Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00652

 

 

Ховдын тулга ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалтай,

Ховдын тулга ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эсба Интернэшнл ХХК-д холбогдох

Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,538,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мягмардорж, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

  Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховдын тулга ХХК болон Эсба Интернэшнл ХХК-ийн хооронд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор Ховдын тулга ХХК нь М200 маркийн бетон зуурмагийг 50 м3-ийг м3-ийн үнийг 150,682 төгрөгөөр тохиролцож, 7,534,100 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 2500 м3-ийг м3 үнийг 168,045 төгрөгөөр тохиролцож, 420,112,500 төгрөг, м300 маркийн бетон зуурмагийг 500 м3-ийг м3 үнийг 176,715 төгрөгөөр тохиролцож, 88,357,500 төгрөг, нийт 516,004,100 төгрөгөөр тохирч Эсба Интернэшнл ХХК-нд нийлүүлэхээр тохиролцсон. 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Эсба Интернэшнл ХХК-аас 80,663,006 төгрөгийн бараа материал авсан бөгөөд Ховдын тулга ХХК-аас Эсба Интернэшнл ХХК-д 125,740,850 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэвч Эсба Интернэшнл ХХК нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн төлбөрийг тухайн давхарын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж хийж барагдуулах байтал төлбөрөө хийлгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний 4.6-д Эсба Интернэшнл ХХК нь бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон боловч Эсба Интернэшнл ХХК нь үлдэгдэл төлбөр болох 45,077,844 төгрөгийг төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22,538,922 төгрөгийг мөн нэхэмжилж байгаа болно. Эсба Интернэшнл ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрх нь Ховдын тулга ХХК-д Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нээлттэй байгаа билээ. Манай компанийн зүгээс 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эсба Интернэшнл ХХК-ийн захирал Ц.Батхишигтэй 200 маркийн зуурмаг 50 м/куб, 250 маркийн зуурмаг 1500 м/куб, 300 маркийн зуурмаг 1500 м/куб, нийт 3050 м/куб зуурмаг авахаар буюу 516,000,000 төгрөгийн үнэтэй зуурмаг авахаар гэрээ байгуулсан. Зуурмаг нийлүүлэхэд их хэмжээний цемент ордог учраас цементийг хангаж чадахгүй гэдгээ хэлээд Эсба Интернэшнл ХХК нь өөрсдөө цементээ нийлүүлэхээр болсон. Өдөртөө сайн явахдаа 50-60 тонн цементийг зуураад нийлүүлж байсан. Эсба Интернэшнл ХХК-ийн зүгээс замын компаниас 1 мексир түрээсэлсэн бөгөөд манай мексиртэй нийлээд 2 мексир өдөрт 20-24 ирис хийж байсан. Зуурмаг нийлүүлж байх явцад Эсба Интернэшнл ХХК-ийн барилгын суурь доор байсан учраас мексирээ унагачих гээд хүнд байдалд байсан. Манай компаниас болон Эсба Интернэшнл ХХК-иас ухрахад нь хүмүүс очиж зогсож байсан. Мөн зуурмагийн маркийг тодорхойлохын тулд хэдэн кг орц ордог талаар Эсба Интернэшнл ХХК-ийн зүгээс хүн ирж зуурмагийн талбайд хянаж байсан. Эсба Интернэшнл ХХК-иас цементээ зөөж дийлэхгүй байсан. Мөн зээлээр цемент авч байсан бөгөөд зээлээр авч байсан цемент нь Ярант-ын боомтоор орж ирдэг учраас Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтний болон Гаалийн газрын мэдүүлэг зэргийг нэмж хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс зуурмагныхаа мөнгийг өгөхгүй зугтаадаг залилан хийгээд яваад байдаг. Энэ талаар гэрчлүүлэхээр гэрч нарыг шүүх хуралдааны танхимд авч ирсэн. Тухайн гэрээг байгуулахдаа Эсба Интернэшнл ХХК-ийн захирал Ц.Батхишиг болон Ганболор нар нь 2014 оны манай байгууллагын үнийн саналаас их хэмжээний зуурмаг учраас 10 хувиар хямдруулаад өгчих гэсэн санал тавьсан учраас үнийн калкулицаасаа 10 хувиар хямдруулж өгсөн байдаг. Бид нарын зүгээс мөнгөө авахаар өдөр бүр очиход зугтааж байсан. Гэрээний алдангийн талаар хариуцагч байгууллагад тайлбарлаад гарын үсгээ хоёр талаас зурсан. Бид нарын зүгээс 744 м/куб зуурмаг нийлүүлчхээд 590 м/кубаар тооцоод, үнийн зөрүү нь 19,000,000 төгрөг, 10 хувиар хямдруулаад 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Тухайн заалтыг хариуцагч байгууллагад хэлж тайлбарлаж байсан. Иймд Эсба Интернэшнл ХХК-иас Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45,077,844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22,538,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Ховдын тулга ХХК-ийн 2013 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын барилгыг барих тендерт оролцож, ялалт байгуулан уг барилгыг барихаар болсон. Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдорж нь уг барилгыг барихад санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, түүнчлэн манай компаниас нийт 10,629,000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан байдаг. Уг зээлсэн мөнгө болон бараа материалыг бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байсан боловч одоо ямар үндэслэлээр уг төлбөрийн нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийн асуудлаар Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардорж, түүний төрсөн дүү Ц.Пүрэвдорж нартай ойлголцож, зөвшилцөлд хүрч, манай компаниас авсан бэлэн мөнгө, бараа материалд оруулан тооцохоор болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Эсба Интернэшнл ХХК-с бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,538,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд төлсөн 496,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эсба Интернэшнл ХХК-иас 496,034 төгрөг гаргуулан Ховдын тулга ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Эсба Интернэшнл ХХК-аас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,538,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөг гаргуулан Ховдын тулга ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасныг баримтлан гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсэн. Шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүйн дээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ... гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлж байсан нь гэрч М.Алтанцэцэг, Б.Нямдорж нарын мэдүүлэг болон зохиогчдын тайлбараар нотлогдож байна... гэжээ. Мөн дээрх гэрч нарын мэдүүлгийг иш татсан боловч хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч байгууллагаас бетон зуурмаг авсан гэдгээ үгүйсгээгүй. Харин бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэхэд Эсба Интернэшнл ХХК-аас Ховдын тулга ХХК-д цемент, гаалийн болон НӨАТатварын зохих төлбөр, банз, дизелийн түлш гэх мэт зүйлийг нийлүүлж байсан нь нэг талын тооцоо нийлсэн актаар тодорхойлогддог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчийн ирүүлсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, 1-р хавтаст хэргийн 35,36,37 дугаар хуудсанд авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт нь хуурамч, уг баримтан дээр зурагдсан Эсба Интернэшнл ХХК-ийн нягтлан О.Тунгалагийн гарын үсэгүүд гэрчээр мэдүүлэг өгөхдөө зурсан гарын үсэгтэй хоорондоо зөрүүтэй, мөн шинжээчийн дүгнэлтээр О.Тунгалагийн гарын үсэг нь биш учир уг нотлох баримт нь хуурамч, нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар дээрх нотлох баримтаар няцаагдаж байна гэжээ. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлээгүй. Учир нь хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн татгалзлалын талаарх нотлох баримт, мөн хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч нарын мэдүүлэг зэргийг үнэлээгүй, гагцхүү нэхэмжлэгч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгийг үндэслэж дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч талын хүсэлтээр асуусан гэрч нарын мэдүүлэг, нотлох баримтыг иш татаж дүгнэлт хийгээгүй атлаа гагцхүү нэхэмжлэгч талын нотлох баримтыг иш татсан явдал нь нотлох баримтыг шүүх үнэлэх асуудал дээр ноцтой алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт нь хуурамч, хууль бусаар, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн нотлох баримт нэгээхэн ч үгүй байдаг. Гагцхүү хэргийн 35-37 хуудсанд байгаа бэлэн мөнгөний зарлагын баримтан дээр зурагдсан гарын үсэг нь Эсба Интернэшнл ХХК-ийн нягтлан О.Тунгалагийн гарын үсэг биш болох нь 27 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч бэлэн мөнгө өгсөн Эсба Интернэшнл ХХК-ийн захирал Ц.Батхишиг, ня-бо И.Ариунаа, бэлэн мөнгө хүлээн авсан тухайн үед Ховдын тулга ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан нэхэмжлэгч байгууллагын захирлын дүү Ц.Пүрэвдоржийн гарын үсэг нь зурагдсан, гэрч буюу мөнгө хүлээн авсан Ц.Пүрэвдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэг нь шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан нөхцөл байдлыг няцаах үндэслэл болж байгаа бөгөөд нэхэмжлэгч нь Ц.Пүрэвдоржийг Ховдын тулга ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан гэдгийг үгүйсгээгүй болно. Мөн түүнчлэн Ховдын тулга ХХК-ийн Баян-өлгий аймагт барьсан Прокурорын барилга, Ховд аймгийн Жаргалант суманд барьсан 45 айлын орон сууцны барилгад авсан бэлэн мөнгө, бараа материалд нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-ийн захирал бэлэн мөнгө, бараа материал авснаа үгүйсгэсэн нотлох баримт болон тайлбарыг гаргадаггүй нь уг бэлэн мөнгө, бараа материал авч байсан гэдгээ үгүйсгээгүй болно. Түүнчлэн тухайн үед Эсба Интернэшнл ХХК-ийн нягтлан О.Тунгалаг нь эзгүй байсан учир түүний гарын үсгийг нярав И.Ариунаа зурсан нь хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Батхишигийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогддог. Энэхүү тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт гэж үзэх боломжтой.

Магадлалын үндэслэх хэсэгт ...Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнээд уг дүгнэлтээ суурийг цутгахад хөрсний ус ихээр гарч хүндрэлтэй байсан, богино хугацаанд их зуурмаг яаралтай нийлүүлэхийн тулд ажлыг гүйцэтгэхдээ захиалагчийн цемент, ажил гүйцэтгэгчийн өөрийн элс, хайрга, ус гэх мэт дүүргэгч материалаар хийсэн, зуурмагийн марк, бат бэх чанарыг гэрээндээ нарийн тусгасан гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх... үндсэн үүрэгтэй. Гэтэл хариуцагч байгууллага буюу захиалагчийн цементээр бетон зуурмаг үйлдвэрлэж нийлүүлснийг захиалагчийн материалаар хийсэн гэж үзэх боломжгүй. Ховдын тулга ХХК, Эсба Интернэшнл ХХК-ийн хооронд байгуулсан бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээгээр бетон зуурмагийн марк буюу төрлийг тодорхой дурдсан бөгөөд төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмсыг хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр шинэ зүйлийг бий болгохыг ойлгох бөгөөд төрлийн шинжээр тодорхойлогдох тэр тусмаа нэг төрлийн зүйлээр тодорхойлогдох эд зүйлийг нийлүүлэх ойлголт биш юм. Ховдын тулга ХХК нь хариуцагч байгууллагад нийлүүлсэн бетон зуурмагаа өөрийн байна уу, бусдын байна уу материалаар бэлтгэн захиалагчид нийлүүлсэн тул худалдах, худалдан авах гэрээний журам үйлчлэх ёстой. Иймд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн дээр дурдагдсан суурийг цутгахад хөрсний ус ихээр гарч хүндрэлтэй байсан, богино хугацаанд их зуурмаг яаралтай нийлүүлэх шаардлага бий болсон гэх дүгнэлт тухайн үйл баримтад ямар ач холбогдолтой, ямар үйл баримтыг нотлох гэсэн санаагаа тайлбарлаж чадаагүй. Ховдын тулга ХХК гэрээний дагуу Эсба Интернэшнл ХХК-д М300 маркийн 590 мЗ хэмжээтэй 104,261,850 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд бетон зуурмагийн үлдэгдэл гэрээ дүгнэсэн тооцоогоор 45,077,844 төгрөгийн авлагатай гарсан тооцоог шүүхэд гаргаж өгснийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй, Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид 35,629,000 төгрөгийн бараа, материал болон бэлэн мөнгө зээлдүүлсэн үйл баримт нь талуудын гэрээний үүргээ биелүүлэхэд хамааралгүй болно гэж дүгнэсэн. Гэтэл бетон зуурмагийн үлдэгдэл гэрээ дүгнэсэн тооцоо нь зөвхөн нэг талын тооцоо бөгөөд магадлалд гэрээг дүгнээд тооцоо хийсэн мэтээр дүгнэлт хийсэн явдал нь хэргийн үйл баримтыг шууд байдлаар нотолсон гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, хэргийн 7,8 дугаар хуудсанд буй тооцоо нийлсэн акт, 112 дугаар хуудсанд буй гэрч О.Тунгалагийн мэдүүлгээр Ховдын тулга ХХК болон Эсба Интернэшнл ХХК-ийн хооронд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг тооцож тооцоо нийлээгүй, тооцоо нийлээгүй учраас тооцоо нийлсэн акт гэж байхгүй, Ховдын тулга ХХК нь ирсэн машиныхаа тоогоор бетон зуурмагийн тооцоо гаргаад, Эсба Интернэшнл ХХК нь барилгын суурийн м/кубын хэмжээний дагуу тооцоо хийнэ гээд хоорондоо зөрөөд тооцоо нийлээгүй... гэх мэдүүлгээс дүгнэхэд тухайн бетон зуурмаг ачиж явсан автомашин нь дундуур, дүүрэн байсан эсэхэд хоорондоо тооцоо нийлээгүй байдаг. Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг 2014.08.01-ний өдөр байгуулсан. Ховдын тулга ХХК нь 2014-2016 оны хооронд Баян-өлгий аймгийн Прокурорын барилга барьсан. Хэргийн 35-37 хуудсанд байгаа бэлэн мөнгөний зарлагын баримтан дээрх огноогоос харахад Ховдын тулга ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Ц.Пүрэвдорж нь Эсба Интернэшнл ХХК-ийн захирлаас бэлэн мөнгө авсан байдаг. Мөн гэрч Ж.Бадрах ...Баян-өлгий аймагт Прокурорын барилга барьж байгаа гээд манайхаас барилгын материал, эд зүйлээ Баян-өлгий аймаг руу ачуулдаг байсан, Ховдын тулга ХХК-ийн 45 айлын орон сууц барьж байсан Ховдын тулга ХХК-ийн ажилтан Батбаяр манай компаниас ирж барилгын материал авдаг байсан, гэрч Ц.Батбаяр ...Ховдын тулга ХХК нь 45 айлын орон сууц барьсан. Бетон зуурмагийн өртөгт барилгын материал дутахад Эсба Интернэшнл ХХК-аас замаск, сангийн холбох эд зүйл гэх мэт зүйлсийг авч байсан. Ховдын тулга ХХК-ийн захирал Ц.Мягмардоржид үзүүлээд, няравт бүртгүүлээд орлого болгон аваад 45 айлын орон сууцны барилгын ажилд ашигласан. Барилгын ажилд зөндөө зүйл дутагдсан. Би тэрийг нь ч гэсэн авч өгдөг байсан. Ховдын тулга ХХК, Эсба Интернэшнл ХХК-ийн нярав, нягтлан нарт эд зүйлс авч байсан талаарх бүртгэл, баримт нь байгаа, гэрч Ц.Пүрэвдорж ... Ховдын тулга ХХК нь Баян-өлгий аймгийн Прокурорын барилгыг барьсан, 4-5 жилийн өмнө байх уг барилгын ажлыг би гардан гүйцэтгэсэн, Эсба Интернэшнл ХХК-аас материал болон бэлэн мөнгө цувуулаад авч байсан, Армотур төмөр, зээлээр авч байсан, дараа жилийн санхүүжилт нь зогсочихоод ажилчдын цалин тавих гээд бэлэн мөнгө зээлж авч байсан, зээлийн гэрээ байгуулаагүй, падаан бичүүлээд авчихдаг байсан, падаан шүүхэд ирсэн байх ёстой гэх болон бусад холбогдох гэрч нарын мэдүүлгээс үзэхэд бетон зуурмагийн өртөгт нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас тодорхой хэмжээний бэлэн мөнгө эд зүйл авч байсан нь нотлогддог бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч дээрх үйлдэлд ямар нэгэн няцаалт болон холбогдох баримтыг гаргаж өгөөгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх бэлэн мөнгө, бараа, материал зээлдүүлсэн гэх үйл баримт нь талуудын гэрээний үүргээ биелүүлэхэд хамааралгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Гэрээнд М200, М250, М300 маркийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон, тооцоо нийлсэн актаар зөвхөн М300 маркийн бетон зуурмаг нийлүүсэн, гэвч нэхэмжлэгч талын хүсэлтээр асуугдсан гэрч Н.Ганхуяг гэрээнд заасан бүх төрлийн бетон зуурмаг нийлүүлсэн, гэрч Алтанцэцэг М150, М200 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн, гэрч Нямдорж бетон зуурмаг аваачиж өгдөг байсан, тасалбарыг нь нягтланд өгдөг байсан гэдэг бөгөөд дээрх гэрч нар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээдүүд гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны албан тоот, Ховдын тулга ХХК-ийн бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг үүсээгүй, энэхүү үйл баримтыг гарцаагүй нотолсон нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгч чадаагүй, анхан болон давж заалдах шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгийг үнэлээгүй, гагцхүү нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримт, гэрч нарын мэдүүлгийг үнэлж дүгнэлт хийсэн нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчигдсөн, хэрэг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийн дүгнэлтийг хийгээгүй тул шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 153/ШШ2019/391 дугаар шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.29-ний өдрийн 48 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Ховдын тулга ХХК нь Эсба Интернэшнл ХХК-д холбогдуулан Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,538,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилгыг барихад зээлсэн бараа, материал, бэлэн мөнгийг тус гэрээний гүйцэтгэлд өгсөн гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтыг хэрэглэн Эсба Интернэшнл ХХК-аас бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 45,077,844 төгрөг, алданги 22,538,922 төгрөг, нийт 67,616,766 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ховдын тулга ХХК нь 2014.08.01-ний өдрийн Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ, 2014 онд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх график, гэрээний дагуу бетон зуурмаг нийлүүлсэн тооцоог дүгнэсэн 2014.09.15-ны өдрийн баримт, 2014.07.09-ний өдрөөс 2014.10.16-ны өдөр хүртэл 4 удаагийн тээвэрлэлтээр 287,12 тонн цементийг БНХАУ-аас Ярант боомтоор оруулж ирсэн барааны мэдүүлэг гэсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч Эсба Интернэшнл ХХК нь өөрийн татгалзлын үндэслэлээ нотлохоор Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид 10,629,000 төгрөгийн бараа материал, 25,000,000 төгрөг, нийт 35,629,000 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө зээлдүүлсэн тухай 5 хуудас баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ховдын тулга ХХК нь гэрээний дагуу Эсба Интернэшнл ХХК-д М300 маркийн 590 м.куб хэмжээтэй 104,261,850 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь гэрээ дүгнэсэн тооцоогоор Эсба Интернэшнл ХХК-аас 45,077,844 төгрөгийн авлагатай гарсан баримтыг шүүхэд гаргаж өгснийг хариуцагч тал баримтаар үгүйсгээгүй бөгөөд Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид 35,629,000 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө зээлдүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар нь зохигчийн хооронд үүссэн гэрээний маргаанд хамааралгүй байна.

Хариуцагч Эсба Интернэшнл ХХК нь нэхэмжлэгч Ховдын тулга ХХК-тай харилцан тооцоо нийлээгүй шалтгаанаа бетон зуурмаг тээвэрлэж байсан миксер машинд зуурмаг дүүрэн байгаа, эсхүл дундуур байгаа эсэх нь мэдэгдэх боломжгүй тул цутгасан куб метрээр тооцоо нийлнэ гэж тайлбарласан боловч тооцоог цутгасан талбайн куб метрээр гаргаж маргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д Б тал буюу Эсба Интернэшнл ХХК бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0,2%-иар тооцож алданги төлөхөөр тохирсон байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22,538,922 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Харин хууль хэрэглээний хувьд хоёр шатны шүүх гэрээний үүргийн хоёр өөр төрлийг хэрэглэсэн буюу давж заалдах шатны шүүх ...талууд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулахдаа зуурмагийн марк, бат бэх чанарыг гэрээндээ нарийн тусгасан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн, анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан, хэрэгт авагдсан гэрээ, хариуцагчийн үйл ажиллагааны чиглэл зэргээс үзэхэд анхан шатны шүүхийн хууль хэрэглээг үндэслэлтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, талууд ... зуурмагийн марк, бат бэх чанарыг гэрээндээ нарийн тусгасан нөхцөлийг үнэлж, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинжийг агуулсан гэж тайлбарласан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл учир дутагдалтай буюу Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т гэрээний зүйлийн чанарын талаар талууд тусгайлан заах боломжтойг анхаараагүй байна.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаар магадлалыг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 153/ШШ2019/00391 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 496,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД