Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2017/ШЦТ/220

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Э******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э*******д холбогдох эрүүгийн 2215000000216 дугаартай, 163/2022/0210/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А******* овогт Б******* Э*******, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны давхар байрны 10-06 тоотод оршин суух бүртгэлтэй, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ахуй үйлчилгээний төвийн үсчин ажилтай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, 30 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй /РД: МЮ92113005/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны нутаг Сэлэнгэ голын эрэг дээр хохирогч П.Ц******* гээгдүүлсэн Самсунг Галакси-А33 загварын цагаан өнгийн IMEI:350013905094792, IMEI:352033275094790 кодтой гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.034.565 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000000216 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны нутаг Сэлэнгэ голын эрэг дээр хохирогч П.Ц******* гээгдүүлсэн Самсунг Галакси-А33 загварын цагаан өнгийн IMEI:350013905094792, IMEI:352033275094790 кодтой гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.034.565 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э******* өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

  1. Хохирогч П.Ц******* өгсөн “2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хялганат тосгоны Мод бэлтгэлийн аж ахуйн 50 жилийн ойн баярын үдшийн цэнгүүн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны урд талбайд болж түүнийг үзэж байгаад тараад найзуудын хамт Сэлэнгэ голын эрэг дээр очиж архи пиво ууж байгаад 14- ний өдрийн 02 цагийн үед А-33 загварын гар утсаа хаясан байсан ингээд өглөө нь хамт явсан найзуудаасаа асууж тодруулахад мэдэхгүй гэж байсан. Миний гар утас а-33 загварын гар утас, IMEI:350013905094792, IMEI:352033275094790 кодтой утас байсан. Би 2022 оны 06 сарын 20-ны өдөр Хялганат тосгоны Мобиком ХХК-ны төлөөлөгч Б.Ө******* гэдэг хүнээс 1.239.000 төгрөгөөр худалдан авч байсан. Хамгийн сүүлд үдшийн цэнгүүн дуусахад харахад 3% цэнэгтэй байхаар нь өмднийхөө халаасанд хийгээд явсан юм. Найзын машинаар явсан гэхдээ тухайн машинд байгаагүй машинаас буусны дараа миний халаасанд байсан... миний хувьд өөрийн алдсан гар утсыг эргүүлэн авлаа. Мөн асааж байгаад утсаар хүнтэй ярьж доторх зүйлсийг үзлээ гар утас маань хэвийн ажиллаж байгаа тул миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 14-16, 18 дахь тал/,
  1. Иргэний нэхэмжлэгч М.С******* өгсөн “Би 2022 оны 08 сарын 17-ны өдөр 16 цагийн үед Орхон аймаг Баян-өндөр сум 6-р микрод байдаг Тэди гар утас худалдааны төвийн 3 давхарт гар утас засварын хүнээс өөрийнхөө I Phone 12 Рго Мах гар утсыг 2.150.000 төгрөгөөр үнэлж зараад зөрүү мөнгөнд нь А-33 загварын утсыг 600.000 төгрөгөөр үнэлж аваад 1.490.000 төгрөг дансаар авч үлдэгдэл 60.000 төгрөгт гар утасны дагалдах хэрэгслүүд авсан юм. Би харуул танина нэрийг нь мэдэхгүй байна би зөрүү мөнгө 600.000 төгрөгөө нэхэмжилж байна... миний хувьд нэмж ярих зүйл гэвэл би гар утас худалдаж авсан гэх Б******* гэх залуугаас 600.000 төгрөгөө эргүүлээд авчихсан учир гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 25 дахь тал/,
  2. Иргэний нэхэмжлэгч Б.Б өгсөн “би гар утас засаж янзалж байгаад нэг эмэгтэйгээс 350.000 төгрөгт бодож гар утас худалдан авсан. Уг гар утсыг би 600.000 төгрөгөөр С гэх залууд зартал тухайн утас нь хүний гар утас байсан гээд цагдаагийн алба хаагч хурааж авсан гэсэн. Миний хувьд одоо гомдолгүй буюу тухайн эмэгтэйгээс 350.000 төгрөг авсан. Мөн С гэх залууд 600.000 төгрөгийг төлж барагдуулчихсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дахь тал/,
  3. Гэрч Б.Б өгсөн “2022 оны 08 дугаар сарын 15-аас 16-ны өдрийн үед Э******* гэх эмэгтэй Орхон аймгийн Тэди худалдааны төвд ирээд манай хүүхдийн барьж байсан утас гээд 350.000 төгрөгөөр надад зарсан. Би тэр утсыг нь С гэх залууд 600.000 төгрөгөөр бодож худалдсан. Би мэдээгүй тухайн эмэгтэй надад манай охины барьж байсан утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дахь тал/,
  4. Гэрч Б.Б “Би Ц гэдэг залууг танина. Нэг нутаг 10 жилд манай доод ангид байсан залуу ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2022 оны 08 сарын 14-ний шөнө 02 цагийн үед найзууд утсаар холбогдоод гараад ирээч жаахан юм ярьж сууя гэхээр нь би гэрээс гарч ирээд найзуудын хамт Хялганат тосгоны хажууд Сэлэнгэ голын эрэг дээр очиход Ц хэдэн найзуудтайгаа архи пиво уугаад нэлээн согтолттой толгойгоо доош нь унжуулаад сууж байсан. Бид хэд очиж 30-40 минут орчим юм ярьж сууж байгаад буцаж амарсан юм. Би тэр талаар мэдэхгүй байна тухайн үед гадаа харанхуй байсан, маргааш нь Ц тааралдаад тухайн үед утсаа хаясан байна хараагүй биз гэж асууж байсан. Бүгд хамт хөдөлсөн Цтэй байсан найзууд нь ойр орчмын хогоо түүж машин дээрээ ачаад хамт хөдөлсөн” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 33-34 дахь тал/,
  5. “Тольдох оюуны өгөөж” ХХК-ны шинжээч Д.О 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 22201 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Самсунг А-33 загварын гар утасны зах зээлийн үнэлгээг 1.034.565 төгрөг” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 44- 48 дахь тал/,
  6. Яллагдагч Б.Э*******ын “би Сэлэнгэ голын дагуу явж байгаад 2022 оны 08 дугаар сарын 14-ний орой шиг санагдаж байна газраас цагаан өнгийн ухаалаг гар утас олсон. Тухайн үед цэнэггүй унтарчихсан байсан юм. Тэр утсыг аваад гэртээ 2 билүү 3 хоног хадгалж байгаад Орхон аймгийн төвд байдаг гар утас засварын газарт нөгөө утсаа зарсан” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 59 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Ч.Э*******ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр суурьнаас, шүүгдэгч Б.Э******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.Ц, иргэний нэхэмжлэгч М.С, Б.Б*******, гэрч Б.Б*******, Б.Б нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Э*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Б.Э******* нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний шөнө 02 цагийн орчимд Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны нутаг Сэлэнгэ голын эрэг дээр хохирогч П.Ц******* гээгдүүлсэн Самсунг Галакси-А33 загварын цагаан өнгийн IMEI:350013905094792, IMEI:352033275094790 кодтой гар утсыг олж, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.034.565 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Энэ гэмт хэргийн субьектив талын онцлог нь гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу анхнаасаа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт төрөөгүй байдаг ба харин хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, улмаар шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар авсан, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг онцлогтой.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Э******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Э*******ын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Э*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Цэд 1.034.565 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Б.Б*******д 350.000 төгрөгийн, М.Ст 600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч Б.Э******* нь гар утсыг биед байдлаар нь хохирогч П.Цэд буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б*******д 350.000 төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б******* нь иргэний нэхэмжлэгч М.Ст 600.000 төгрөгийг тус тус төлж хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 14-16, 18 дахь тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Э*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Э*******ыг гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.Э*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Э*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 62-64 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Э******* нь ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр багийн Хялганат тосгоны давхар байрны 10-06 тоотод амьдардаг, Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ахуй үйлчилгээний төвийн үсчин ажилтай зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Э******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4/114 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

Шүүгдэгч Б.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчтай тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.Э******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Э******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч П.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А******* овогт Б******* Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Э******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.Э******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч П.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Б*******, М.С нар нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ