Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2404

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: О.Ч-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: НБГ-т холбогдох

 

Сонгон шалгаруулах комиссын 2018.04.08-ны 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын О.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь НБГ-аас зохион байгуулсан захирал, эрхлэгчийн албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтад ажилтан залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр оролцсон.

Сонгон шалгаруулалтын сүүлийн өдрийн үнэлгээг эс зөвшөөрсөн тул уг дүнг хүчингүй болгуулахаар ТАЗ-д дараах үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 19-нд гомдол гаргасан.

Тухайн сонгон шалгаруулалт явагдах зарыг ТАЗ-ийн цахим хуудсанд журмын 3.1-т заасны байрлуулаагүйгээс шалтгаалан зарын талаар хугацаа алдаж мэдсэн тул шалгалтад бэлдэх хугацаа бага байсан.

Зааврын 3.1.3-т ярилцлагын шалгалтад хамаарах хөтөлбөр, төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрт ижил хугацаатай байхаар тогтоож өгөх хэмээн заасан байхад хугацааг ижил тогтоогоогүй.

Сонгон шалгаруулалтын үнэлгээг эс зөвшөөрсөн тул холбогдох материал болон үнэлгээтэй танилцъя гэхэд танилцуулаагүй.

Гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхисон тул 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул давж заалдах журмаар гомдол гаргасан. Гомдлыг хянан хэлэлцэх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанд миний бие оролцож амжаагүй ба тогтоолоо 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гардан авч, хэргийн материалтай танилцахад НБГ-ын тогтоол гарсан болохыг мэдсэн.

Сонгон шалгаруулалтын үндэслэл муутай үнэлгээг баталгаажуулсан уг тогтоолыг үндэслэн намайг ажлаас чөлөөлж, Г.Т-г томилох нөхцөл бүрдсэн тул сонгон шалгаруулах комиссыг байгуулсан НБГ-ыг хариуцагчаар татан ажлаа чөлөөтэй сонгох эрх зөрчигдөхөөс хамгаалуулах зорилгоор Захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй тухай шүүхийн шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Уг захирамжид холбогдуулан гомдол гаргахад захирамж үндэслэлтэй хэмээн дүгнэж, гомдлыг хүлээн аваагүй тул иргэний хэргийн тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд  сонгон шалгаруулах комиссын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны 18/01 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын О.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариу тайлбартаа О.Ч-ийн нэхэмжлэлтэй НБГ-т холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай" Б/159 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Ч-г тус сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд томилсон.

1.НБГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” А/31 дүгээр тушаалаар нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан.

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 11, цэцэрлэгийн эрхлэгчийн 23, нийт 34 ажлын байранд сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11 -ны өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар хэсгийн 3.1-д заасны дагуу НБГ-ын даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлэх тухай” 01/222 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлд хүргүүлэн цахим хуудсанд байрлуулах талаар мэдэгдэж сайтад байрлуулсан.

2. Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын 3 дугаар хэсгийн 3.1-д заасан аргуудаар сонгон шалгаруулалтыг явуулсан. Ингэхдээ 3 дугаар хэсгийн 3.1.3 -т заасны дагуу ярилцлагыг шалгалтанд хамаарах хөтөлбөр төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрт ижил хугацаатай байхаар буюу 10 минут байхаар тогтоож оролцогч бүр ижил хугацаанд танилцуулга хийж ярилцлага хийх боломж олгосон.

3. Сонгон шалгаруулалтын үнэлгээг эс зөвшөөрсөн талаар сонгон шалгууралтад оролцогч нараас 1 хүн гомдол гаргасны дагуу холбогдох материал үнэлгээг үзүүлсэн бөгөөд нэхэмжлэгч О.Ч нь ямар нэг гомдол санал гаргаагүй байна.

Нэхэмжлэгч О.Ч нь Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөж 61.33 оноо авсан бөгөөд Г.Т 69.96 оноо авч тус сургуулийн захирлын албан тушаалд тэнцсэн байна.

Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-ын 6 дугаар хэсгийн 6.4, “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 5 дугаар хэсгийн 5.1-д зааснаар дүнг жагсаахад нэгдүгээр байранд Г.Т, хоёрдугаар байранд О.Ч  орсон байна.

Монгол Улсын Төрийн албан зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 6 дугаар хэсгийн 6.1-д зааснаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг уг албан тушаалд томилуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын хурлын “Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийг батлах тухай” 18/01 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэдийн нэрсийг баталж, тайлан, дүнг НБГ-т шилжүүлсэн байна

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч О.Ч  нь хариуцагч НБГ-т  холбогдуулан Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын О.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Нийслэлийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, комиссын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоол нь хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5/159 дүгээр “Албан үүргийг түр орлон гүйцэтгэх тухай” тушаалын 1 дэх заалтаар О.Ч-г Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.

 

Нийслэлийн боловсролын газраас 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 01/222 дугаар албан бичгээр “...Төрийн өмчийн  ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд 13, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд 27, нийт 40 ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах захиалгыг Төрийн зөвлөлийн дарга Б.Ц”-д хүргүүлсэн бөгөөд хариуцагч НБГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/31 дүгээр тушаалын 1 дэх заалтаар Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссыг байгуулсан бөгөөд Нийслэлийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалтыг 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр явуулах зарыг гаргасан болох нь баримтаар нотлогдож байна.

 

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулах комиссын хурлын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 тогтоолын хавсралтаар “Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдсөн Г.Т 69.96 оноо, О.Ч  61.33 оноо тус тус тэнцсэн болохыг баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь зар хожимдуулж тавьсан тул бэлдэх хугацаа бага байсан, ярилцлагын шатны хугацаа бүр ижил байна гэж заасан байхад хугацаа ижил байгаагүй, сонгон шалгаруулалтын үнэлгээтэй танилцуулаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан.

 

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” нь Төрийн албан зөвлөлийн цахим хуудсан /http://www.csc.gov.mn/uploads/UIKh_togtool/-д тавигдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар нийтэд илэрхий үйл баримт гэж үзэв.

 

“Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ийн 3.1-д “...21-ээс доошгүй хоногийн өмнө мэдээлнэ”, Зааврын 3.1.3-д зааснаар “ярилцлагыг шалгалтад хамаарах хөтөлбөр, төслийн танилцуулга хийх хугацааг тухай бүр өрсөлдөгч бүрд ижил байхаар тогтоож өгөх” гэж тус тус заажээ.

 

Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдсөн Г.Т, О.Ч  нарт 10 минутын хугацаатай ярилцлагад орохоор хуваарь гарсан, мөн шалгалтын зарыг журамд заасан хугацаанд байршуулаагүй, шалталтын дүнтэй танилцах хүсэлт гаргасан байдал баримтаар нотлогдохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт журмын дагуу явагдсан байх тул Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын О.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Сонгон шалгаруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтын О.Ч-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.Ч-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч О.Ч-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР