Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 89/а

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж 
 Улсын яллагч  П.Ганбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүрэнтогтох нарыг оролцуулан  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
 Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Даваадалайд холбогдох 201603000310 тоот  эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 07-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 
            
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, эрэгтэй, 27 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 43-540б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Огторгуй овогт Ариунаагийн Даваадалай /РД:ИП89090476/

Шүүгдэгч А.Даваадалай нь Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэр Хөшөөт гэх газар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн 22-16 УНЕ улсын дугаартай Тоёота Карина маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж өөрийн төрсөн охин болох 1 ой 8 сартай Д.Хишигмаагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 
                                   
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 Хохирогч Б.Цэрмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байр эрхийг ойлгосон, мэдүүлэг өгнө. 2016 оны 07 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутагт явж байхад хүүхэд маань унтах гээд байхаар нь би хүүхдээ аваад машины хойд талын суудал дээр хэвтээд явж байсан. Тэр үед манай нөхөр машин жолоодож явсан. Тэгээд явж байтал маш их хүчтэй гэнэт донслох шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд миний талийгаач охин Д.Хишигмаа машины ар талын хаалганы цонхыг хагалаад үсрээд гараад явчихсан. Тэр үед машин онхолдож байсан юм байна лээ. Тэгээд нэг мэдэхэд машин 4 дугуйн дээрээ буусан. Манай нөхөр та 2 зүгээр үү гэж надаас асуухад би хүүхэд цонхоор шидэгдчихлээ гээд нөхөр бид 2 машинаас гараад ирэх үед миний талийгаач охин машины ард газар нас барчихсан байдалтай, тархи нь цувчихсан хэвтэж байсан. Мөн нэг талынх нь нүүр нь хагараад язарсан байсан. Тэгээд байж байхад нэг цагдаа ах ирээд аймгийн төв рүү болон сумын эмнэлэг дуудсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-25-28х/
     Гэрч Ж.Баттамирын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед би сумын төвөөс албан ажлаар Хашаат сумын Цагаан хад баг руу явсан. Тэгээд Цагаан хад багт очоод явж байх үед Хөшөөт гэх газар засмал замын хойд талд цагаан өнгийн карина маркийн машин онхолдсон байдалтай байсан. Тэгээд би уг авто машин дээр очих үед эрэгтэй эмэгтэй 2 хүн машины 2 талд уйлсан байдалтай ямар нэгэн юм ярих сөхөөгүй шоконд орсон байдалтай байсан. Уг тээврийн хэрэгслийн ар талд газар 2-3 орчим насны эмэгтэй хүүхэд тархи нь хагарч тархи нь цувсан, нүд нь цөмөрч бяцарч гарч ирсэн байдалтай байж байсан. Тэгээд эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-30-31х/
    Гэрч С.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:    “2016 оны 07 сарын 13-ны өдөр 11 цаг 43 минутад манай Хашаат сумын эрүүл мэндийн төвд Цагаан хад баг, Хөшөөт гэх газар зам тээврийн осол гарсан байна гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу би жолоочийн хамтаар 12 цаг 00 минутад гараад 12 цаг 30 минутын орчимд хэргийн газар очсон. Тухайн үед манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ж.Баттамир хэргийн газар байсан. Тэр үед цагаан өнгийн жижиг суудлын тэрэг замынхаа хойд талд гараад ирчихсэн, онхолдсон байдалтай байсан. Уг авто машины хажуу талд талийгаач хүүхдийн эцэг, эх зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад талийгаачийн ээж нь гэх эмэгтэй надад хандаж хэлэхдээ би өөрийн талийгаач хүүхдийн хамтаар машины арын суудалд суугаад явж байсан гэсэн. Би тэгээд талийгаач хүүхдийг үзэх гэхэд талийгаачийг даавуугаар бүтээчихсэн эцэг эх нь уурлаад нэгэнт нас барчихсан хүнийг юуг нь үздэг юм бэ гээд надад талийгаачийг үзүүлээгүй, намайг очих үед талийгаач нас барчихсан газар машины баруун хойд талд байсан. Тухайн үед уг авто машины эргэн тойронд машины шил, толь гэх мэт зүйлс тараад уначихсан түүний хажуугаар талийгаач хүүхдийн тархи цуваад гоожчихсон байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-32-34х/
    Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 22 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:  “1.Талийгаачийн биед гавал болон суурь ясны хугарал, няцрал, тархины эдийн хүнд няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайлбал зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. 4. Талийгаач нь гавал тархины амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ” гэжээ. /хх-45х/
     Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “1.Жолооч А.Даваадалай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Ослын схем зураг дээр тоормозны ул мөр байхгүй тул жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна.Осол болсон зам нь асфальтан зам, уруу өгсүүр, тахир, тэгш, зам нь нойтон чөлөөтэй зам байв. Жолооч А.Даваадалай /РД:ИП86090476/ регистрийн дугаараар сангаас лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын №1063304 дугаартай үнэмлэхтэй ба хүчинтэй байна” гэжээ. /хх-53х/
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 сарын 20-ны өдрийн 72 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд:   "1. Жолооч А.Даваадалай нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.Уг зам тээврийн осол нь жолооч А.Даваадалайгийн буруутай үйлдэл буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан байна. 3. Хурдыг тогтоох боломжгүй. Ослын схем зураг дээр тоормозны ул мөр байхгүй тул жолооч зогсоох арга хэмжээ аваагүй байна. 4. 0сол болсон зам нь асфальтан зам, уруу өгсүүр, тахир, тэгш, зам нь нойтон чөлөөтэй зам байв. 5. Жолооч А.Даваадалай /РД:ип86090476/ регистрийн дугаараар сангаас лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын №1063304 дугаартай үнэмлэх хүчинтэй байна” гэжээ. /хх-58х/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:   “1.А.Даваадалайн гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй. 2. А.Даваадалай нь 3 дугаар бүлгийн цустай байна” гэжээ. /хх-63х/
Хөрөнгийн үнэлгээчний 268 дугаартай тайлан “Үнэлж байгаа 22-16 УНЕ улсын дугаартай Тоёота карина маркийн автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 2016 оны 08 дугаар сарын байдлаар 800.000 төгрөг болохыг тодорхойлов” гэжээ. /хх-67х/
Шүүгдэгч А.Даваадалайгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “Би 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 22-16 УБЕ улсын дугаартай Тоёота карина маркийн авто машинаа жолоодоод явж байсан. Тухайн үед миний машинд манай эхнэр Цэрмаа, манай өөрийн төрсөн охин Хишигмаа, бид 3 хамт явж байсан юм. Би тухайн үед ойролцоогоор 60-70 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд явж байх үед замын тахир эргэлттэй хэсэг гарч ирсэн. Тэр тойрог дээр эргэж байх үед миний машин гэнэт шарвасан. Тэр үед нь би шарвасан талаас нь эсрэг тийш нь машины рулийг дарсан чинь миний машин замын хажуу талын эрэг рүү онхолдчихсон. Тухайн үед засмал зам чийгтэй, зөөлөн бороо орж байсан юм. Мөн миний зорчиж  явсан хажуу талын хөвөө сул элсэрхэг шороотой байсан. Тэгээд л нэг мэдэхэд зам тээврийн осол болж миний машин газар нэгээс хоёр удаа хөрвөөгөөд л дугуйн дээрээ тогтож зогссон. Тэр үед миний охин Хишигмаа машины хойд талын салхины шилийг хаглаж гадагш шидэгдэж машинд цохигдоод нас барсан байх гэж би бодож байна. Намайг машинаас гараад ирэх үед миний охин машины ардхан талд газар нас барсан байдалтай, толгой тархи нь цувчихсан хэвтэж байсан. Би тухайн үед  замын нөхцөл байдал, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан анхаарал болгоомжтой явж хурдаа зөв тохируулж явсан бол зам тээврийн осол гаргахгүй байх байсан байх гэж бодож байна.  Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. /хх-81-82х/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-3-5, 8, 11-12, 19, 43/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-9-10, 13х/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-16-18х/
Ослын газрын схем зураг /хх-ийн 7/
Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-14-15х/
Зам тээврийн осол тогтоосон акт /хх-ийн 6/
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-83-84/
Шинжилгээ хийлгэх тогтоолууд /хх-44, 51, 58, 62, 66/ 
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-46-47х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-86/
 Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооочийн үнэмлэхний хуулбар /хх-92-93х/ зэрэг болно.

   Шүүгдэгч А.Даваадалай нь Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад багийн нутаг дэвсгэр Хөшөөт гэх газар 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн өмчлөлийн 22-16 УНЕ улсын дугаартай Тоёота Карина маркийн авто машиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж өөрийн төрсөн охин болох 1 ой 8 сартай Д.Хишигмаагийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоодлоо.Үүнд:

2016 оны 07 сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын нутагт явж байхад хүүхэд маань унтах гээд байхаар нь би хүүхдээ аваад машины хойд талын суудал дээр хэвтээд явж байсан. Тэр үед манай нөхөр машин жолоодож явсан. Тэгээд явж байтал маш их хүчтэй гэнэт донслох шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд миний талийгаач охин Д.Хишигмаа машины ар талын хаалганы цонхыг хагалаад үсрээд гараад явчихсан. Тэр үед машин онхолдож байсан юм байна лээ. Тэгээд нэг мэдэхэд машин 4 дугуйн дээрээ буусан. Манай нөхөр та 2 зүгээр үү гэж надаас асуухад би хүүхэд цонхоор шидэгдчихлээ гээд нөхөр бид 2 машинаас гараад ирэх үед миний талийгаач охин машины ард газар нас барчихсан байдалтай, тархи нь цувчихсан хэвтэж байсан. Мөн нэг талынх нь нүүр нь хагараад язарсан байсан талаар мэдүүлсэн хохирогч Б.Цэрмаагийн  мэдүүлэг /хх-25-28х/, 
  2016 оны 07 дугаар сарын 13-ны өдөр албан ажлаар явж байхад Хашаат сумын Хөшөөт гэх газар засмал замын хойд талд цагаан өнгийн Карина маркийн машин онхолдсон байдалтай байхаар нь би уг авто машин дээр очих үед эрэгтэй эмэгтэй 2 хүн машины 2 талд уйлсан байдалтай ямар нэгэн юм ярих сөхөөгүй шоконд орсон байдалтай байсан. Уг тээврийн хэрэгслийн ар талд газар 2-3 орчим насны эмэгтэй хүүхэд тархи нь хагарч тархи нь цувсан, нүд нь цөмөрч бяцарч гарч ирсэн байдалтай байж байсан гэсэн гэрч Ж.Баттамирын мэдүүлэг /хх-30-31х/
    2016 оны 07 сарын 13-ны өдөр 11 цаг 43 минутад манай Хашаат сумын эрүүл мэндийн төвд Цагаан хад баг, Хөшөөт гэх газар зам тээврийн осол гарсан байна гэсэн дуудлага ирсэний дагуу би жолоочийн хамтаар хэргийн газар очсон. Тухайн үед манай сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Ж.Баттамир хэргийн газар байсан. Тэр үед цагаан өнгийн жижиг суудлын тэрэг замынхаа хойд талд гараад ирчихсэн, онхолдсон байдалтай байсан. Уг авто машины хажуу талд талийгаач хүүхдийн эцэг, эх зогсож байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад талийгаачийн ээж нь гэх эмэгтэй надад хандаж хэлэхдээ би өөрийн талийгаач хүүхдийн хамтаар машины арын суудалд суугаад явж байсан гэж хэлсэн талаар мэдүүлсэн гэрч С.Байгалмаагийн мэдүүлэг /хх-32-34х/, 
    Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 22 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-45х/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-53х/, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын  Замын цагдаагийн тасгийн 2016 оны 08 сарын 20-ны өдрийн 72 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-58х/,  зэрэг болно.

Иймд шүүгдэгч А.Даваадалайд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч  А.Даваадалай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  зэрэг байдлуудыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзлээ. 

 Шүүгдэгч А.Даваадалай нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг мөн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэгдсэн 22-16 УБЕ улсын дугаартай Тоёота Карина маркийн авто машиныг өмчлөгч А.Даваадалайд буцаан олгох, хэрэгт хураагдсан 1063304 дугаартай жолоочийн үнэмлэхийг Улаанбаатар хот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна. 

 Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
      
                                                      ТОГТООХ НЬ:
    
1.    Шүүгдэгч Огторгуй овогт Ариунаагийн Даваадалайг Монгол улсын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч А.Даваадалайгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч,  3 /гурав/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Даваадалайд оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2016 оны 07 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн Тоёота Карина маркийн 22-16 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч  А.Даваадалайд  буцаан олгосугай. 
5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч А.Даваадалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.3-т зааснаар оногдуулсан 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэсэгт даалгасугай.
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч А.Даваадалайд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.
7.    Шүүгдэгч А.Даваадалай нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт авагдсан 1063304 тоот жолоочийн үнэмлэхийг Улаанбаатар хот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
8.    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Даваадалайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
9.    Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                               
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.АЛТАНЦЭЦЭГ