Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2018/00870

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00110 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: “Э” ХХК, Д.Э нарт холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 15 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Баатархүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э” ХХК нь “Б” 2 хорооллыг барьж байхдаа нэхэмжлэгчтэй 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ХХАГ 15/15 тоот худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу болон нэмэлт бараа нийлүүлсэн. Нэхэмжлэгч тал 2015 оны 12 дугаар сард сүүлийнхээ барааг нийлүүлээд тооцоогоо нийлж, үлдэгдэл төлбөрөө авъя гэхэд одоохон өгнө гээд өгөөгүй. Улмаар 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл өгсөн боловч ямар ч төлбөр хийгээгүй. Иймд ХХАГ 15/15 тоот гэрээний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг “Э” ХХК, Д.Э нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч Д.Э шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь  барилгын ажилд ашиглах зорилгоор материал худалдан авахаар “О” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 110 570 000 төгрөгийн материал худалдан авах гэрээ байгуулсан. Бид урьдчилгаа төлбөр 30% болох 33 171 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “О” ХХК-д шилжүүлсэн. Уг төлбөр шилжсэнээс хойш 14 хоногийн дотор буюу 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэхэд бид бүх материалаа бүрэн хүлээж авах ёстой байсан. Гэсэн ч материал чанарын шаардлага хангахгүй болон хугацаа алдаж гэрээний энэ дүнгээр материал аваагүй бөгөөд нийлүүлээгүй. “Э” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамгийн сүүлд материал хүлээж аваад үлдэгдэл төлбөр болох 50 000 000 төгрөгийг төлсөн. Ингээд НӨАТ-тай байгуулагдсан гэрээ бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК нь борлуулалт хийх бүртээ дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд татвараа тайлагнаад, татвар ногдуулж, НӨАТ нь орж ирэх ёстой байсан боловч материалынхаа НӨАТ-ыг ерөөсөө тайлагнаж өгөөгүй. Уг гэрээнээс паркетэн шал, блинтүс гэсэн хоёр бараа худалдан авах ёстой. Тэрнээс 83 852 000 төгрөгийн паркетэн шал авсан, мөн 11 900 000 төгрөгийн блинтүс авсан. Ингээд нийтдээ 95 752 000 төгрөг болж байна. Зөөлөвчийг гэрээнд заасны дагуу үнэгүй дагалдуулж өгсөн. Блинтүс нь шаардлага хангаагүйн улмаас буцаалт хийсэн учраас уг дүнгээс 3 520 000 төгрөгийг хасаад худалдан авалтын буцаалт хассан дүнгээс 8 384 728 төгрөгийн НӨАТ-ыг  шивж өгөөгүй. Ингээд буцаалт хийсэн блинтүсийн 3 520 000 төгрөгийг хасаад нийт 92 232 000 төгрөгийн бараа авсан. Үүнээс төлсөн төлбөрийг хасаад 8 561 000 төгрөг болж байгаа. НӨАТ нь 8 384 728 төгрөг болж байна. Энэ НӨАТ-ыг хасна. Хасаж тооцохоор зөрүү нь 176 272 төгрөгийг төлнө. Д.Э-ийн зүгээс гэрээ байгуулаагүй, иргэний хувьд үүрэг хүлээгээгүй, гэрээний үүргийг хариуцах этгээд биш. Мөн хавтаст хэрэгт 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтаар бараа хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Э” ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 494 509 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 505 491 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Э-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 233 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182 862 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “О” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх  нотлох баримтыг үнэлж чадсангүй, нэхэмжлэгчийн гарган өгсөн хавтаст хэргийн 10,11,12,13-р талд авагдсан нотлох баримтыг зайлшгүй үнэлэх учиртай байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10 цагаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралд оролцсон бөгөөд очиж амжаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заагдсанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан бол өнөөдөр мэтгэлцэх зарчим хангагдаж, улмаар хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэх боломжтой байсныг шүүх анхаарна уу. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй алдаа гаргасан боловч, нотлох баримтууд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Э ХХК, Д.Э нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигч 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орон сууцны шал, дагалдах хэрэгслүүд худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч хариуцагчид барилгын материал нийлүүлсэн, хариуцагч үнийг бүрэн төлөөгүй үйл баримтад маргаагүй. Гагцхүү ямар хэмжээний материал нийлүүлсэн, хэдэн төгрөг төлөх тухайд маргаантай байна.

 

Анхан шатны шүүхээс хэргийн 11 дүгээр талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зарлагын баримтыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, 13 дугаар хуудсанд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зарлагын баримт нь талуудын тайлбараар давхар нотлогдож байгаа гэж дүгнэн, нэхэмжлэгч нийт 97 296 009 төгрөгийн барааг нийлүүлсэн гэж үзсэн нь зөв байна. Үүнээс 3 520 000 төгрөгийн бараа буцаагдсан гэдгийг талууд зарлагын баримтад тэмдэглэсэн./ хх–ийн 11 дүгээр хуудасны тал/ Нийт 93 665 509 төгрөгийн бараа материалаас хариуцагчийн төлсөн 83 171 000 төгрөгийг хасч хариуцагчийн үүргийг 10 494 509 төгрөгөөр тодорхойлжээ.

 

Гэвч хэргийн 10 дугаар талд авагдсан 560 000 төгрөгийн баримтад зохигчдын гарын үсэг зурагдсан, тамга тэмдэгтэй, 12 дугаар хуудасны 927 000 төгрөгийн баримт нь мөн бараа хүлээн авагчийн болоод нэхэмжлэгчийн гарын үсэгтэй, хэргийн 13 дугаар хуудасны 2 070 000 төгрөгийн баримт нь мөн хэргийн талуудад, тухайн маргаанд хамааралтай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг 14 162 009 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын үнийн дүнд, мөн 2 дах заалтын улсын тэмдэгтийн хураамжийн хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2018/00110 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “10 494 509” гэснийг “14 162 009” гэж, “4 505 491” гэснийг “837 991” гэж, 2 дах заалтын “182 862” гэснийг “228 760” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 0000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД