Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2061

2018 оны 10 сарын 17 өдөр         Дугаар 182/ШШ2018/02061                 Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Н.Баярмаа, Т.Наранцогт нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэг Б.У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “М Н” ХХК-д холбогдох,

Нэр,  нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийнхээ хэлбэр хэмжээгээр нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулсан залруулга гаргахыг даалгуулах, эдийн болон эдийн бус хохиролд нийт 100 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-нд хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, иргэдийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Маралмаа нар оролцов. 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Угаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  М.Б-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Өнөөдөр” сонины 2 дугаарт түүний зургийг нь тавьж 2 гарчиг бүхий нийтлэлийг гаргасан. “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ” гэсэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нийтлэлд нийтлэлд: “Бишрэлт” гэх нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр “Н”, “Э з” гэх 2 компанийг ...одоогийн эзэмшигчид нь хууль бусаар залилан авсан гэж...өргөдөл гаргасан юм байна...Б.У тэргүүтэй “Б” группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ. Тухайлбал дээрх газарт нотариатаар батлуулаагүй бичиг баримтыг авах ёсгүй атал “Б”-ийнхний өгсөн тийм баримтад тулгуурлан гэрчилгээ олгосон гэнэ...Нэхэмжилж буй “Нью даниста рөүд энд констракшн”, “Э з” гэсэн компаниа УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй байдаг юм билээ...2016 онд гаргасан дээрх мэдүүлэгтээ 1 015 000 000 төгрөгийн орлоготой...26 компанийн хөрөнгө оруулагч гэдгээ бүртгүүлсэн...Тэдний дунд нэхэмжилж буй  2 компанийн нэр дурдаагүй юм...” гэж, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн нийтлэлдээ “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж... “Б” группийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой мэдэх хүн алга...УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр тус банкны захирал А.А нь энэ оны 08 дугаар 17-нд “Э з” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт  бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу, шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ. Үүнд нь тус газрын дарга Р.С тусалсан...Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Э з” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж, хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн...2016 оны 12 дугаар сараас эхлэн “Эрдэнэ зам” ХХК “Капитал” банканд их хэмжээний зээлийн өртэй хэмээгээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн гэх...Харин УИХ-ын гишүүн Б.У болон түүний нөхөр, “К” банкны захирал А.А нар 2017 оны 08 дугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна...” гэж гаргасан. Гэвч эдгээр дурдсан зүйлүүд нь огт үндэслэлгүй бөгөөд Б.Угийн нэр төрд халдсан. Учир нь “Э з” ХХК-ийг 2014 онд хувьчлалын замаар “Б” ХХК нь өөртөө шилжүүлж аваад 2015 оны 10 сард “Н” ХХК гэдэг компанид шилжүүлээд дараа нь 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яригдаад байгаа н.Ө гэдэг хүний хувьд шилжүүлсэн. Б.У нь 2016 оны 06 сард УИХ–ын гишүүнээр томилогдсон ба энэ хугацаанд Б.Угийн нэр дээр бүртгэлтэй байгаа компаниудын эзэмшилд байгаагүй бөгөөд “Э З” гэдэг компани нь Өлзийдүүрэн гэдэг хүнд шилжсэн байсан.  Үүнээс хойш н.Ө нь маргаан үүсгээд,  болзолт хэлцлийн хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр буцааж шилжүүлсэнтэй холбоотой маргаан байдаг. Үүнд Б.Угийн зүгээс ямар нэгэн байдлаар хувийн болон албаны нэр нөлөө бүхий байдлыг ашиглаад “Э з” ХХК-ийг хууль бусаар “Б” ХХК болон өөрийн эзэмшилдээ хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан зүйл байдаггүй. Энэ агуулгатай, дүрс зураг бүхий нийтлэлийг хэвэл мэдээллийн хэрэгслүүд “Өнөөдөр” сониноос авч “Паппараци”, “Масс”, “Нью аженси” гэх мэт олон сайтууд хуулбарлан нийгэмд тараасан. Энэ нь тухайн үеийн гаргасан сонин болон сайт дахь хүмүүсийн сэтгэгдлээс харахад нөлөө бүхий хүн хуурамчаар баримт бүрдүүлээд ийм зүйлсийг авсан байна гэсэн сэтгэгдлийн олон нийтэд төрүүлсэн байдаг. Захиргааны хэргийн шүүх, цагдаагйин байгууллагад маргаан байгаа нь үнэн. Гэхдээ энд “Б” ХХК, “Э з” ХХК, иргэн н.Ө, “Б” ХХК-ийн захирал А.А гэсэн 4 бие даасан этгээдүүдийн хоорондох эрүү, иргэн, захиргааны хэргийн маргаанууд байгаа. “Э з” ХХК-ийг хэн эзэмших вэ гэдэг асуудалтай холбоотой маргаанд Б.Уг хамааруулж байгаа нь ойлгомжгүй байна. Б.У нь Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар албан тушаалтан ашиг сонирхлын мэдүүлгээ гаргасан. ”Э з”, “Н” ХХК нь Б.Угийн хөрөнгө орлоготой ямар ч хамааралгүй. ”Э з” ХХК-ийг  2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр н.Өлзийдүүрэнд шилжүүлж өгөөд явсаар байгаад 2017 оны 08 сарын 17-ны өдөр “Бишрэлт групп” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэл дээр бүртгүүлж гэрчилгээ авсан. Хариуцагч нь “Б”, Б”  ХХК-дийг хольж хэлээд байна. Ундармаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах 2016 оны 07 сарын үед болон 2017 оны 02 сарын 15-ны үед “Э з” ХХК-ийн хувьцаа болон түүний хөрөнгө нь Б.У, түүний нөхөр А-ын эзэмшил, мэдэлд байгаагүй нь нотлох баримтаар харагдаж байна. Одоо бол мэдүүлэгт тусгах боломжтой. Б.У гэдэг хүн хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгсөн гэсэн шууд агуулгыг нийтлэлүүд илэрхийлж байна. Хариуцагчийн тайлбараар Ариунболд, Өлзийдүүрэн гэдэг 2 хүний хооронд  маргаан үүсэж, тэр нь А.А нөхөр нь учраас Б.Утай хамааралтай гэж нэгтгэж тайлбарлаж байгаа нь өөрөө худал мэдээлэл болгож, агуулгыг алдагдуулж байгаа юм. Б.У нь эрүүгийн хэрэгт хохирогч, сэжигтэн, яллагдагч, гэрч гэх мэтээр оролцоогүй, захиргааны хэргийн шүүхэд болон иргэний хэргийн шүүхэд ямар нэг хэргийн оролцогч биш.  Нэр гэдэг нь зөвхөн бие хүнийг тодорхойлдог учраас гэр бүлийн бусад гишүүд иргэний эрхийг эдэлж байгаатай холбогдуулан тэр хүнийг буруутгаж болохгүй. Бүх нийтлэл дээр Б.Угийн зургийг нийтэлсэн бөгөөд хүний дүрс ашиглах эрхийг ч  Иргэний хуулиар хамгаалсан байдаг. Иргэний хуулийн 21.5.-д хүний дүрсийн эрхийг зөвшөөрөлгүй ашиглах юм бол түүнээс учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээнэ. Дээрх нийтлэлүүд нь иргэн Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрд хохирол учруулсан байна гэж үзээд гэм хорын хохиролд тооцон 100 000 000 төгрөг нэхэмжилсэн.  Үүнийг “Өнөөдөр” сонины өөрийнх нь лавлагаа,  “Монгол шуудан” ХК, “Хэвлэлийн хүрээлэн” ТББ-ын  лавлагааг баримталж тооцсон. “Өнөөдөр” сонин нь 21 аймагт улс даяар борлуулалт хийгддэг ба 2017 онд нийт борлуулалт нь 2 128 000 ширхэг буюу нэг өдрийн хэвлэлийн дундаж борлуулалтын тоо нь 7 000 ширхэг байна гэсэн. Энэ нь “М Н” ХХК-ийн өөрсдийнх нь тодорхойлсон тоо байдаг. Үүнд 1 өдрийн борлуулалтын тоо 7 000 ширхэг бөгөөд нийтлэл 2 өдрийн дугаарт гарсан тул Б.Утай холбоотой нийтлэл 14 000 ширхэг цаасан хэлбэрээр тархсан гэж үзээд, 1 ширхэг сонин нь 1500 төгрөгөөр тооцоход 21 000 000 төгрөг болсон. Энэ  нь зөвхөн Б.Угийн нэр төрийг гүтгэсэн, гутаасан мэдээлэл тараасны төлөө “М Н” ХХК-ийн олсон орлого ба үүнээс болж Б.У сэтгэл санааны хохирол учирсан тул тус орлогыг 2 дахин  нэмж 42 000 000 төгрөг гэж тооцсон.  “Өнөөдөр” цахим сонины сайтаар захиалга хийдэг ба хүмүүст сарын турш цаасан хэвлэлд нийтлэгдсэн мэдээллийг цахимаар илгээдэг. Үүний борлуулалтын тоог “М Н” ХХК нь 2 нийтлэл гарсан дугаар нь нийт 290 ширхэг захиалагдсан байна гэсэн тул цахим сонины 1 дугаар 5 100 төгрөг гэж тооцон  290 ширхэг гэж бодохоор 1 500 000 орчим төгрөг болдог. Үүнийг бид 10 дахин нэмэгдүүлж 15 000 000 төгрөгөөр тооцсон.  Өөрөөр хэлбэл цахим сонин нь цаасан сониноос илүүгээр бусдад тараагдаж олон нийтэд түгэх нь хялбар байдаг. “Өнөөдөр.мн” сайтад энэ мэдээлэл 2 өдөр тавигдсан. Тухайн өдрийн тухайн мэдээлэлд хандсан нийт хандалт нь 150 ширхэг байна гэдэг тоог “М Н” ХХК-иас гаргасан. Уг нийтлэлийг “Өнөөдөр.мн” сайтаас гадна “мэдээ.мн”, “аптаун.мн”, “масс.мн”, “паппараци.мн” гэх 4 том сайт шууд хуулбарлаж тараасан. Бид нар “Өнөөдөр.мн” сайтаас бусад бүх сайтуудад гомдол гаргасан боловч тэдгээр нь  бүгд залруулгаа гаргаж уучлалт гуйсан. Дээрх сайтуудаар дамжуулаад тухайн сайтын хэрэглэгчдэд энэ мэдээлэл хүрсэн тул нэг сайтад 5 000 000 төгрөгөөр тооцон,  25 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Б.У нь эрх зүйн туслалцаа авах шаардлагатай болж  гэрээ байгуулагдсан, мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргасан бөгөөд өмгөөллийн хөлсөнд 8 000 000 төгрөг төлсөн. Иймд  хариуцагч “М Н” ХХК-д  нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж тараасан арга хэрэгслээр залруулж уучлалт гуйхыг даалгах,  гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч “М Н” ХХК-иас шүүхэд гарагсан болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч  Б.Угийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13, 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаарт гарсан нийтлэл, мэдээлэл нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй биш бөгөөд бодитой өрнөж байгаа маргаан, үйл явдалтай холбоотой мэдээлэл болно. Уг мэдээллийг нийтлэхдээ ор үндэсгүй, худал зүйл бичээгүй, аль нэг талын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго огт агуулаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд нийгэмд болж өрнөж байгаа үйл явдлыг нь олон нийтэд хүргэсэн. Нэхэмжпэгч талын нэхэмжлэлдээ бичсэн, маргаж буй хэсэгт нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй, ердийн мэдээлэл багтсан байна. Тухайлбал, “... Б группийн 26 компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг ... үүнд нь тус газрын дарга Р.С тусалсан ... Б-ийн гэх нэрээр олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ ...” гэсэн мэдээлэл нь хүний нэр төр, ажил хэргийг гутаасан шинжгүй, өнөөдөр өрнөж буй үйл явдлын мэдээлэл болно.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр, тус банкны захирал А.А ОӨУБЕГ-ийн Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандахдаа дутуу, шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ ... тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Э з” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэхгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой ...ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан, хуурамч гэрээ, хэлцэл хийж хуулийн щаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн ... компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн үнээс хямдаар үнэлэн, өрийн оронд тооцон авахаар болсон ... УИХ-ын гишүүн Б. У болон түүний нөхөр, К банкны захирал А.А нар 2017 оны 8 дугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна ... Б.У тэргүүтэй Б группынхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримт бүрдүүлэн гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ ... нотариатаар батлуулаагүй баримтыг авах ёсгүй атал Б-ний өгсөн тийм баримтад тулгуурлан гэрчилгээ олгосон гэнэ ...” гэсэн нь ор үндэсгүй, худал, гүтгэлгийн шинжтэй гэж маргасан байна. Бодит байдал дээр “Э з” ХХК-ийг анх Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2011 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 549 тоот тогтоолоор “М” ХХК-ийн консерциумд хувьчилж, 2012 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 686 тоот тогтоолоор төрийн мэдлийн хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн байдаг. Дараа нь “М” ХХК-ийн консерциумиас “Э з” ХХК-ийг “Э З” ХХК-д шилжүүлж, уг компаниас “Б" ХХК нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр эрх шилжүүлэх гэрээгээр “Э з” ХХК-ийг шилжүүлж авсан байдаг. “Б” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Э з” ХХК-ийг “Н” ХХК-д шилжүүлсэн. 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Н” ХХК нь “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бэлэглэлийн гэрээ болон эрх шилжүүлэх гэрээгээр иргэн Г.Ө гэдэг хүний нэр дээр шилжүүлсэн байдаг юм. “Э з” ХХК нь иргэн Г.Ө гэдэг хүний өмчлөлийн компани болсон байхад “Б” ХХК-ийн захирал А.А нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст манай охин компани болох ‘'Э з” ХХК-ийг иргэн Г.Ө залилж авсан гэх гомдол гаргаж,   мөн “Б” ХХК нь “Э з” ХХК-ийг иргэн Г.Ө-гийн өмчлөлөөс өөртөө шилжүүлэн авч, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ОӨУБЕГ-аас “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан гэрчилгээ авсан байдаг.

Авилгатай тэмцэх газрын цахим мэдээллийн сүлжээнд байрлуулсан УИХ-ын гишүүн Б.Угийн ХАСХОМ-ийг дээрх мэдээлэлтэй тулган “Өнөөдөр” сонин болон сэтгүүлчдийн хувьд нийгэмд бодитой өрнөж байгаа маргаан, үйл явдалтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэсэн болно. УИХ-ын гишүүн Б.Угийн 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт “Ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээд”, “Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт” гэх хэсэгт тус тус /давхардсан тоогоор/ 26 нэр бүхий хуулийн этгээд бүртгэгдсэн байдаг бөгөөд хувь хүн, хуулийн этгээдээс авах авлагад “Э з” ХХК болон “Н” ХХК-ийн нэр байхгүй байна.

 “Өнөөдөр” сонин нь нийтлэлдээ ХАСМХОМ-д бүртгүүлээгүй компани нэхэмжилж байна гэж бичсэн нь бодит байдалд үнэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй юм. УИХ-ын гишүүн Б.Угийн ХАСМХОМ-т дурдсан ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хуулийн этгээд болох “Б” ХХК нь “Э з” ХХК-тай маргаан үүсгээд шүүх, цагдаагаар явж, хэрэг шалгагдаж байгаа нь бодит үнэн юм. Үүнийг нийтэлсэн “Өнөөдөр" сонинг буруутгах үндэслэлгүй.  “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №237 /6230/-т нийтэлсэн “УИХ-ын гишүүн Б.У         ХАСХОМ-тээ  бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ” гэсэн нийтлэлийн тухайд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2. дахь заалтад зааснаар зүйлчлэн, эрүүгийн 201725030848 дугаартай хэргийг шалгаж байгаа. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.Ө-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Ө-гийн эзэмшиж ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч ОӨУБЕГ-т даалгасугай гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгч Г.Ө-гийн гомдлоор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаартай магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, Г.Ө-гийн эзэмшиж ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хүлээн авахыг хариуцагч ОӨУБЕГ-т даалгасугай” гэснийг Захиргааны ерөнхий хуулийн 374.3.-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн “Г.Ө-гийн эзэмшиж ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг даалгуулах” гэсэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгон өөрчилж, нэхэмжлэгч Г.Ө-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Иймд дээр дурдсан нийтлэл нь үнэн болох нь хэрэгт байгаа дээрх шүүхийн шийдвэр, магадлал зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн дугаарт “УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн мэдээлэлд:  “УИХ-ын гишүүн Б.У ХАМХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж, хууль хяналтын байгууллагад энэ асуудлыг нь шалгаж буй тухай бид мэдэгдсэн байсан бөгөөд “Н”, “Э з” хоёр компанийг ямар учраас өөрийн болгож, “Б”-ийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой хэлэх хүн алга”... гэх хэсэг нь “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №237 /6230/-т нийтэлсэн “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ” гэсэн нийтлэлийн тухай дурдсан байна. “К банк”-ны барьцаанд “Э з” ХХК-ийнхан их хэмжээний өр төлбөртэй, түүнийгээ төлөөгүй тул хураасан хэмээх нэгэн байна. УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр тус банкны захирал А.А энэ оны 8 дугаар сарын 17-нд “Эрдэнэ зам” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ. Үүнд тус газрын дарга Р.С тусалсан, тиймдээ ч шинэ гэрчилгээг түвэггүйхэн гаргуулсан гэх хардлага бий. Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Э з” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн гэж “Э з”-ынхан АТГ-т хандсан” гэх хэсгийн тухайд ч дээрх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0298 дугаартай магадлал, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 126/ШШ2018/0235 дугаар шүүхийн шийдвэрт гэрээгээ нотараитчаар гэрчлүүлээгүй тухай маргадаггүй, ОӨУБЕГ нь сонсох ажиллагаа хийгээгүй тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилсэн, сэтгэл санааны хохиролд ийм хэмжээний хохирол учирсныг нотлох баримтгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч “М Н” ХХК-д холбогдуулан өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хамгаалуулж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, гаргасан нийтлэлийн хэлбэр хэмжээгээр залруулга гаргах, уучлалт гуйхыг даалгах, хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч “М Н” ХХК нь “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13, 10 дугаар сарын 19-ний өдрийн дугааруудад гарсан нийтлэл, мэдээлэл нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй биш, бодитой өрнөж байгаа маргаан, үйл явдалтай холбоотой бодит мэдээлэл болно, уг мэдээллийг нийтлэхдээ ор үндэсгүй, худал зүйл бичээгүй, аль нэг талын нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго огт агуулаагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд нийгэмд болж өрнөж байгаа үйл явдлыг нь олон нийтэд хүргэсэн, нэхэмжлэгчийн нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга байхгүй, ердийн мэдээлэл багтсан,   Б.Угийн 2016 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт 26 нэр бүхий хуулийн этгээд бүртгэгдсэн байдаг бөгөөд түүнд “Эрдэнэ зам” ХХК болон “Н” ХХК-ийн нэр байхгүй, нийтлэлүүдэд дурдсан үйл баримтын талаар хуулийн байгууллагад шалгаж байгаа тухай эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүд гарсан, гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилсэн нь баримтгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргаж байна.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Хэрэгт авагдсан хариуцагч “М Н” ХХК-ийн “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 /6230/ дугаар, 10 дугаар сарын 19-ний өдрийн 242 /6235/ дугаарууд, шүүхийн үзлэгээр баталгаажсан дээрх өдрүүдийн “Өнөөдөр” цахим сонины  болон www.unuudur.mn вэб сайтын хуудсуудад “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ”,   “УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүдийг нийтэлсэн байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

2.2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Өнөөдөр” сонины 237 \6230\ дугаарт гарсан “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ” гэсэн нийтлэлд: “Б”-ийн гэх нэрээрээ олны танил болсон УИХ-ын гишүүн Б.Утай холбоотой үйлдлийг цагдаа, АТГ-ынхан шалгаж эхэлжээ. Тэрбээр “Н”, “Э з” гэх 2 компанийг ... одоогийн эзэмшигчид нь хууль бусаар залилан авсан гэж ... өргөдөл гаргасан юм байна. ... Б.У тэргүүтэй “Б” группийнхэн ОӨУБЕГ-аас шаардлага хангахгүй баримтаар гэрчилгээ гаргуулж авсан байж болзошгүй нөхцөл байдал тодорхой болж буй гэнэ. Тухайлбал дээрх газарт нотариатаар батлуулаагүй бичиг баримтыг авах ёсгүй атал “Б”-ийнхний өгсөн тийм баримтад тулгуурлан гэрчилгээ олгосон гэнэ. ...Нэхэмжилж буй “Н”, “Э з” гэсэн компаниа УИХ-ын гишүүн Б.У  ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй байдаг юм билээ... 2016 онд гаргасан дээрх мэдүүлэгтээ 1 015 000 000 төгрөгийн орлоготой ... 26 компанийн хөрөнгө оруулагч гэдгээ бүртгүүлсэн ...Тэдний дунд нэхэмжилж буй  2 компанийн нэр дурдаагүй юм...” гэж,

2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Өнөөдөр” сонины 242 \6235\ дугаарт гарсан “УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн нийтлэлд: “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй хоёр ч компанийг бусдаас нэхэмжилж... “Б” группийн 26 охин компанийнхаа тоог нэмэхээр зүтгэж буйн учир юунд байгааг тодорхой мэдэх хүн алга...УИХ-ын гишүүн Б.Угийн нөхөр тус банкны захирал А.А нь энэ оны 08 дугаар 17-нд “Э з” ХХК-ийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах баримт  бүрдүүлэн ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандсан аж. Энэ үедээ дутуу, шаардлага хангахгүй баримт бүрдүүлж өгсөн байдаг юм билээ. Үүнд нь тус газрын дарга Р.С тусалсан...Тэд нийлэн эрх мэдлээ хэтрүүлж, авто замын салбарт үйл ажиллагаа явуулдаг “Э з” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эздэд нь ч мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авахаар болоод байгаа бололтой. Ингэхдээ тус компанийн удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ хэлцэл хийж, хуулийн шаардлага хангахгүй баримт материал бүрдүүлсэн...2016 оны 12 дугаар сараас эхлэн “Э з” ХХК “К” банканд их хэмжээний зээлийн өртэй хэмээгээд тус компанийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн өрийн оронд тооцон авахаар болж баримт бүрдүүлсэн гэх...Харин УИХ-ын гишүүн Б.У болон түүний нөхөр, “Капитал” банкны захирал А.А нар 2017 оны 08 дугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан байна...” гэж тус тус бичигджээ.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Б” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “Б” ХХК  болох нь “Б” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б.У нь дээрх 2 компанийг 2016 оны албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэгдмэл сонирхолтой этгээд, хөрөнгө оруулсан хуулийн этгээдийн бүртгэлд мэдүүлсэн байна.

4.Нэхэмжлэгч  Б.У нь УИХ-ын гишүүнээр сонгогдон 2016 оны албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх үед буюу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь иргэн С.Т,  “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2015 оны 11 дүгээр сарын 03-нд “Н” ХХК,  2016 оны 04 дүгээр сарын 15-нд иргэн Г.Өлтус тус бүртгэгдсэн нь ОӨУБЕГ-аас 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12/4274 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн “Э з” ХХК-ийн 2680661 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Д.Э-аас С.Т-д “Н” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бэлэглэсэн тухай “Бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх тухай гэрээ”, 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Б” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.А болон иргэн Г.Ө нарын хооронд байгуулсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцөлөөр шилжүүлэх тухай гэрээ” зэрэг баримтуудаар нотлогдсон.

Түүнчлэн хэрэгт авагдсан 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ” зэргээр иргэн С.Т-с иргэн А.А-д “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бэлэглэсэн, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”, “Бэлэглэлийн гэрээ” зэргээр “Н” ХХК-ийг төлөөлж А.А-оос “Б х” ХХК-ийн төлөөлж иргэн А.Ч-д  “Э” ХХК-ийн 100 хувийн хувьцааг тус компанийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-иас бэлэглэж шилжүүлсэн байх ба “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн дээрх нийтлэлүүдэд дурдагдаж буй “Эрдэнэ зам” ХХК-ийн үүсгэн байгуулагчаар “Нью даниста рөүд энд констракшн” ХХК-ийг 2017 оны 08 дугаар сарын 17-нд,  мөн  “Бишрэлт холдинг” ХХК-ийг  2017 оны 08 дугаар сарын 23-нд тус тус бүртгэсэн талаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 235 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 298 дугаартай магадлалд тус тус дурдагдсан  байна.

Үүнээс үзэхэд хариуцагч талын УИХ-ын гишүүн Б.У  ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй “Нью даниста рөүд энд констракшн”, “Э” компаниудыг нэхэмжилсэн гэх агуулга бүхий мэдээлэл үндэслэлгүй байгаагийн дээр  нэхэмжлэгч Б.У нь тухайн 2 нийтлэлд дурдсанчлан  “Н”, “Э з” гэх 2 компанийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, хууль бусаар залилан авсан, дутуу, хуулийн шаардлага хангахгүй баримт бүрдүүлж  хуурамч гэрчилгээг гаргуулсан, “Э з”  ХХК-ийн  удирдлагын гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ, хэлцэл хийж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан, тус компанийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөнүүдийг зах зээлийн үнээс хямд үнээр үнэлэн  Капитал банкны өрөнд тооцон авахаар баримт бүрдүүлсэн гэх үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.У нь “Н” ХХК, “Э” ХХК-ийн хувьцааг бусдаас нэхэмжилж иргэний, захиргааны хэргийн шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргасан, цагдаагийн байгууллагад  гомдол гаргасан талаар баримтгүй,  түүнчлэн хуулийн шаардлага хангаагүй, дутуу баримт бүрдүүлэн “Эрдэнэ зам” ХХК-ийн  үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр өөрийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон, тэдний гарын үсгийг ашиглан хуурамч гэрээ, хэлцэл үйлдсэн, тус компанийн нэр дээрх үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөнүүдийг Капитал банкны өрөнд зах зээлийн үнээс хямдаар үнэлэн тооцон авахаар баримт бүрдүүлсэн, улмаар 2017 оны 08 дугаар сарын 17-нд хуурамч гэрчилгээ гаргуулан авсан гэх үйлдлүүдэд Б.У ямар байдлаар хэрхэн оролцсон талаар нотлох баримтгүй байна.

Тодруулбал, хариуцагч “М Н” ХХК нь “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 /6230/ дугаарын “Үйл явдлын мөрөөр” гэдэг буланд “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ” гэсэн, 10 дугаар сарын 19-ний өдрийн 242 /6235/ дугаарын  “Дуулианы эргэн тойронд” гэсэн буланд “УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүдийг  бичихдээ мэдээллийн үнэн зөвийг, бодит байдалтай нийцсэн эсэхийг нягталж шалгалгүйгээр, баримт үндэслэхгүйгээр бичиж, улмаар өөрийн “Өнөөдөр” цахим сонины  болон www.unuudur.mn вэб сайт хуудсуудад нийтэлж олон нийтэд цацсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдсон.

5.Хариуцагч нь Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үндсэн үүргээ биелүүлээгүй, дээрх нийтлэлүүдийг бичсэн, хэвлэж нийтэлсэн, сайтдаа байршуулснаар нэхэмжлэгч Б.Угийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн, түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь Б.Угийн тухай уг нийтлэлүүдэд бичсэн мэдээ, мэдээллийнхээ үнэн зөв, бодит байдалд нийцсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 107 дугаар зүйлийн 107.3.-т зааснаар нотлох баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн  нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрсөн дээрх тайлбар, татгалзал нь үндэслэлгүй байна.

6.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ”, 21.3.‑т “бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2.‑т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ” гэж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Б.У нь өөрийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаныг сэргээж,  хариуцагч “М Н” ХХК-д уг мэдээ тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, залруулга гаргуулахаар шаардсан нэхэмжлэл нь үндэслэл бүхий байх бөгөөд хариуцагч нь дээрх 2 нийтлэлээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаах, залруулга хийх үүрэгтэй.

7.Нэхэмжлэгч  Б.У нь “М Н” ХХК-ийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 165/2018 тоот албан бичиг, “Монгол шуудан” ХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 04/269 тоот албан бичиг, Хэвлэлийн хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/83 тоот албан бичиг, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөнгө хүлээлцсэн баримт зэргийг үндэслэн “Өнөөдөр” сонин 1 өдөрт 7 000 ширхэг борлогддог, үнэ нь 1 500 төгрөг гэж тооцоход 2  дугаарын  14 000 ширхэг сониныг  2 өдөрт тооцон 42 000 000 төгрөг, “Өнөөдөр” цахим сонины хувьд  захиалгын тоо 290 гэж лавлагаанд дурдсан 1 сарын дугаар 5 100  төгрөгөөр тооцож 1 500 000 төгрөг, үүнийг 10 дахин нэмж 15 000 000 төгрөг, вэб сайтад 2 дугаарыг 2 өдөр нийтэлсэн, 1 өдөрт хандалтын тоо 150-300 гэснийг үндэслэн уг нийтлэлүүдийг 5 том сайтуудад буюу  www.unuudur.mn  www.medee.mn, www.paparatsi.mn, www.updown.mn, www.mass.mn                                            зэрэг сайтуудад авч тараан хэрэглэгчдэд цацсан учраас 1 сайтад 5 000 000 төгрөг гэж үзэн нийт 25 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 8 000 000 төгрөг, нийтдээ гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг нэхэмжилснийг хангах боломжгүй байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т “Гагцхүү хуулинд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2 нийтлэлийн улмаас дээрх хэмжээгээр сэтгэл санааны хохирол учирсан буюу ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж орлогоо алдсан, эрүүл мэндээр хохирсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх баримтуудыг үндэслэн сэтгэл санааны хохиролд 92 000 000 төгрөгийг, мөн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн,  эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлсэн хөлсөнд төлсөн 8 000 000  төгрөгийг тус тус хариуцагчаар төлүүлэх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдал, хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэн, нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд  гутаагдсаныг сэргээж, хариуцагч “М Н” ХХК-д  түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэлээс гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2.,116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2., 21.3., 511 дүгээр зүйлийн 511.1., 511.2.-т зааснаар “М Н” ХХК-ийн “Өнөөдөр” сонины 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 /6230/ дугаар, 10 дугаар сарын 19-ний өдрийн 242 /6235/ дугаарууд, “Өнөөдөр” цахим сонины болон www.unuudur.mn вэб сайтын хуудсуудад “УИХ-ын гишүүн Б.У ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй компаниа нэхэмжиллээ”,  “УИХ-ын гишүүн Б.У хуурамч баримтаар гэрчилгээ гаргуулж авсан гэв” гэсэн гарчиг бүхий нийтлэлүүдээр нэхэмжлэгч Б.Угийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, хариуцагч “М Н” ХХК-д нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийх, уучлалт гуйхыг даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 100 000 000 төгрөг гаргуулах гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.БАЙГАЛМАА              

                                      ШҮҮГЧИД                                Н.БАЯРМАА

                      Т.НАРАНЦОГТ