Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2018/00110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ОХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 27-23 тоотод байрлах, регистрийн дугаар 5335043, улсын бүртгэлийн дугаар 9011210032/

 

Хариуцагч: “ЭИ” ХХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, 150/3-0, регистрийн дугаар 2581604, улсын бүртгэлийн дугаар 9011053036/

 

            Хариуцагч: Бариач овогтой, Даваахүүгийн Энхтөрд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Соёмбо хотхон, 54 дүгээр байр, 15 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦГ65090515/

 

            Гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Минсэл, хариуцагчийн өмгөөлөгч П.Алтанчимэг, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эрэлт Импэкс” ХХК нь “Буянт-Ухаа” 2 хорооллыг барьж байхдаа манай байгууллагатай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ХХАГ 15/15 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу болон нэмэлт бараа нийлүүлсэн. Манай байгууллага 2015 оны 12 дугаар сард сүүлийнхээ барааг нийлүүлээд тооцоогоо нийлж, үлдэгдэл төлбөрөө авъя гэхэд одоохон өгнө гээд өгөөгүй. Улмаар 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл өгсөн боловч ямар ч төлбөр хийгээгүй. Иймд ХХАГ 15/15 тоот гэрээний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 15.000.000 төгрөгийг “Эрэл импекс” ХХК, Д.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч “Эрэлт импэкс” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Минсэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани барилгын ажилд ашиглах зорилгоор материал худалдан авахаар “ОХХ” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 110.570.000 төгрөгийн материал худалдан авах гэрээ байгуулсан. Бид урьдчилгаа төлбөр 30% болох 33.171.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “ОХХ” ХХК-д шилжүүлсэн. Уг төлбөр шилжснээс хойш 14 хоногийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд бид бүх материалаа бүрэн хүлээж авах ёстой байсан. Гэсэн ч материал чанарын шаардлага хангахгүй болон хугацаа алдаж  гэрээний энэ дүнгээр материал аваагүй бөгөөд манай компанид нийлүүлээгүй. “Эрэлт импэкс” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамгийн сүүлд материал хүлээж аваад үлдэгдэл төлбөр болох 50.000.000 төгрөгийг төлсөн. Ингээд НӨАТ-тай байгуулагдсан гэрээ бөгөөд нэхэмжлэгч “ОХХ” ХХК нь борлуулалт хийх бүртээ дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд татвараа тайлагнаад, татвар ногдуулж, бидэнд НӨАТ нь орж ирэх ёстой байсан боловч материалынхаа НӨАТ-ыг манай компанид ерөөсөө тайлагнаж өгөөгүй. Уг гэрээнээс пракетан шал, блинтүс гэсэн хоёр бараа худалдан авах ёстой. Тэрнээс 83.852.000 төгрөгийн пракетан шал авсан, мөн 11.900.000 төгрөгийн блинтүс авсан. Ингээд нийтдээ 95.752.000 төгрөг болж байгаа. Зөөлөвчийг гэрээнд заасны дагуу үнэгүй дагалдуулж өгсөн. Блинтүс нь шаардлага хангаагүйн улмаас буцаалт хийсэн учраас уг дүнгээс 3.520.000 төгрөгийг хасаад худалдан авалтын буцаалт хассан дүнгээс 8.384.728 төгрөгийн НӨАТ-ыг манайд шивж өгөөгүй. Ингээд буцаалт хийсэн блинтүсийн 3.520.000 төгрөгийг хасаад нийт 92.232.000 төгрөгийн бараа авсан. Үүнээс төлсөн төлбөрийг хасаад 8.561.000 төгрөг болж байгаа бөгөөд НӨАТ нь 8.384.728 төгрөг болж байна. Энэ НӨАТ-ыг хасна. Хасаж тооцохоор зөрүү нь 176.272 төгрөг болж байгаа. Энэ дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Энэхүү гэрээг иргэн Д.Эийн зүгээс байгуулаагүй, иргэний хувьд тэгш үүрэг хүлээгээгүй учраас тус нэхэмжлэлийн гэрээний үүргийг хариуцах этгээд биш гэж үзэж байна. Мөн хавтаст хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зарлан баримтаар бараа хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “ОХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ЭИ” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            “ЭИ” ХХК, “ОХХ” ХХК-ийн хооронд 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан ХХАГ 15/15 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр худалдагч тал “ОХХ” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Буянт Ухаа төслийн 3 ширхэг 9 давхар орон сууцны байрны засварт зориулан 810*150*12 мм хэмжээтэй, 8895 тоо ширхэгтэй, 11.500 төгрөгийн нэгж бүрийн /НӨАТ орсон/ үнэтэй, 102.292.500 төгрөгийн Ламинатан шал, түүний дагалдах хэрэгсэл болон 2400*80*8 мм хэмжээтэй, 9030 ширхэгтэй, 916 төгрөгийн нэгж бүрийн /НӨАТ орсон/ үнэтэй, 8.277.500 төгрөгийн блинтус, зөөлөвчийг үнэгүйгээр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дотор шилжүүлэх, худалдан авагч “ЭИ” ХХК нь барааны үнэд нийт 110.570.000 төгрөгийн гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор 33.171.000 төгрөгийг, бараа материалыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор 77.399.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй ба Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

 

            Уг гэрээний дагуу худалдагч “ОХХ” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 83.852.009 төгрөгийн үнэ бүхий Ламинатан шал /паркет/, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 4.400.000 төгрөгийн үнэ бүхийн блинтус, 2015 оны  12 дугаар сарын 20-ны өдөр 7.500.000 төгрөгийн үнэ бүхий блинтус, 1.544.000 төгрөгийн үнэ бүхий дагалдах хэрэгсэл, нийт 97.296.009 төгрөгийн үнэ бүхий бараа, материал худалдан авагч “ЭИ” ХХК-д нийлүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримт, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний дагуу хэдэн төгрөгийн, ямар бараа материалыг хариуцагч талд нийлүүлсэн талаар тайлбар гаргаагүй ба түүний шүүхэд ирүүлсэн хавтаст хэргийн 10, 12 дугаар тал, 11 дүгээр талд авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зарлагын баримт, 13 дугаар талд авагдсан 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн зарлагын баримтууд болон хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 43-48 дугаар талд авагдсан баримтууд нь хэнээс хэнд, юунд зориулсан баримт болох нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухай хэрэгт хамааралгүй баримт гэж дүгнэв.

 

            Худалдагч “ОХХ” ХХК-иас худалдан авагч “ЭИ” ХХК-д нийлүүлсэн нийт 97.296.009 төгрөгийн үнэ бүхий бараа материалаас 110.500 төгрөгийн үнэ бүхий 442 ширхэг булан, 3.520.000 төгрөгийн үнэ бүхий 1600 ширхэг Ламинатан шал /паркет/-ийг гэрээний 7.1, 7.2-т зааснаар худалдан авагч хүлээн авахаас татгалзаж, худалдагчид буцаан олгосон болох нь хариуцагчийн тайлбар, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зарлагын баримтад “...буцаалт” гэж бичигдсэн баримтаар тогтоогджээ.

 

            Иймд худалдан авагч “ЭИ” ХХК нь хүлээн авсан 97.296.009 төгрөгийн бараа материалаас 3.630.500 төгрөгийн бараа материалыг чанарын шаардлага хангаагүй гэж буцаасан байх тул үлдэх 93.665.509 төгрөгийн бараа материалын үнийг худалдагч “ОХХ” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1, 7.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч “ЭИ” ХХК нь Худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан бараа материалын үнэд 93.665.509 төгрөг төлөхөөс 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 33.171.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 50.000.000 төгрөг, нийт 83.171.000 төгрөгийг нэхэмжлэгч “ОХХ” ХХК-д төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2015 оны 11 дүгээр сарын 07-ниы өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, хариуцагчийн тайлбаар нотлогдож байх тул үлдэх 10.494.509 төгрөгийг хариуцагч “ЭИ” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч “ОХХ” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн, Д.Эд холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.000.000 төгрөг гаргуулах тухай “ОХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Учир нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ХХАГ 15/15 дугаар “Худалдах, худалдан авах гэрээ”-г “ОХХ” ХХК нь Д.Этэй байгуулаагүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Д.Эөөс шаардах эрхгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭИ” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.494.509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.505.491 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Эд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “ЭИ” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10.494.509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.505.491 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “ОХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 233.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЭИ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182.862 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ОХХ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД