Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 00441

 

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00441

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Хар-ус багт оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Шиварайгар овогт Ш-ийн Эын нэхэмжлэлтэй эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд учирсан сэтгэл санааны хохирол болон өмгөөлөгчийн хөлсөд төлсөн төлбөр нийт 10,600,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Төрийг төлөөлж Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ, иргэдийн төлөөлөгч Х.Наранчимэг, гэрч М.Алтантуяа, Н.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ховд их сургуульд суралцдаг. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр алга болсон түвд үйлдрийн нохойн гөлөгийг хулгайлсан гэх үндэслэлээр Ховд аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор Ш.Э надад холбогдуулан 1836000570055 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллагдагчаар татаж цагдаагийн байгууллага шалгасан. Миний бие хулгайд алдагдсан гэх нохойн гөлгийг хулгайлаагүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүкийн Ховд аймгийн нэгдсэн группийн сүлжээний нохой сонирхогчдын группэд /гөлөг/ нохой алдлаа гэсэн зар тавьж, олсон хүнд өндөр шагналтай гэсэн байсныг уншсан. Би хайгаад үзвэл олдож магадгүй гэж бодоод өөрийн хэрэглэдэг фэйсбүүк хаягаас зар тавьсан хүний фэйсбүүк хаяг руу чат бичсэн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагаас ангийн ажлаа хамгаалж дуусчихаад 16 цагийн үед Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд очиж ахындаа мал хариулж байхад 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Жарантай, Сүлдээ гэдэг хоёр цагдаа оройн 21 цагийн үед намайг гэрээс авч яваад 24 цагийн үед Ховд аймгийн Цагдаагийн газарт авч ирсэн. Цагдаагийн газарт авч ирэх замдаа цагдаа Жарантай нь намайг сүрдүүлж, дарамтлан Хэрэв энэ хээр газар чамайг зодоод алаад хаячихвал чи яахав? Сүлжээгүй газар түргэн дуудаж чадахгүй шдээ? Чамайг одоо аваачаад хориход ял эдэлж байгаа Булганы хэдэн залуучуудад аваачаад хаяхад чамайг хүчиндээд сарын дараа гэхэд чи бөгсөн биен дээрээ том онгорхой нүхтэй болоод гарч ирнэ гээд замдаа сүрдүүлж дарамталсаар цагдаагийн газар авч ирсэн.

Цагдаагийн газар авч ирээд 3 давхарт байрлах амралтын өрөө гэсэн хаягтай өрөөнд оруулж Чи нохойг авсан ч бай, аваагүй ч бай авсан гэж хэл гээд намайг цагдаа Жарантай гуя руу өшиглөж, гараа зангидаж байгаад цээж рүү маш олон удаа цохиж цээжинд гэмтэл учруулсан.

Энэ үед бидний хажууд хүн байгаагүй. Хажуу талын өрөөнд 3 хүн байсан. Би тэднийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй. Намайг зодож гараараа цээж рүү олон удаа цохиход миний бие хөндүүрлэн өвдөж амьсгаа авахад хэцүү болсон. Намайг сүрдүүлж, дарамтлан зодож, хүчээр тулган хэрэг хүлээлгэсэн. Тэгээд байцаагч Булганбаатар шөнийн 01 цагийн үед надаас ямар ч мэдүүлэг авалгүй өөрөө цаасан дээр юм бичиж байгаад намайг гарын үсэг зур гээд надаар гарын үсэг зуруулж авсан. Намайг бичсэн зүйлийг нь унших гэсэн чинь надад уншуулаагүй. Тэгээд намайг өглөө 9 цагт ир гээд явуулсан. Би цагдаагийн газраас гараад явах гэсэн боловч цээжээр өвдөөд арай хийж казак сүмийн тэнд хүрээд цааш явж чадахгүй тонгойгоод сууж байтал нэг настайвтар /гартаа тортой юм барьсан/ өвөө дайралдаад гэртээ хүргүүлж авсан. Тэр хүнд хөтлүүлээд шөнийн 2 цагийн үед гэртээ очсон. Маргааш өглөө нь цээж хавирга өвдөөд арай гэж босоод 9 цагт цагдаагийн газрын 3 давхарт ирээд зогсож байтал нэг цагдаа ах надаас Чамайг хэн гэдэг вэ гэж асуусан. Би намайг Эрболот гэдэг гэж нэрээ хэлэхэд Чи нөгөө нохойны хулгайч уу гэж асуусан. Би тэр нохойг аваагүй ээ гэхэд намайг өрөөндөө дагуулж оруулж байгаад үсэрч ирээд толгойд 3 удаа өшиглөсөн. Түүнээс хойш толгой байнга эргэж өвддөг болсон. Тэр цагдаагийн нэрийг Лхагвадорж гэдэг юм байна лээ. Бие өвдөөд байхаар нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн. Булганбаатар цагдаа надад Одоо чи авсан ч бай аваагүй ч бай хохирлыг нь хурдан барагдуулж өг, тэгвэл хурдан сална. Чи эрх чөлөөтэй явж болно гэсэн. Тэгээд би эмээдээ Цагдаа аваагүй ч байсан хохирлыг нь барагдуулаад өг гэж байна гэдгийг хэлсэн. Манай эмээ Манай шашинд нохойны хэрүүл зохихгүй гээд нэхэж байгаа мөнгийг нь бушуухан өгөөд наад биеэ эмчлүүл гээд хохирлын мөнгө гээд 500,000 төгрөг ахын дансанд хийгээд, маргааш нь нохой алдсан залууг дуудаад дансанд нь 450,000 төгрөг шилжүүлээд, ах дансандаа байсан 50,000 төгрөгийг авч бэлнээр нь өгсөн.

Би тэр үед тэр залууд Хэрвээ нохой чинь олдвол би өгсөн мөнгөө 2-с 3 дахин өсгөж төлүүлж авна шүү гэж хэлсэн. Кадирхан /хохирогч гэх/ Булганбаатартай яриад Би хохирлоо төлүүлж авлаа. Одоо гомдол байхгүй гэж хэлсэн. Түүний дараа хэрэг материалыг прокурорт аваачиж өгсөн. Хяналтын прокурор Аянагүл надруу Чи нохойг хааш нь аваачсан бэ? хулгайч минь гэж хашгирсан. Би нохой аваагүй. Намайг зодож хэргийг хүчээр тулгаж хүлээлгэсэн гэсэн чинь хэргийг мөрдөгч Болд-Эрдэнэд шилжүүлсэн. Мөрдөгч Болд-Эрдэнэ намайг Чи нохой авсан уу гэхэд би аваагүй гэсэн боловч дахин дахин Чи нохой авсан уу гээд байхаар нь зодож дарамталж магадгүй гэж айгаад нохой авсан гэж мэдүүлэг өгсөн. Хэргээс хурдан салж хичээл сургуульдаа чөлөөтэй явахыг хүссэн.

Би Жарантай гэх цагдаатай уулзаж карт зургаа үзүүлж та нараар зодуулж гэмтэл аваад өвдөөд байна. Одоо өргөдөл бичээд даргад чинь өгнө гэхэд Жарантай Хэрэггүй хүлээж бай. Би Булганбаатартай уулзаад чиний бичиг баримт, материалыг аваад чамайг хэргээс салгаад өгий гээд гуйхаар нь би өргөдөл бичилгүй хүлээж байсан. Жарантай гэх цагдаад би Би таниар зодуулж, та надад хүчээр хэрэг хүлээлгэсний улмаас би ял авах гээд байна гэхэд бүгд миний буруу гээд уйчлалт гуйгаад явсан.

Болд-Эрдэнэ цагдаа намайг нохой нь алга болсон гэх айлын хашаанд дагуулж очоод Энд зогс, энд зогс гээд зогсоож байгаад зураг авсан. Ямар учиртай зураг авсныг би мэдээгүй. Миний бие цагдаагийн ажилтануудаар зодуулж биедээ гэмтэл бэртэл авсны улмаас миний баруун талын 8-р хавирга хугарч зүүн талын чих хавдаж, тархи доргисон гэмтэлтэй байна. Гэмтсэн тухай эмчийн үзлэг гар картанд бичигдэж, авахуулсан рентген зураг надад хадгалагдаж байгаа. Цагдаагийн ажилтан Лхагвадорж намайг өрөөндөө дуудаж оруулаад Чамайг манай цагдаа нараас хэн нэгийг нь матсан бол ална шүү гэж дарамталсан учир би маш их айж байсан. Би хулгай хийж бусдын нохой аваагүй, цагдаагийн ажилтнуудын сүрдүүлэг дарамтанд орж, зодуулж биедээ гэмтэл авсны улмаас хулгай хийсэн гэж мэдүүлсэн.

Намайг 21 насанд хүрээгүй байна. Өмгөөлөгч ав гэсэн тул би Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийг өмгөөлөгчөөрөө сонгож Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажиллуулсан. Миний бие нохой сонирхогчдийн фээс группээр дамжуулан алдагдсан түвд банхарын гөлөгийг эрэн сурвалжилж, хүүхдүүд хулгайлан авсан, хөдөө малчин айлд аваачиж өгсөн болохыг олж тогтоосон.

Хулгайлагдсан нохойн гөлөг хаана байгааг би олж тогтоосны дараа прокурорын газар, цагдаагийн газраас нохойн гөлөг хулгайлсан жинхэнэ эздийг нь олж тогтоон эрүүгийн хариуцлага тооцсон. Миний бие хилс хэрэгт шалгуулан, цагдаагийн байгууллагад дуудагдан, цагдаагийн албан тушаалтнуудаар зодуулж биедээ гэмтэл авч, бие махьбод, сэтгэл санаагаар хохирч одоо хүртэл сэтгэл зүйн хямралтай байна. Нохой хулгайлсан хүүхдүүдэд ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тул би өөрт учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилж шүүхэд хандаж байна. 

Иймд миний хилс хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаагаар хохирсны үр дагаварыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нөхөн сэргээлгэх, сэтгэл санаанд учирсан хор уршигт 10,000,000 /арван сая/ төгрөг, хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлс 600,000 /зургаан зуун мянга / төгрөг бүгд 10,600,000 /арван сая зургаан зуун мянга / төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Прокурор Ш.Сувд-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнэ би Прокурорын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжилсэн нэхэмжлэгч Ш.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Цагдаагийн байгууллагаас Ш.Эыг яллагдагчаар татах буюу сэжигтэй байдлаар шалгах баримт хэрэгт авагдсан байсан. Кадирхан гэдэг хүний хохирогчоор өгсөн мэдүүлэгт би нохойг чинь авсан аваад ирье гэдэг байдлаар над руу 3 удаа чат бичээд эхлээд 5,000 төгрөг дараа нь 12,000 төгрөг авсан гэдэг асуудлыг ярьдаг. Үүнээс үүдэн тухайн банхар гөлөгийг Ш.Э авсан гэдэг таамаг төрүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Э сайн дураараа очоод хохирлыг төлсөн байсан. Үүнээс мөрдөн байцаагч Ш.Э гөлөгийг нь авчихаад хохирогчийн хохирлыг төлөөд байгаа юм байна гэдэг ойлголт авсан. Мөн хохирогчийн мэдүүлэг, Ш.Эын мэдүүлгийг үндэслээд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол гаргасан байдаг. Хамгийн гол нь Ш.Эын нэхэмжилж байгаа хохирол нь сэтгэл санааны хохирол гэж ойлголоо. Гэтэл тухайн сэтгэл санааны хохирол нь би энэ хэргээс болж шалгуулаад дарамталж зодуулаад бие махбодын шаналгаа зовиур авснаас үүдэлтэй сэтгэл санаа хохирлоо гэж ойлгож байна. Шүүхийг нэг зүйлийг харгалзан үзэхийг хүсэж байна. Цагдаагийн байгууллагын ажилтнаас хэзээ яллагдагчаар татах санал гаргасан, түүнийг нь прокурор хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүлээж авч хянасан нь прокурорын тогтоолд байгаа. Мөрдөгч санал гаргахаас гадна энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд Цагдаагийн газраас шалгаж байсан гэж үзэж байна. Эзэнгүй хэрэг дээр гомдол мэдээлэл бүртгэж аваад шалгах эрх нь эрүүгийн цагдаагийн тасгийн албан хаагч буюу нэхэмжлэгчийн гомдоод байгаа Лхагвадорж, Жарантай гэдэг нөхдүүд мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд юм. Үүнээс хойш эрүүгийн хэрэг үүсгээд шалгах нь хуваарилалтын дагуу Болдоо гэдэг хүнд байсан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг гаргаад түүнийг прокурор 14 хоногийн хугацаанд яллагдагчаар татах эсэхээ хянадаг. Энэ хугацаанд Ш.Э хаагуур юу хийж явсан, гэм хорын хохирол гээд байгаа Ш.Эад ямар сэтгэл санааны хохирол учирсан гэдгийг ойлгохгүй байна. Ийм байдлаар хохирсон гэдэг баримтаа гаргаж өгч чадахгүй байна гэж үзэж байна. Мөн прокуророос зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан. Түүнд мөрдөгч хэзээ яллагдагчаар татах санал гаргасан, түүнийг прокурор хэд хоногийн дотор хянаад саналаа гаргасан юм бэ? гэдэг асуудал байна. Гэтэл 5 дугаар сарын 17-ны өдрөөс 6 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл Ш.Э Улаанбаатар хотод байсан гэдэг. Гэтэл Д.Эрдэнэчимэг өмгөөлөгч 6 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Ш.Эыг сэтгэл санааны хувьд хэцүү байсан гэж байгаа нь энэ хүн өөрөө бас зодоон цохион хийгээд эмчилгээ хийлгэсэн гэдэгтэй ямар шалтгаант холбоотой юм бэ?

Өмгөөлөгч нь манай байгууллагаас ямар ямар эрүүгийн хэргээс баримт гаргуулж авах гэж байгаа түүнийгээ хэлээд авдаг. Би 18360000055 дугаартай эрүүгийн хэргийг уншихад Болд-Эрдэнэ хүсэлт, тайлбар, гомдол мэдээлэл гаргаж өгсөн зүйл байхгүй байсан. 

Өмгөөлөгч 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ байгуулчихаад үүнээс хойш Цагдаагийн байгууллагын ажилчдын буруутай үйл ажиллагааны талаар гомдол гаргах ёстой. Цагдаагийн байгууллагын ажилчид өөрсдөө шалгадаггүй. Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны мөрдөгч нар шалгадаг. Болд-Эрдэнэ гэдэг хүнд гомдол мэдээлэл өгсөн юм бол Болд-Эрдэнэ гэдэг хүн гомдол мэдээллийг дарагдуулсан гэх асуудлыг ярьж байх ёстой. Гэтэл 1 жилийн хугацаанд миний мөрдөгчид өгсөн гомдол мэдээлэл яасан юм бэ? ямар шатандаа явж байгаа юм бэ? гэдэг талаар Цагдаагийн байгууллагаас прокурор шалгаж байх ёстой. Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн 1 хуудас гомдол мэдээллийг хүлээж авсан өдрөөс прокурор давхар хяналтаа тавьж эхэлдэг. Тухайн үед миний гомдол мэдээлэл аль шатандаа явж байгаа вэ? гэдгийг шаардах эрх нь нэхэмжлэгч, өмгөөлөгч хоёрт байсан. Гэтэл энэ талаар өөрсдөө ажиллагаа хийгээгүй хэрнээ өнөөдөр шүүх хуралдаанд яриад байгааг ойлгохгүй байна. Цагдаагийн байгууллагын ажилтан хууль зөрчиж мөрдөн байцаах ажилтан явуулах юм бол түүнд прокурор хяналт тавьдаг. Тухайн үед хяналтын прокурор Айнагүль болон дээд шатны прокурорт хандах бүрэн эрх нь байсан.

Мөрдөн байцаалт авч байгаа ажилтнууд чинь миний үйлчлүүлэгчийн зодсон рентген зураг авахууллаа. Сэтгэл санааны дарамтад байна энэ асуудлыг шалгаж өгнө үү гэдэг асуудлыг тавих эрх нь хангалттай байсан. Гэтэл энэ асуудлыг яриагүй хэрнээ цагдаа, прокурор ингэдэг, тэгдэг гэдэг асуудлыг ярих нь ёс зүйгүй юм болов уу гэж хувь хүний хувьд үзэж байна. Баривчлах ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчөөд явуулсан гэдэг асуудлаа мөн Цагдаагийн байгууллагад шалгуулах ёстой. Жарантай гэдэг хүн жолоочтойгоо очоод нэхэмжлэгчийг баривчлаад авч ирсэн юм уу? шөнийн цагаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хүнийг зодож цохисон юм уу?

Миний зүгээс эргэлзээтэй байгаа зүйл нь нэхэмжлэгч үнэхээр үнэн ярьж байна уу? яагаад гэвэл хавтаст хэрэгт авагдсанаар нэхэмжлэгчийн хувийн байдал болон өнөөдөр шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлэг нь зөрүүтэй яриад байна. Ирсэн, очсон, явсан, хичээлдээ 

суусан, суугаагүй гэдэг асуудал яригдаж байна. Мөн оюутныхаа журналыг авч ирээд ийм дүнтэй ингэж сурдаг байсан, ийм ийм тэмцээн уралдаанд оролцож байсан гэдэг багшийнхаа тодорхойлолт аль эсвэл ангийнхаа хүүхдүүдийг гэрчээр асуулгах боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэгч намайг дарамталсан, зодсон гэдэг асуудлыг шалгуулаагүй байж намайг зодсон цохисон гэдэг асуудал яриад гэм хорын хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбогдуулаад, баривчлагдсантай холбогдоод сэжигтэн яллагдагчаар татсантай холбогдсон гэм хорыг нэхэмжлэх түүнийг нь төр хариуцдаг. Гэтэл надад ямар ч үндэслэлгүйгээр төрөөс мөнгө нэхээд зогсож байгаа юм шиг харагдаж байна. Би төрийн эрх ашгийг хамгаалаад оролцож байгаа прокурорын хувьд, хэргийн нууцлалын асуудлыг ярьж байна. Шүүхээр эцэслэн шийдэгдээгүй хэргийн талаар гадуур мэдээллэх үүрэггүй. Гэтэл энэ хэргийн нууцлал яаж алдагдаад нэхэмжлэгч сэтгэл санаа хохиролд орсон бэ? гэдгийг мөн шалгах ёстой асуудал юм. Нэхэмжлэгчийг дарамтлаад байгаа ангийнхан хүүхдүүд, харьцахгүй байгаа ах дүү нар яаж хаанаас мэдсэн юм, энэ хэргийн талаар энэ хүнийг хэрэгт холбогдсон гэдгийг яаж мэдсэн юм, үүний цаана бас л нууцлалын асуудал яригдаж байна. Иймд хүсэлт гаргагчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

Иргэдийн төлөөлөгч Х.Наранчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хүсэлт гаргагч Ш.Эад учирсан сэтгэл санааны хохирлыг гаргаж өгөх нь зүйтэй байх гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ш.Э нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаанд өөрт учирсан сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлсөд төлсөн төлбөр 600,000 төгрөг нийт 10,600,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Ш.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-21 тоотод байрлах иргэн Т.Кадирханы хашаан дотор уяатай байсан 3 сартай төвд банхарын гөлөгийг унадаг дугуйны хамтаар орон байр, агуулахад нэвтрэн, нууцаар буюу хууль бусаар авсан гэж үзэн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж улмаар 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ш.Эод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1836000570055 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-6-7, 101-108//, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцуулсан тэмдэглэлийн хуулбар /хх-8/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны хуулбар /хх-9/, Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-12-15/, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-16-18/, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-19-20/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлийн хуулбар /хх-21/, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 5/15 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-22-23/, Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-83/, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-84/, Хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-86/, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-88/, Яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх-89-90/, Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрлийн хуулбар /хх-94/, шүүх хуралдаанд гаргасан хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч Ш.Эад холбогдох 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 11-21 тоотод байрлах иргэн Т.Кадирханы хашаан дотор уяатай байсан 3 сартай төвд банхарын гөлөгийг унадаг дугуйны хамтаар орон байр, агуулахад нэвтрэн, нууцаар буюу хууль бусаар орж авсан гэмт хэргийг өөрт этгээд үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2018/ШТ/90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-109-114/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж тус тус заасан тул хүсэлт гаргагч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл эрүүгийн гэмт хэргийг шалгаж, тогтоох, яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээ авах эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрх зөрчигдсөн гэж үзэж, эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-д гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын ажиллагаа зохих ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

Ш.Эад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон, энэ талаар төрийг төлөөлж оролцсон прокурор маргаагүй, тус хэрэгт хариуцагч оролцохгүй тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Ш.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацаанд буюу Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 1836000570055 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолоор яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгээс хууль зүйн туслалцаа авч байсан болох нь хэрэгт авагдсан өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийг байлцуулан авсан 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Яллагдагчаар дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-89-90/-ийн хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны тасалбар /хх-95/, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-96/ зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3, 45.4 дугаар зүйлд нөхөн төлүүлэх эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлын талаар заасан ба хүсэлт гаргагчийн шаардаж буй хохиролд сэтгэл санааны болон хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг хамаарч байна.

Хүсэлт гаргагч Ш.Э нь хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол цалин хөлс авдаг талаар баримт хэрэгт авагдаагүй, тэрээр ажил эрхэлдэггүй, оюутан гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх тул түүнийг тогтмол цалин хөлс, орлого олж байсан гэж үзэх боломжгүй. Иймээс түүний хавтаст хэрэгт авагдсан яллагдагчаар татсан тогтоол гарсан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хэргийг хэрэгсэхгүй болгосон буюу 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны сэтгэл санааны хохирлыг тухайн үед тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзлээ.

2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 04-ний өдрийг дуусталх хугацааны ажлын хоногийг тооцоход 4 дүгээр сард ажлын 12 хоног, 5 дугаар сард ажлын 23 хоног, 6 дугаар сард ажлын 1 хоног, нийт ажлын 36 хоног байна. Тухайн үед мөрдөж байсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 240,000 төгрөг буюу нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө байхаар тогтоосон байна.

1 цагийн ажлын хөлс 1,428 төгрөг 60 мөнгө, үүнийг 1 өдрийн 8 цагаар тооцоход

(1,428 төгрөг 60 мөнгө х 8 цаг) = 11,428 төгрөг 8 мөнгө

(11,428 төгрөг 8 мөнгө х 36 хоног) = 411,437 төгрөгийн сэтгэл санааны хохирол болон хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөр 600,000 төгрөг, нийт 1,011,437 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан хүсэлт гаргагч Ш.Эад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,588,563 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

Хүсэлт гаргагч Ш.Э нь эрүүл мэндэд учирсан хохирол гэж нэхэмжлээгүй бөгөөд түүний шүүхэд гаргаж өгсөн хавтаст хэргийн 97 дугаар хуудаст авагдсан өргөдөл, хавтаст хэргийн 98-100 дугаар хуудаст авагдсан гомдол, хавтаст хэргийн 115 дугаар хуудаст авагдсан энгийн эмийн жор, хавтаст хэргийн 117-118 дугаар хуудаст авагдсан Ш.Эын нэр дээрх тархины болон цээжний рентген зургийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.1-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 1,011,437 төгрөг гаргуулан хүсэлт гаргагч Ш.Эад олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,588,563 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МАРИНА

ШҮҮГЧИД Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ

С.ОЮУНЖАРГАЛ