Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 00391

 

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2019/00391

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан багт байрлах Х ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Эсба1 дүгээр 80 айлын орон сууцны 1-1 тоотод байрлах, Э ХХК /.../-д холбогдох

Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45 077 844 төгрөг, алданги 22 538 922 төгрөг нийт 67 616 766 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хяналтын шатны шүүхээс 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Золзаяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батсүх, гэрч М.Алтанцэцэг, Б.Нямдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мягмардорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Х ХХК болон Э ХХК-ийн хооронд бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ ёсоор Х ХХК нь М200 маркийн бетон зуурмагийг 50м3-ийг м3-ийн үнийг 150682 төгрөгөөр тохиролцож, 7534100 төгрөг, М250 маркийн бетон зуурмагийг 2500 м3-ийг м3 үнийг 168045 төгрөгөөр тохиролцож, 420112500 төгрөг, м300 маркийн бетон зуурмагийг 500м3-ийг м3 үнийг 176715 төгрөгөөр тохиролцож, 88357500 төгрөг нийт 516004100 төгрөгөөр тохирч Э ХХК-нд нийлүүлэхээр тохиролцсон.

2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар Э ХХК-аас 80663006 төгрөгийн бараа материал авсан бөгөөд Х ХХК-аас Э ХХК-д 125740850 төгрөгийн бетон зуурмагийг нийлүүлсэн. Гэвч Э ХХК нь гэрээний 3.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн төлбөрийг тухайн давхарын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж хийж барагдуулах байтал төлбөрөө хийлгүй өдийг хүрсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээг байгуулсанд тооцох хууль зүйн үндэслэлтэй. Гэрээний 4.6-д Э ХХК нь бетон зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.2 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцсон боловч Э ХХК нь үлдэгдэл төлбөр болох 45077844 төгрөгийг төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 22538922 төгрөгийг мөн нэхэмжилж байгаа болно. Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрх нь Х ХХК-д Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нээлттэй байгаа билээ. Манай компанийн зүгээс 2014 оны 08 сарын 01-ний өдөр Э ХХК-ийн захирал Ц.Батхишигтэй 200 маркийн зуурмаг 50 м/куб, 250 маркийн зуурмаг 1500м/куб, 300 маркийн зуурмаг 1500м/куб, нийт 3050 м/куб зуурмаг авахаар буюу 516,000,000 төгрөгийн үнэтэй зуурмаг авахаар гэрээ байгуулсан. Зуурмаг нийлүүлэхэд их хэмжээний цемент ордог учраас цементийг хангаж чадахгүй гэдгээ хэлээд Э ХХК нь өөрсдөө цементээ нийлүүлэхээр болсон. Өдөртөө сайн явахдаа 50-60 тонн цементийг зуураад нийлүүлж байсан. Э ХХК-ийн зүгээс замын компаниас 1 мексир түрээсэлсэн бөгөөд манай мексиртэй нийлээд 2 мексир өдөрт 20-24 ирис хийж байсан. Зуурмаг нийлүүлж байх явцад Э ХХК-ийн барилгын суурь доор байсан учраас мексирээ унагачих гээд хүнд байдалд байсан. Манай компаниас болон Э ХХК-иас ухрахад нь хүмүүс очиж зогсож байсан. Мөн зуурмагийн маркийг тодорхойлохын тулд хэдэн кг орц ордог талаар Э ХХК-ийн зүгээс хүн ирж зуурмагийн талбайд хянаж байсан. Э ХХК-иас цементээ зөөж дийлэхгүй байсан. Мөн зээлээр цемент авч байсан бөгөөд зээлээр авч байсан цемент нь Ярант-ын боомтоор орж ирдэг учраас Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтний болон Гаалийн газрын мэдүүлэг зэргийг нэмж хэрэгт хавсаргасан байгаа. Хариуцагч байгууллагын зүгээс зуурмагныхаа мөнгийг өгөхгүй зугтаадаг залилан хийгээд яваад байдаг. Энэ талаар гэрчлүүлэхээр гэрч нарыг шүүх хуралдааны танхимд авч ирсэн. Тухайн гэрээг байгуулахдаа Э ХХК-ийн захирал Ц.Батхишиг болон Ганболор нар нь 2014 оны манай байгууллагын үнийн саналаас их хэмжээний зуурмаг учраас 10 хувиар хямдруулаад өгчих гэсэн санал тавьсан учраас үнийн калкулицаасаа 10 хувиар хямдруулж өгсөн байдаг. Бид нарын зүгээс мөнгөө авахаар өдөр бүр очиход зугтааж байсан. Гэрээний алдангийн талаар хариуцагч байгууллагад тайлбарлаад гарын үсгээ хоёр талаас зурсан. Бид нарын зүгээс 744м/куб зуурмаг нийлүүлчхээд 590м/кубаар тооцоод, үнийн зөрүү нь 19,000,000 төгрөг, 10 хувиар хямдруулаад 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийн алдагдалд орсон. Тухайн заалтыг хариуцагч байгууллагад хэлж тайлбарлаж байсан. Иймд Э ХХК-иас Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлийг хангуулж 45077844 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн алданги 22538922 төгрөг нийт 67616766 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х ХХК-ийн 2013 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын барилгыг барих тендерт оролцож, ялалт байгуулан уг барилгыг барихаар болсон. Х ХХК-ийн захирал Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдорж нь уг барилгыг барихад санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн үндэслэлээр манай компаниас 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг түүнчлэн манай компаниас нийт 10,629,000 төгрөгийн бараа материалыг зээлж авсан байдаг. Уг зээлсэн мөнгө болон бараа материалыг бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний гүйцэтгэлд өгөхөөр тохирсон байсан боловч одоо ямар үндэслэлээр уг төлбөрийн нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг төлбөрийн асуудлаар Х ХХК-ийн захирал Ц.Мягмардорж, түүний төрсөн дүү Ц.Пүрэвдорж нартай ойлголцож, зөвшилцөлд хүрч, манай компаниас авсан бэлэн мөнгө, бараа материалд оруулан тооцохоор болсон байдаг. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК нь Э ХХК-д холбогдуулан Бетон зуурмаг, үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ-ний дагуу нийлүүлсэн зуурмагийн үлдэгдэл төлбөр 45 077 844 төгрөг, алданги 22 538 922 төгрөг нийт 67 616 766 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хариуцагч Э ХХК-нь Х ХХК-ийн төлөөлөгч Ц.Мягмардоржийн төрсөн дүү Ц.Пүрэвдоржид Баян-Өлгий аймгийн прокурорын газрын барилгыг барихад зээлсэн бараа, материал, бэлэн мөнгийг тус гэрээний гүйцэтгэлд өгсөн учираас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Х ХХК , хариуцагч Э ХХК-ийн хооронд Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан гэрээний эх хувь /2 хавтас/ баримтаар тогтоогдож байгаа ба энэхүү үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талууд 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ байгуулж, Х ХХК-нь гэрээнд заасан марк, тоо хэмжээ, үнэ бүхий бетон зуурмагийг үйлдвэрлэн өөрийн тээврээр Э ХХК-д нийлүүлэх, Э ХХК-нь Бетон зуурмаг үйлдвэрлэн худалдах, худалдан авах гэрээ-ний хавсралт 1-д заасан графикийн дагуу зуурмагийг худалдан авч , цутгалтын ажил эхлэхээс 7 хоногийн өмнө урьдчилгаа 10 хувийг өгч, үлдэх төлбөрийг тухайн давхрын цутгалт дууссаны дараа ажлын 7 хоногт багтааж барагдуулахаар тохиролцжээ. /2 дугаар ХХ-ийн 42-48 дугаар хуудас/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасан байна.

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээ- ний дагуу зуурмагийг А тал буюу Х ХХК нь Б тал буюу Э -д нийлүүлсэн болох нь гэрч М.Алтанцэцэг, гэрч Б.Нямдорж нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэсэн заалтын дагуу Х ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлж зуурмагийг нийлүүлж байсан болох нь тогтоогдож байна.

Харин Б тал буюу Э ХХК нь гэрээний үүргээ зөрчиж зуурмагийн үнийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу гэрээний А тал буюу Х ХХК нь шаардах эрхтэй байна.

Гэрээний А тал буюу Х ХХК нь 104 261 850 төгрөгийн үнэ бүхий М300 маркын зуурмаг нийлүүлсэн, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр талуудын хоорондох бараа материал, бетон зуурмагийн тооцоог дүгнээд Б тал буюу худалдан авагч тал болох Э ХХК гэрээгээр хүлээсэн үүргээсээ 45 077 844 төгрөг төлөөгүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч зуурмаг нийлүүлэгч тал энэ төлбөрийг алдангийн хамт хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Мөн талууд нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Бетон зуурмаг үйлдвэрлэн нийлүүлэх гэрээний 4.6-д Б тал буюу Э ХХК-нь зуурмагийн эцсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0,2 хувийн алданги тооцож А тал буюу Х ХХК-д өгөхөөр заажээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу хариуцагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 22 538 922 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх хуулийн үндэслэлтэй байна.

Гэрч М.Алтанцэцэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Та Х ХХК болон Э ХХК нарын хооронд бетон зуурмаг нийлүүлэх талаар байгуулсан гэрээг мэдэх үү? Гэхэд 2014 оны 08 сарын 01-ний өдөр тус гэрээ байгуулагдаад, 2014 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлээд Э ХХК-д зуурмаг нийлүүлж эхэлсэн. Мөн Э ХХК-иас нэг залуу ирээд хэдэн уут цемент орж байгаа талаар хараад зогсож байсан. Миний бие арматурын мэргэжилтэй бөгөөд зуурмаг дээр ажиллаж байсан. Би зуурмагийнхаа дээжийг жолооч нарын хажууд сууж аваад, шоогоо авдаг ажил хийж байсан..., Та 2014 оны 08 сарын 15-ны өдрөөс зуурмагийг нийлүүлж эхэлсэн талаар хэлсэн. Хэдий хугацаанд зуурмаг нийлүүлсэн бэ? Гэхэд Өдөртөө 20 машин зуурмаг Э ХХК-д өгч байсан бөгөөд нийт 4-өөс 5 хоног зуурмаг нийлүүлсэн. 2014 оны 08 сарын 15-20 өдрүүдийн хооронд зуурмаг нийлүүлсэн. Мөн шөнө, өдөргүй зуурмагаа нийлүүлдэг байсан. Мөн Э ХХК иас н.Ганболор ирээд хурдан зуурмаг гаргуулах талаар хэлж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Нямдоржийн шүүх хуралдаанд мэдүүлсэн ...Өдөрт 8 м/куб зуурмагийг 8-9 удаа ачиж нийлүүлж байсан. Өөр нэг мексирийг Э ХХК-ийн зүгээс түрээсээр хамт явуулж байсан..., ... Жижиг дөрвөлжин талоныг нягтлангаар гарын үсэг зуруулаад явдаг байсан. Мөн цаг, минуттай нь хүргэж өгсөн талаар тэмдэглэсэн талон байсныг Х ХХК-ийн нягтлан бодогч Дуламсүрэн гэдэг хүнд өгч байсан... Би 2014 оны 08 сард Х ХХК-д мексир машины жолоочоор ажиллаж байсан. Х ХХК болон Э ХХК нарын хооронд бетон зуурмагийн талаар гэрээ байгуулагдсаныг мэдэж байгаа... гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгийн үед Х ХХК-ийн 2014 оны 09-12 сарын кассын тайлан, Бараа материалын дэлгэрэнгүй тайланд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан байна.

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хариуцагчийн ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Ховд аймаг дахь шүүхийн шинжилгээний албанаас ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр хавтаст хэргийн 35,36,37 дугаар хуудсанд авагдсан хариуцагч Э ХХК-ийн зүгээс гаргаж өгсөн Х ХХК-ийн төлөөлөгч Ц.Пүрэвдоржид бэлэн мөнгө, барилгын материал өгсөн мөнгөний баримт гэх баримтуудад зурагдсан Э ХХК-ийн нягтан бодогч О.Тунгалагийн гарын үсэг нь хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд гэрчээр өгсөн О.Тунгалагийн гарын үсгүүд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд Х ХХК-ийн төлөөлөгч Ц.Пүрэвдоржид 6,000,000 төгрөг, 10,000,000 төгрөг 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг өгсөн гэх бэлэн мөнгө зарлагын баримт /1 дүгээр хх-ийн 35-37 дугаар хуудас/-ууд нь хуурамч, нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар нь няцаагдаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Батхишиг нь тус шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч Б.Батсүхийг оролцуулан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х ХХК-ны хариуцагч Э ХХК-с зуурмагийн үлдэгдэл төлбөр 45 077 844 төгрөг, алданги 22 538 922 төгрөг нийт 67 616 766 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд төлсөн 496034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 496034 төгрөг гаргуулан Х ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Э ХХК-с бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 45 077 844 төгрөг, алданги 22 538 922 төгрөг нийт 67 616 766 /жаран долоон сая зургаан зуун арван зургаан мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч  Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Төрийн банкны 100160000941 тоот дансанд төлсөн 496,034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 496,034 төгрөг гаргуулан Х ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОЮУН-ЭРДЭНЭ