| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0219/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-08-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 62
Г.Б-, Б.Ц-, Г.Б-, Б.Ө- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0219/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Батсүх
Шүүгдэгч Г.Б-,Б.Ц-
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба, Ө.Өлзиймаа
Л.Цуурай
Нарийн бичгийн дарга Б.Мандуул нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Б-, Б.Ц-, Г.Б-, Б.Ө- нарт холбогдох, 1818008350162 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч И.Атарбямба, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ш- овогт Гүнтэвийн Б-,
2. Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.т зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж байсан, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-гийн Ц-,
3. Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Монголмуд овогт Гүнтэвийн Б-,
4. Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай Ш- овогт Б-ийн Ө-.
Шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, Г.Б-, Б.Ө- нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар”-ын тариан талбайгаас иргэн Б.Ч-гийн хураасан 5 тонн улаан буудайг иргэн Г.О-ын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Hyundai Porter” маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан хулгайлан авч 2.450.000 төгрөгийн буюу бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт Монголмуд овогт Гүнтэвийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Монголмуд овогт Гүнтэвийн Б-ийг цагаатгаж,
-Шүүгдэгч Ш- овогт Гүнтэвийн Б-, Х- овогт Б-гийн Ц-, өсвөр насны шүүгдэгч Ш- овогт Б-ийн Ө- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар шүүгдэгч Ш- овогт Гүнтэвийн Б-, Х- овогт Б-гийн Ц-, өсвөр насны шүүгдэгч Ш- овогт Б-ийн Ө- нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан хорих ялын хэмжээг 2 дахин багасгаж, ялын хэмжээг 1 жил хорих ялаар тогтоож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Г.Б-, Б.Ц- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2.т зааснаар энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн /нэг жилийн/ хугацаагаар хойшлуулж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1., 2.т зааснаар шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө-, хууль ёсны төлөөлөгч Б.Сэржмаа нараас тус бүр 800.000 /найман зуун мянга/, нийт 3.200.000 төгрөгийг /гурван сая хоёр зуун мянга/ гаргуулж, улсын орлого болгохоор,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэлмэрчийн зардалд 87.000 /наян долоон мянга/ төгрөгийг Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхийн Тамгын газраас гаргуулж хэлмэрч С- овогт Б-ийн Ж-д олгохоор,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Б-, Б.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Б-, Б.Ц- нарын ялыг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2.т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-, Б.Ц- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Ц- давж заалдах гомдолдоо:
Анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 225 тоот шийтгэх тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 21-нд гардан аваад гомдол гаргаж байна. Тус шийтгэх тогтоолд ...Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх тул... гэж үзжээ. Би яллагдагчаар байцаагдахдаа болон шүүх хурал дээр болсон байдлыг ярьж мэдүүлсэн. Г.Б- болон түүний эхнэр нар “будааны хаягдал мэдэж байгаарай” гэж ярьж байсан болохоор хэрэг болдог үед будааны хаягдал авчихаа гэсэн маань үнэн. Би ингэж хэлж ярьсан буруутай үйлдлээ ойлгож гэмшиж байгаа. Надад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зүйл огт байхгүй. Байгаа байдлыг анхааран үзэж, ялаас минь хасаж өгнө үү. Би өнчин нэг охины хамт хүнд амьдралтайг харгалзан үзнэ үү... гэжээ.
Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах гомдолдоо:
Б.Ц- нь яллагдагчаар болон шүүх хурал дээр болсон асуудлаа үнэн зөвөөр ярьж гэм буруугаа хүлээсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял оногдуулах үндэслэлтэй юм.
Б.Ц-ийн хувьд тэр будаанаас авах, хуваах, мөнгө авсан зүйл байдаггүй. Дээрх үйлдлийн онцлог шинжүүдийг анхааран үзэж манаач хүн харж байгаа будаагаа хариуцан хамгаалах үүрэгтэй гэх үүднээс Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар зүйлчлэн хариуцлага тооцож ялыг тэнсэж өгнө үү.
Б.Ц-оос гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж 800.000 төгрөг гаргуулах болсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Б.Ц- “хаягдал будаа аваарай” гэсэн болохоос заавал авто машинаар ав гэж ярилцаж тохирсон зүйл үгүй. Будаа очиж авсан хүмүүс өөрсдөө тээврийн хэрэгслээ сонгосон байдаг тул тохирсон үйлдэл, оролцоог нь харгалзан бодит байдалд үндэслэн Б.Ц-оос гаргуулах гэсэн 800.000 төгрөгийг хасаж өгнө үү... гэжээ.
Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:
2018 оны 10 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих 01 цаг 06 минутад Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөн толгойн ар” гэх газарт байх тариан талбайн манаач Б.Ц- нь ******** дугаараас Г.Б-ийн эхнэрийн ******** залгасан утасны дуудлагыг Г.Б- авахад манаач Б.Ц- Б.Ө-ыг “ирж хогийн будаа ав” гэж хэлүүлснийг Г.Б- дамжуулж хэлэхдээ “миний хүү хүн утсаар яриад будаа ав гэнээ” гэж хэлсэн. Өсвөр насны шүүгдэгч Б.Ө- тухайн үед унтаж байсан Г.Б-ийг дагуулаад О-ын өмчлөлийн 79-17 ДАХ гэсэн дугаартай “Портер” машинаар будаа авах гээд очсон боловч будаа байгаа газрыг олоогүй байдаг. Тэгээд Б.Ц-ийн байгаа газарт очиход 5-6 хүн байж таарсан, манаач Б.Ц-оос “өгөх гээд байгаа будаа чинь хаана байгаа юм бэ” гэж асуухад “замаа дагаад яваа тор дуусаад доошоо эргэхээр гялгар цаасаар хучсан будаа байгаа, тэрнээс машинд ачаад ав” гэж хэлсэн үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас тогтоогдсон байдаг.
Шүүгдэгч Г.Б-ийн зүгээс биш, харин түүний эхнэр болон төрсөн хүүхэд Б.Ө- нар шүүгдэгч Б.Ц-ид “намар болохоор тэжээлийн будаа гарвал өгөөрэй” гэж зун хэлж захиж байсан байдаг ба хэрэг гарсан гэх шөнө манаач Б.Ц-, шүүгдэгч Г.Б- нарын хооронд хулгайн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохирсон, зохион байгуулсан байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Б.Ц-, Г.Б-ийн эхнэрийн гар утасны дуудлагын талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байдаг боловч уг ярианы дуудлагаар хэн хэнтэй, юун талаар яригдсан талаар нотлогдоогүй, шүүгдэгч нар үгсэн тохиролцсон гэдэг нь хангалттай тогтоогдоогүй, шүүгдэгч Г.Б- үгсэн тохиролцоогүй, утасны дуудлагыг санаандгүй авч Б.Ц-ийн хэлснээр Б.Ө-ыг дуудаж сэрээсэн, Б.Ц-ийн Г.Б-эд хандаж биш Б.Ө-т хандаж “будаа ав” гэсэн зэрэг үйл явдлуудыг өөр хооронд нь ялгаж дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч Г.Б-ийг зохион байгуулсан гэж ял халдаасан нь үндэслэлгүй байна.
Хулгайлах гэмт хэргийн обьектив талын үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, нууцаар далд авсныг ойлгоно.
Шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэл нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 01 цаг 06 минутад “Түрүү шим” ХХК-н манаачаар сарын 500.000 төгрөгөөр цалин авч ажилладаг, бусдын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд байсан бөгөөд уг давуу байдлаа урвуулан ашиглаж “будаа ирж ав” гэж бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэхээр байгаа нь хулгайн гэмт хэрэг гэж үзэхээргүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4.т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Түүнчлэн хохирогч Б.Ч- нь бусдыг хулгайн гэмт хэрэгт холбогдсоноор далимдуулж өөрт учирсан хохирлоо “5 тонн будаа алга болсон 2.450.000 төгрөг” гэж эд хөрөнгийн үнэлгээ хийлгэн хэргийн газрын үзлэг, алдагдсан будааны гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаас илүү ашиг хонжоо олж авч завшсан.
Мөн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 79-17 ДАХ улсын дугаартай “Хуайндаа портер” маркийн бүхээгтэй ачааны авто машин нь Гүнтэвийн О-ын нэр дээр бүртгэлтэй байгаа бөгөөд уг автомашиныг 3.200.000 төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ тогтоогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2.т зааснаар тухайн тээврийн хэрэгсэлийн үнэ болох 3.200.000 төгрөгийг шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө-ын хууль ёсны төлөөлөгч Б.Сэрчмаа нараас хувь тэнцүүлэн тус бүр 800.000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин, текник, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зүйл, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, хөрөнгө нь тухайн гэм буруутай, хэрэг үйлдсэн этгээдийн өмчлөлд, эсхүл түүний хувьд ногдох хөрөнгө, орлого болох нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах зорилготой талаар 7.5 дугаар зүйлийн 3., 4., 5.д тодорхой тусгаж зохицуулсаныг Эрүүгийн хуульд шууд хурааж улсын орлого болгоно гэсэн зохицуулалт гэж үзэхгүй байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ирүүлсэн яллах дүгнэлт хэргийн зүйлчлэл тохироогүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү... гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
...Шийтгэх тогтоолын Г.Б-ийг цагаатгасан үндэслэлд “...Хэлмэрч Б.Ж- нь Г.Б- нь хулгай хийх гэж юу байдаг талаар огт ойлгож, өөрийнхөө хэмжээнд тайлбарлаж чадахгүй байна гэж мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Г.Б-ийг гэмт хэрэг үйлдэхэд оролцсон гэдэгт эргэлзээ төрж байх тул...” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Б-ийг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон магадлагаа, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөн хэлмэрч Б.Ж-ы шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “ Г.Б-тэй дохион хэлээр ярих боломж бараг байхгүй байна. Харин Г.Б- нь уншиж чадаж байгаа нь түүнтэй ойлголцоход амар байна” гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж, энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.1., 1.2., 1.4.т зааснаар шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-ийг цагаатгаж шийдвэрлэхдээ дээр дурдсан яллах талын нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3.т заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6.д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б- тайлбартаа:
Б.Ц- залгаад манай хүүхэдтэй яръя гэж хэлээд ярьж будаа байна авах уу гэж хэлсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц- тайлбартаа:
Г.Б-ийн хүүхдийг дуудсан нь үнэн. Завтай бол ирээд авчих гэж хэлсэн. Г.Б-ийг дуудаагүй. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлээс хасаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч И.Атарбямба тайлбартаа:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7.д заасныг харгалзан үзэж шүүгдэгч Б.Ц-ийн 2 жилийн ялаас хасаж 1 жил болгох үндэслэл байсан боловч анхан шатны шүүх тус заалтыг хэрэглээгүй. Б.Ц- нь ямар нэгэн ашиг олох зорилго агуулаагүй тул зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлыг хүн болгоноос 800.000 төгрөг гаргасан байдаг. Б.Ц- нь компанийн манаачаар ажиллаж байсны хувьд утсаар ярьж хаягдал будаанаас аваарай гэж хэлснээс өөр гэм буруугүй тул түүнээс 800.000 төгрөг гаргуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ Б.Ц-оос хохирол гаргуулаад байх зүйлгүй, гомдолгүй гэж хэлсэн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:
Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгт авагдсан баримтаас харахад 3 шовгор овоолоостой будааны 1 шовгорын орой хэсгээс авсан байдаг. 1 шовгорт 2 тонн будаа байдаг. Гэтэл 5 тонн будаа авсан гэж тайлбарлаж байгаа нь шүүх хохирлын хэмжээг буруу тодорхойлсон. Хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Өсвөр насны шүүгдэгч Б.Ө- өгөх гээд байгаа будаа чинь хаана байна гэж манаачаас асуусан байдаг. Манаачийн зааж өгсөн зүйлийг очиж авсан бөгөөд үүнийг хулгайн гэмт хэрэг гэж зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Г.Б-эд ямар үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгааг ойлгохгүй байна. Хэргийн газрын үзлэгээр гар утсыг Г.Б-ийн гар утас мөн гэж тогтоогдоогүй байхад шүүх хулгайн гэмт хэргийг зохион байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хохирлын хэмжээг 3.200.000 төгрөг гэж тодорхойлон Г.Б- нараас 800.000 төгрөг гаргуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Г.Б-эд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.Б-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарын өмгөөлөгч Л.Цуурай тайлбартаа:
Г.Б- нь Г.Б-ийн дүү нь юм. Анхан шатны шүүх хуралдааны явцад юу ч ойлгохгүй байсан. Хулгайн үйлдэлд оролцож байгаа гэдгээ огт ойлгохгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн энэ хэсэг үндэслэлтэй. 3 шовгор будааны орой хэсгээс авсан байхад 5 тонн будаа гэж хэрэг үүсэхээс өмнө шүүгдэгчээс дарамталж 2 сая төгрөг авсан байдаг. Өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гомдлыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Г.Б-ийн үйлдлийг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Г.Б-ийг хэрэг хариуцах чадвартайг тогтоосон магадлагаа байдаг. Г.Б- нь уншиж чаддаг тул түүнтэй ойлголцоход амар байна гэсэн мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч И.Атарбямба, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, Г.Б-, Б.Ө- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, зарим нотлох баримт, үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дахин мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, Г.Б-, Б.Ө- нарыг бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Мөнгөт толгойн ар” гэх газар дахь тариан талбайгаас иргэн Б.Ч-гийн хураасан 5 тонн улаан буудайг иргэн Г.О-ын өмчлөлийн 79-17 ДАХ улсын дугаартай “Hyundai Porter” маркын бүхээгтэй ачааны машиныг ашиглан, хулгайлан авч 2.450.000 төгрөгийн буюу бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т заасан гэмт хэрэгт Г.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Г.Б-, Б.Ц-, өсвөр насны шүүгдэгч Б.Ө- нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэх, өсвөр насны шүүгдэгч Б.Ө-т 1 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1.т зааснаар Б.Ө-т хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
1. Хэрэгт авагдаж, шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтаас үзвэл хэрэг мөрдөн шалгах явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2.т заасан заавал тогтоож нотолбол зохих байдал буюу гэмт хэргийг хэн үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй байна. Үүнд:
- Хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн баримт мөн шүүгдэгч нар хэрэг мөрдөн шалгах явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед ...талбай дээр 3 хэсэг шовгор овоолоостой будаа байсан., нэг шовгор хэсэгт нь 2 тонн будаа байдаг., тэд зөвхөн 1 шовгор хэсгийн орой хэсгээс авсан гэж мэдүүлдэг., харин хохирогч ...тэр газарт 3 удаа 1 комбайнаар будаа буулгасан., комбайн 1 удаа 2 тонн будаа ачих хүчин чадалтай., өглөө харахад нилээн будаа алга болсон байсан... гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд талбай дээр 2 хэсэг нь бүтэн байхад 5 тонн будаа хулгайлагдсан гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг 5 тонн будаа хулгайлсан гэж үзсэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг бүрэн тогтоосон гэж үзэх боломжгүй.,
Энэ нь шүүгдэгч нар хэдэн тонн будаа хулгайлсан нь тодорхойгүй, шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхад ямар үндэслэлээр, мөн ямар нотлох баримтыг үндэслэж 5 тонн гэж үзсэн., эсхүл ямар нотлох баримтыг үндэслэж 5 шуудай будаа гэдгийг үгүйсгэж байгаагаа нотлож дүгнэлт хийж чадаагүй байна.
-Мөн шүүгдэгч нар 1 удаа 5 шуудай будаа ачсан гэж мэдүүлдэг бөгөөд энэ талаар ямар нэг маргаан, мэтгэлцээн гараагүй байдаг., үүнээс үзвэл будаа ачсан гэх машиныг даацыг тогтоогоогүй., өөрөөр хэлбэл 5 тонн будаа ачих боломжтой эсэх, энэ нь бусад нотлох баримтаар нотлогдсон эсэх нь тодорхойгүй.,
-Гэмт хэрэгт шүүгдэгч нарын хэн хэн нь ямар оролцоотой оролцсоныг нарийвчлан тогтоогоогүй, тухайлбал шүүгдэгч Б.Ц-ийн үйлдэлийг тогтоох.,
- Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан зайлшгүй нотлох баримт мөн боловч хавтаст хэрэгт хураалттай байсан будаанаас алдагдаж үлдсэн будааг гэрэл зургаар бэхжүүлж нотлох баримтаар хавсаргасан атлаа шинжээч нь “хохирогч Б.Ч-гийн хураасан будаанаас 5 тонн будаа хулгайлагдаж, 2.450.000 төгрөгний хохирол учирсан” гэж тогтоохдоо хэдий хэмжээний будаа алдагдсаныг газар дээр нь очиж хэмжиж үзээгүй, бусад нотлох баримтанд дүгнэлт хийж хохирлыг тооцоогүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол эргэлзээгүй, бодитой тогтоогдсон гэж үзэх боломжгүй байна.
2. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн хэлгүй /дүлий эсэх нь тодорхойгүй / Г.Б-ийн хувьд хэдийгээр хэрэг хариуцах чадвартай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан хэдий ч анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг тухайн үеийн бодит байдалд нийцүүлэн, шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой зааж шийдвэрлэсэн байна.
Харин хэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэх, тухайлбал Г.Б-өөс байцаалт авах мөрдөн шалгах ажиллагаа ямар нэг бэрхшээлгүй явагдаж, тэрээр бүхнийг ойлгож гэмт хэрэг хийсэн талаараа мэдүүлэг өгч, гарын үсгээ зурсан., мөн Г.Б- ямар хэрэгт холбогдсон., ямар хэрэгт яллагдах гэж байгаагаа бүрэн ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй., өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагаа шүүх хуралдаанд оролцсон байдлаасаа зөрүүтэй., байгааг дахин ажиллагаа хийхдээ анхаарах шаардлагатай.
3. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтыг шууд хуулбарлан шийтгэх тогтоолд тусгах замаар хэргийн үйл баримтыг нотлогдон тогтоогдсон гэж шууд дүгнэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3.т заасан шаардлагыг бүрэн хангахгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход ямар ач холбогдолтой, хоорондоо ямар харилцан хамааралтай болох, тухайн нотлох баримтыг шүүх яагаад үнэн зөв гэж үзсэн, нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн агуулгыг хэрхэн тодорхойлсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэнд ч ойлгомжтой, тодорхой бичигдсэн байхыг анхаарах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээр дурдсан ажиллагааг хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бурэлдэхүүн үзлээ.
Давж заалдах шатны шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлын ... мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар, мөн хохирлын хэмжээг бүрэн нотлоогүй., нотлох баримт зөрүүтэй байхад аль хэсгийн үндэслэж шүүх шийдвэр гаргасан нь тодорхойгүй... гэсэн хэсгийг хүлээн авч, хэрэг прокурорт буцаж байгаа учраас шүүгдэгч Б.Ц-ийн гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдол, мөн прокурорын гаргасан шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг цагаатгасан нь үндэслэлгүй гэсэн эсэргүүцэлд дүгнэлт хийх боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2., 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 225 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ийн Ө-, Гүнтэвийн Б-, Б-гийн Ц-, Гүнтэвийн Б- нарт холбогдох, 1818008350162 дугаартай, 2 хавтастай, эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.
2. Б-гийн Ц-, Гүнтэвийн Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б-ийн Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Гүнтэвийн Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ц-ийн давж заалдах гомдол, мөн прокурорын эсэргүүцэлд дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ