар хүсэлтийг гаргасан нь баримтаар тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Ажил олгогч нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 77 дугаар тушаалаар Д.А-ийг ажилд нь эгүүлэн томилсон өдрөөс хойш 3 сарын хугацааны дотор ажилтан гомдлоо гаргах байтал 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх гомдол гаргах хугацааг 3 жилээр тодорхойлон дүгнэсэн нь буруу юм.

 

Түүнчлэн анхан шатны шүүх Нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902 450 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1 дэх хэсэгт заасан шүүхээр шийдвэрлүүлэх маргаанд хамаарахгүй гэж дүгнэн холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь хариуцагч байгууллагад маргаан таслах комисс байгаа талаар хариуцагч тайлбарлаагүй тохиолдолд хуульд заасан журам үйлчлэхгүй юм.

 

Мөн хэргийн 81 дүгээр талд Д.А-ийн амаржсаны тэтгэмж 902 450 төгрөгийг түүний нөхөр Б.Батбилэг хүлээн авч, гарын үсэг зурсан бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтын үнэн зөвийн талаар зохигчид маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргасан байна. Хариуцагч байгууллагын нярав ажилтай Ц.Уртнасангийн “...нэхэмжлэгчийн нөхөр Б.Батбилэгт амаржсаны тэтгэмж 902 450 төгрөгийг бэлнээр өгсөн, гарын зуруулсан...” гэж мэдүүлснийг нэхэмжлэгчийн нөхөр Б.Батбилэгийн “...амаржсаны тэтгэмж 902 450 төгрөгийг бэлнээр аваагүй, мөнгө хүлээн авсан баримтын бичгийн хэв минийх мөн байна. Харин гарын үсэг нь биш байна...” гэж үгүйсгэж байгаа боловч гарын үсгийн үнэн зөвийг тогтоолгох талаар хүсэлт гаргаагүй тул уг баримтыг үнэн зөв гэж дүгнэх юм.

 

Иймд тэтгэмжид олгогдоогүй 902 450 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Харин нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэр бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Д.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх баримт авагдаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байх тул хариуцагч “БАТН” ТББ-ын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг үүснэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр зохигчдын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00691 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.А-ийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч “БАТН” ТББ-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “БАТН” ТББ”-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 875 522 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “2” гэж, 4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж,

2 дахь заалтын “44 958 төгрөг” гэснийг “70 200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 210 төгрөгийг, хариуцагч “БАТН” ТББ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 960 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                ШҮҮГЧИД                                                      Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА