Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 91

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Одхүү даргалж,

Улсын яллагч: П.Ганбаатар

            Хохирогч: Л.Оюунчимэг

            Хохирогчийн өмгөөлөгч: В.Удвал

            Шүүгдэгч: С.Гантөмөр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан нээлттэй хийж, аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Санлайн Гантөмөрт холбогдох  201603000111 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэлэлцэхэд

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,1985 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, бэр эгч, дүү нарын хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 10 дугаар байрны 02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Санлайн Гантөмөр /РД:ЛЕ85040318/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч С.Гантөмөр нь 2016 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 2 дугаар 36 байрны гадаа талийгаач Н.Гансуурьтай бүлэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж, догшин авирлан танхайрч, тодорхой шалтгаангүйгээр хохирогч Д.Баянмөнх, Л.Оюунчимэг нарыг зодож Д.Баянмөнхийн биед хөнгөн гэмтэл, Л.Оюунчимэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гантөмөрийн өгсөн:

 

Хэрэг болсон орой Н.Гансуурь бид хоёр найзуудаараа айлд бага хэмжээгээр пиво ууж байсан. Шөнийн 03 цагт Н.Гансуурь нь эхнэртэйгээ маргаад гарахад нь би араас нь гарсан. Тэгээд бид хоёр манайд очиж хонох гээд явж байсан. Манайх 72 дугаар байрны 1-р сургуулийн саадны хажууд явж байхад эмэгтэй хүний хашгирах дуу гарахад нь бид хоёр гүйж очоод “Юу болоод байна” гээд “Ах эгч хоёр нь явж байна...” эмэгтэй, эрэгтэй хоёр хүн маргалдсан байдалтай зогсож байсан. Н.Гансуурь нэлээн уучихсан, би өөрийгөө хянах чадвартай байсан. Тэгээд тэр хоёроос салаад 100 гаран метр явж байтал нөгөө эмэгтэй дахин хашгирч эрэгтэй эмэгтэй хоёр маргалдаж эхэлсэн. Тэгтэл Н.Гансуурь “эмэгтэйгээ зодоод байгаа юм биш үү. Хоёулаа харсан юм чинь очиж салгаж, гэрт нь оруулж өгье” гэсэн. Тэгээд бид хоёр очиход Д.Баянмөнх, Н.Гансуурьтай маргалдаж бие биенийгээ түлхэж, цохиж байсан өнгө аястай юм харагдаж байсан. Тухайн үед гэрлэн дохионы шар гэрэл асаж байсан болохоор тэндхийн орчин сайн харагдаж байсан. Тэгээд би Н.Гансуурь, Д.Баянмөнх хоёрыг дундуур нь орж салгасан. Тэгсэн чинь Д.Баянмөнх намайг түлхсэн. Тэгэхэд нь би хариу түлхсэн. Тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед эхнэр нь зайтай зогсож байснаа гүйгээд явчихсан.  Удаагүй байж байтал эхнэр нь мод барьсан хүн дагуулаад гараад ирсэн. Тэгсэн тэр хүн нь намайг тэр модоороо цохиход тэр мод нь хугарсан. Тэгэхэд нь би андуураад намайг цохичихлоо гэж бодоод зай бариад цагаан машины хажууд зогсоод харж байтал Н.Гансуурийг модныхоо хугархайгаар цохиж, өшиглөж, зодож байснаа чирээд байрны орц руу авч орсон. Дараа нь гарч ирээд тамхи татаад зогсоод байсан. Би цагдаагийн газар ажилд орох гэж бичиг баримтаа өгсөн байсан болохоор зодоон цохионд оролцож болохгүй гэж бодоод тэндээс явсан. Хүний араас гарч ирсэн болохоор холхиндог гуталтай, цээжиндээ нөмгөн куртиктэй гарч ирсэн байсан болохоор гэртээ харьж хувцасаа сольчхоод хэрэг болсон газар иртэл хүн байхгүй байсан. Тэгэхээр нь цагдаад мэдэгдэх гэж цагаагийн газар очиход хохирогч Л.Оюунчимэг “Чи миний эрүүг хугалчихсан шдээ” гээд Н.Гансуурь луу заагаад байсан. Жижүүрээр ахмад, дэд ахлагч нар байхаар нь би “Найзыгаа авч явж эмнэлэгт үзүүллээ” гэхэд “Тэг тэг маргааш Дашдондог байцаагчтай уулзаарай” гэсэн. Би цагдаагийн байгууллагад жил гарангийн хугацаанд дэд ахлагчаар ажиллаж байсан болохоор цагдаагийн газар яригдаж байсан зүйлийг бичиж, тэмдэглэж аваарай гэж хэлсэн. Хохирогчийн дүү нь “Манай эгчид гэмтэл учруулсан залуу нас барчихсан. Би тэр залууд нь гэмтэл учруулчихсан байсан юм” гэж Эрдэнэбаяр гэдэг залууд 7 сарын үед ярьсан байсан. Миний хувьд найзынхаа араас дагаж гарч ирээд эмэгтэй хүний орилох чимээгээр явж хүн дээрэмдүүлж байна уу? гэсэн бодлоор очсон. Би Л.Оюунчимэгт учруулсан хохирол, гэмтэл байхгүй болохоор хохирол төлөхгүй гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Оюунчимэгийн өгсөн:

 

2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай ах Давааням ахын зээ охин нь “Би эстрадын дуучин” тэмцээнд ороод тусгай байр эзэлсэн. Тэгээд манай нөхөр Баянмөнх бид хоёрыг дуудсан. Манай нөхөр бид хоёр  Давааням ахынд 23 цагийн үед очсон. Тэндээ манай нөхөр бага зэрэг архи уусан. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Давааням ахынхаас 04 цагийн үед гараад гэр рүүгээ явахаар алхсан. Тэгээд 1 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр урд талын замаар ороод засмал замын хажуу талын явган хүний замаар уруудаж байтал 1 дүгээр сургуулийн урд талын сааднаас 2 залуу гүйж гарч ирсэн. Би дотроо хүн хөөж байгаа юм байх гэж бодтол шууд нөхөр бид 2 дээр ирснээ хоргоогоод зогссон. Би “Юун хүмүүс вэ, хүн андуурав уу,та нар жоохон хүүхдүүд байна даа” гэж хэлэхэд “Манай нөхөр та нар бацаанууд л байна шдээ” гэсэн. Тэгтэл манай нөхрийг адилхан бацаан байж гээд барьж аваад нэг цохьсон. Тэр 2 залуугийн түрүүлж ирсэн хар өнгийн куртиктэй залуу нь цохьсон. Тэгээд зам хөндлөн гараад 12 дугаар дэлгүүрийн ар талд ирэхэд тэр 2 залуу араас гүйгээд ирсэн. Тэгээд манай нөхрийг ахиад барьж аваад хоёулаа нийлээд зодоод байсан. Тэгэхээр нь би дүү Ганбаатарынд ороод дүү Ганбаатард ахыг чинь хүн зодоод байна гэж хэлчихээд эргээд гарч ирэхэд манай нөхрийн курткийг тайлчихсан газар унагаачихсан дөрвөн хөллүүлээд зодож байсан. Би аллаа шүү дээ гээд дундуур нь ороод нөхрийгөө тэврээд тонгойтол миний эрүү рүү нэг залуу нь өшиглөчихсөн. Хэн өшиглөснийг мэдэхгүй байна. Эрүү хугарсныг эхлээд мэдээгүй. Тэгээд буцаж ээжийндээ орж толгойгоо барьж сууж байгаад эгчийгээ цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд эргээд гарч харахад манай дүү Ганбаатар нэг залууг нь орцонд оруулчихсан зугтах гээд байна гээд гутлыг нь тайлчихсан байсан. Удалгүй цагдаа нар ирээд бид нар хамт цагдаагийн газар очсон. Би цагдаагийн газрын толинд харагдах хүртлээ эрүүгээ хугалуулснаа мэдээгүй. Тэгээд намайг “Ийм болгочихсон байна шдээ гэхэд Н.Гансуурь нь “Би ганцаараа явж байсан. Тэр залууг танихгүй” хэлсэн. Тэгсэн чинь С.Гантөмөр дээл өмсчихсөн үүдний жижүүрт “Энэ хүүхэн амьд гарлаа. Наад залуу чинь эхнэрийгээ нүдээд алах гэж байсан шдээ” гээд зогсож байсан. Би жижүүрийн цагдаад “Энэ хоёулаа явж байсан” гэж хэлсэн. С.Гантөмөр “Амьдрал дээр зохицох уу” гэж байсан. Миний эрүү хоёр хугарсан. Гэмтлээ гэмтлийн эмнэлэгт очиж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал 855.740 төгрөг, замын зардал 23.400 төгрөг, өмгөөлөгчийн зардал 350.000 төгрөг, сарын орлого сард 300.000 төгрөг 2, 3, 4 сарын нийт 3 сарын 900.000 төгрөг, нийт 2.079140 төгрөг. Хохирлоо барагдуулчих юм бол санал гомдол байхгүй гэв.

 

                        201603000111 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

 

Хохирогч Л.Оюунчимэгийн өгсөн:

 

“...Баянмөнх бол миний нөхөр, Ганбаатар бол миний төрсөн дүү. Нөгөө 2 хүнийг нь танихгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр манай ах Давааням ахын зээ охин нь “Би эстрадын дуучин” тэмцээнд ороод тусгай байр эзэлсэн. Тэгээд манай нөхөр Баянмөнх бид хоёрыг дуудсан. Манай нөхөр бид хоёр Давааням 2 Давааням ахынд 23 цагийн үед очсон. Тэндээ манай нөхөр бага зэрэг архи уусан. Би архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд Давааням ахынхаас 04 цагийн үед гараад гэр рүүгээ явахаар алхсан. Тэгээд 1 дүгээр сургуулийн ертөнцийн зүгээр урд талын замаар ороод засмал замын хажуу талын явган хүний замаар уруудаж байтал 1 дүгээр сургуулийн урд талын сааднаас 2 залуу гүйж гарч ирсэн. Би дотроо хүн хөөж байгаа юм байх гэж бодтол шууд нөхөр бид 2 дээр ирсэн. Юун хүмүүс вэ, хүн андуурав уу бид хоёр гэр бүлийн хүмүүс явж байна гэсэн. Та нар жоохон хүүхдүүд байна шдээ яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр 2 залуу бид хоёрыг явуулахгүй хоргоогоод байсан. Тэр 2 залуу манай нөхрийг адилхан бацаан байж гээд барьж аваад нэг цохьсон. Тэр 2 залуугийн түрүүлж ирсэн хар өнгийн куртиктэй залуу нь цохьсон. Би тэгэхээр нь нөхрийгөө салгаад гэр рүүгээ алхсан. Би ах, эгч хоёрыгоо зүгээр орхиоч гэж хэлсэн. Тэгээд зам хөндлөн гараад 12 дугаар дэлгүүрийн ар талд ирэхэд тэр 2 залуу араас гүйгээд ирсэн. Тэгээд манай нөхрийг ахиад барьж аваад хоёулаа нийлээд зодоод байсан. Тэгэхээр нь би дүү Ганбаатарынд ороод дүү Ганбаатард ахыг чинь хүн зодоод байна гэж хэлчихээд эргээд гарч ирэхэд манай нөхрийн куртикийг тайлчихсан газар унагаачихсан байхаар нь би аллаа ш дээ гээд дундуур нь ороод нөхрийгөө тэврээд автал миний эрүү рүү нэг залуу нь өшиглөчихсөн. Тэгээд би цохиулчихлаа ш дээ гээд эргээд ороход манай дүү Ганбаатар урдаас гарч ирж байсан. Би Ганбаатарынд орж эгч Оюун-Эрдэнээр цагдаа дуудуулсан. Тэгээд эргээд гарч харахад манай дүү Ганбаатар нэг залууг нь орцонд оруулчихсан зугтах гээд байна гээд гутлыг нь тайлчихсан байсан. Тэр залуу орцон дотор суугаад намайг явуулчихаач зохицьё гээд байсан. Энэ залууг Гансуурь гэдэг юм байна лээ. Нөгөө залуу буюу Гантөмөр гэдэг залуу намайг гарч ирэхэд зугтачихсан байсан. Би эрүү рүүгээ хэнийг өшиглөсөнг мэдэхгүй байна. намайг нөхрийгөө газар доош харан 4 хөллөсөн байх үед нь араас тэврээд автал нэг нь миний эрүү рүү нэг залуу өшиглөчихсөн. Намайг гарч ирэхэд манай нөхөр Баянмөнх 4 хөллөөд доош харсан байсан. Нөгөө 2 залуу нь манай нөхрийг 2 талаас зодож байсан. Хэн нь хаана яаж цохьсонг нь би мэдэхгүй байна. Ганбаатарыг унтаж байхад нь би сэрээсэн. Ганбаатар гарч ирэхэд Гантөмөр нь зугтаасан гэсэн. Гансуурь нь Ганбаатард баригдсан гэсэн. Би энэ үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Цагдаа дуудчихаад орцондоо гарахад Ганбаатар Гансуурийг газар суулгачихсан гутлыг нь тайлчихсан байсан. Манай нөхөр хамт зогсож байсан. Гансуурийн хөмсөгнөөс нь цус гарсан байгаа харагдаж байсан. Манай нөхрийг Гантөмөр, Гансуурь хоёр хоёулаа цохиж зодсон. Манай нөхөр хэн нэгийг цохиж зодоогүй. Зодоон болохыг харсан хүн байхгүй байх. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан. Тухайн үед Ганбаатарынд манай ээж Тамжийхүү, эгч Оюун-Эрдэнэ, Ганбаатарын 2 хүү унтаж байсан. Эрдэнэцэцэг гээд 12 дугаар охин нар байсан. Манай нөхөр Баянмөнх бид хоёрыг хамт явж байхад Гансуурь , Гантөмөр нар нь шалтгаангүйгээр хэрүүл маргаан өдсөн. Гантөмөр нь цагдаа байна гээд байсан. Гантөмөр нь манай нөхрийг намайг зодож байсан гэж худлаа хэлж байсан. Би гомдолтой байна. Би Улаанбаатар хот явж эмчилгээ хийлгэсэн зардал, ажлаа алдаж орлогоо алдсан, сэтгэл санааны болон гоо сайханы хохирол учирсан. Би одоо өтгөн зүйл идэж ууж чадахгүй байна. Би гарсан бүх зардлаа тооцож үзээд эргээд хэлнэ.

Би өмгөөлөгчөөр В.Удвалыг сонгон авсан. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Ганбаатар миний төрсөн дүү, Баянмөнх бол миний нөхөр байгаа юм. Гантөмөр гэдэг хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед дүү Ганбаатарын гэрт ороод ахыг чинь хүн зодож байна гэж хэлчихээд эргээд гараад иртэл Ганбаатарын байрны гадаа манай нөхрийг нөгөө 2 залуу курткийг нь тайлаад шидчихсэн, манай нөхрийг 4 хөллүүлчихсэн зодож байсан. Тэгэхээр нь би аллаа ш дээ гэж хэлээд нөхрийнхөө толгой хэсэг рүү тэвэрч авахаар тонгойгоод гараараа биеийг хаатал миний эрүү рүү нь нэг залуу нь өшиглөсөн. Би тухайн үед нөхрийгөө яг тэвэрч аваагүй. Зодуулж байхыг хараад тэвэрч хамгаалахаар тонгойтол өөрөө өшиглүүлсэн юм. Миний гар манай нөхрийн биед хүрсэн байх. Гэхдээ тэвэрч аваагүй. Би аллаа ш дээ гэж хэлээд очсон. Намайг ирсэнг мэдсэн байх. Манай нөхөр доошоо хараад 4 хөллөсөн байсан. Намайг хараагүй байж магадгүй. Би 2016 оны 02 сард эрүү рүүгээ өшиглүүлсэнээс хойш одоо болтол юм зажилж идэж чадахгүй, ам гүйцэт ангайж чадахгүй хэцүү байгаа. Гантөмөр бид нарт нэг ч төгрөг өгөөгүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Гомдолтой байна. Одоо болтол миний бие зовиуртай хэцүү байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 249-250х/

 

Хохирогч Д.Баянмөнхийн өгсөн:

 

“...Ганбаатар бол манай эхнэрийн дүү байгаа юм. Гантөмөр, Гансуурь нарыг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 02 сарын 26-ны өдөр эхнэрийн хамт ажил дээрээ буюу Стилл нэртэй салон дээр байхад хадам ах болох Давааням утсаар дуудсан. Зээ охин нь дууны тэмцээнд амжилттай оролцсон гээд дуудсан. Тэгээд эхнэр Оюунчимэгийн хамт Давааням ахынд 23-00 цагийн хооронд очсон. Давааням ахынд очиход зээ охин нь шагнал авсан гээд хоол цай идэж уусан. Тухайн үед найзууд худууд нь ирсэн байсан. Тэндээ хууч хөөрөөд 04 цаг хүртэл суусан. Би бага зэрэг уусан гэхдээ их согтоогүй байсан. Тэгээд эхнэр Оюунчимэгийн хамт 1 дүгээр сургуулийн урд талаар буюу Бөхбилэгтийн саад 1 дүгээр сургууль хоёрын дундуур гараад засмал замын хажуу талаар явган хүний зам дээр гарч ирээд явж байтал 2 хүн Бөхбилэгтийн сааднаас гүйгээд гараад ирсэн. Тэгээд бид 2 дээр ирэхээр яах гэж байна дүү нараа гэр бүлийн хүмүүс явж байна гэхэд юу гээд байгаа юм бэ адилхан байж ахархлаа гээд хэрүүл маргаан өдөөд байсан. Нэг залуу нь би цагдаа байна гэж хэлж байсан. Би урдаас нь бага зэрэг хэрүүл маргаан хийсэн. Тэгэхэд манай эхнэр намайг аваад 12 дугаар дэлгүүрийн ар талд ирсэн. Дүү Ганбаатарын гэрт орохоор байрных нь гадаа ирэхэд тэр 2 залуу араас ирсэн. Манай эхнэр дотогшоо гүйгээд орсон. Би тэр 2 залуутай барьцалдаж аваад ганц нэг цохилцсон. Би 2 хүн болохоор дийлэхгүй байсан. Би тэр 2 залуугийн арай жижиг биетэй буюу Гансуурийг хөлнөөс барьж аваад зууралдаад хэвтсэн. Гансуурь гэдэг болохыг нь тэр өдөр цагдаа дээр ирээд мэдсэн. Намайг Гансуурь гэдэг залуугийн хөлнөөс нь тэврээд хэвтэж байхад нөгөө залуу нь буюу Гантөмөр нь миний дээрээс цохиж зодоод л байсан. Гансуурь нь ч бас цохиж зодож байсан. Манай эхнэр гарч ирээд аллаа ш дээ гэж хэлж байсан. Тэгээд эргээд орчихсон байсан. Тэгтэл Ганбаатар гарч ирэхэд Гантөмөр зугтаагаад явсан. Миний барьж авсан залуу болох Гансуурь нь үлдсэн. Гансуурь зугтах гэхэд Ганбаатар барьж авч байсан. Би хиймэл шүдээ унагаасан болохоор газраар хайж байсан. Би Ганбаатарын гэрт орчихоод гараад ирэхэд Ганбаатар Гансуурийг бариад авчихсан орцонд оруулаад ирсэн байсан. Тэгээд цагдаа дээр хамт ирсэн. Цагдаа дээр ирэхэд Гансуурь нь би ганцаараа явсан нөгөө залуугаа танихгүй гэж байтал Гантөмөр нь хувцасаа солиод ирсэн. Эхнэр бид хоёрыг харихаар явж байтал 2 залуу ирээд ямар нэгэн шалтгаангүй хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Би эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээгүй. Бид 2 нэг газар хамт ажилладаг. Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Миний гарын 2 тохой зулгаралттай, баруун хөлийн шагай урд нь гэмтэлтэй байсан нь сэдэрсэн. Зүүн мөр үеэрээ янгинаж өвддөг болсон. одоо миний толгой өвдөөд байгаа. Энэ гэмтлүүдийг Гансуурь, Гантөмөр 2 зэрэг намайг бүлэглэж зодож учруулсан. Би Гантөмөр, Гансуурь нартай барьцалдаж авч байх үедээ ганц нэг цохьсон байх. Бид нар хоорондоо харилцан зодолдсон. Ганбаатарыг хэн нэгийг цохиж зодож байхыг нь хараагүй. Ганбаатарыг гараад ирэхэд нэг залуу нь зугтаж нөгөө залууг нь Ганбаатар бариад авсан байсан. Зодоон болохыг гадны өөр хүн хараагүй. Тухайн үед Ганбаатарын гэрт хадам, ээж, Ганбаатарын хүүхдүүд бас Ойноо гэж дууддаг охин, Оюун-Эрдэнэ нар байсан. Би тухайн үед хиймэл шүдээ хайж байгаад Ганбаатарын гэрийн үүдэн дээр очоод хадам ээж Тамжийхүүг гэртээ ор гэж хэлээд эргээд л буусан. Энэ үед манай эхнэр Ганбаатартай цуг байсан байх. Тухайн үед миний Блекбэрри маркийн гар утас ашиглаж болохооргүй эвдэрсэн. Бас зодооны үеэр миний хиймэл шүд алга болсон. Хиймэл шүдээ 37.500 төгрөгөөр хийлгэсэн. Бас эм тарианы мөнгө болон ажил хийгээгүй үеийнхээ орлогыг нэхэмжилж байна. Би Блекбэрри гар утсаа 50.000 төгрөгөөр үнэлж байна.

Би өмгөөлөгчөөр В.Удвалыг сонгон авсан. Өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө. Ганбаатар бол миний эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Гантөмөр гэдэг хүнийг энэ хэрэгт холбогдсоноос хойш таньдаг болсон. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед намайг Гантөмөр, Гансуурь нар бүлэглэж зодож байсан. Тухайн үед ноцолдож, зодолдож байх үед миний курткийг тайлсан байсан. Би талийгаач Гансуурийн хөлнөөс нь тэврээд 4 хөллөөд газар хэвтээд нүүр толгойгоо хамгаалаад тонгойсон байдалтай өшиглүүлэхгүй гээд л хөлнөөс нь зуурсан байсан. Намайг хоёулаа өшиглөж зодоод байсан. Энэ үед манай эхнэрийн дуу гараад аллаа ш дээ гэж орилоод ирж байх шиг байсан. Би тухайн үед зодуулаад тонгойсон байсан болохоор эхнэрийг намайг тэвэрч авсан эсэхийг мэдэхгүй байна. намайг зодуулж байхад Ганбаатар гарч ирж салгасан. Эхнэрийгээ эрүү рүүгээ өшиглүүлсэнг би дараа нь мэдсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл гэхээр зүйл байхгүй. Манай эхнэр одоо болтол хоол ундаа сайн идэж чадахгүй хэцүү байгаа. Эхнэр бид 2 эмчилгээний болон бусад холбогдох зардлаа нэхэмжилж байна. Бид 2 хамт үсчин хийж ажиллаж амьдардаг. Энэ явдлаас болж нилээд хугацаанд ажлаа хийж чадахгүй манай гэр бүлийн эдийн засгийн байдал хүндэрч байна. Эхнэр бид хоёрыг талийгаач Гансуурь, Гантөмөр нар гүйж ирэхээр нь би юу болсон яах гэж байгаа юм бэ, ах, эгч 2 нь гэр бүлийн хүмүүс байна гэхэд чи үе юм байж ахархлаа гэж байсан. Гантөмөр нь би хууль сахиулж байна гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд бид хоёрыг явж байхад араас хөөж ирээд намайг зодсон. Ямар нэгэн хэрүүл хийх шалтгаан байгаагүй. Гантөмөр нь талийгаач Гансуурийг боль боль гээд байх шиг байсан мөртлөө хамт араас хөөж ирээд намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 247-248х/

 

Гэрч С.Одонтунгалагийн өгсөн:

 

“...Гантөмөр бол миний найз. Ганбаатар, Баянмөнх нарыг нь танина. Энэ хүмүүстэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 26-ны өдөр би талийгаач нөхрийнхөө хамт найз Хасбаатарынд очсон. Хасбаатарынд Хасбаатарын эхнэр Мөнхжаргал, Гантөмөр, Алтанчимэг бид нар байсан. Хасбаатарынд нилээд орой болсон хойно хонохоор очсон. Хасбаатарын гэрт 1-2 ширхэг Нийслэл нэртэй 2.5 литрын пиво бид хэд хувааж уусан. Хэдэн ширхэг пиво уусангаа сайн санахгүй байна. Хасбаатарынд хууч хөөрцгөөгөөд хоол унд хийж идэцгээгээд 02 цагийн үед унтахаар хэвтэцгээсэн. Унтахаар хэвтэцгээж байгаад Гантөмөр болон талийгаач нөхөр Гансуурь 2 гэр орноо эргээд ирье гээд гарсан. Тэгээд над руу эмнэлгээс 04 цагийн үед ярьсан. Би яг хэдэн цаг болсонг нь мэдэхгүй байна. Гантөмөр над руу залгаад бид 2 зодуулчихлаа эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг рүү явах гэж байтал Гантөмөр болон талийгаач 2 өөрсдөө ороод ирсэн. Орж ирэхэд талийгаачийн хувцас, нүүр, толгой нь цус болчихсон орж ирсэн. Юу болсон талаар асуухад 12 дугаар дэлгүүрийн цаад талд явж байтал сааднаас нэг хүүхэн авраарай гээд гарч ирэхээр нь очоод нөхөртэй нь барьцалдаж аваад нэг мэдсэн орцон дотор Ганбаатар гэдэг хүнд зодуулж байсан гэж хэлсэн. Тэгээд бид тэр шөнөө гэртэй харьсан. Тэгээд өглөө нь Эмнэлэгт хэвтсэн. Үүнээс хойш 2016 оны 04 сарын 02-ны өдөр манай нөхөр Гансуурь гэртэй өөрийгөө боомилж нас барсан...Гантөмөрийнх толгой нь хавдаж, нүүр нь шалбарсан байсан. Гантөмөрийн биеийн байдал гайгүй байсаан. Эмэгтэй хүн өмөөрөөд нөхөрт нь зодуулсан гэж байсан. Гантөмөрөөс юу болсон талаар нарийн асуугаагүй. Би гомдолтой байна. Энэ явдал болоогүй бол манай нөхөр амиа хорлохгүй байсан гэж бодож байна. Нэхэмжлэх зүйл гарвал тэр үед хэлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/

 

Гэрч Б.Нарангийн өгсөн:

 

“...Би Гантөмөр гэдэг хүнийг танихгүй. Ганбаатар, Баянмөнх нарыг танина. Ганбаатар нь манай нөхрийн төрсөн дүү, Баянмөнх бол манай нөхрийн төрсөн дүү Оюунчимэгийн нөхөр буюу миний баз байгаа юм. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 03 сарын 26-ны өдөр манай 3 настай зээ охин Мишээл “Би эстраадын дуучин” нэртэй тэмцээнд оролцоод тусгай байр эзэлсэн. Тэгээд 3 настай зээгээ тэмцээнд байр эзлэхээр нь их баярласан юм. Тэмцээн нь 22 цагийн үед тарсан. Тэгээд Оюунчимэг рүү залгаад дүү чинь тэмцээнд байр эзэллээ, та хоёр хариагүй байгаа бол манайд ирээд хоол унд идээд явахгүй юу гэж хэлсэн. Оюунчимэг, Баянмөнх нар манайд 00 цаг өнгөрөөгөөд ирсэн. Тэгээд манайд ирээд хоол унд идэцгээгээд унтах болоход шөнийн 03 цагийн үед болж байсан байх би Оюунчимэг, Баянмөнх нарыг хоноод явах уу гэхэд бид 2 хоёулаа юм чинь алхаад явчихъя гээд явсан. Тэгээд маргааш өглөө нь хүнд зодуулсан гэж сонссон. Тухайн үед манай гэрт манай нөхөр Давааням, Мишээлийн эмээ Даваасүрэн бид хэд л байсан. Тухайн үед манайх 0.5 литрийн архи гаргасан байсан. Энийг Даваасүрэн, Давааням, Баянмөнх бид 4 хувааж уусан. Оюунчимэг бол архи уудаггүй юм. Манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Оюунчимэг, Баянмөнх нар хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Баянмөнх манайхаас гарахдаа согтоогүй байсан. Манайд их ч архи уугаагүй. Ер нь манайд согтсон хүн байгаагүй. Тухайн үед манай гэрт манай зээ охин Мишээлийн эмээ Даваасүрэн байсан. Өөр гадны хүн байгаагүй. Манай худ Даваасүрэнг манай найз гэж ойлгосон байх. Оюунчимэг, Баянмөнх нар хоорондоо их сайн харьцаатай. Нэг гэр бүлийн хүмүүс, ажлын төлөө л гэж явдаг. Хамт үсчингийн газар ажиллуулдаг. Нэг газар хамт ажилладаг. Баянмөнх, Оюунчимэгийг зодож цохиж байсан удаа байхгүй. Баянмөнх, Оюунчимэг нар хоорондоо их сайн харьцаатай. Баянмөнх, Оюунчимэгтэй гэр бүл болоод 6 жил болж байгаа байх. Баянмөнх, Оюунчимэг нар 3 хүүхэдтэй. Гэр бүл болохдоо нэг, нэг хүүхэдтэй байсан юм. Хүүхдүүд нь хоорондоо их сайн. Баянмөнх архи уугаад байдаггүй сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Гэрч Л.Даваанямын өгсөн:

 

“...Ганбаатар бол миний төрсөн дүү, Баянмөнх бол миний төрсөн дүү Оюунчимэгийн нөхөр буюу манай хүргэн байгаа юм. Гантөмөр гэдэг хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Манай зээ охин Мишээл “Би эстрадын дуучин” тэмцээнд оролцоод 2016 оны 02 сарын 26-ны өдөр тусгай байрын шагнал авсан. Манай зээ охин 3 настай тэгээд дууны тэмцээнд ороод тусгай байр эзэлсэн болохоор их баярлаад дүү Оюунчимэг рүүгээ залгаад нөхрийнхөө хамт хүрээд ир ээ гэж хэлсэн. Манай дүү Оюунчимэг, хүргэн Баянмөнх нар шөнө ирсэн. Хэдэн цагийн үед ирсэнг нь мэдэхгүй байна. Оюунчимэг, Баянмөнх нарыг ирэхээр хоол унд идэцгээгээд зээ охин Мишээлдээ баяр хүргэж сууцгаасан. Би нэг шил 0.5 литрын архи залгаад хууч хөөрцгөөж байгаад шөнө тарцгаагаад Оюунчимэг, Баянмөнх нар харихаар явсан. Хэдэн цагийн үед тарсанг би бас сайн санахгүй байна. Тэгтэл маргааш өглөө нь хүнд зодуулсан талаар нь сонссон. Манай гэрт Мишээлийн аавынх нь ээж Даваасүрэн, манай эхнэр, би байсан. Манай хүүхдүүд Улаанбаатар  хотод оюутан болохоор байгаагүй. Баянмөнх бага зэрэг архи уусан. Оюунчимэг архи уугаагүй. Миний гаргаж өгсөн архийг Баянмөнх, Даваасүрэн манай эхнэр Наран бид нар л хувааж уусан. Согтсон хүн байгаагүй. Манайд ямар нэгэн хэрүүл маргаан зодоон болоогүй. Баянмөнх их архи уугаагүй. Согтоогүй байсан. Би тухайн үед найз нөхдөө дуудаагүй. Гэр бүлийн л хүмүүс байсан. Оюунчимэг, Баянмөнх нар хоорондоо сайн харьцаатай. Сайхан гэр бүлийн хүмүүс. Миний мэдэхээр Баянмөнх, Оюунчимэг хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж, Баянмөнх Оюунчимэгийг зодож байсан зүйл болж байгаагүй. Ер нь хоорондоо хэрэлддэггүй юм. Баянмөнх архи дарс уудаггүй, элдэв муу аашгүй, ажлын төлөө гэр бүлээ л гэж яваа хүн. Би Баянмөнхийг их сайн залуу гэж боддог. Ямар нэгэн хэрүүл маргаан хийсэн шинж байгаагүй. Оюунчимэгийн биед ямар нэгэн ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу /

 

Гэрч П.Хасбаатарын өгсөн:

 

“...Гантөмөр манай найз байгаа юм. Ганбаатар, Баянмөнх нарыг танихгүй. Энэ хүмүүстэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 02 сарын 26-ны өдөр манайд Гантөмөр, Одонтунгалаг, Алтанчимэг, талийгаач Гансуурь нар ирсэн. Бид нар гэр бүлийн найзууд юм. Тухайн үед манай эхнэр төрөөд удаагүй байсан. Манай эхнэр хүүхдийг эргэхээр ирцгээсэн юм. Манайд хоол унд идэцгээгээд 2 ширхэг 2.5 литрын хэмжээтэй пивийг Гантөмөр, Алтанчимэг, талийгаач Гансуурь, Одонтунгалаг бид нар хувааж уусан. Би тэр пивны нэрийг нь санахгүй байна. Би маргааш нь ажилтай байсан, бас манай эхнэр өрөөндөө ороод унтсан. Тэр хэд оройтсон болохоор манайд хонохоор болцгоогоод манай эхнэр ор засаж өгсөн. Тэгээд би өглөө ажилдаа явах гээд бостол талийгаач Гансуурь, Одонтунгалаг, Гантөмөр, Алтанчимэг нар байхгүй. Манай эхнэр шөнө Гансуурь, Гантөмөр нар хүнд зодуулсан гээд ирсэн. Тэгээд бүгд явцгаасан гэж хэлсэн. Би хаана хэнтэй зодолдсон талаар нь мэдэхгүй. Манай гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Намайг унтах үед Гансуурь, Гантөмөр нар согтоогүй байсан. Бид нар олуулаа 2 ширхэг пиво уусан. Согтсон хүн байгаагүй. Бид нар хоорондоо тоглоцгоогоод л оройтсон юм. Гансуурь эхнэр Одонтунгалагтай ямар нэгэн хэрүүл маргаан хийдэг талаар мэдэхгүй. Намайг унтах үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Гансуурь болон Одонтунгалаг нар миний мэдэхээр хоорондоо хэрүүл маргаан зодоон хийж байгаагүй. Хоорондоо их сайн харьцаатай. Гантөмөр, Гансуурь бид нар найзууд. Гантөмөр, Гансуурь 2 их сайн найзууд. Хоорондоо ямар нэгэн хэрүүл маргаан хийж байгаагүй. Гантөмөр их найрсаг, нөхөрсөг харьцаатай, архи их уугаад байдаггүй, одоо Алтанчимэг гэдэг эмэгтэйтэй гэр бүл болоод хүүхэд нь гарах гэж байгаа. Ер нь их сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/

 

Гэрч Б.Мөнхжаргалын өгсөн:

 

            “...Би Ганбаатар болон Баянмөнх нарыг танихгүй. Гантөмөрийг танина. Бид гэр бүлийн найзууд байгаа юм. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би төрөөд 10-аад хонож байсан байх 2016 оны 02 сарын 26-ны өдөр манайд талийгаач Гансуурь эхнэр Одонтунгалагийн хамт, Гантөмөр найз эмэгтэй Алтанчимэгийн хамт намайг эргэхээр ирцгээсэн. Би тэд нарт хоол унд хийж өгсөн. Тэгээд манайд хөзөр тоглоод 2 ширхэг 2.5 литрын пиво ууцгаасан. Би ямар нэртэй пиво байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд тэд нар хөзөр тоглоод нилээд оройтоцгоосон. Би төрөөд удаагүй байсан, манай нөхөр бас маргааш нь ажилтай байсан болохоор бид 2 унтлагын өрөөндөө ороод хүүхдүүдтэйгээ унтсан. Бид хоёрыг унтах үед тэд нар унтаагүй байсан. Тэгээд шөнө 04 цагийн үед байх намайг нэг сэрэхэд талийгаач Гансуурь манайхаас гараад явж байгаа харагдсан. Араас нь Гантөмөр чи хаашаа явах гэж байгаа юм бэ, гээд араас нь дагаад явж байсан. Ингээд гарч явснаас хойш нилээд удасны дараа Одонтунгалаг над дээр ирээд Хасбаатарыг сэрээчих хамт эмнэлэг яваад ирье Гансуурь, Гантөмөр 2 хүнд зодуулаад эмнэлэг дээр байгаа гээд байна гэсэн. Би Хасбаатарыг сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд удалгүй Гантөмөр, Гансуурь нар манайд ирсэн. Гансуурь нилээд их зодуулсан байгаа харагдсан. Гансуурь эхнэртэйгээ явъя гээд уурлаад байсан. Тэгээд тэд нар явцгаасан. Гантөмөр хувцасаа сольчихсон, биеийн байдал нь гайгүй байгаа харагдаж байсан. Гансуурийн толгойноос нь цус гарсан, өмссөн хувцас нь цус болсон, ер нь их зодуулсан байгаа харагдсан. Гантөмөр, Гансуурь нарыг орж ирэхэд нь юу болсон талаар нь асуухад эхнэрийгээ явъя гээд байсан. Миний ойлгосноор Гантөмөр, Гансуурь нар явж байтал нэг эрэгтэй хүн эхнэрээ зодоод байхаар нь болиулах гэтэл бас нэг хүн гарч ирээд талийгаач Гансуурийг зодсон. Зодуулах үеэр нь Гантөмөр алга болоод, ухаан алдаад сэртэл орцонд хүнд зодуулж байсан гэж ярьсан. Тэгээд харихаар явцгаасан. Манайд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би хоол унд хийж өгсөн. Тэд нар 2 ширхэг 2.5 литрын пиво ууцгаасан. Согтсон хүн байгаагүй. Гантөмөр бол эрүүл байгаа харагдсан. Гансуурь ч бас согтоогүй байсан. Шөнө 4 цагийн үед байсан санагдаж байна. Намайг сэртэл Гансуурь түрүүлж гараад араас нь Гантөмөр хаашаа явах гэж байгаан гээд гарч байгаа харагдсан. Хаашаа ямар зорилгоор явсанг би мэдэхгүй байна. Ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй. Манайд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Талийгаач болон Одонтунгалаг нар хоорондоо их сайн харьцаатай, хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Гантөмөр, Гансуурь нар хоорондоо их сайн найзууд Гансуурь бид нар найзлаад удаж байгаа. Гантөмөр манай найз Алтанчимэгтэй гэр бүл болох гэж байгаа гээд найзлаж байгаа.Гантөмөр их даруухан сайн залуу шиг л санагддаг. Хүнтэй яриа хөөрөөтэй, архи уугаад байдаггүй, сайн залуу шиг санагдсан. Би Гантөмөрийн талаар их мэдэхгүй. Найз эмэгтэй Алтанчимэгтэй нь би сайн найзууд...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

 

            Гэрч Х.Эрдэнэцэцэгийн өгсөн:

 

            “...Ганбаатар ах бол манай ээжийн төрсөн дүү, Баянмөнх ах ээжийн төрсөн дүүгийн нөхөр нь байгаа юм. Гантөмөр гэдэг хүнийг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 02 сарын 26-наас 27-нд шилжих шөнө би нагац ах Ганбаатарын гэрт хонож байтал шөнө Оюунчимэг эгч Ганбаатар ахынд орж ирээд Баянмөнх бид хоёрыг хүн зодоод байна гэж хэлээд эргээд гараад явсан. Тухайн үед Ганбаатар ах хувцасаа өмсөж гарсан. Би хувцасаа өмсөж байтал Оюунчимэг эгч эргэж орж ирээд эгчийг нь цохичихлоо чи ахынхаа араас гар гэж хэлсэн. Би хувцасаа өмсөөд гартал Ганбаатар ах нэг хүнийг орцонд оруулаад ирсэн байсан. Ганбаатар ахынх 3 давхарт байдаг. Би 2 давхарт байхад Ганбаатар ах нэг хүнийг оруулаад ирсэн байсан. Тэгээд нөгөө хүн нь Ганбаа ахаа Зоригоо ахын дүү байна. Намайг явуулчих гээд байсан. Тэгээд удалгүй цагдаа хүрээд ирсэн. Тухайн үед Оюунчимэг эгчийн үс нь арзайсан байгаа харагдсан. Ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй байх. Дараа нь цохиулчихлаа гэж орж ирэхдээ эрүүгээ дарчихсан, уруул нь хавдсан байгаа харагдсан. Тэр үед Оюунчимэг эгч гараараа хацар эрүү хэсгээ дарчихсан байгаа харагдсан. Уруул нь бага зэрэг хавдсан, нүүр нь улайчихсан байсан. Саяны 2 хүнд цохиулчихлаа гэж хэлж байсан. Тухайн үед Оюунчимэг эгч, эгч нь сая цохиулчихлаа гэж хэлж байсан санагдаж байна. Манай эмээ Тамжийхүү, Ганбаатар ах, Ганбаатар ахын 2 хүүхэд нь унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Намайг харахад орцонд ороод ирчихсэн байсан. Намайг харж байхад Ганбаатар ах орцонд оруулж ирсэн хүнийг цохиж зодоогүй. Тэр хүн орцонд зогсож байсан. Дух хэсгээс нь цус гарч байгаа харагдсан. Ганбаатар ах саяны хүн чинь хэн бэ гээд байсан. Тэр хүнээс гадна ахиад нэг хүн байсан байх. Оюунчимэг эгч Ганбаатар ахынд байсан. Намайг орцонд байх үед Баянмөнх ах Ганбаатар ах тэр хүн хоёрын араас орж ирээд Ганбаатар ахынд орсон. Тухайн үед өөр хүн байгаагүй. Ганбаатар ах тэр орцонд оруулж ирсэн хүний гутлыг 2 гутлыг нь тайлаад шидэж байсан. Нөгөө хүнээ олж ир. Би та хоёрыг цагдаад өгнө гэж хэлж байсан. Өөр хүн байгаагүй. Ямар нэгэн хүн гарч ирээгүй. Би тэр өглөөнөө хичээлтэй байсан болохоор эрт явсан. Тэр шөнө цас их орсон. Намайг хичээлдээ явахад гадаа цас ихтэй хаана юу байгаа нь харагдахгүй байсан. Би ч анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/

 

            Гэрч Б.Болор-Эрдэнийн өгсөн:

 

            “...Би Баянмөнх, Ганбаатар нарыг танина. Бид нар нэг газар хамт ажилладаг. Гантөмөр гэдэг хүнийг танихгүй. Энэ хүмүүстэй ямар нэгэн төрөл садангийн  холбоо байхгүй. Оюунчимэгийг танина бид нэг газар ажилладаг хүмүүс байгаа юм. Баянмөнх, Оюунчимэг нар эхнэр нөхөр 2, бид нэг газар хамт ажилладаг 10-аад жил болж байна. Баянмөнх, Оюунчимэг нар ажлын төлөө л гэж байдаг хүмүүс, хоорондоо их сайн дотно харьцаатай гэж бодож байна. Миний мэдэхээр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй. Хамт нэг дороо ажиллаад, ер хэрүүл маргаан хийж байсан удаа байхгүй. Баянмөнх эхнэрээ зодож цохиж байгаагүй. Ганбаатар, ээжтэйгээ, 2 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь салаад явсанаас хойш 2 хүүхэд, ээжийгээ тэжээх гээд амьдралын төлөө яваа хүн. Ямар нэгэн муу ааш байхгүй, хүнтэй хэрүүл маргаан хийгээд архи уугаад яваад байдаггүй. Баянмөнх архи уугаад хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Миний бодлоор их сайн хүмүүс шиг санагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/

 

            Гэрч Г.Долгоржавын өгсөн:

 

            “...Ганбаатар, Баянмөнх бид нар нэг газар хамт ажилладаг. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Би Гантөмөр гэдэг хүнийг танихгүй. Би сайн мэдэхгүй. Хүнтэй зодоон хийж, зодуулсан гэж сонссон. Өөр мэдэх зүйл байхгүй. Сонирхож асууж байгаагүй. Оюунчимэгийг танина бид олон жил хамт ажиллаж байна. Оюунчимэг Стилл нэртэй салоны дарга нь байгаа юм. Оюунчимэг, Баянмөнх нар эхнэр нөхрийн сайхан л харьцаатай. Өглөөнөөс орой болтол ажил дээрээ хамт байдаг. Хоорондоо их сайн харьцаатай, бие биедээ их халамжтай, өглөө хамт ирээд орой тараад хамт явцгаадаг. Ажлынхаа төлөө л гэдэг хүмүүс. Баянмөнх, Оюунчимэг нар ажилдаа хамт ирээд, тараад хамт явцгааж байнга л хамт байдаг. Миний мэдэхээр хоорондоо хэрүүл маргаан хийж байгаагүй. Миний мэдэхээр Баянмөнх эхнэр Оюунчимэгийг зодож байсан зүйл байхгүй. Баянмөнх, Ганбаатар нар илүү дутуу муу ааш байхгүй. Архи дарс уугаад байдаггүй, хааяа нэг баяр ёслолын үеэр л уудаг байх. Би их согтсон байхад нь хамт байж үзээгүй. Агсам согтуу зангүй. Ганбаатар, Оюунчимэгийн дүү нь байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 хуу/

 

            Гэрч С.Алтанчимэгийн өгсөн:

 

            “...би Баянмөнх, Ганбаатар гэдэг хүмүүсийг танихгүй. Гантөмөрийг танина, Гантөмөр бид хоёр гэр бүл болох гэж байгаа. Би жирэмсэн 3 сартай Гантөмөр бид 2 хамт амьдарч байгаа. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2016 оны 02 сарын 26-ны өдөр орой 22 цагийн үед Гантөмөр бид 2 Хасбаатарынд очсон. Хасбаатарынд Хасбаатар эхнэр Мөнхжаргал, талийгаач Гансуурь эхнэр Одонтунгалаг нарын хамт байсан. Бид нар гэр бүлийн найзууд байгаа юм. Хасбаатарын гэрт хөзөр тоглоцгоогоод 2 ширхэг 2 литрын Нийслэл нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд юм ярьж байгаад 02 цагийн үед унтацгаахаар болоод байж байтал талийгаач Гансуурь эхнэр Одонтунгалагтайгаа бага зэрэг маргаад явчихсан. Энэ үед Гантөмөр талийгаач Гансуурь араас нь гараад явсан. тэгээд 06 цагийн үед байсан байх талийгаач Гансуурь толгойгоо боолгочихсон, нүүр нь цус болчихсон Гантөмөрийн хамт орж ирсэн. Гантөмөрийн зүүн шанаа халцарсан байсан. Талийгаач бас харилаа гээд гараад явсан. Талийгаачийн араас нь эхнэр Одонтунгалаг нь гараад явсан. тэгээд өглөө нь талийгаач эмнэлэгт хэвтсэн. Хасбаатарын гэрт орж ирэхээр нь юу болсон хэнд зодуулсан талаар нь асуухад талийгаач, Ганбаа ах зодчихлоо гэсэн. Ямар Ганбаа гэхэд үсчин Ганбаа ах гэж хэлж байсан. Бас талийгаач хэлэхдээ Ганбаа ах намайг орцонд оруулаад зодсон гэж хэлж байсан. Гантөмөр надад хэлэхдээ 12 дугаар дэлгүүрийн ард хайсан дотроос нэг эмэгтэй хүн орилж гарч ирэхээр нь талийгаач болон Гантөмөр 2 очоод больцгоо гэж хэлж очоод хэрүүл маргаан болоод зодоон болсон гэж хэлсэн. Тухайн үед бид нар зургуулаа 2 ширхэг 2 литрын пиво хувааж уусан. Согтсон хүн байгаагүй. Би энэ талаар нь мэдэхгүй. Хоорондоо бага зэрэг хэрүүл маргаан хийгээд байх шиг байсан. Хасбаатарын гэрт хэрүүл маргаан зодоон болоогүй. Талийгаач эхнэртэйгээ л бага зэрэг маргасан байх. Тухайн үед Гантөмөрийн зүүн шанаа нь халцарсан байгаа харагдсан. Талийгаач толгойдоо оёо тавиулж боолгосон байсан. Бас нүүр нь энд тэндгүй жижиг халцарсан байсан. Би тухайн үед анзаарч сайн хараагүй. Талийгаач хааяа нэг эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж байдаг. Гэхдээ хоорондоо гайгүй харьцаатай талийгаач хэрүүл маргаан хийхээрээ бага зэрэг ширүүн ааштай. Бид нар гэр бүлийн найзууд. Жирийн найз нөхдийн л холбоотой. Хоорондоо хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Гантөмөр бид 2 танилцаад 2 жил болж байна. Гантөмөр архи уугаад байдаггүй. Хааяа нэг найз нөхдөөрөө нийлсэн үедээ л уудаг. Архи уухаараа элдэв муу аашгүй, бөөлжлөө гэж байгаад л унтаад өгдөг. Агсам тавьж хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Халамжтай сайн залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

 

            Гэрч Б.Мягмарсүрэнгийн өгсөн:

 

            “...би Гантөмөрийг манай талийгаач хүргэн Гансуурийн найз гэдгээр нь танина. Ганбаатар, Баянмөнх нарыг үсчингийн ажилтай гэдгээр нь танина. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Надад асуух зүйл байхгүй. Би талийгаач Гансуурийг амьд байхад нь сонсож байсан. Талийгаач хэлэхдээ Хасбаатар гэдэг айлаас гарч яваад үсчин Ганбаатар гэдэг хүнд зодуулсан гэж хэлж байсан. Гантөмөр болон талийгаач хоёрыг явж байхад эмэгтэй хүн орилхоор нь очтол хэрүүл маргаан болж байсан гэж байсан. Би болсон хэргийн талаар нь сайн мэдэхгүй байна. Манай охин Одонтунгалаг талийгаачтай 2014 онд гэр бүл болж хуримаа хийсэн юм. Одонтунгалаг болон талийгаач 2 оюутан байхаасаа л найзалж эхэлсэн. 2012 онд хүүтэй болсон. Хамт амьдардаг гэр бүлийн хүмүүс байсан. Гэхдээ албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байж магадгүй байх. Гантөмөр талийгаач хүргэнтэй маань найз нөхөд гээд орж гардаг л байсан. Гайгүй хүүхэд шиг л санагддаг. Би сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 6 хуу/

 

            Шинжээч эмч М.Отгонбаатарын өгсөн:

 

            “...би Л.Ганбаатар, Б.Баянмөнх, С.Гантөмөр нарыг танихгүй. Тухайн үед хохиргч Л.Оюунчимэгийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Л.Оюунчимэгийн биед дээрх 3135 дугаартай дүгнэлтэд дурдсан гэмтэл тогтоогдсон. Дүгнэлтэд дурдсан гэмтэл авсны даруйдаа ангайж ярих, хашгирах боломжтой. Дээрх хугарлын улмаас амны хөдөлгөөн хязгаарлагдах, хэл яриа бүрэн гүйцэт ойлгогдохооргүй юм хэлж чадахааргүй тодорхой хугацаанд байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 9 хуу/

 

            Сэжигтэн Л.Ганбаатарын өгсөн:

 

...би тухайн үедээ танихгүй байсан одоо бол танина аа зугтаасан залууг Гантөмөр гэдэг, орцонд байсан залууг Гансуурь гэдэг юм...би орцноос гарч ирэхэд 2 залуу манай хүргэн ахыг зодож байгаа харагдсан би тэгээд очоод босоо байгаа залуу буюу Гантөмөрийг цохьсон юм нөгөө залуу нь буюу Гансуурь манай ахын нуруун дээр нь мордоод суучихсан байсан...манай орцноос ертөнцийн зүгээр зүүн талд 2 давхар цагаан өнгөтэй шашны дэлгүүрийн баруун хойд талд Баянмөнх газар унасан, дээр нь Гансуурь мордоод суучихсан, Гантөмөр нь босоо зогссон манай хүргэн ах Баянмөнхийг өшиглөж байсан...гэсэн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтасны 136 хуу/

 

яллагдагч С.Гантөмөрийн өгсөн:

 

...Би Оюунчимэг, Баянмөнх нарыг цохиж зодоогүй. Би харин Гансуурь, Баянмөнх нарыг барьцалдаад газар унасан байхад салгах гээд Гансуурийг татахад Баянмөнх талийгаачийн хөлнөөс тавихгүй байсан. Ганбаатар мод барьж гарч ирээд намайг нэг удаа цохихоор нь зугтаасан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч согтоогүй би болсон явдлыг санаж байсан. Тиймдээ ч би тухайн үед зугтаасан. Дараа нь би өөрөө цагдаагийн газар ирэхэд бүгд ирцгээсэн байсан. Анх Баянмөнх, Оюунчимэг нартай таарах үед би больцгооё явъя гэж хэлсэн. Тухайн үед хэрүүл маргаан болсон зодоон болоогүй. Би больцгоогооч гээд явах гээд байсанг бүгд мэдсэн. Тухайн үед талийгаач эхнэртэйгээ маргаад гээд бага зэрэг бухимдалтай байсан... Би Оюунчимэгийг цохиж зодоогүй. Би тухайн үед уураг ууж байсан болохоор архи их уудаггүй байсан. Би биед нь байтугай хувцасанд ч гар хүрээгүй... Би Баянмөнхийг цохиж зодоогүй. Талийгаач Гансуурь нар хоорондоо барьцалдаад ноцолдож байсан. Баянмөнх харин намайг цохиж зодсон... Миний бодлоор Оюунчимэг, Баянмөнх нар хоорондоо маргалдаж байсан байх. Тухайн үед Гансуурь бага зэрэг бухимдалтай байсан. Тэгээд хэрүүл маргаан болсон. Хөөе юу болоод байна гэж орилоод л анх уулзацгаасан... Тухайн үед хэзээ нь Оюунчимэг гарч ирсэн талаар мэдэхгүй байна. Тухайн үед харанхуй байсан. Ганбаатар ямар ч байсан мод бариад гарч ирж байсан. Баянмөнх болон талийгаач 2 барьцалдаад газар унасан байсан. Би тухайн үед нь ойртоогүй... Надад хийсэн хэрэг байхгүй. Үнэн зөв нь шүүхээр тогтоогдох байх аа.. гэх мэдүүлэг /хх-ийн159, 2 дугаар хавтас 30 хуу/ 

 

             Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 78 тоот дүгнэлт: “...1. С.Гантөмөрийн биед, тархи доргилт, баруун чамархайд зөөлөн эдэд няцралт, зүүн хөмсөгний гадна талд жижиг, жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗ сайд, ЭМ сайдын хамтарсан а/216/422 тоот “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 68 хуу/

 

            * Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот дүгнэлт: “...1. Д.Баянмөнхийн биед 2 гарын тохойн орчим зулгаралт гэмтлүүд учирчээ. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 2. 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗ сайд, ЭМ сайдын хамтарсан а/216/422 тоот “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-4-1-д зааснаар дээрх гэмтлүүд нь биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/

 

            * Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3135 дугаар дүгнэлт: “...1.Оюунчимэгийн биед эрүүний ясны хугарал, үүдэн дээд зүүн 8 дугаар булгарал, хүзүүнд цус хуралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Үүдэн дээд зүүн 8 дугаар шүдний хугарал цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 103 хуу/

 

* Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 76 хуу/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 163, 164 хуу/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 877 тоот тодорхойлолт /хх-ийн 165 хуу/

* Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-ийн 198 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Гантөмөр нь 2016 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 2 дугаар 36 байрны гадаа бусадтай /Н.Гансуурьтай/ бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчиж хохирогч Д.Баянмөнх, Л.Оюунчимэг нарыг хүч хэрэглэн зодож Д.Баянмөнхийн биед хөнгөн гэмтэл, Л.Оюунчимэгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Л.Оюунчимэгийн “...Тэр 2 залуу манай нөхрийг адилхан бацаан байж гээд барьж аваад нэг цохьсон. Тэр 2 залуугийн түрүүлж ирсэн хар өнгийн куртиктэй залуу нь цохьсон. Би тэгэхээр нь нөхрийгөө салгаад гэр рүүгээ алхсан. Би ах, эгч хоёрыгоо зүгээр орхиоч гэж хэлсэн. Тэгээд зам хөндлөн гараад 12 дугаар дэлгүүрийн ар талд ирэхэд тэр 2 залуу араас гүйгээд ирсэн. Тэгээд манай нөхрийг ахиад барьж аваад хоёулаа нийлээд зодоод байсан. Тэгэхээр нь би дүү Ганбаатарынд ороод дүү Ганбаатард ахыг чинь хүн зодоод байна гэж хэлчихээд эргээд гарч ирэхэд манай нөхрийн курткийг тайлчихсан газар унагаачихсан байхаар нь би аллаа ш дээ гээд дундуур нь ороод нөхрийгөө тэврээд автал миний эрүү рүү нэг залуу нь өшиглөчихсөн...” гэх мэдүүлэг, хохирогч Д.Баянмөнхийн “...Намайг Гансуурь гэдэг залуугийн хөлнөөс нь тэврээд хэвтэж байхад нөгөө залуу нь буюу Гантөмөр нь миний дээрээс цохиж зодоод л байсан. Гансуурь нь ч бас цохиж зодож байсан... Гантөмөр, Гансуурь нар бүлэглэж зодож байсан. Тухайн үед ноцолдож, зодолдож байх үед миний курткийг тайлсан байсан. Би талийгаач Гансуурийн хөлнөөс нь тэврээд 4 хөллөөд газар хэвтээд нүүр толгойгоо хамгаалаад тонгойсон байдалтай өшиглүүлэхгүй гээд л хөлнөөс нь зуурсан байсан. Намайг хоёулаа өшиглөж зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Х.Эрдэнэцэцэгийн “...Оюунчимэг эгчийн үс нь арзайсан байгаа харагдсан. Ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй байх. Дараа нь цохиулчихлаа гэж орж ирэхдээ эрүүгээ дарчихсан, уруул нь хавдсан байгаа харагдсан. Тэр үед Оюунчимэг эгч гараараа хацар эрүү хэсгээ дарчихсан байгаа харагдсан. Уруул нь бага зэрэг хавдсан, нүүр нь улайчихсан байсан. Саяны 2 хүнд цохиулчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 81 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3135 дугаар дүгнэлт  зэргээр нотлогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь дээрх гэмт хэрэгт өөрийгөө оролцоогүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Л.Оюунчимэг нь  2 залуу ирж хэрүүл өдөж нөхөр Д.Баянмөнхийг нь 2 хүн зодох үед эрүүн тус газраа өшиглүүлж гэмтсэн талаар мэдүүлж байгаа, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын  01-ний өдрийн 78 дугаар дүгнэлтэнд шүүгдэгч С.Гантөмөрийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар дурдсан, хохирогч Д.Баянмөнх нь Н.Гансуурь, С.Гантөмөр нартай барьцалдан ганц нэг цохилцсон гэж мэдүүлэг өгсөн, сэжигтэн Л.Ганбаатар нь Д.Баянмөнхийг С.Гантөмөр, Н.Гансуурь нар нь бүлэглэн зодож байсан талаар мэдүүлэг өгсөн, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед зодооныг салгах гэж нааш цааш нь түлхэж байгаад Д.Баянмөнхийн биед гэмтэл учруулсан байж болно гэсэн мэдүүлэг өгсөн зэргээс үзэхэд хохирогч нарыг зодоогүй гэх шүүгдэгчийн  мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт цуглуулсан бусад нотлох баримтуудаар батлагдахгүй байна.

Хохирогч Д.Баянмөнхийн өмгөөлөгч В.Удвал нь шүүх хуралдааны үед хохирогч Д.Баянмөнх нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн талаар дурдсан тул шүүгдэгчийг Д.Баянмөнхөд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд нийт 6.393.609 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч Л.Оюунчимэг нь өөрийн эмчилгээний зардалд 855.740 төгрөг, гэмтлийн улмаас ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого болох  900.000 төгрөгийг татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэрийг үндэслэн сарын 300.000 төгрөгөөр тооцож 3,4,5 дугаар саруудад олох байсан орлого буюу нийт 900.000 төгрөг, өмгөөлөгчид төлсөн хөлс болох 600.000 төгрөг, хот руу явсан замын зардал 23.400 төгрөг нийт 2.079.140 төгрөг нэхэмжилснээс эмчилгээний зардалд гарсан 855.740 төгрөгийн тал хувь болох 427.870 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдааны явцад хохирогчоос эх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр нь Л.Оюунчимэгийн нэр дээр нээгдсэн байх  бөгөөд 12 дугаар хуудсан дээр Л.Оюунчимэгийн  нэрээр 2015 оны 10 дугаар сард татвар төлсөн, 22 дугаар хуудсанд Стиль салон гэсэн нэрээр 2015 онд нэг удаа татвар төлсөн бүртгэл тус тус хийгдсэн, Стиль салон гэсэн нэрээр 2015, 2016 онд татвар төлсөн баримтыг 23 дугаар хуудсанд цаасан дээр хэвлэж дэвтрийн хуудсанд үдсэн байх бөгөөд тухайн дэвтэрийн эзэмшигчийн нэр болон татвар төлсөн этгээдийн нэр зөрүүтэй байх тул уг баримтыг үндэслэн хохирогчийн 3,4,5 дугаар саруудад олох байсан орлого буюу нийт 900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ. Мөн хохирогч нь тухайн саруудад гэмтлийн улмаас ажил эрхлээгүй талаар нотлох баримт байхгүй байна.

Хохирогч нь өмгөөлөгчид төлсөн хөлсөө нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт “Байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцах бөгөөд... гэж заасан ба Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардал нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт дурьдсан байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан тодорхой зардлуудаас бүрдэх бөгөөд  байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төр хариуцсан тохиолдолд гарсан зардлыг гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж болох юм.

Иймд Иргэн өмгөөллийн үйлчилгээ авч өмгөөлөгчид төлсөн хөлс нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй байна гэж үзэв. Мөн Хуульчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно”. гэж заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Л.Оюунчимэг хэн гэмтэл учруулсныг нэр заан хэлж чадахгүй байх тул түүний биед хэн гэмтэл учруулсныг тогтоох, талийгаач Н.Гансуурийн биед гэмтэл учруулсан хэргийг шалгах, Эрдэнэбаяр гэх хүнээс гэрчээр мэдүүлэг авах ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хохирогч Л.Оюунчимэг нь гэмтэл авах үед хохирогч Д.Баянмөнх, шүүгдэгч С.Гантөмөр, талийгаач Н.Гансуурь нараас өөр хүн байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд Л.Ганбаатар хохирогч Л.Оюунчимэгийг гэмтэл авсны дараа гэрээсээ гарч ирсэн байдаг, тухайн үед хохирогч Н.Баянмөнх нь Н.Гансуурийг хөлийг тэвэрч өвдөг тохойн дээрээ сөхөрч суусан, С.Гантөмөр зогсоо байдалтай өшиглөж байсан болох нь нотлогджээ. Хохирогч нь доош тонгойсон байх үедээ гэмтэл авсан гэх тул хэн гэмтэл учруулсныг нэр заан хэлэх боломжгүй талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд энэ үед С.Гантөмөр нь Н.Гансуурьтай бүлэглэн Д.Баянмөнхийг зодож байсан болох нь тогтоогдсон  байх тул С.Гантөмөр нь Н.Гансуурьтай бүлэглэн танхайрах үедээ Л.Оюунчимэгийн биед гэмтэл учруулсан байна гэж үзлээ.

Н.Гансуурийн биед гэмтэл учруулсан гэх хэрэгт Л.Ганбаатарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татан шалгаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр прокурорын 68 дугаар тогтоолоор Л.Ганбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж гомдол гаргах эрх бүхий этгээдүүдэд мэдэгдсэн бөгөөд уг этгээдүүдээс гомдол гаргаагүй байна.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана гэж заажээ.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул Эрдэнэбаяр гэгчийг гэрчээр байцаалгүйгээр хэргийг  шийдвэрлэх боломжтой гэж үзэж  үзлээ.

Иймд шүүгдэгч С.Гантөмөрт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.Гантөмөрийг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж  догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгчийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

     

ТОГТООХ нь:

           

1.         Шүүгдэгч Боржигон овогт Санлайн Гантөмөрийг Н.Гансуурьтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч С.Гантөмөрийг 3 /гурван/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.         Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Гантөмөрт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Л.Оюунчимэгийн эрүүний рентген зураг 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.Оюунчимэгт буцаан олгосугай. 

 

5.         Шүүгдэгч С.Гантөмөр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497 дугаар зүйлийн 497.3, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Л.Оюунчимэг нь эмчилгээний зардалд 855.740 / найман зуун тавин таван мянга долоон зуун дөчин/ төгрөг нэхэмжилсний тал хувь болох 427.870 /дөрвөн зуун хорин долоон мянга найман зуун далан/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л.Оюунчимэгт олгох, хохирогчийг өвчтэй байсан хугацаанд олох байсан орлого болон өмгөөлөгчид төлсөн хөлсөө баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нь хохирогч Д.Баянмөнхөд төлөх төлбөргүй болохыг тус тус дурсугай.

 

7.         Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд С.Гантөмөрт энэ өдрөөс цагдан  хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.         Шийтгэх тогтоолыг танилцуулснаар хүчинтэй бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.         Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Гантөмөрт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОДХҮҮ