Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 1910

 

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 08 өдөр  Дугаар 182/ШШ2018/01970 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НЗДд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.         

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, гэрч М.Б, Г.Л, Ш.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов.                                                                                  

 

  ТОДОРОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ааас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:  Миний бие нийт 17 жил улсад ажиллаж байгаа бөгөөд ямар нэг алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, санаачлагатай ажиллаж ирсэн. НЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б\144 дугаар захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон.  Намайг иргэдээс өргөдөл гомдол ирсэн гэдгээр шалтаглаж  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлаас халсан. 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн боловсролын газрын ажил хүлээлцэх тухай тушаал авчирч, миний ажлыг авах хүнтэй хамт ирээд ажил хүлээлцсэн. Гэтэл НЗД-ын захирамж 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Засаг дарга бид нарыг ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалыг гаргадаг боловч хөдөлмөрийн гэрээг Нийслэлийн Боловсролын газрын даргатай байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин шинэчлэн байгуулсан бөгөөд энэ нь хугацаагүй байсан юм. Тийм учраас 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн захирамж учраас энэ гэрээг мөрдөж баримтлах нь зүйтэй гэж үзээд урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар нэхэмжлэл гаргасан юм. Намайг Сангийн сайдын 266 дугаар тушаалыг зөрчсөн, Б.Б-ийг үндэслэлгүй ажлаас халж мөнгө олгосон, иргэдээс хууль бусаар хураасан мөнгөнөөс 9 442 500 төгрөгийг улавчид зарцуулсан, хууль бусаар зарцуулсан гэсэн. 2017 оны 09 дүгээр сард багш нар хоорондоо ярилцаж шийдвэрлэсний дагуу эцэг эхчүүдтэйгээ харилцан тохиролцоод ариун цэврийн хэрэгслүүд аяга таваг угаагч, агааржуулагч, угаалгын нунтаг зэргийг авсан. Эдгээр зүйлсүүд цэцэрлэгт байнга шаардлагатай, хэрэгцээтэй байдаг. 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Боловсролын газрын даргын удирдамжтай  ажлын хэсэг шалгалт хийхээр ирж нэлээдгүй хугацаанд бүх зүйлийг шалгасан. Хяналт шалгалт явуулах гэж байгаа хүмүүс өөрсдийн гэсэн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах зарчимтай ёс зүйтэй байх ёстой. Үүгээр ариун цэврийн хэрэглэгдэхүүн авсныг тогтоосон гэсэн, тэгээд уг зүйлсүүдийг  буцааж эцэг эхчүүдэд нь өг гэсэн даалгаврыг тэр даруйд нь  биелүүлээд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 112 тоот албан бичгээр байгууллагын үйл ажиллагааны талаарх тайлбар тайланг илтгэх хуудсаар нийт 52 хуудас баримтыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Зөрчлийг нэн даруй арилгасан тул үүнд арга хэмжээ авах нь үндэслэлгүй. Энэ нь цэцэрлэгийн үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт, онцлогтой холбоотой юм. Тийм учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дараагийн зөрчил гээд байгаа нь 2017 оны 08 дугаар сарын 16-нд багш Б.Б-ийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг гүйцэтгээгүй гэж үзэн ажлаас халсан. Гэвч шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосон болохоор тухайн ажилтанд нэхэмжилсэн мөнгийг нь шийдвэрийн дагуу олгосон. Үүнийг зөрчил гэж үзсэн бол арилгуулахаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Дараа нь дахиад Б.Б ажлаа хийхгүй хөдөлмөрийн гэрээг зөрчсөн тул мөн тушаал гарган ажлаас нь чөлөөлсөн, шүүхээс үүнийг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Энэ нь ажлаас халах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Дараагийн зөрчил нь иргэдээс хууль бусаар 9 сая төгрөг хурааж авсан зориулалт бусаар зарцуулсан гэдэг. Энэ бол хандив биш. Энэ бол эцэг эхчүүдтэй харилцан тохиролцоод гэрээ байгуулсан, цэцэрлэгийн дотоод зохион байгуулалтын ажил юм. Манайх цэцэрлэгийн зөвлөлтэй бөгөөд 05 дугаар сарын 05-ны өдөр хурал хийгээд зөвшилцөөд шийдвэр гарган эцэг эхтэй хамтарсан гурвалсан гэрээ байгуулаад, уг  гэрээнд улавчны мөнгийг бүтэн жилээр төвлөрүүлж авахаар заасан. Үүний учир нь улавчийг мөнгөөр худалдаж авдаг бөгөөд цэцэрлэгийн үйлчлэгч улавчийг эцэг эхчүүдэд худалдаад байх боломжгүй учраас ийм ажлыг зохион байгуулсан юм. Энэ мөнгийг нярав дээр төвлөрүүлдэг, бид “Манлай улавч” ХХК-тай гэрээ байгуулсны дагуу улавчийг худалдан авч үйлчилгээнд хэрэглэдэг.  Өглөөд эмч нь хэрэглээ, ариун цэвэр эрүүл ахуйд хяналт тавьдаг. Энэ нь бид нарын ажлыг хөнгөвчилсөн ажил бөгөөд  хүүхдүүдийг цэвэр, эрүүл орчинд байлгах цэцэрлэгийн дотоод зохион байгуулалтын ажил.  Энэ тухай тайлан тооцоог улирал, сар, жилдээ тайлагнадаг байсан. Холбогдох нотлох баримтуудыг хэрэгт өгсөн. Зориулалтын бусаар зарцуулаагүй, хувьдаа ашиглаагүй, цэцэрлэгтээ л зарцуулсан. Нярав тооцоо хийгээд тайлан гаргасан бөгөөд энэ тухай дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн Боловсролын хэлтэс, эцэг эхийн зөвлөл, ажилчид тайланг нь сонсож мэддэг нээлттэй ажил юм. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэдэг. Гэтэл хуулийн 17.2.-т “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага албан үүрэгтэй нь холбогдолгүй гуравдагч этгээдээс үзүүлж байгаа нийтийн албаны хэрэгцээнд, ажилтны сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, техникийн дэмжлэг зэрэг албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчилд оруулахгүй хандив, бусад санхүүгийн туслалцааг энэ хуулийн 17.1.-д заасан хязгаарлалтад хамаарахгүй бол авч болно” гэж  заасан байдаг. Би үүнийг баримталсан. Тийм учраас зөрчил биш бөгөөд ямар нэг байдлаар хувьдаа ашиглаж, хувийн ашиг сонирхлоор хэрэгжүүлсэн зүйл байхгүй. Манай байгууллагыг ирж шалгасан ажлын хэсгийн дүгнэлт өөрчлөгдсөн байсан. Нотлох баримтаар гаргаж өгсний дараа үзэхэд өөрчлөлт орсон байсныг олж мэдсэн. Ажлын хэсгийн манайд өгсөн дүгнэлтийг 209 дүгээр цэцэрлэгт эх хувиар хадгалсан байдаг бөгөөд үүнийг цэцэрлэгийн удирдах зөвлөлдөө, бүх ажилчдын хурал дээр танилцуулсан. Хэрэгт хариуцагчаас өгсөн дүгнэлт дээр эрхлэгчид арга хэмжээ авах  саналтай гэж нэмж бичээд оруулсан байсан. Уг шалгалтыг тус цэцэрлэгийн  багш, ажилчдаас ирүүлсэн өргөдөл гомдлоор явуулсан гэх боловч манай байгууллагын багш ажилчдаас хэн нь ч гомдол гаргаагүй байдаг. Нийслэлийн Боловсролын газрын даргын даалгавартай танилцуулах, зөвлөмжтэй танилцуулах, хөдөлмөрийн дотоод журамтай өөрчлөлт оруулах гэх мэт даалгаврыг биелүүлээд буцааж албан тоотоор хариу өгсөн. Иймд нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч даргаар удирдуулсан ажлын хэсэг дахин орж ирсэн, өмнө шалгасан зүйлүүдийг дахин шалгаж, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүгнэлтээ танилцуулсан, би зөвшөөрөхгүй байна гээд хариу тайлбарыг хавсаргаж, зураад өгсөн. 2018 оны 04 дүгээр сарын 30-нд дүгнэлтийг гардаж авсан. Энэ дүгнэлтэд арга хэмжээ авах талаар тусгагдсан байсан. Энэ бүгдийг цаг хугацааны хувьд авч үзвэл сүүлийн ажлын хэсгийн дүгнэлт 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан боловч НЗД-ын захирамж 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Мөн Нийслэлийн Боловсролын газрын даргын санал 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр НЗДд хүргэгдсэн байдаг. Захирамжаасаа хойно хүргэгдсэн санал байдаг юм уу, энэ мэт илт алдаатай зүйлүүд байдаг. Мөн хариу тайлбарт тушаалд дурдаагүй олон зүйл заалтыг нэмж оруулсан байна. Ажлын байрны тодорхойлолтыг захирамжид тусгаагүй байж хариу тайлбарт тусгасан байна. Энэ мэт хоорондоо уялдаагүй зүйлүүд байна. Иймд миний бие хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргаагүй тул цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд минь эгүүлэн тогтоож өнөөдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт татвар, шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд НЗД-ын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/34 дүгээр захирамжаар томилогдож, хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлж ажилласан. Цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухайд хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Авилгын эсрэг хуулийн 4.1.2., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4.-д тус тус зааснаар нийтийн албан тушаалтан юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.-д нийтийн албан тушаалтанд тавигдах ёс зүйн шаардлагыг заасан. 2017 оны 09 дүгээр сард ажлын хэсэгт гомдол ирсний дагуу Нийслэлийн Боловсролын газраас тус цэцэрлэгт шалгалт явуулсан бөгөөд үүний үр дүнд 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/266 тоот тушаалын хавсралтаар батлагдсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхээс нэг хичээлийн жилийн хэрэглэгдхүүнд тусгаагүй буюу ариун цэврийн хэрэглэлийг хураасан зөрчил гаргасан нь тогтоогдсон. Ажлын хэсгээс тус хэрэглэгдэхүүнүүдийг буцааж өгөх талаар үүрэг, чиглэл өгсөн. Мөн НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А\826 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан удирдамжийн дагуу тус цэцэрлэгт хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Энэ хоёр шалгалт нь өөр юм. Энэ шалгалтаар Төрийн албаны тухай хуулийн 40.1.-д заасныг зөрчиж  багш Б.Б-ийг буруу шийдвэр гаргаж ажлаас халсны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу 2 231 548 төгрөгийн цэцэрлэгийн төсвөөс гаргаж байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, иргэдээс хууль бусаар 9 442 500 төгрөгөөс 4 067 500 төгрөгийг нь улавч худалдан авахад зарцуулаад үлдсэнийг нь зориулалтын бусаар зарцуулсан ноцтой зөрчил гаргаж сахилгын зөрчил гаргасан нь ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15.2.-т “ Хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглоно”,  17.1.-д “Албан тушаалтан, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хориглоно...”, 17.3.-д “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэсэн,  Боловсролын тухай хуулийн 40.7.-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн. Нэхэмжлэгчтэй анх 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд хууль тогтоомжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэ хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож талуудын эрх үүрэг, хүлээх хариуцлага ноцтой зөрчлийг тодорхой заасан. Тус хөдөлмөрийн гэрээгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг гүйцэтгэхээр, гэрээний 5.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг мөрдөж ажиллана”,  6.3-д  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийн үндэслэлүүдийг тус тус тодорхой заасан байдаг. Энэ үндэслэлээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б\45 тоот НЗД-ын захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.4.-д заасныг үндэслэл болгоод мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4., 40.1.5., 131.1.3., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.2.3., 15.2., 17.1., 17.3., 29.2.,  Боловсролын тухай хуулийн 30.1.15., Төрийн албаны тухай хуулийн 9.1., 11.5., 11.6., Хөдөлмөрийн гэрээний 2.3,  6.2.6,  6.2.10,  7.1,  7.2-т заасныг тус тус баримталж захирамжилсан. Засаг даргаас хөдөлмөрийн гэрээний энэ заалтууд нь алдаатай болсон тул 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б\164 дугаар захирамжаар илэрхий алдааг зассан бөгөөд үүнд хөдөлмөрийн гэрээний 2.3 гэснийг 2.2 болгож, 6.2.6 гээд заасан ноцтой зөрчлийг 6.3-д заасан ноцтой зөрчил болгож өөрчилсөн. Энэ нь агуулгад өөрчлөлт ороогүй бөгөөд зөвхөн үндэслэх хэсгийн хөдөлмөрийн гэрээний заалтад өөрчлөлт орсон. Энэ хэсгийг нэхэмжлэгчид өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гардуулж өгсөн боловч хүлээж авахаас татгалзсан. Энэ захирамжийг уншиж, танилцаж мэдсэн болно. Энэ тухай тэмдэглэлийг мөн үйлдсэн. Ингээд сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Аын хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Зөрчлүүдийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ажлын хэсэг шалгаад илрүүлсэн. Үүнд: Сайдын журам зөрчиж хураасан эд зүйл нь аяга таваг угаагч  100 ширхэг, угаалгын нунтаг 106 ширхэг, хивс цэвэрлэгч 100 ширхэг, агааржуулагч 91 ширхэг, барааны саван 1 ширхэг зэрэг жагсаалтад байхгүй зүйлс байсан бөгөөд эдгээрийг зургаар баталгаажуулсан. Үүнийг нуусан байсныг илрүүлж буцааж тараах чиглэл өгсөн. Энэ зөрчилтэй холбоотой нэхэмжлэгч нь тухайн үед тайлбар гаргаад хүлээн зөвшөөрсөн, үүнийг ч өнөөдөр үгүйсгэхгүй байна. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжаар ажлын хэсэг гомдол мэдээллийн дагуу шалгасан. Энэ нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байсан бөгөөд шалгаад зөрчлүүдийг тогтоосон. Үүнд: эцэг эхчүүдээс хурааж авсан улавчны мөнгө хууль бус байна гэдгийг тогтоогоод нэхэмжлэгчид танилцуулаад өөрөөс нь тайлбар авсан. Эцэг эхчүүдээс хууль бус төлбөр мөнгө авахгүй байх талаар НЗД, Нийслэлийн Боловсролын газар, Авилгатай тэмцэх газраас удаа дараа зөвлөмж, чиглэлийг өгч сургалт семинар зохион байгуулсан боловч үүнийг хэрэгжүүлж ажиллаагүй байдаг. Хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, дээд шатны байгууллагын чиглэл, албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгасан байдаг. Эдгээрийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б45 дугаар захирамжаар сахилгын шийтгэлийг ногдуулж, ноцтой зөрчил тогтоогдсон, сахилгын зөрчил давтан үйлдсэн байгаа нь харагдаж байгаа юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2.-т заасан хугацаанд байгаа юм. Боловсрол, соёл шинжлэх ухааны Сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А\266 тоот тушаалаар баталсан журмыг зөрчөөд байхгүй эд зүйлсийг  хурааж авсан байдаг. НЗД-ын захирамж хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                       

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч НЗДд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч НЗД нь үл зөвшөөрч Ц.А  нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээснэг хичээлийн илд бэлтгүлэх сургалтын хэрэглэгдхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-д тусгагдаагүй хэрэглэгдхүүн хураасан,  Ц.Б-ийг буруу шийдвэр гарган ажлаас халж, шүүхийн шийдвэрээр 2 230 548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс олгож, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, иргэдээс хууль бусаар хураасан 9 442 500 төгрөгөөс 4 067 500 төгрөгийг улавч авахад зарцуулан үлдэх хэсгийг зориулалт бусаар зарцуулж ноцтой зөрчил, сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7., Нийтийн албанд нийтийн болонхувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2., 17 дугаар зүйлийнг 17.1., 17.3.,  хөдөлмөрийн гэрээний 1.2, 5.2, 6.3-д заасныг зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан үндэслэл болсон, НЗД-ын “Ажлаас халах тухай” Б/45 тоот захирамж хууль зөрчөөгүй гэж тайлбарлан маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1.Нэхэмжлэгч Ц.А нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 19-ний  өдрийн  Б/45 тоот “Ажлаас халах тухай” захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нь дээрх ажил олгогчийн шийдвэр, Ц.А болон Нийслэлийн Боловсролын газрын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1603/ЦЭ011 тоот хөдөлмөрийн гэрээ, 0131858 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

2.Ажил олгогч НЗД-ын дээрх тушаалд Ц.Аыг Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  А/266 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-д тусгагдаагүй хэрэглэгдхүүн хураасан,  Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасныг зөрчиж, Ц.Б-ийг ажлаас халсан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож,  2 230 548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс олгосон, иргэдээс хууль бусаар хураасан 9 442 500 төгрөгийг  зориулалт бусаар зарцуулсан зэрэг ноцтой зөрчил гаргасан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж үзэн Хөдөлмөрийн тухай хулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.,  40.1.5., хөдөлмөрийн гэрээний 2.3, 6.2.6, 6.2.10, 7.1, 7.2-т  заасныг  үндэслэжээ.

 

3.Нийслэлийн Боловсролын газар болон Ц.А нарын хооронд байгуулсан 2016 оны 1603/ЦЭ011 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д “Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 6.2.10-т “Сургуулийн эдэлбэр газрыг бусдад хууль бусаар эзэмшүүлэх, эрх шилжүүлэхэд санаачлан оролцсон”  гэж тус тус заан дээрх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор тодорхойлсон байна.

 

4.Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан 2017 оны 09 дугаар сарын 11-ний өдрийн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дугаар цэцэрлэгийн удирдлагын үйл ажиллагааны талаар багш, ажилчдаас ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн удирдамж”-ын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн 209 дүгээр цэцэрлэгийн удирдлагын зохион байгуулалт, ёс зүй, санхүүгийн зөрчилтэй холбоотой гомдлыг хянан шалгаж 2017 оны 09 дугаар сарын 20-нд “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт”-г гаргажээ.

Хэрэгт, хариуцагч талаас гаргасан баримтын “Ажлын хэсгийн дүгнэлт” гэсэн хэсэгт 6 зөрчлийг заасан, “...дараахь арга хэмжээний санал гаргаж байна...” гэж бичигдсэн, нэхэмжлэгч талаас гаргасан баримтын “Ажлын хэсгийн дүгнэлт” гэсэн хэсэгт 5 зөрчлийг зааж, “...дараахь санал, дүгнэлт  гаргаж байна...” гэж бичигдсэн  2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт 2 өөр дүгнэлт авагдсан байна.

Дээрх 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр /2 өөр дүгнэлтийн аль алинаар нь/ цэцэрлэгийн эрхлэгч Ц.Аыг

Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”-ын 2.6, 2.7, 3.13-д заасныг зөрчсөн,

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 56/64 тоот тушаалаар батлагдсан  “Үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.4, 2.7, 2.8-д заасныг зөрчиж эцэг эхчүүдээс бүтэн жилээр хураасан 1 удаагийн улавчны мөнгийг нярав М.Б-д бэлнээр хадгалагдсан, 

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7.-д заасан “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэснийг зөрчиж, эцэг эхчүүдээс байнга, хууль бус татвар, хураамж авсан,

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  А/266 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-д тусгагдаагүй хэрэглэгдхүүн хивс цэвэрлэгч, агааржуулагч хураасан,  ажлын байранд мөрдөх хууль тогтоомж, журам, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй,

 Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3.-т заасныг зөрчсөн ойлгомжгүй, тодорхойгүй тушаал гаргасан гэсэн зөрчлүүдийг үйлдсэн нь илэрсэн гэж үзжээ.

 

5. Мөн НЗД-ын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжийг үндэслэн НЗД-ын орлогчийн баталсан 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн удирдамжаар 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт”-г гаргасан байна.

Уг дүгнэлтээр 2016-2017 оны хичээлийн жилд урсгал засвар хийхээр 2 930 000 төгрөгийг бэлнээр, коктейлийн үнэ 1 447 000 төгрөгөөс 1 335 000 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, 2017-2018 оны хичээлийн жилд 1 хүүхэд өдөрт 4 улавч хэрэглэхээр тооцон нийт 357 хүүхдээс 9 442 500 төгрөгийг хураан авсан, бэлэн мөнгөний тайлан гаргадаггүй нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7., Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2., 17 дугаар зүйлийнг 17.1., 17.3., Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагад мөрдөгдөх кассын ажиллагааны журам”-ыг мөрдөөгүй,

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 53 тоот тушаалаар багш Ц.Б-ийг буруу шийдвэр гарган ажлаас халсан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2347 дугаартай шийдвэрээр тогтоогдож, Б.Б-д 2 230 548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс гарган олгосон нь байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, үрэгдүүлсэн зөрчилд  хөдөлмөрийн гэрэний 6.2.6-д заасан хариуцлага тооцох,

Хууль бусаар хураасан улавчны үнэ 9 442 500 төгрөгийн 4 067 500 төгрөгийг улавч худалдан авахад, 2 042 600 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан, 3 332 400 төгрөг касст байхаас  232 000 үлдэж, 3 100 400 төгрөгийг дутаасан зөрчлийг давтан гаргасан тул Ц.Ад  сахилгын шийтгэл ногдуулах саналтай гэж дүгнэжээ.

 

6.Хариуцагч НЗДас нэхэмжлэгч Ц.Аыг ажлаас чөлөөлсөн Б/45 тоот тушаалын үндэслэл болгосон буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буруутгасан зөрчлүүдийг авч үзвэл:

а/. Хэрэгт авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хан-УУл дүргийн 209 дүгээр цэцэрлэгээс Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн тайлбар, 209 дүгээр цэцэрлэгийн нийт 10 бүлгээс ариун цэврийн хэрэгслийг  буцаан олгосон тухай 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн баримтууд, гэрэл зургууд, гэрч М.Б, Г.Л, Ш.Эг нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд тус цэцэрлэг нь 2017-2018 оны хичээлийн жилд хэрэглэхээр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  А/266 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг, эхээс нэг хичээлийн жилд бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт”-д тусгагдаагүй хэрэглэгдхүүн болох аяга таваг угаагч 100 ширхэг, хивс цэвэрлэгч 100 ширхэг, агааржуулагч 91 ширхэг, барааны саван 1 ширхэг, угаалгын нунтаг 106 ширхгийг тус тус нэмж хураасан болох нь зохигчдын тайлбар, Нийслэлийн Боловсролын газрын  ажлын хэсгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт, дээрх баримтуудаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.А нь 2016 оны 1603/ЦЭ011 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан “...ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэх ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.

Дээрх хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг Нийслэлийн Боловсролын газрын  ажлын хэсгийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр илрүүлсэн байх бөгөөд уг зөрчилд НЗД-ын 2018 оны 03 дугаар сарын 19-ний  өдрийн  Б/45 тоот  захирамжаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “Сахилгын зөрчил...илрүүлснээс хойш 1 сарын дотор...сахилгын шийтгэл ногдуулна” гэсэнтэй нийцээгүй байна.

 

б/. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дүгээр сарын 31-ний өдрийн 2347 дугаар шийдвэрээр 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/53 тоот тушаалаар багш Б.Б-ийг ажлаас нь үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэн түүнийг бүлгийн багшийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 230 548 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан олгож шийдвэрлэжээ.

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэн Б.Б-ийг бүлгийн багшийн ажилд томилон, 2 230 548 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн болох нь 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 тоот “Б.Бат-Эрдэнийг багшийн ажилд эгүүлэн томилох тухай”, 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/02 тоот “Б.Б-д нөхөн олговор олгох тухай” тушаалуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн захирамжаар томилогдсон ажлын хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт”-д Б.Б-ийг буруу шийдвэр гаргаж, ажлаас чөлөөлөн, 2 230 548 төгрөгийг цэцэрлэгийн төсвөөс олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д заасныг зөрчиж төсөвт хохирол учруулсан, байгууллагын хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн гэж үзэж хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан хариуцлагыг тооцох саналтай талаар заасан байна.

Гэвч дээрх үйлдлийг талуудын хооронд байгуулсан 2016 оны 1603/ЦЭ011 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд  хамааруулах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж зөрчин ажилтныг ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд цалинтай тэнцэх олговрыг олгосон нь хөдөлмөрийн гэрээнд заасан тухайн байгууллагын нэр хүнд, эрх, ашиг сонирхолд нөлөөлөх сөрөг үр дагаварыг бий болгосон хөдөлмөрийн гэрээний харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болох үндэслэлгүйн дээр талууд дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор 2016 оны хөдөлмөрийн гэрээндээ нарийвчлан тохиролцож тодорхойлоогүй гэж үзнэ.

Иймд ажлын хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт” нь нэхэмжлэгч Ц.Аыг дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлийг нотлохгүй болно.

 

в/. Хариуцагч тал нь Ц.Аыг иргэдээс хууль бусаар хураасан 9 442 500 төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан ноцтой зөрчил гаргасан нь  тогтоогдсон гэж буруутган  ажлаас чөлөөлөх нэг үндэслэл болгосон байна.

 Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн захиргаа нь 2017-2018 оны хичээлийн жилд эцэг, эх асран хамгаалагчтай тохиролцон хүүхдийг эрүүл аюулгүй сурч хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэх, хүүхдийн сурлага, хүмүүжил, хүүхдийн хөгжилийн стандартыг хэрэгжүүлэхэд эцэг, эх, асран хамгаалагчаас тавих анхаарал, хариуцлагыг дээшлүүлэх, цэцэрлэгийн захиргаатай хамтран ажиллах зорилгоор  гурвалсан гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаагаар байгуулж, гэрээг бүх анги бүлгийн эцэг, эх нарт танилцуулжээ.

Уг гэрээний 5.14-т эцэг эх, асран хамгаалагч нь  “Хүүхдийн ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангасан нэг удаагийн улавчийг хэрэглэх ба түүний зардалыг бүрэн хариуцах, жилээр нь тооцоог хийх”  гэж заасан байна.

Мөн 209 дүгээр цэцэрлэг нь 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай “Манлай улавч” ХХК-иас нэг бүр нь 30-40 төгрөгийн үнэтэй улавч худалдаж авахаар “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан байх ба гэрээний 1.2-т зааснаар талууд гэрээг цуцлаагүй тохиолдолд уг гэрээний хугацааг дахин 1 жилээр сунгасанд тооцохоор тохиролцсон байна.

Дээрх гэрээний дагуу 2017-2018 оны хичээлийн жилд хэрэглэх улавчны үнэд тус цэцэрлэгийн 10 бүлгийн 357 хүүхдээс нийт 9 442 500 төгрөгийг хураан авч 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ажлын хэсгийн дүгнэлт гарах үеийн байдлаар  4 067 500 төгрөгийн нэг удаагийн улавч худалдан авсан болох нь 209 дүгээр цэцэрлэгийн кассын орлогын ордерууд, “Манлай улавч” ХХК-ийн зарлагын баримтууд, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  “Манлай улавч” ХХК болон 209 дүгээр цэцэрлэгийн хооронд байгуулсан “Худалдах худалдан авах гэрээ” зэргээр нотлогдсон.

Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтын дагуу цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл аюулгүй сурч хүмүүжих, хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэх шаардлагын хүрээнд тухайн цэцэрлэгт шаардлагатай санхүүгийн болон материаллаг нөөцийг хангах, ажил зохион байгуулах үүргээ хэрэгжүүлэн дээрх 9 442 500 төгрөгийг зарцуулсныг хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчилд тооцох боломжгүй юм.

Нөгөө талаар энэ үйлдэл нь 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн боловсролын газрын “Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар хамт олноос ирүүлсэн өргөдөл гомдлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлт”-ээр илэрснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан хугацааг хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

 

7.Нийслэл дэх Төрийн аудитын газраас Хан-Уул дүүргийн 209 дүгээр  цэцэрлэгийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар тус цэцэрлэгийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, холбогдох хууль, заавар, журмыг мөрдөж, анхан шатны бүртгэлийг бүрэн хөтөлсөн, улирлын болон жилийн санхүүгийн тайлан тэнцэл, төсвийн гүйцэтгэлийн мэдээг цаг хугацаанд нь чанартай бүрэн гаргаж өр авлагагүй ажилласан гэж үзэн “Зөрчилгүй” гэж  дүгнэсэн болох нь  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 02/1073 тоот албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/160 тоот захирамж, түүний 1 дүгээр хавсралт, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/82 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан 209 дүгээр цэцэрлэгийн “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээний биелэлт дүгнэх хуудас”, 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Аын эд хөрөнгийн ашиглалтын карт  зэрэг баримтаар нотлогджээ. 

Үүнээс үзэхэд Ц.А нь ажил олгогчийн итгэлийг алдсан ямар буруутай үйлдэл, эс үйлдлийг хэдийд үйлдсэн, уг үйлдэл нь санхүүгийн болон хяналтын эрх бүхий ямар байгууллагын шалгалтаар тогтоогдсон нь тодорхойгүй буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан үйлдэл гаргасан талаар хэрэгт баримтгүй байна.

 

8.Нийслэлийн боловсролын газар нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ц.Атай ЦЭ2018/52 тоот хөдөлмөрийн гэрээг шинэчлэн  байгуулсан байх ба уг гэрээний 6.3.8-д “Санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон, хандивын мөнгө, өөрийн үйл ажиллагааны орлогыг төрийн сан, банкаар дамжуулалгүй зарцуулсан” гэж, 6.3.13-д “ Багш суралцагчаас хууль бус төлбөр, хураамж авсан, тулган шаардсан, үүрэг чиглэл өгч зохион байгуулсан, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй”, 6.3.10-т “ Хууль бус шийдвэр гаргасны улмаас төсөвт хохирол учруулсан” бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ноцтой зөрчилд тооцохоор заажээ.

Нэхэмжлэгчийг буруутгасан, ажил олгогчийн шийдвэрт тодорхойлсон зөрчлийг гаргах үед талуудын хооронд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЦЭ2018/52 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байсан бөгөөд НЗД нь Ц.Аыг ажлаас чөлөөлөхдөө тухайн үед мөрдөж байсан 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1603/ЦЭ011 тоот хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.10 дахь заалтуудыг үндэслэсэн байх тул 2018 оны ЦЭ2018/52 тоот хөдөлмөрийн гэрээний заалт дээрх үндэслэлүүдэд хамаарахгүй болохыг дурдаж байна.

 

9.Нийслэлийн Боловсролын газраас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01/297 тоот албан бичгээр 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3.-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг хүргүүлсэн байх ба түүнээс өмнө 2018 оны 03 дугаар сарын 19-нд хариуцагч Нийслэлийн Засаг даргын Б/45 тоот захирамжийг гаргасан нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн  30.1.15.-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн…, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, … аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэнтэй  нийцээгүй байна.

 

10. Нийслэлийн Боловсролын газрын даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/87 тоот тушаалаар ажил хүлээлцүүлэх комисс томилж, Ц.Аын ажлыг хүлээж авсан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцох тул  нэхэмжлэгч Ц.А  нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-д заасныг зөрчөөгүй байна.

 

11.Хариуцагч талаас гаргасан, “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар,  Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 02 тоот албан даалгавар, Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/288 тоот “Албан даалгаврын хэрэгжилтийг хангах тухай” тушаал, “Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн 2017 оны төсвийн зарлагын хуваарь, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/164 тоот “Захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЦЭ2018/52 тоот талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд нь  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэлийг нотлохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

 

            12. Иймд нэхэмжлэгч Ц.А нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх, 40.1.5.-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажил олгогчийн Б/45 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

13.Хариуцагч байгууллагын  санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тодорхойлолт болон нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг 898 602 төгрөгөөр тооцон тодорхойлж, ажилгүй байсан 2018 оны 05 дугаар сарын 24-нөөс 2018 оны 10  дугаар сарын 08-ныг хүртэл ажлын 90 хоногийн цалинтай тэнцэх олговорт 3 676 140 төгрөгийг хариуцагч байгууллагаас гарган нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д “Ажил олгогч болон ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж, 46.2.-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл, татвар, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж  баталгаажуулахыг хариуцагчид даалгав.

 

Дээрх нөхцөл байдлуудаас, нэхэмжлэгч Ц.Аыг урьд эрхэлж байсан 209 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73 768 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.1.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Аыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 209 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3 670 140  төгрөгийг хариуцагч НЗДас гаргуулж Ц.Ад  олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, татвар, хураамжийг тооцон, Ц.А-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч НЗДд даалгасугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч НЗДас улсын тэмдэгтийн хураамжид 73 768 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ж.БАЙГАЛМАА