Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00218

 

     “Х” ХХК-ийн

     нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03708 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.З-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 9 424 588,14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.З 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус банктай цалингийн зээлийн гэрээ байгуулан 9 500 000 төгрөгийн зээлийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зориулалтаар зээл авсан. Хариуцагч Ч.З банктай байгуулсан цалингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн эзэмшлийн тус банкны 416001321 тоот картын дансны орлогыг хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлээс 1 312 934,66 төгрөг, хүүгийн төлбөрт 933 618,48 төгрөг төлсөн. Зээлдэгч Ч.З цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж, зээлийн төлбөр төлөх бодит боломж олгон, хугацаа өгсөн боловч үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа тул банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна. Зээлдэгч 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 3 328 424,35 төгрөг, хуримтлагдсан хүүгийн өр 1 231 022,80 төгрөг нийт 4 559 447,15 төгрөгийн өр хуримтлагдсан байна. Иймд үндсэн зээл 8 187 065,34 төгрөг, зээлийн хүү 1 210 409,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 613,68 төгрөг, бичиг баримт нотариатаар батлуулсан зардалд 6 500 төгрөг нийт 9 424 588,14 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус банктай 2016/000372/0178 тоот цалингийн зээлийн гэрээг байгуулан 9 500 000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хүүхдийн сургалтын төлбөр төлөх зорилгоор авсан. Өнөөдрийн байдлаар 9 500 000 төгрөгөөс 2 246 552 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 7 253 448 төгрөг болон түүний хүү 1 210 409 төгрөгийг 2018 оны нэгдүгээр сард эргэн төлөлт хийх хүсэлтэй байна. Мөн нэхэмжлэлд тусгасан үндсэн зээлийн эргэн төлөлт болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, зээлийн эргэн төлөлтөд зарцуулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэргүй тул шүүх энэ нөхцөл байдлыг ойлгоно уу. 2017 оны 12 дугаар сарын байдлаар зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй бөгөөд 2018 онд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөн эргэн төлнө гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.З-гаас 9 424 588,14 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 743 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.З-аас улсын тэмдэгтийн хураамжид 165 743 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг бүхэлд нь үнэлэн нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Х-аас авсан зээлийн эргэн төлөлтөөс 2 246 552 төгрөгийг төлсөн, 7 253 448 төгрөг дутуу байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй 9 424 588 төгргөгөөс 7 253 448 төгрөг, түүний хүү 1 210 409 төгрөг нийт 8 463 857 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрээс 960 731 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийн заалтыг оновчтой хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Ч.З-д холбогдуулж талуудын хооронд байгулагдсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн үүрэгт 8 187 065,34 төгрөг, үндсэн хүү 1 210 409,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20 613,18 төгрөг, нотариатын зардалд 6 500 төгрөг 9 424 588,14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 8 463 857 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан  цалингийн зээлийн болон цалингийн зээлийн барьцааны гэрээгээр 9 500 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдэгч нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, зээлийн барьцаанд хариуцагчийн 416001321 тоот цалингийн картны дансны орлогыг барьцаалахаар тус тус тохиролцжээ. Зээлдүүлэгчээс зээлдэгчийн дансанд 9 500 000 төгрөгийг шилжүүлснээр зохигчдын хооронд Иргэний хууулийн 451 дүгээр зүйлийн 451.1 заасан зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй байна. /хх 8-11/

Зээлдэгч нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 312 934,66 төгрөг, зээлийн хүүд 895 127,70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 38 490,78 төгрөг нийт 2 246 553,14 төгрөг төлсөн боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч “Х” ХХК гэрээг цуцалж, үндсэн зээл 8 187 065,34 төгрөг, үндсэн хүүнд 1 210 409,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20 613,68 төгрөг, нийт 9 418 088,14 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй. Гэрээ цуцлагдснаар Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болох тул нэхэмжлэгч гэрээ цуцлах 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүүг нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй. 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний үүрэг, төлбөл зохих үнийн дүнгийн талаар зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгчийн гэрээ цуцлах шаардлагыг шийдвэрлээгүй буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс цуцалж, түүнтэй холбоотойгоор учирсан хохирол болох нотариатын зардалд төлсөн 6 500 төгрөгийг шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулахаар шийдвэрлэснийг тус тус залруулж Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлох боломжтой юм.

Хариуцагч Ч.З нэхэмжлэлийн шаардлагаас 960 731 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан бөгөөд уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ талаарх гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03708 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “225 дугаар зүйлийн 225.1, 229 дүгээр зүйлийн 229.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1,  227 дугаар зүйлийн 227.1” гэж, “баримтлан” гэсний дараа “Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан цалингийн зээлийн гэрээг цуцалж” гэж нэмж өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                       ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

                                                                                                           Д.БАЙГАЛМАА