Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2024/0043/З |
Дугаар | 221/МА2024/0345 |
Огноо | 2024-05-27 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2024/0345
2024 оны 05 сарын 27 өдөр | Дугаар 221/МА2024/0345 | Улаанбаатар хот |
“ЭЭА” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М;
Нэхэмжлэгч: “ЭЭА” ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга;
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0227 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0043/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “ЭЭА” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0227 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7 дахь хэсэгт заасныг баримтлан “ЭЭА” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М давж заалдах гомдолдоо:
3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж хуульчилсан. Гэтэл төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэс уг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хавтаст хэргийн 36 дугаар талд байгаа баримтаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад буюу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудас”-аа нээн цуцлах ажиллагаагаа эхлүүлсэн нь дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн үйлдэл болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан хугацаа дуусмагц тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохоор байгаа билээ. Дээр дурдсан баримтад эрх зүйн шүүлт хийсэн тус байгууллагын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын цохолтод “мэдэгдэх үүргээ сайн хэрэгжүүлээрэй” гэж бичсэн байдаг. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдлийг хүрүүлсний дараа бодит нөхцөл байдлыг тодруулж хуулийг хэрэгжүүлж ажиллах санааг агуулсан гэж ойлгохоор байна. Кадастрын хэлтэс цуцлах үндэслэл бүрдсэн мэдэгдлийг манай компанид ирүүлээгүй болох нь хавтаст хэргийн 109, 112 дугаар талд байгаа баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж хуульчилсан. Энэ хуулийн зохицуулалтын дагуу манай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MV-0119** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаарх нотлох баримтаа гаргаж өгөх төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх боломжийг бидэнд олголгүй дээр дурдсан хуулийн зохицуулалтыг төрийн захиргааны болсон. Нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн зүгээс Кадастрын хэлтсийн даргын 361 дүгээр шийдвэрийг албажиж гарахаас өмнө нь тус нэгжийн даргатай биечлэн уулзаж учраа тайлбарласан тухай нэхэмжлэлд дурдсаар байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх талаар ямар нэг ажиллагаа хийгээгүй нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болохыг нотолж байна.
3.3. Дээр дурдсан баримтаар төрийн захиргааны байгууллагын энэ үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.3, 4.2.4, 4.2.5, 4.2.6, 4.2.8-д заасан зарчмыг зөрчсөн үйлдэл болсныг нотолж байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
3.4. Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарны 26-ны өдрийн 09 дугаартай тогтоолын 6 дугаар зүйлд “... 56.2, 56.4, 62 дугаар зүйлийн 62.6-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарласан. Монгол Улсын дээд шүүх уг тайлбартаа мэдэгдлийг хүргүүлж түүнийг баримтжуул гэж тайлбарласан болохоос хүргэгдээгүй буцаж ирснийг нь баримтжуул гэж тайлбарлаагүй.
Хариуцагчийн мэдэгдэл тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэгдээгүй буцаж ирсэн бол төрийн захиргааны байгууллага өөрт байгаа мэдээллээ /open data/ ашиглан уг мэдэгдлийг хүргүүлэх үүрэгтэй байсан. Хэргийн оролцогч нар мэдэгдэл хүргүүлсэн, мэдэгдэл аваагүй, утсаар холбогдоогүй хэмээн маргаж байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх “Монгол шуудан” ТӨХК-аас лавлагаа авах, хавтаст хэргийн 36 дугаар талд байгаа утаснууд одоо нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа эсэх, нэхэмжлэгч компани тухайн үед хаяг дээрээ байсан эсэх асуудлыг тодруулах ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хариуцагчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/4417 дугаартай мэдэгдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэгдээгүй байхад хариуцагч яагаад Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүйгээр, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын ашиглалтын MV-0119** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр албажиж гараагүй байхад хариуцагчтай уулзан төлбөрөө төлье гэхэд шаардлагагүй гэж хариу өгсөн зэрэг олон асуудлыг тал бүрээс тунгаан шийдвэрлээгүй гэж үзэж байна. Хариуцагч нь Ашигт малтмалын тухай хууль болон дээр дурдсан тайлбарыг хэрэгжүүлж нэхэмжлэгч манай компанид мэдэгдэл ирүүлээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
3.5. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагчаас олгосон итгэмжлэл гэх баримт хавтаст хэргийн 26-р хуудаст авагдсан байх тул итгэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст гэх хүн олгосон байгаа нь хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд итгэмжлэл олгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болохыг нотолж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1-т “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх” гэж заасан. Хавтаст хэргийн 26 дугаар хуудсанд байгаа итгэмжлэлд Уул уурхайн хэлтсийн дарга Т.Зууннаст гарын үсэг зурж итгэмжлэл олгосон. Уг итгэмжлэлд хавсаргасан 2 баримтаас Уул уурхайн хэлтсийн дарга нь тухайн үед Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлож байсан болохыг нотолсон баримт байхгүй байхад уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд байгаа тушаалд тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.2 дахь заалтыг үндэслэсэн байгаа нь албан тушаалтан түр орлон гүйцэтгэхдээ үүрэгт ажиллаа хэрхэн хүлээлцдэг ямар бичиг баримт үйлддэг талаар дурдсан байх, гэтэл энэ талаарх баримт байхгүй байгаа нь итгэмжлэл хууль ёсны мөн эсэхэд эргэлзээ төрүүлэхээр байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
3.6. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн эрхийг хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тодруулбал, хавтаст хэргийн 43, 44 дэх нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, хэргийн оролцогч нарт эрх, үүрэгтэй нь танилцуулсан баримт авагдсан байх ба тухайн баримтад нэхэмжлэгч, хариуцагч нар анхан шатны шүүх хуралдаан болох өдөр буюу 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан байна. Мөн хавтаст хэргийн 45 дугаар хуудаст хэргийн оролцогч нарт хэргийн материалыг танилцуулсан баримт авагдсан байх ба уг баримтын толгой хэсэгт “Хэргийн оролцогчдод “Эс Ам Ай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГТГ-д холбогдох 1 хавтас, 44 хуудас хэргийг танилцуулав” гээд хэргийн оролцогч нар анхан шатны шүүх хуралдаан болсон 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурсан байна. Гэтэл хавтаст хэргийн анхан шатны шүүх хуралдаан хүртэл нийт 117 хуудас материал цугларсан байх ба 44 хуудас материалаас бусад материалтай хэргийн оролцогч нар танилцсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
3.1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.
3.2. Хуулийн дээрх заалтаас үзвэл, нэхэмжлэгч “ЭЭА” ХХК нь Булган аймгийн Сайхан сумын Сайхан уул нэртэй газарт орших 1229.15 гектар талбай дахь ашиглалтын MV-0119** дугаар бүхий тусгай зөвшөөрлийг 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгогдсон өдрөөс тоолж, жил бүрийн 09 дүгээр сарын 05-ны өдөр, алдангийн хамт 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр байна.
3.3. Гэвч нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 17 дахь жилийн төлбөр болох 8 950 000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө төлөөгүй, хугацаа хэтрүүлж 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн /хх-ийн 8 дахь талд/ байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй.
3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “ЭЭА” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар захиргааны байгууллага 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/4417 дугаар албан бичгээр мэдэгдсэн гэх боловч энэ нь хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын “Явуулсан бичгийн бүртгэл” /2023.08.01-2023.10.02/ 4-р боть дэвтрийн 4072 дугаарт хүлээн авсан хүний гарын үсэг хэсэгт “Буцаалт” гэсэн тэмдэглэгээ /хх-ийн 109 дэх талд/, мөн албан бичгийг хүргүүлсэн дугтуйн дахь Шууданч Э.Сараагийн магадлагаа буюу шуудан илгээмжийг гардуулаагүй шалтгаанд “хаягт газар ийм хүн байхгүй”, Тодруулсан хаяг: утас биш” гэх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тэмдэглэгээ /хх-ийн 117 дахь талд/, Тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаст “9911-5381-биш (ажлаас гарсан), 8890-0830-ажлаас гарсан биш, 7011-1442-холб-х боломжгүй” IX/18, X/4” гэсэн тэмдэглэгээ /хх-ийн 36 дахь талд/ зэрэг баримтуудаар мэдэгдэл зохих ёсоор хүргэгдээгүй, буцаж ирсэн болох нь тогтоогдож байна.
3.5. Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай үйл ажиллагааны дотоод хяналтын хуудсаар бусад тэмдэглэл хэсэгт “... АМГТГ-ын цахим хаягаар, өнөөдөр сонинд зар гаргах, ...мессежээр” гэж /хх-37 дахь тал/ тусгагдсан ажиллагаа болон шийдвэрт заасан “өдөр тутмын сонинд нийтлэх” ажиллагааг хийгээгүй байх бөгөөд дээрх үйл баримтуудаар захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ” гэж заасантай нийцээгүй.
3.6. Түүнчлэн хариуцагчаас цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/4417 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг албан бичигт “Буцаалт” гэсэн тэмдэглэгээтэйгээр захиргааны байгууллагад буцаагдсан байхад дахин энэхүү хаягаар 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/5134 дугаар албан бичгээр “ЭЭА” ХХК-д “тусгай зөвшөөрлийг цуцалсан” болохыг мэдэгдсэн мэдэгдэл мөн адил зохих ёсоор хүргэгдээгүй буцаагджээ.
3.7. Зүй нь захиргааны байгууллага эхний удаа хаягтай байхгүй буцаалт хийгдсэн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “...шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.5-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтай байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй ....тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу бүхий л арга хэрэгслээр ажиллагаа хийж, тусгай зөвшөөрлийн эзэмшигчтэй холбогдох бүрэн боломж байсан байна.
3.8. Мөн түүнчлэн хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл “Нөхцөл байдлыг тогтоох”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл “Сонсох ажиллагааг явуулах” зэрэг захиргааны шийдвэр гаргах ажиллааг зөрчсөн нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах;” гэсэн захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байна.
3.9. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “...хариуцагчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/4417 дугаартай мэдэгдэл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргэгдээгүй байхад хариуцагч яагаад Ашигт малтмалын тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэхгүйгээр, тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын ашиглалтын MV-0119** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр албажиж гараагүй байхад хариуцагчтай уулзан төлбөрөө төлье гэхэд шаардлагагүй гэж хариу өгсөн зэрэг олон асуудлыг тал бүрээс тунгаан шийдвэрлээгүй ... манай компанид мэдэгдэл ирүүлээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байхад ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлтэй.
3.10. Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг болон тусгай зөвшөөрлийг цуцалсан маргаан бүхий актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгчид хуульд заасан журмын дагуу гардуулаагүй, урьдчилан мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй болох нь тогтоогдож байна.
3.11. Иймд, нэхэмжлэгч “ЭЭА” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2024/0227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 43 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЭЭА” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийн “ЭЭА” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА