Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00464

 

2021           05            18                                          001/ХТ2021/00464

 

 

 

............ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00441 дүгээр шийдвэр,

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар магадлалтай,

 

............ын нэхэмжлэлтэй

 

10,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Прокурор Ш.Сувд-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, прокурор Б.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ховд их сургуульд суралцдаг. 2018.04.02-ны өдөр алга болсон түвд үйлдрийн нохойн гөлөгийг хулгайлсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2018.04.17-ны өдрийн тогтоолоор ............ надад холбогдуулан 1836000570055 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж цагдаагийн байгууллага шалгасан. Миний бие хулгайд алдагдсан гэх нохойн гөлгийг хулгайлаагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. 2018.04.02-ны өдөр фейсбүүкийн Ховд аймгийн нэгдсэн группийн сүлжээний нохой сонирхогчдын группэд /гөлөг/ нохой алдлаа гэсэн зар тавьж, олсон хүнд өндөр шагналтай гэсэн байсныг уншсан. Би хайгаад үзвэл олдож магадгүй гэж бодоод өөрийн хэрэглэдэг фэйсбүүк хаягаас зар тавьсан хүний фэйсбүүк хаяг руу чат бичсэн. 2018.04.02-ны өдөр 12 цагаас ангийн ажлаа хамгаалж дуусчихаад 16 цагийн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд очиж ахындаа мал хариулж байхад 2018.04.06-ны өдөр ............, Сүлдээ гэдэг хоёр цагдаа оройн 21 цагийн үед намайг гэрээс авч яваад 24 цагийн үед Ховд аймгийн Цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаагийн газарт авч ирэх замдаа цагдаа ............ нь намайг сүрдүүлж, дарамтлан Хэрэв энэ хээр газар чамайг зодоод алаад хаячихвал чи яахав? Сүлжээгүй газар түргэн дуудаж чадахгүй шдээ? Чамайг одоо аваачаад хориход ял эдэлж байгаа Булганы хэдэн залуучуудад аваачаад хаяхад чамайг хүчиндээд сарын дараа гэхэд чи бөгсөн биен дээрээ том онгорхой нүхтэй болоод гарч ирнэ гээд замдаа сүрдүүлж дарамталсаар цагдаагийн газар авч ирсэн. Цагдаагийн газар авч ирээд 3 давхарт байрлах амралтын өрөө гэсэн хаягтай өрөөнд оруулж Чи нохойг авсан ч бай, аваагүй ч бай авсан гэж хэл гээд намайг цагдаа ............ гуя руу өшиглөж, гараа зангидаж байгаад цээж рүү маш олон удаа цохиж цээжинд гэмтэл учруулсан. Энэ үед бидний хажууд хүн байгаагүй. Хажуу талын өрөөнд 3 хүн байсан. Би тэднийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Намайг зодож гараараа цээж рүү олон удаа цохиход миний бие хөндүүрлэн өвдөж амьсгаа авахад хэцүү болсон. Намайг сүрдүүлж, дарамтлан зодож, хүчээр тулган хэрэг хүлээлгэсэн. Тэгээд байцаагч Булганбаатар шөнийн 01 цагийн үед надаас ямар ч мэдүүлэг авалгүй өөрөө цаасан дээр юм бичиж байгаад намайг гарын үсэг зур гээд надаар гарын үсэг зуруулж авсан. Намайг бичсэн зүйлийг нь унших гэсэн чинь надад уншуулаагүй. Тэгээд намайг өглөө 9 цагт ир гээд явуулсан. Би цагдаагийн газраас гараад явах гэсэн боловч цээжээр өвдөөд арай хийж казак сүмийн тэнд хүрээд цааш явж чадахгүй тонгойгоод сууж байтал нэг настайвтар /гартаа тортой юм барьсан/ өвөө дайралдаад гэртээ хүргүүлж авсан. Тэр хүнд хөтлүүлээд шөнийн 2 цагийн үед гэртээ очсон. Маргааш өглөө нь цээж хавирга өвдөөд арай гэж босоод 9 цагт цагдаагийн газрын 3 давхарт ирээд зогсож байтал нэг цагдаа ах надаас Чамайг хэн гэдэг вэ гэж асуусан. Би намайг Эрболот гэдэг гэж нэрээ хэлэхэд Чи нөгөө нохойны хулгайч уу гэж асуусан. Би тэр нохойг аваагүй ээ гэхэд намайг өрөөндөө дагуулж оруулж байгаад үсэрч ирээд толгойд 3 удаа өшиглөсөн. Түүнээс хойш толгой байнга эргэж өвддөг болсон. Тэр цагдаагийн нэрийг ............ гэдэг юм байна лээ. Бие өвдөөд байхаар нь 2018.04.07-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Булганбаатар цагдаа надад Одоо чи авсан ч бай аваагүй ч бай хохирлыг нь хурдан барагдуулж өг, тэгвэл хурдан сална. Чи эрх чөлөөтэй явж болно гэсэн. Тэгээд би эмээдээ Цагдаа аваагүй ч байсан хохирлыг нь барагдуулаад өг гэж байна гэдгийг хэлсэн. Манай эмээ Манай шашинд нохойны хэрүүл зохихгүй гээд нэхэж байгаа мөнгийг нь бушуухан өгөөд наад биеэ эмчлүүл гээд хохирлын мөнгө гээд 500,000 төгрөг ахын дансанд хийгээд, маргааш нь нохой алдсан залууг дуудаад дансанд нь 450,000 төгрөг шилжүүлээд, ах дансандаа байсан 50,000 төгрөгийг авч бэлнээр нь өгсөн. Би тэр үед тэр залууд Хэрвээ нохой чинь олдвол би өгсөн мөнгөө 2-с 3 дахин өсгөж төлүүлж авна шүү гэж хэлсэн. Кадирхан /хохирогч гэх/ Булганбаатартай яриад Би хохирлоо төлүүлж авлаа. Одоо гомдол байхгүй гэж хэлсэн. Түүний дараа хэрэг материалыг прокурорт аваачиж өгсөн. Хяналтын прокурор Аянагүл надруу Чи нохойг хааш нь аваачсан бэ? хулгайч минь гэж хашгирсан. Би нохой аваагүй. Намайг зодож хэргийг хүчээр тулгаж хүлээлгэсэн гэсэн чинь хэргийг мөрдөгч Болд-Эрдэнэд шилжүүлсэн. Мөрдөгч Болд-Эрдэнэ намайг Чи нохой авсан уу гэхэд би аваагүй гэсэн боловч дахин дахин Чи нохой авсан уу гээд байхаар нь зодож дарамталж магадгүй гэж айгаад нохой авсан гэж мэдүүлэг өгсөн. Хэргээс хурдан салж хичээл сургуульдаа чөлөөтэй явахыг хүссэн. Би ............ гэх цагдаатай уулзаж карт зургаа үзүүлж та нараар зодуулж гэмтэл аваад өвдөөд байна. Одоо өргөдөл бичээд даргад чинь өгнө гэхэд ............ Хэрэггүй хүлээж бай. Би Булганбаатартай уулзаад чиний бичиг баримт, материалыг аваад чамайг хэргээс салгаад өгий гээд гуйхаар нь би өргөдөл бичилгүй хүлээж байсан. ............ гэх цагдаад би Би таниар зодуулж, та надад хүчээр хэрэг хүлээлгэсний улмаас би ял авах гээд байна гэхэд бүгд миний буруу гээд уйчлалт гуйгаад явсан. Болд-Эрдэнэ цагдаа намайг нохой нь алга болсон гэх айлын хашаанд дагуулж очоод Энд зогс, энд зогс гээд зогсоож байгаад зураг авсан. Ямар учиртай зураг авсныг би мэдээгүй. Миний бие цагдаагийн ажилтнуудаар зодуулж биедээ гэмтэл бэртэл авсны улмаас миний баруун талын 8-р хавирга хугарч зүүн талын чих хавдаж, тархи доргисон гэмтэлтэй байна. Гэмтсэн тухай эмчийн үзлэг гар картанд бичигдэж, авахуулсан рентген зураг надад хадгалагдаж байгаа. Цагдаагийн ажилтан ............ намайг өрөөндөө дуудаж оруулаад Чамайг манай цагдаа нараас хэн нэгийг нь матсан бол ална шүү гэж дарамталсан учир би маш их айж байсан. Би хулгай хийж бусдын нохой аваагүй, цагдаагийн ажилтнуудын сүрдүүлэг дарамтанд орж, зодуулж биедээ гэмтэл авсны улмаас хулгай хийсэн гэж мэдүүлсэн. Намайг 21 насанд хүрээгүй байна. Өмгөөлөгч ав гэсэн тул би Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийг өмгөөлөгчөөрөө сонгож Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулсан. Миний бие нохой сонирхогчдын фээс группээр дамжуулан алдагдсан түвд банхарын гөлөгийг эрэн сурвалжилж, хүүхдүүд хулгайлан авсан, хөдөө малчин айлд аваачиж өгсөн болохыг олж тогтоосон. Хулгайлагдсан нохойн гөлөг хаана байгааг би олж тогтоосны дараа прокурорын газар, цагдаагийн газраас нохойн гөлөг хулгайлсан жинхэнэ эздийг нь олж тогтоон эрүүгийн хариуцлага тооцсон. Миний бие хилс хэрэгт шалгуулан, цагдаагийн байгууллагад дуудагдан, цагдаагийн албан тушаалтнуудаар зодуулж биедээ гэмтэл авч, бие махьбод, сэтгэл санаагаар хохирч одоо хүртэл сэтгэл зүйн хямралтай байна. Нохой хулгайлсан хүүхдүүдэд ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул би өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж шүүхэд хандаж байна. Иймд миний хилс хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаагаар хохирсны үр дагаварыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нөхөн сэргээлгэх, сэтгэл санаанд учирсан хор уршигт 10,000,000 /арван сая/ төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 600,000 /зургаан зуун мянга / төгрөг бүгд 10,600,000 /арван сая зургаан зуун мянга/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байгууллагаас ............ыг яллагдагчаар татах буюу сэжигтэй байдлаар шалгах баримт хэрэгт авагдсан байсан. Кадирхан гэдэг хүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт би нохойг чинь авсан аваад ирье гэдэг байдлаар над руу 3 удаа чат бичээд эхлээд 5,000 төгрөг дараа нь 12,000 төгрөг авсан гэдэг асуудлыг ярьдаг. Үүнээс үүдэн тухайн банхар гөлөгийг ............ авсан гэдэг таамаг төрүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ............ сайн дураараа очоод хохирлыг төлсөн байсан. Үүнээс мөрдөн байцаагч ............ гөлөгийг нь авчихаад хохирогчийн хохирлыг төлөөд байгаа юм байна гэдэг ойлголт авсан. Мөн хохирогчийн мэдүүлэг, ............ын мэдүүлгийг үндэслээд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гаргасан байдаг. Хамгийн гол нь ............ын нэхэмжилж байгаа хохирол нь сэтгэл санааны хохирол гэж ойлголоо. Гэтэл тухайн сэтгэл санааны хохирол нь би энэ хэргээс болж шалгуулаад дарамталж зодуулаад бие махбодын шаналгаа зовиур авснаас үүдэлтэй сэтгэл санаа хохирлоо гэж ойлгож байна. Шүүхийг нэг зүйлийг харгалзан үзэхийг хүсэж байна. Цагдаагийн байгууллагын ажилтнаас хэзээ яллагдагчаар татах санал гаргасан, түүнийг нь прокурор хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүлээж авч хянасан нь прокурорын тогтоолд байгаа. Мөрдөгч санал гаргахаас гадна энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд Цагдаагийн газраас шалгаж байсан гэж үзэж байна. Эзэнгүй хэрэг дээр гомдол мэдээлэл бүртгэж аваад шалгах эрх нь эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагч буюу нэхэмжлэгчийн гомдоод байгаа ............, ............ гэдэг нөхдүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд юм. Үүнээс хойш эрүүгийн хэрэг үүсгээд шалгах нь хуваарилалтын дагуу Болдоо гэдэг хүнд байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг гаргаад түүнийг прокурор 14 хоногийн хугацаанд яллагдагчаар татах эсэхээ хянадаг. Энэ хугацаанд ............ хаагуур юу хийж явсан, гэм хорын хохирол гээд байгаа ............ад ямар сэтгэл санааны хохирол учирсан гэдгийг ойлгохгүй байна. Ийм байдлаар хохирсон гэдэг баримтаа гаргаж өгч чадахгүй байна гэж үзэж байна. Мөн прокуророос зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Түүнд мөрдөгч хэзээ яллагдагчаар татах санал гаргасан, түүнийг прокурор хэд хоногийн дотор хянаад саналаа гаргасан юм бэ? гэдэг асуудал байна. Гэтэл 5 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл ............ Улаанбаатар хотод байсан гэдэг. Гэтэл Д.Эрдэнэчимэг өмгөөлөгч 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ............ыг сэтгэл санааны хувьд хэцүү байсан гэж байгаа нь энэ хүн өөрөө бас зодоон цохион хийгээд эмчилгээ хийлгэсэн гэдэгтэй ямар шалтгаант холбоотой юм. Өмгөөлөгч нь манай байгууллагаас ямар ямар эрүүгийн хэргээс баримт гаргуулж авах гэж байгаа түүнийгээ хэлээд авдаг. Би 18360000055 дугаартай эрүүгийн хэргийг уншихад Болд-Эрдэнэ хүсэлт, тайлбар, гомдол мэдээлэл гаргаж өгсөн зүйл байхгүй байсан. Өмгөөлөгч 2018.04.24-ний өдөр гэрээ байгуулчихаад үүнээс хойш Цагдаагийн байгууллагын ажилчдын буруутай үйл ажиллагааны талаар гомдол гаргах ёстой. Цагдаагийн байгууллагын ажилчид өөрсдөө шалгадаггүй. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар шалгадаг. Болд-Эрдэнэ гэдэг хүнд гомдол мэдээлэл өгсөн юм бол Болд-Эрдэнэ гэдэг хүн гомдол мэдээллийг дарагдуулсан гэх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл 1 жилийн хугацаанд миний мөрдөгчид өгсөн гомдол мэдээлэл яасан юм бэ? ямар шатандаа явж байгаа юм бэ? гэдэг талаар Цагдаагийн байгууллагаас прокурор шалгаж байх ёстой. Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн 1 хуудас гомдол мэдээллийг хүлээж авсан өдрөөс прокурор давхар хяналтаа тавьж эхэлдэг. Тухайн үед миний гомдол мэдээлэл аль шатандаа явж байгаа вэ? гэдгийг шаардах эрх нь нэхэмжлэгч, өмгөөлөгч хоёрт байсан. Гэтэл энэ талаар өөрсдөө ажиллагаа хийгээгүй хэрнээ өнөөдөр шүүх хуралдаанд яриад байгааг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллагын ажилтан хууль зөрчиж мөрдөн байцаах ажилтан явуулах юм бол түүнд прокурор хяналт тавьдаг. Тухайн үед хяналтын прокурор Айнагүль болон дээд шатны прокурорт хандах бүрэн эрх нь байсан. Мөрдөн байцаалт авч байгаа ажилтнууд чинь миний үйлчлүүлэгчийн зодсон рентген зураг авахууллаа. Сэтгэл санааны дарамтад байна энэ асуудлыг шалгаж өгнө үү гэдэг асуудлыг тавих эрх нь хангалттай байсан. Гэтэл энэ асуудлыг яриагүй хэрнээ цагдаа, прокурор ингэдэг, тэгдэг гэдэг асуудлыг ярих нь ёс зүйгүй юм болов уу гэж хувь хүний хувьд үзэж байна. Баривчлах ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчөөд явуулсан гэдэг асуудлаа мөн Цагдаагийн байгууллагад шалгуулах ёстой. ............ гэдэг хүн жолоочтойгоо очоод нэхэмжлэгчийг баривчлаад авч ирсэн юм уу? шөнийн цагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүнийг зодож цохисон юм уу? Миний зүгээс эргэлзээтэй байгаа зүйл нь нэхэмжлэгч үнэхээр үнэн ярьж байна уу? яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсанаар нэхэмжлэгчийн хувийн байдал болон өнөөдөр шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлэг нь зөрүүтэй яриад байна. Ирсэн, очсон, явсан, хичээлдээ суусан, суугаагүй гэдэг асуудал яригдаж байна. Мөн оюутныхаа журналыг авч ирээд ийм дүнтэй ингэж сурдаг байсан, ийм ийм тэмцээн уралдаанд оролцож байсан гэдэг багшийнхаа тодорхойлолт аль эсвэл ангийнхаа хүүхдүүдийг гэрчээр асуулгах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч намайг дарамталсан, зодсон гэдэг асуудлыг шалгуулаагүй байж намайг зодсон цохисон гэдэг асуудал яриад гэм хорын хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбогдуулаад, баривчлагдсантай холбогдоод сэжигтэн яллагдагчаар татсантай холбогдсон гэм хорыг нэхэмжлэх түүнийг нь төр хариуцдаг. Гэтэл надад ямар ч үндэслэлгүйгээр төрөөс мөнгө нэхээд зогсож байгаа юм шиг харагдаж байна. Би төрийн эрх ашгийг хамгаалаад оролцож байгаа прокурорын хувьд, хэргийн нууцлалын асуудлыг ярьж байна. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар гадуур мэдээллэх үүрэггүй. Гэтэл энэ хэргийн нууцлал яаж алдагдаад нэхэмжлэгч сэтгэл санаа хохиролд орсон бэ? гэдгийг мөн шалгах ёстой асуудал юм. Нэхэмжлэгчийг дарамтлаад байгаа ангийнхан хүүхдүүд, харьцахгүй байгаа ах дүү нар яаж хаанаас мэдсэн юм, энэ хэргийн талаар энэ хүнийг хэрэгт холбогдсон гэдгийг яаж мэдсэн юм, үүний цаана бас л нууцлалын асуудал яригдаж байна. Иймд хүсэлт гаргагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00441 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.1-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 1,011,437 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч ............ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,588,563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар магадлалаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00441 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.-д гэснийг хасч өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3.,41.1.9.-д зааснаар прокурор болон нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ш.Сувд-Эрдэнэ хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлал зэргийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Учир нь нэхэмжлэгч ............ нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдах хугацаандаа ямар байдлаар сэтгэл санаа нь хохирсон талаар нотолж чадаагүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ............ нь яллагдагчаар татагдсан хугацаанд мөрдөн байцаах байгууллага болон прокурорын хяналтын шатанд удаа дараа дуудагдаж ирсэн, сэтгэл санаагаараа хохирсон гэх нотлох баримт байхгүй, хэрэгт шалгагдаж эхлэхээс өмнө хичээлээ тасалж, хичээлдээ ирдэггүй байсан талаар гэрчийн мэдүүлэг авагдсан байхаас гадна Иргэний хэргийн шүүх хуралдааны явцад хэрэгт шалгагдаж байх хугацаандаа Улаанбаатар хот явж байгаад ирсэн талаар мэдүүлсэн байдаг, мөн ............ад холбогдох хэргийн талаар хуулийн байгууллагаас нийтэд мэдээлж түүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Монгол улсын дээд шүүхийн 2009.05.22-ны өдрийн 15 дугаартай шүүхийн тогтоолд “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх Эрүүгийн байцаан шийтгэх болон Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслан ажиллагаанд хэрэглэх тухай” ..6,2.4-д Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т эдийн бус гэмт хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр заасан ба хүний амь нас, бие эрхтэн, өвчин, зовиур шаналал, сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэлэх хуулийн зохицуулалт байхгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлүүлж болохгүй... гэжээ. Нэхэмжлэгч Т.............ын хувьд өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол буюу эдийн бус гэм хорын хохирлоос үүдэн 10,000,000 төгрөгийн хохирол өөрт нь учирсан гэдгийг нотлоогүй байхад сэтгэл санааны хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэмт хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй байна гэж дүгнэхээр байна. Давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг тусгажээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, мөн зүйлийн 230.2-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтойг хуульчилсан байна. Өөрөөр хэлбэр, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тухайлсан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүх Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас 411,437 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............ад олгохоор шийдвэрлэхдээ түүнд учирсан сэтгэл санааны хохирол гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэл муутай болжээ гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч нь Ховд их сургуульд сурдаг оюутан бөгөөд түүнийг хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагчаар татаж, хувийн байдлыг нь тодруулах зорилгоор ангийнх нь оюутан Ц.Батбаатарыг гэрчээр асуусан зэрэг үйл баримт нь оюутан хүний нэр төрд халдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д нийцнэ гэж үзэж хуулийг буруугаар тайлбарлан дүгнэсэн байна гэж үзэхээр байна. Учир нь ............ад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаснаар нэр төр, алдар хүнд сэргэх учиртай ба мөрдөн байцаах байгууллага эрүүгийн хэргийг шалгах явцад ............ад холбогдох хэргийн талаар нийтэд мэдээлж түүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад хувийн байдал тогтоож нэг хүн гэрчээр байцаасан нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасантай нийцэж байгаа ойлголт биш юм. Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шийдвэр, магадлал зэргийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ............ нь хилс хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаанд учирсан хохиролд 10,000,000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс 600,000 төгрөг, нийт 10,600,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж прокурор оролцохдоо нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох байр суурийг илэрхийлсэн байна.

 

Анхан шатны шүүх Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 1,011,437 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

 

Шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн прокурорын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэжээ. Мөн хуулийн 45.4-т зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

............ нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний шүүхэд хандсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.4-р зүйлд тус тус нийцжээ.

 

2. Ховд аймгийн Прокурорын газраас нэхэмжлэгч ............ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.-д зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, шалгасан байх ба тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоосноор Ховд аймгийн Прокурорын газрын прокурор 2018.06.04-ний өдрийн 5/15 дугаар тогтоолоор ............ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон баримтууд хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч нь 2018.04.13-2018.06.04 хүртэл хугацаанд шалгагдсан, гэмт хэргийг үйлдээгүй боловч хэргийг хүлээж, хохирлыг төлсөн, энэ байдлыг Цагдаагийн байгууллагын ажилтны дарамт, хүч хэрэглэснээс болсон гэж тайлбарлажээ.

 

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хууль зөрчсөнөөс гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан боловч тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй бол дээрх албан тушаалтны ажиллагаа хууль бусд тооцогдоно.

 

Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан зарчмыг баримталж, Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, Прокурорын газрын прокурорын хууль бус ажиллагаа, нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах эрх зүйн үндэслэлийн талаар хийвэл зохих дүгнэлтийг хийсэн байна.

 

Нэхэмжлэгч нь албан тушаалтны хүнлэг бус харьцаа, хууль бус үйлдлийг тодорхойлж сэтгэл санаагаар хохирсон гэснээс гадна хилс хэрэгт шалгагдсан байдлыг нотолсон боловч эдийн бус гэм хорыг хэрхэн тооцож тодорхойлсон баримтыг гаргаагүй байх ба давж заалдах шатны шүүх ийнхүү шалгагдсаны улмаас оюутнуудын дунд “нохойн  гөлөг хулгайлсан хулгайч” гэдэг мэдээ мэдээлэл тарж, нэр хүнд гутаагдсан гэх нөхцөл байдалд дүгнэлт хийж эдийн бус гэм хорыг гаргуулсан шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсгийг хэрэглэсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт баримтлаагүй нь буруу боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасан хохиролд “эдийн болон эдийн бус гэм хор” аль аль нь багтах тул магадлалд өөрчлөлт оруулах шаардлагагүй, хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

............ын эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацаа, энэ үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан хохирлын хэмжээг тогтоосон шүүхийн аргачлал буруу боловч шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

3. Прокурор хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...эдийн бус гэм хорыг гаргуулахыг Иргэний хуульд тусгайлан зохицуулаагүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж 411,437 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүсчээ.

 

Анхан шатны шүүх эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас учирсан сэтгэл санааны хохирол бус нэр төр гутаагдсанаас учирсан хохирлыг гаргуулсан тул прокурорын гомдол үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцах бөгөөд гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.

 

Эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй хэдий ч шүүх маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасан зарчмыг шүүх зөрчиж болохгүй юм.

 

Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг, төсөөтэй харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулах учиртай. Мөн тухайн асуудлаар Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэх ч боломжтой юм.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч ............ын нэр хүнд гутаагдсан байдлыг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэж, эдийн бус гэм хорыг гаргуулсан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээсэн нь хууль зөрчөөгүй тул прокурорын гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.9.-д  зааснаар прокурор гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.СОНИНБАЯР

                      ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                             Б.МӨНХТУЯА

                                                                                              Б.УНДРАХ