Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00586

 

Г.Цэрэнбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэр,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар магадлалтай,

Г.Цэрэнбатын нэхэмжлэлтэй,

ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуульд холбогдох

2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г.Цэрэнбаттай холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин, бусад олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Цэрэнбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн төлөөлөгч Л.Пүрвээ, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуульд 2012 оны 09 дүгээр сард нярваар орж 3 жил ажиллаад 2015.05.19-ний өдрийн Б/29 тушаалаар ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2019.12.02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг цаг хугацаанд нь биелүүлж ажиллаж байсан. Захирал Л.Пүрвээ нь намайг олон удаагийн хууль бус шаардлагыг биелүүлсэнгүй гэж буруутгасан. Ажил үүргээ гүйцэтгэхдээ ажиллагсдад хуульд нийцсэн ажил гүйлгээг цаг хугацаанд нь шийдэж, үйлчилдэг атал зарим багш, ажилтны болон өөрийн ашиг сонирхлыг дэмжсэн хууль бус шийдвэрүүдээ аялдан дагасангүй гэж буруутгасан. Захирлын 2018.09.05-ны өдрийн Б/44 тоот тушаалд багш, ажиллагсдын үндсэн цалинг баталсан тушаал, мөн 2018.09.05-ны өдрийн Б/45 тушаалаар цалин хөлсний сүлжээг шинэчлэн баталсан тушаалын дагуу цалинжсан тул хууль бусаар мөнгөн хохирол учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Ажлын цаг баримтлан ажилладаггүй гэж зөвхөн ажил цуглах цагийг тооцон гүтгэсэн. Учир нь ажлын ачаалал их учир ажиллавал зохих 8 цагаас илүү ажиллаж, цайны цаггүй тогтмол 11-с дээш цаг ажилладаг. Намайг ажлаас чөлөөлөхийн тулд мэргэжлийн бус хүмүүс буюу санхүүгийн ямар нэгэн боловсролгүй хүмүүсээр аттестатчиллын дүгнэлт гаргуулсан. Тус сургуулийн нягтлан бодогч нь төрийн үйлчилгээний туслах ажилтны ангилалд багтдаг учир заавал магистр, мэргэшсэн нягтлан бодогч байна гэсэн шаардлага хуульд заагдаагүй юм. Иймд ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019.12.02-ны өдрийн Б/69 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарч намайг хохироосон тул ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгөх, шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, аттестатчиллын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2018.08.22-ны өдрийн 258 дугаар тогтоолоор Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай шийдвэр гарч Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас 2019.09.11-ний өдрийн 12/8103 тоот Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай албан бичгийг Хөдөө аж ахуйн их сургуульд хүргүүлж улмаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Чанарын удирдлага, зохицуулалтын албаны 2019.09.30-ны өдрийн 01/05 дугаар Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай албан бичгийг дэд захирал, бүрэлдэхүүний болон харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарт хүргүүлсэн. Үүний дагуу манай сургууль дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2019.10.21-ний өдрийн А/111 дүгээр тушаалаар аттестатчилал зохион байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн ахлах санхүүч Г.Цэрэнбат нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага болох Боловсролын зэрэг магистр ба түүнээс дээш гэх тусгай шаардлага болох Мэргэшсэн нягтлан бодогч байх гэх шаардлагуудыг хангаагүй мөн ажлын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж байгууллагад хохирол учруулсан болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдож байгаа тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу сургуулийн ахлах санхүүч Г.Цэрэнбатад хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө буюу 2019.11.01-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч мэдэгдэх хуудсан дээр гарын үсэг зурахаас татгалзсан тул цахим хаягаар нь хүргүүлсэн болно. Манай сургуулийн хувьд төрийн албаны захирах, захирагдах ёсны дагуу дээд байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу холбогдох судалгаа, шинжилгээг хийж хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Цэрэнбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цэрэнбатын хариуцагч холбогдуулан гаргасан ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г.Цэрэнбат миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэрэнбатыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 255 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цэрэнбатын хариуцагч холбогдуулан гаргасан ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу Тусгайлан дүгнэх нь хэсгийн 2.2-т тусгасан Г.Цэрэнбат миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Г.Цэрэнбатыг ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,333,680 төгрөгийг хариуцагч ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Г.Цэрэнбатад олгож, дээрх шаардлагыг хангасантай холбогдуулж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 50 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь 2019.10.24-ний өдөр гаргасан Атгестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийг мэргэжлийн комисс гэж үзэх бүрэлдэхүүнгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Магадлалд дурдсан шиг ашиг сонирхлын зөрчилтэй, мэргэжлийн бус бүрэлдэхүүнтэй, Аттестатчилалын ажлын хэсэг биш. Анхнаасаа яагаад энэ ажлын хэсэг бий болох шалтгаан нь гэвэл Агроэкологи бизнесийн сургууль нь төрийн байгууллагын хувьд төрийн албаны захирах, захирагдах ёсны дагуу дээд байгууллагаас ирүүлсэн албан тоот, шийдвэрийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, дүрэм, журамд зааснаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ сургуулийн хувьд мэргэжил, ур чадварын Аттестатчилалын байнгын үйл ажиллагаа явуулдаг ажлын хэсгийн орон тоо байхгүй тул өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлын 2019.06.24-ний өдрийн 113 дугаар тушаалаар батлагдсан ХААИС-н профессор багшийн хөгжил, чадамжийг үнэлэх журам-ын дагуу хавсралт 1-т зааснаар холбогдох албан тушаалтнуудыг ажлын хэсэгт оруулж ажил олгогч нь 2019.10.21-ний өдрийн А/111 дүгээр тушаалаар Аттестатчилал зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан нь хууль, дүрэм, журмын дагуу байгуулагдсан ажлын хэсэг юм.

Мөн Магадлалын хянавал хэсэгт "... ур чадварын асуудлыг дүгнэх нь илүү бодит болж ийм төрлийн практик бий болсон... гэж дүгнэдэг. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан байх ёстой гэтэл хуульд байхгүй зохицуулалтыг практикт ийм зүйл бий болсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн магадлалын хянавал хэсэгт ...Мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэх эсэхийг аливаа мэргэшлийн хороо, комисс зэрэг орон тооны болон орон тооны бус байгууллага /цаашид Комисс/ тогтоох..." гэж дүгнэдэг атлаа тухай бүр байгуулагдсан орон тооны бус комиссыг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй дүгнэлт болсон. Магадлалын хянавал хэсэгт"... ажлын байрны тодорхойлолтоор ийм тусгай шалгуур тавиагүй ажлын байранд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээдэд дээрх шаардлагыг тавьж энэхүү шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна гэж дүгнэсэн нь мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч Г.Цэрэнбат нь 2015.05.19-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар анх ахлах нягтлан бодогчоор ажилд томилогдож байхад нь Ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагад мэргэшсэн нягтлан бодогч байна гээд тодорхой зааж өгсөн бөгөөд өөрөө нэг жилийн дотор мэргэшсэн нягтлан бодогч болно гэдгээ тухайн үеийн удирдлагуудад амлалт өгсөн нь өөрийнх нь тайлбар болон аттестатчиллын ажлын хэсгийн шалгалтын явцын хурлын тэмдэглэлүүдэд тодорхой бичигдсэн байдаг. Мөн тухайн сургууль нь өөрийн үйл ажиллагаа, явуулж байгаа онцлогт тохируулж манай байгууллагад мэргэшсэн нягтлан бодогч шаардлагатай гэж үзээд 2015 онд ажлын байрны тодорхойлолтоо өөрчилж байсан бөгөөд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар тухайн байгууллага нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч авах нь ажил олгогч өөрсдийн эрх хэмжээний асуудал юм. Ийм байхад дээрх дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй юм. Магадлалын хянавал хэсэгт: Тус комиссын өөр нэг дүгнэлт болох Г.Цэрэнбатын өөрийн цалин хөлсийг хууль зөрчиж нэмсэн гэх асуудал нь ёс зүйн зөрчлийн шинжтэй байх тул мэргэжлийн ур чадварыг дүгнэх асуудалд хамааралгүй гэж дүгнэдэг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллах үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл нягтлан бодох бүртгэлтэй холбоотой бүхий л хууль тогтоомж, дүрэм журам зэргийг судалж мэдсэн байх. Гэтэл ТҮ-8, ТҮМБ-6 албан тушаалын ангилал зэрэглэлээ ч ялгаж мэдэхгүй ТҮ-8 дээр ажиллах ёстой нягтлан бодогч ТҮМБ-6 дээр ажиллаж цалин хөлс нэмж байгууллагад хохирол учруулчихаад анхан шатны шүүх хуралдаан дээр би мэдэхгүй захирал тушаал гаргасан, надад хамаагүй гэх тайлбар өгч байгаа нь ажил, мэргэжилдээ хэр зэрэг чадвартай вэ гэдгийг маш тодорхой харуулж өгсөн мөн ажлын хэсгийн дүгнэлтэд тодорхой тусгаж өгсөн байхад мэргэжлийн ур чадварт хамааралгүй гэж үзсэн нь буруу юм. Иймд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.01-ний өдрийн 50 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн шийдвэр болсон тул тус магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Цэрэнбат нь хариуцагч ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуульд холбогдуулан тус сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, аттестатчиллын комиссын дүгнэлтийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөлт хийлгэх шаардлага гаргасан, хариуцагч нь дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Цэрэнбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг ХААИС-ийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 3,333,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичил хийхийг хариуцагчид даалгахаар өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Ажил олгогч нь ажилтан Г.Цэрэнбатыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэснийг үндэслэл болгожээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны үндэслэлд нийцүүлж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг зөв гэж үзнэ.

Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолд ...салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах ...хуульд өөрөөр заагаагүй бол боловсролын үнэмлэхгүй буюу дээд боловсролгүй гэх зэрэг шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэхдээ, мөн хуульд заасан боловч ажилтан хуульд заасан болзол хангахаар цаашид суралцаж байгаа байдал зэргийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэх нь зүйтэй гэж хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг тайлбарласан байна.

Ажилтныг мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажилдаа тэнцэхгүй байгаа нь хэрхэн тогтоогдсон, энэ нь хэр үндэслэлтэй байна гэдэгт шүүх дүгнэлт өгөх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд хэргийн баримтаас үзэхэд хариуцагч байгууллага 2019.10.21-ний өдөр аттестатчиллын комисс байгуулсан ба энэ комиссын 10 сарын 24-ний өдрийн гаргасан дүгнэлт нь ажилтныг ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн тушаалын үндэслэл болжээ.

Дээрх комиссын үйл ажиллагааны зарчим, ажиллах журам, гаргасан дүгнэлтийн хууль зүйн хүчин чадал, ажилтныг шалгах шалгуур үзүүлэлтүүд тодорхойгүйгээс гадна мэргэжлийн комисс гэж үзэх бүрэлдэхүүнгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ... магадлалыг хүчингүй болгох... тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Аттестатчиллын тусгайлан дүгнэх хэсэгт Г.Цэрэнбат нь ажлын байранд тавигдах шаардлагын хувьд боловсролын зэрэг магистр болон түүнээс дээш, мэргэшсэн нягтлан бодогч байх гэх мэргэжлийн шаардлага хангаагүй гэжээ.

Ажилтныг анх ажилд авахад хуулиар болон түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор тавигдах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин ажлын байрны тодорхойлолтоор ийм тусгай шалгуур тавиагүй ажлын байранд нэгэнт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа этгээдийг шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 21.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлд заасан үндэслэлд нийцэхгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авах сургалтад шат дараалалтай хамрагдаж байгаа талаарх тайлбар болон баримтыг шүүхэд ирүүлсэн, хариуцагч нь үүнийг баримтаар няцаагаагүй байна.

Аттестатчиллын комиссоос ...Г.Цэрэнбатыг өөрийн цалин хөлсийг хууль зөрчиж нэмсэн гэсэн нь ёс зүйн, эсхүл сахилгын зөрчлийн шинжтэй байх тул мэргэжлийн ур чадварыг дүгнэх асуудалд хамааралгүй буюу ажил олгогчийн тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хууль зүйн үндэслэлд нийцэхгүй байна.

  Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 50 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД