Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/02646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.О/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.О-т холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,594,099 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 дугаар сард О.А нь эхнэр А.Ч-ийн хамт 4918 УНМ улсын дугаартай, Бейбен маркийн машиныг иргэн Сүхбатаас зээлээр худалдан авч Багахангайд орших улаан тоосгоны үйлдвэрт ажиллаж байтал О.А-ийн танил Б-ийн эхнэр Н.О ...Улаанбаатар хотод Хүннү конкрет ХХК-ийн зуурмагийн узелд Шувууны фабрикаас хайрга зөөх ажил байна. 15 хоногоор нь тооцоогоо бэлнээр хийнэ. Ажиллах уу гэсэн. О.А-д бэлэн мөнгөний яаралтай хэрэгцээ байсан. Мөн машины зээлээ хугацаанд нь төлж болох юм байна гэж тооцон зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хайрга зөөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Төлбөрөө Н.О-ээс нэхэхээр Х ХХК мөнгөө төлөхгүй байна. Гэхдээ чи ажил алдагдуулахгүй хийж бай, ямар ч байсан мөнгөө авна. Санаа зоволтгүй гэх мэтээр худал амласан ба О.А нь түүнд нь итгэн ажлыг дуустал хийж гүйцэтгэсэн. Ингээд Х ХХК-ийн нягтлантай уулзтал Та нартай гэрээ хийгээгүй. Н.О-ээ учраа ол гэдэг. Н.О-тэй уулзахаар Х ХХК-аас мөнгөө нэх, надад мөнгө өгөхгүй байгаа гэдэг тул О.А нь залилсан хэмээн үзэж харьяа цагдаагийн хэлтэст 2018 оны 3 дугаар сард гомдол гаргасан тул Н.О нь О.А-тэй 9,000,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлж барагдуулах зээлийн гэрээ байгуулж, гэрээг үндэслэж хэрэг хаагдсан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би хариуцагч Х ХХК-аас татгалзсан. Учир нь Х ХХК нь Н.О-тэй харилцан тохиролцож байгуулсан гэрээгээ 2017 оны 10 дугаар сард цуцлан бүх ажлын төлбөр мөнгийг шилжүүлсэн байсан. Х ХХК-ийн нягтлан О.А-гийн гүйцэтгэсэн ажлын тооцоог гаргаж өгсөн бөгөөд тухайн баримтаас үзэхэд О.А нь 12,594,099 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байна. Иймд уг төлбөрийг Н.О-гээс гаргуулж, О.А-г хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ба үлдэх 3,594,099 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хайрга, дайрга ачих тээвэрлэх гэрээ байгуулан хово машинаар хайрга тээвэрлэх болсон. Манайх өөрийн машинтай. Энэ ажлыг хийхэд нэлээн хэдэн машин хэрэг болсон тул О.А-д санал тавьсан. Анх энэ тухай хэлэхдээ 1 куб метрийг 6500 төгрөгөөр гэдгийг маш сайн хэлсэн ба өөрсдөө зөвшөөрөөд ажлыг хийсэн. Гэхдээ цаанаа буюу Х ХХК-тай байгуулсан гэрээнд ондоо үнэлгээтэй байсан. Ер нь иймэрхүү ажлыг авахын тулд зуучлагч нь дундаас нь ашгаа авдаг юм билээ. Ажил хийсэн жил шүлхий өвчин гараад хөл хориотой байсан тул гэрээний дагуу бүрэн тээвэрлэж чадаагүй тул гэрээг цуцалсан. Хийсэн ажлын хөлсийг бартераар авч дууссан. Би нэхэмжлэгчид Х ХХК-аас ажлын хөлсөнд өгсөн дугуй, автомашин зэрэг зүйлийг авахыг санал болгосон боловч О.А-гийн хувьд алийг нь ч хүлээн зөвшөөрөөгүй. Бэлэн мөнгө өгөх боломжгүй гэсэн. Тэр бараанууд нь одоо ч зарагдаагүй байгаа. Гэтэл намайг цагдаад шалгуулахаар гомдол гаргасан байсан. Тэр үед цагдаагийн хажууд тохирон нэгжийн үнийг 6500 төгрөгөөр тооцон нийт 2326 куб метрээр үржүүлэн 15,119,000 төгрөг болж, үүнээс түлшний үнэ болох 6,300,000 төгрөгийг хасан 8,819,000 төгрөг гарсан тул 9,000,000 төгрөг гэж тооцон надад мөнгө зээлсэн болгож 9,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Миний зүгээс 9,000,000 төгрөгийг төлнө. Өөр бусад төлбөрийг төлөхгүй гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Н.О-гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 12,594,099 гаргуулахаар шаарджээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд хариуцагчаар Н.О, Х ХХК-ийг татсан боловч нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Х ХХК-аас татгалзсан тул хариуцагч Н.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн болохыг тэмдэглэв.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзаж, үндэслэлийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 9,000,000 төгрөг болохыг тохирсон хэмээн тайлбарлажээ.

Хариуцагч Н. нь Х ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хайрга, дайрга ачих тээвэрлэх гэрээ байгуулан захиалагч буюу Х ХХК-ийн эрхэлж буй бетон зуурмагийн үйлдвэрийн ажилд өөрөө буулгагч зориулалттай тээврийн хэрэгслээр хайрга, дайрга тээвэрлэх үйлчилгээг үзүүлэх, захиалагч тээвэрлэлтийн 1 метр кубийн үнийг 8000 төгрөгөөр тооцон хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын байгуулсан 12HUN-HU-17/84 тоот гэрээ, тооцоо нийлсэн актуудаар тус тус тогтоогдож байна. /хх-29-33, 47-52/

Нэхэмжлэгч О.А өөрийн эзэмшлийн өөрөө буулгах зориулалттай тээврийн хэрэгслээр Х ХХК-ийн хайрга, дайргыг тээвэрлэх, Н.О хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр харилцан тохирсон гэж зохигчид тайлбарлаж, уг үйл баримтад маргаагүй. Эндээс үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар 343.1, 347 дугаар зүйлийн 347.1-д зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн буюу О.А гэрээний туслан гүйцэтгэгчээр ажиллаж, харин Н.О нь туслан гүйцэтгэгчийн захиалагч болсон байна.

Нэхэмжлэгч О.А нь өөрөө буулгах зориулалттай 49-18 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 102 удаа 2326 куб метр хайрга, дайрга тээвэрлэсэн, ажлын хөлсийг төлөөгүй гэх үйл баримтад талууд мөн маргаагүй.

Харин ажлын хөлсний хэмжээ нь маргааны зүйл болсон ба нэхэмжлэгч тээвэрлэлтийн үнийг 1 куб метр нь хувь хүний орлогын албан татварын 10% орсон дүнгээр 8800 төгрөг гэсэн бол хариуцагч анх 6500 төгрөгөөр тохирсон энэ нь талуудын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасан үнийн дүнгээр тогтоогдоно гэжээ. Ийнхүү үндэслэхдээ О.А нь Н.О-г эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гарган гомдлыг шалгах явцад талууд тээвэрлэлтийн нэгжийн үнийг 6500 төгрөгөөр тооцон нийт 2326 куб метрээр үржүүлэн 15,119,000 төгрөг болж, үүнээс түлшний үнэ болох 6,300,000 төгрөгийг хасан 8,819,000 (2326*6500-6,300,000=8,819,000) төгрөг гарсан тул бүхэлчлэн 9,000,000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч төлөхийг тохиролцож, үүнийг баталгаажуулж зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна.

Зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан ба гэрээгээр О.А нь Н.О-д 9,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс 2 сарын хугацаанд хүүгүй зээлүүлэхээр харилцан тохирсон байна. /хх-5/ Энэхүү гэрээний нөхцөлийг гүйцэтгэсэн ажлын нэгжийн үнийг тодорхойлсон гэж үзэх, эсхүл тооцоо нийлсэн баримтын хэмжээнд хэмжээнд үнэлэхэд эргэлзээ төрүүлж байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэнэ.

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй тул хариуцагч Н.О-гээс 12,594,099 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч О.А-д олгох нь зүйтэй.