Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
Хэргийн индекс | 112/2021/0026/З |
Дугаар | 112/ШШ2021/0030 |
Огноо | 2021-08-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 112/ШШ2021/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ч.Оюунсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Ж.Эт холбогдох тус аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай Э.П ажлаас халах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах бүхий нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.Энхбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Э-ийн П нь Говь-Алтай аймгийн ******* сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/118 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар түр орлон гүйцэтгэгчээр, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар жинхлэн томилогдон ажиллаж байсан. 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар Э.П ажлаас нь халсан байдаг. Үүнийг эс зөвшөөрч П-ын зүгээс нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ захирамжтай холбоотой үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг барьсан байгаа. Энэ заалт нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэсэн заалт байгаа. Энэ хүний тухайд өнөөдрийн байдлаар мөнгө болон эд зүйлтэй холбоотой ямар үйлдэл эс үйлдэхүй хийсэн нь тодорхойгүй байгаа. Дараа нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг барьсан байгаа. Энэ заалт нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх заалт байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл Боловсрол соёл урлагийн газраас Э.П ажлаас нь хал гэсэн санал огт ирээгүй байдаг. Мөн захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэг, 105.2.3 дахь хэсгийг тус тус баримталсан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйл нь захиргааны актад иргэн гомдол гаргаад холбогдох эрх бүхий албан тушаалтанд холбогдуулаад эрх бүхий дээд байгууллагад харьяа байгууллагад гаргадаг. Энэ захиргааны актыг тухайн эрх бүхий албан тушаалтан нь хүчингүй болгосон бол тухайн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа захиргааны байгууллагын удирдлагад арга хэмжээ авах заалтыг барьсан байдаг. Э.Пд ямар ч хамааралгүй заалтыг барьж ажлаас халсан. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна гэж заасан байдаг. Дараагийн заалт нь Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол, сумын Засаг даргын захирамж, ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүүгийн аудитын дүгнэлтийг үндэслэж гэсэн байгаа. Энэ дүгнэлт нь зөрчилгүй дүгнэлт байдаг. Тэр зөрчилгүй дүгнэлтийг аваад ард нь жижиг төлбөр оногдуулсан, төлбөр барагдуулах зүйлүүдийг хавсаргаад өгсөн. Энэ баримттай холбоотойгоор нэхэмжлэгч талаас аудитын газрын зөрчилгүй дүгнэлт, гэрчилгээг гаргаж өгсөн. Эд хөрөнгө гэдгийг нүүрсний асуудлыг ярьж байгаа байх гэж бодож байгаа. Нүүрсийг өөр байгууллагаас авсан нь хууль зөрчөөгүй болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдож байгаа. Хэрвээ хууль зөрчсөн бол аудитын дүгнэлт дээр энэ асуудал тусгагдах байсан. Байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй учраас аудитын дүгнэлт дээр тусгаагүй. Засаг даргын нүүрс ав гээд шахаад байгаа компани нь чанар муутай, өндөр үнэтэй нүүрс нийлүүлж байсныг чанартай, хямд үнэтэй нүүрс авсан нь тодорхой харагдаж байгаа. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний асуудал бас яригддаг. Нүүрнээс эхлээд 2 дугаар сургууль гэсэн байсан гэж хэлээд огт дүгнээгүй. Бичгийн алдааг хараад л дүгнэхгүй хаясан. Түүнээс тэр дотор 2 дугаар сургуулийн ажил байсан уу? ******* сумын сургуулийн ажил байна уу? гэдэг дээр дүгнэлт хийж үзээгүй. Энэ хоёр сургууль чинь өөр төсөвтэй, хүүхдийн тооны хувь ч эсрэг сургуулиуд байгаа. Гэтэл тэр дотор ******* сумын сургуулийн ажил байна уу? гэдгийг дүгнэж үзээгүй. Түүнийгээ өнөөдөр гүйцэтгэлийн төлөвлөгөө хангалтгүй гэж авч үзсэн. Энэ бол хуульд нийцэхгүй асуудал байгаа. Мөн энэ ажлын байранд архидан согтуурсан гэдэг асуудал нь ******* сумд нэг багш нас барсан. Энэ багшийн асуудлаар сошиалаар шуугиан дэгдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагаас нөхөж ажиллагаа хийсэн байдаг. Энэ нь нэг багшийн төрсөн өдөр болон ******* сумын сургуулийн ажилчид арга хэмжээ зохион байгуулсан юм байна лээ. Тухайн арга хэмжээнд Э.П гэдэг хүн оролцоогүй байдаг. Ажил тарсны дараа дуудаад байхаар нь очсон чинь ажлын газрын хүмүүс нь сууж байсан. Машинтай явж байна гээд өгсөн 2 хундага архинаас нь амсаад буцсан гэдэг. Энэ асуудлаар 2 сард болсон асуудал дээр 3 дугаар сард арга хэмжээ авсан. Түүнээс цагдаагийн байгууллагаас ирүүлсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэдэг асуудлыг шууд ажлын цагаар, ажлын байранд гэж таамаглал дэвшүүлээд ийм байдал бүрдсэн байна гэж миний хувьд харж байгаа. Нүүрсний асуудал дээр үнэхээр Э.П ашиг сонирхол байсан уу? хариуцагч Ж.Эын ашиг сонирхол байсан уу? гэдэг асуудал энд тогтоогдохгүй гэж үзэж байна. Ж.Э гэдэг хүн ашиг сонирхолтой хүнээ тендерт шалгаруулаад чанар муутай нүүрсийг өндөр үнэтэй авч байсан. Гэтэл сургуулийн төсөв хүрэхгүй болсон учир чанартай нүүрсийг хямд үнээр авч нийлүүлсэн гээд өөрсдөө гэрээ хийгээд явсан байгаа. Үүнийг аудитын байгууллага хууль зөрчсөн үйлдэл гэж үзээгүй. Аудитын дүгнэлт зөрчилгүй гараад гэрчилгээ өгсөн. Хүн ажлаас халсан асуудал нь шүүхийн маргаан яваад эцэслэн шийдвэрлэгдсэн асуудал болохоос Э.П буруу гэдэг асуудал тогтоогдоогүй. Тухайн эрх зүйн акт нь үндэслэлгүй гарсан юм. Энэ бол ажлаас халах үндэслэл биш юм. Боловсрол Соёлын газрын дарга Э гэдэг хүнээс ******* сумын ******* бичиг аваад байдаг. Энэ албан бичгээр чөлөө авсан зүйл огт алга гэдэг. Гэтэл өргөдөл бичиж өгөөд тухайн үед Б дарга байсан. Тэгээд цохолт байсан юм байна. Түүнийг нь гаргаж өгнө үү? гээд туслахад хэлсэн чинь дарга нь Сутайн тахилгад явсан гээд болохгүй байсан. Эх хувийг нь аваад өг гээд тухайн өргөдлийн эх хувийг авсан. Гэтэл чөлөө авсан зүйл байхгүй байна гэж Боловсрол Соёл урлагийн газрын дарга нь хүртэл асуудалтай хандсан. Тэгэхээр хална гэсэн хүнээ бол нийлж байгаад ямар нэгэн аргаар халдаг нөхцөл байдал харагдаад байгаа. Хариуцагч талаас яриад байгаа зөрчлүүд гарсан байлаа гэж үзэхэд 1 дүгээр сарын 04-ний өдөр илрүүлсэн зөрчилдөө 3 дугаар сарын 17-ны өдөр арга хэмжээ авч байгаа нь хууль зөрчсөн байна. Сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага хүлээлгэхээр байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг маш тодорхой заасан. Хугацааг нь ч зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байгаа. Зарим зөрчлүүд дээр гаргаснаас хойш 6 сар гэдэг нь мөн өнгөрсөн байгаа. Хүн халах болохоороо тухайн хүнийг ажилласан цагаас нь хойш гарсан бүх зөрчлүүдийг хамаад хийдэг ийм зүйл харагдаад байгаа. Б гэдэг хүний асуудлыг бас ярьж байна. Би өөрөө энэ хүн дээр өмгөөлөгчөөр явж байсан болохоор маш сайн санаж байна. Энэ бол 2017 оны хэрэг. Энэ хүн одоо ажилдаа орсон. 2017 оны асуудлыг хөндөж орж ирж байгаа нь мөн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын ******* Н.Ү-тэй 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө нь Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн төлөвлөгөөг хуулбарлан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газартай 2020 оны 01 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл гүйцэтгэлийн төлөвлөгөө гэрээ байгуулж ажиллагаагүй. 2018 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө нь 50 хувьтай хангалтгүй үнэлүүлсэн. Сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/58 дугаар захирамж үнэлгээний хорооны 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг зөрчиж тендерт шалгараагүй компаниас нүүрс авсан. 2020 оны 11 дүгээр сарын 05-аас 2020 оны 12 дугаар сарын 04 хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед зохион байгуулалттай ажлын цагаар нэр бүхий багш нарын хамт архидан согтуурсан. 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сургуулийн үйлчлэгч Г.Б-г ажлаас нь халсныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 6330998 төгрөгийн хохирлыг төрд учруулсан. Сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дугаар захирамжаар байгуулагдсан төсөвт албан байгууллагуудын гүйцэтгэлийн тайланг дүгнэх ажлын хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хангалтгүй гэж дүгнэсэн гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Энхбат шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Засгийн газрын 258 дугаар тогтоол нь төрийн албан хаагчийн сахилга, хариуцлагыг чангатгах тухай тогтоол байдаг. Энэ тогтоолын 1.7 дахь хэсэгт төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох гэсэн тогтоол байдаг. Энэ тогтоолын дагуу Говь-Алтай аймгийн ******* сумын ******* 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/57 дугаартай захирамж гаргасан байдаг. Энэ захирамж дээр мөн энэ тогтоолыг хэрэгжүүлэх талаар заасан байдаг. Сургуулийн захирал байсан Э.П нь 2021 оны 02 дугаар сард ажлын цагаар архидан согтуурсан байдаг. Энэ асуудал нь сум төдийгүй аймгийн хэмжээнд яригдаж байсан. Төрийн байгууллага орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд сумын ******* захирамж гаргасан. Энэ захирамжийн дагуу тендер явагдаад ажлын хэсэг зөвлөмж хүргүүлсэн байдаг. Гэтэл сургуулийн захирал Э.П нь энэ зөвлөмж гарсан байхад сонгон шалгараагүй, сонгон шалгаруулалтад ялагдсан компаниас нүүрс худалдаж авсан байгаа. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Түүний цаана тухайн сургуулийн захирлын ашиг сонирхлын зөрчил харагдаж байна. Мөн сургуулийн үйлчлэгчээр ажиллаж байсан Балгармаа гэдэг хүнийг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас халж төсөвт байгууллагад 6,330,998 төгрөгийн хохирол учруулсан байдаг. Тухайн хүн нь ийм зөрчлүүд гаргасан учраас ажлаас халах захирамж шийдвэр гарсан байдаг. Төрийн байгууллага орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд сумын ******* захирамж гаргасан. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг дүгнээгүй гэж байна. Гүйцэтгэлийн төлөвлөгөө хэргийн материалд байгаа нүүрнээсээ эхлээд 2 дугаар сургууль гэж эхлээд сумын 5 сургуультай хамтарч ажиллах гэсэн зүйл байсан. Тэгэхээр тухайн хүний ажилдаа хандах хандлага нь эндээс харагдаж байна гэж үзэж байна. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлагын асуудал яригдаж байгаа. Засгийн газрын 258 дугаар тогтоолын гол зорилго нь төрийн албан хаагч ажлын болон ажлын бус цагаар архидан согтуурахыг хориглосон. Мөн сумын ******* энэ тогтоолыг хэрэгжүүлэхээр захирамжийг 2018 онд гаргасан байдаг. Энэ хүн гэтэл төрийн албан хаагч байгууллага удирдаж байгаа хүн байж манхан дээр архидсан байгаа. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл дээрээ л арга хэмжээ авхуулаад өнгөрсөн байгаа. Ёс зүйгүй үйлдлүүд гаргасан учир ажлаас чөлөөлсөн. Захирамж бол үндэслэлтэй. Тийм болохоор нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Б/09 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч захирамж гаргахдаа Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсгийг үндэслэлгүй гэж байна. Гэтэл энэ нь аудитын дүгнэлт, үнэлгээний хорооны дүгнэлтээр өөр компаниас нүүрс худалдаж авсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан байгаа. Мөн Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж заасан. Дараагийн дугаарт боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсгийг барьсан байгаа. Энэ заалт нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх заалт байдаг. Энэ бүрэн эрх нь сумын *******д олгогдсон байгаа. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/20 тоотоор 2017 онд 60.5 хувь, 2018 онд 50 хувь, 2019 онд 60 хувь, 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө огт батлуулаагүй ажилласан байгаа. Тэгэхээр боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалт нь үр дүнгийн гэрээний хэрэгжилт гэж байгаа. 2020 онд үр дүнгийн гэрээ байхгүй учир хэрэгжилт нь 0 хувьтай гэж үзэж байгаа. Тэгэхээр эрх зүйн зохицуулалтаараа энэ заалтыг хариуцагч баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй. Дараагийн заалт нь захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дүгээр зүйл байгаа. Энэ бол санаатай болон санамсаргүй гаргасан эс үйлдэл гэж байгаа. Тэгэхээр энэ хүний алдаануудад дээрх хуулийн заалт үйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/57 дугаартай архидан согтуурахтай холбоотой захирамж байгаа. Гэтэл тухайн үед бүгд хөл хориотой байхад албан байгууллагын дарга хөл хорионы дэглэм зөрчиж архидан согтуурсан нь Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэхээр байна. Боловсролын байгууллагаас ажлаас нь халах талаар тодорхой тоот, шийдвэр гараагүй гэж байна. Хэргийн материалын 15 дугаар хуудсанд байгаа боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэхийг зөвшөөрч байна гээд *******д эрх мэдлийг үлдээсэн байгаа. Боловсрол соёлын газрын тоот дээр 2020 онд гүйцэтгэлийн төлөвлөгөө огт байгуулаагүй гэсэн байгаа. Ингээд харахаар энэ Э.П гэдэг хүн ажилдаа хэрхэн хандаж ажил үүргээ гүйцэтгэж байсан нь тодорхой харагдаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан аудитын дүгнэлт, хяналт шинжилгээний хорооны гаргасан зөрчлүүд байгаа. Үр дүнгийн гэрээний биелэлт огт байхгүй. Гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулаагүй гэсэн зөрчлүүд тодорхой байгаа. Мөн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/57 дугаартай захирамж дээр ажлын болон ажлын бус цагаар архиар угтаж хүлээж авах үзэгдлийг таслан зогсоохоор дарга нарт үүрэг өгсөн байсан. Гэтэл бүхэл бүтэн байгууллага удирдаж байгаа хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байгаа нь хэргийн материалд байгаа. Сонсох ажиллагаа хийгээд хуульд зааснаар биечлэн оролцуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27.6 дугаар зүйлд тэмдэглэл хөтөлнө гэсэн байгаа боловч тэмдэглэлд гарын үсэг зурна гэсэн зүйл байхгүй. Э.П оролцсон нотлох баримт хэргийн материалд авагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэжээ.
Гуравдагч этгээд Д.Н-т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд Засаг даргын захирамжаар томилогдсон болно. Өмнө нь ажиллаж байсан захирал Э.П шүүх хуралд гуравдагч этгээдээс оролцохоос татгалзаж байна. Миний ажлын байрны асуудал хөндөгдөж байгаа ч ******* хуралд оролцож байгаа нь миний эрхийг хамгаална гэж бодож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э-ийн Пас ******* сумын ******* Ж.Эын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Э.П нь 2018 онд ******* сумын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад тэнцэж Говь-Алтай аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар захирамжаар ******* сумын сургуулийн захирлаар томилогдсон байна.
1. ******* сумын ******* Ж.Эын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Ж.Эын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоол, Сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/57 дугаар захирамж, Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/116 акт, 01/139 албан шаардлагыг тус тус үндэслэжээ.
1.1. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх; гэж заажээ.
Энэ хуулийн заалтаас үзвэл Сумын ******* Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхийн тулд 1/ Ажлын үр дүн буюу үр дүнгийн гэрээний хэрэгжилтэд дүгнэлт өгөх 2/ Аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэх зохицуулалтыг агуулж байна.
******* Н.Ү-тэй 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө нь Есөнбулаг сумын 2 дугаар сургуулийн төлөвлөгөөг хуулбарлан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэсэн нөхцөлийг нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжид дурдсан. Нэхэмжлэгч 2020 оны 07 дугаар сарын 1-нд өмнөх ******* Н.Ү-тэй гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулсан байдаг. Энэхүү төлөвлөгөөний нүүр, төлөвлөгөөний зарим заалт, хэсгүүдэд Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль гэсэн бичвэртэй байна. Хариуцагч, түүний 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/90 дүгээр захирамжаар байгуулагдсан Гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайланд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг сургуулийн 2020 оны төлөвлөгөө, тайланг дээр дурдсан үндэслэлээр үнэлээгүй буюу хуулбарласан хуурамч гэж үнэлэх боломжгүй гэж илтгэх хуудас бичсэн байна. Гэвч үүнийг байгууллагын үйл ажиллагааг үнэлсэн төсвийн ерөнхийлөн захирагчийн үнэлгээ гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь ажлын гүйцэтгэлийг зүйл, заалт тус бүрээр үнэлээгүй мөртлөө Хангалтгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ, 54.2-т Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журмыг Засгийн газар батална., Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам-ын 4.5-д Төлөвлөгөөний биелэлтийн жилийн эцсийн тайланг дараах хугацаанд харьяалах дээд шатны байгууллагад хүргүүлнэ:, 4.5.1-д сум, дүүрэг, аймаг, нийслэл дэх агентлаг, орон нутгийн өмчит хуулийн этгээд, орон нутгийн төсөвт үйлдвэрийн газрын төсвийн шууд захирагч 1 дүгээр сарын 5-ны дотор аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчид;, 4.7-д Төлөвлөгөөний жилийн эцсийн биелэлтийг Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам-ын дагуу үнэлнэ. гэж заасантай нийцээгүй байна.
Хариуцагч ******* сумын ******* Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт сумын сургуулийн захирлыг чөлөөлөх талаар санал авч, зөвшилцсөн нь Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр тогтоогддог. Энэхүү албан бичигт хариуцагчийг сумын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэхийг зөвшөөрсөн байна.
1.2. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2020 оны санхүүгийн тайланд аудит хийсэн Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/116 акт, 01/139 албан шаардлагыг үндэслэсэн байдаг.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/116 дугаар актаар тушаал шийдвэргүйгээр ур чадварын нэмэгдэл 456.0 мянган төгрөг, үр дүнгийн урамшуулал 410.4 мянган төгрөг олгосон, мөн ээлжийн амралт эдэлж байх хугацаанд 1.577.2 мянган төгрөгийн цалин олгосон тул ажилтнуудаас буцаан төлүүлэхээр акт тогтоожээ.
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/137 дугаар албан шаардлагаар няравын бараа, материалын тайлангаас 410.0 мянган төгрөг зөрсөн, шилэн дансны мэдээлэлд 12 мэдээлэл дутуу байршуулсан зөрчлийг арилгахыг даалгажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон; гэж заасан. Хариуцагчийн өмгөөлөгч нараас санхүүгийн зөрчил гаргасан нь аудитын актаар тогтоогдсон гэж маргадаг. Монгол Улсын Дээд Шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар дугаар тогтоолын 15.5-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. гэж тайлбарлажээ. Гэвч аудитын шалгалтаар тавигдсан акт, албан шаардлагад тодорхойлогдсон зөрчлийг ажил олгогчийн итгэлийг алдсан гэж дүгнэхүйц үйлдэл гэж тооцох боломжгүй. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, ... санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, ..... бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. гэж заасантай нийцэхгүй байна.
Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газраас төсвийн шууд захирагчийн 2020 оны санхүүгийн тайланд Зөрчилгүй гэсэн санал дүгнэлт өгсөн байгаа учир ажлаас халах хэмжээний санхүүгийн зөрчил гаргаагүй гэж шүүхээс дүгнэлээ.
1.3. Нэхэмжлэгчийг тендерт шалгараагүй этгээдээс нүүрс худалдан авсан гэж буруутгадаг. Сумын сургуулиас Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн 2021 оны 07 дугаар сарын 04-ний 14 дугаар албан бичгээр Өгөөмөр өндөр компанитай гэрээ байгуулаагүй нь тогтоогддог. Харин сумын сургуулиас ирүүлсэн нүүрс нийлүүлэгч компаний нэхэмжлэх, зарлагын баримтын зарим нь хаана, хэнд, хэзээ өгсөн нь тодорхойгүй, зарим огноо нь 2021 оны 10 сар гэх засвартай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 45.3-т зааснаар худалдан авах ажиллагааны захиалагч нь сумын Засаг даргын Тамгын газар байхаар заасан байна. Захиалагч энэ хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4-д худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах; гэж зааснаар худалдан авах ажиллагааг нэгтгэн зохион байгуулж болох боловч сумын сургуулийн захирал төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т шууд худалдан авч болох бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртгийн дээд хязгаар; заасан босго үнээс хэтрээгүй худалдан авалтыг хийх эрхтэй байна.
1.4. 2020 оны 11 дүгээр сарын 05-наас 2020 оны 12 дугаар сарын 04 хүртэл шалтгаангүйгээр ажил тасалсан, өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажлын цагаар нэр бүхий багш нарын хамт архидан согтуурсан тул нэхэмжлэгчийг ажлаас халсан гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт чөлөө хүссэн өргөдөл гаргасан болох нь түүний хувийн өргөдөл, цохолт /БСУГ-ын хуучин дарга нь ажиллаж байсан гэх/, Сумын *******д 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн 48 дугаар албан бичгээр тогтоогддог. Мөн чөлөөний хугацаа дуусах үед Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хатуу хөл хорио тогтоосон байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм.
Нэхэмжлэгч 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтуугаар машин жолоодсон болох нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 31/2542 дугаар албан бичгээр нотлогддог. Харин ажлын цагаар, ажлын байранд архи уусан гэх үндэслэл тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн ажлын бус цагаар, сумын төвийн ойролцоох Манхан гэх газар ажлынхан цугларсан байсан гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгэж, нотлоогүй бөгөөд дээр дурдсан цагдаагийн байгууллагын албан бичгээр давхар нотлогддог.
Сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан төрийн үйлчилгээний албан хаагч тул ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, төсвийг шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгөөр хийх худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэхтэй холбоотой харилцаанд Төрийн албаны хууль болон тухайн харилцаанд хамаарах тогтоомжийг хэлбэрэлтгүй баримтлан ажиллах үүрэгтэй. Дээр дурдсанаар нэхэмжлэгч эдгээр хууль тогтоомжийг зөрчин ажлаас халах хэмжээний зөрчил гаргасан нь тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн буюу хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Сумын сургуулийн Хөдөлмөрийн дотоод журам-д хөдөлмөрийн сахилга зөрчвөл зөрчлийн шинж байдлыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Журамд хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийг тодорхойлоогүй байна.
Иймээс маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд;
Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна., Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;, 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Э.П ажлаас чөлөөлсөн захирамж хууль бус болох нь тогтоогдож, ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон учир 2021 оны 03 дугаар сарын 18-наас 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан 96 хоногийн олговор 5,090,774 /таван сая ерэн мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасны дагуу уг олговроос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 5 дугаар хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.П нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2020 оны 12, 2021 оны 1, 2 дугаар сарын цалингийн нийлбэрээс дундаж цалин хөлсийг тодорхойлсон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Э-ийн П-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Э.Пд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болох 5,090,774 /таван сая ерэн мянга долоон зуун далан дөрөв/ төгрөгийг Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвөөс гаргуулан олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгэхийг Говь-Алтай аймгийн ******* сумын ******* Ж.Эт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Э.Пд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН