Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2020/00002/и

                                

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ...-р хороолол, .. тоотод оршин суух ... овогт Г.Ц /утас ....../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ХААИС-ийн харьяа У.г.т.х-гийн А.б-ийн с-д холбогдох

 

"2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу “Тусгайлан дүгнэх нь” хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин, бусад олговрыг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.О, хариуцагчийн төлөөлөгч Л.П, түүний өмгөөлөгч Ө.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“ХААИС-ийн харьяа ДУА У.г.т.х-гийн А.б.с-д 2012 оны 09 дүгээр сард нярваар орж 3 жил ажиллаад 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... тушаалаар ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн юм. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.

Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг цаг хугацаанд нь биелүүлж ажиллаж байсан. Захирал Л.П нь намайг олон удаагийн хууль бус шаардлагыг биелүүлсэнгүй гэж буруутгасан.

Ажил үүргээ гүйцэтгэхдээ ажиллагсдад хуулинд нийцсэн ажил гүйлгээг цаг хугацаанд нь шийдэж, үйлчилдэг атал зарим багш, ажилтны болон өөрийн ашиг сонирхлыг дэмжсэн хууль бус шийдвэрүүдээ аялдан дагасангүй гэж буруутгасан.

Захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .. тоот тушаалд багш, ажиллагсдын үндсэн цалинг баталсан тушаал, мөн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .. тушаалаар цалин хөлсний сүлжээг шинэчлэн баталсан тушаалын дагуу цалинжсан тул хууль бусаар мөнгөн хохирол учруулсан гэж байгаа нь үндэслэлгүй юм.

Ажлын цаг баримтлан ажилладаггүй гэж зөвхөн ажил цуглах цагийг тооцон гүтгэсэн. Учир нь ажлын ачаалал их учир ажиллавал зохих 8 цагаас илүү ажиллаж, цайны цаггүй тогтмол 11-с дээш цаг ажилладаг.

Намайг ажлаас чөлөөлөхийн тулд мэргэжлийн бус хүмүүс буюу санхүүгийн ямар нэгэн боловсролгүй хүмүүсээр аттестатчиллын дүгнэлт гаргуулсан. Тус сургуулийн нягтлан бодогч нь төрийн үйлчилгээний туслах ажилтны ангилалд багтдаг учир заавал магистр, мэргэшсэн нягтлан бодогч байна гэсэн шаардлага хуулинд заагдаагүй юм.

Иймд ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарч намайг хохироосон тул ахлах нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоож өгөх, шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, аттестатчиллын комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөлт хийлгэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Л.П нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолоор Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай шийдвэр гарч Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... тоот “Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” албан бичгийг Хөдөө аж ахуйн их сургуульд хүргүүлж улмаар Хөдөө аж ахуйн их сургуулийн Чанарын удирдлага, зохицуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .. дугаар “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан бичгийг дэд захирал, бүрэлдэхүүний болон харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарт хүргүүлсэн. Үүний дагуу манай сургууль дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн .. дүгээр тушаалаар аттестатчилал зохион байгуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу ажлын хэсгийн дүгнэлтээр тус сургуулийн ахлах санхүүч Г.Ц нь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага болох “Боловсролын зэрэг магистр ба түүнээс дээш” гэх, тусгай шаардлага болох “Мэргэшсэн нягтлан бодогч байх” гэх шаардлагуудыг хангаагүй мөн ажлын хариуцлагагүй, чадваргүй байдлаас болж байгууллагад хохирол учруулсан болох нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдож байгаа тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу сургуулийн ахлах санхүүч Г.Ц-д хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэг сарын өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн боловч мэдэгдэх хуудсан дээр гарын үсэг зурахаас татгалзсан тул цахим хаягаар нь хүргүүлсэн болно. Манай сургуулийн хувьд төрийн албаны захирах, захирагдах ёсны дагуу дээд байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу холбогдох судалгаа, шинжилгээг хийж хөдөлмөрийн тухай хуулинд заасан үндэслэлээр нэхэмжлэгч Г.Ц тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

         Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч ХААИС-ийн харьяа ДУА У.г.т.х-гийн А.б.сд холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу “Тусгайлан дүгнэх нь” хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.

 

Нэхэмжлэгч Г.Ц нь ХААИСургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуульд ахлах нягтлан бодогчоор 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ажилласан болох нь хэрэгт авагдсан ХААИСургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирлын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/29 дугаартай тушаал, талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

ХААИСургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн .. дугаартай тушаалаар “ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38.1.2, 40.1.2 зүйл, Хөдөлмөрийн дотоод журмын 6.4.1, 10.2.2, 10.2.5, 10.3.8-р зүйл, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-р зүйл, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчиллын ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Тушаах нь:

         1.Тус сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Ц нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын цаг баримтлан ажилладаггүй, эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган ажилчдыг чирэгдүүлдэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагад мөнгөн хохирол учруулсан, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь аттестатчиллын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж...” шийдвэрлэжээ.

          Шүүх  хуралдаан дээр нэхэмжлэгч Г.Ц нь дээрх захирлын ... дугаартай тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд уг гомдлын үндэслэлээ “...тушаалд дурдсан сахилгын зөрчлийг гаргаагүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18.3-т ...мэргэжлийн болон мэргэшсэн нягтлан бодогч байна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтод мэргэшсэн нягтлан бодогч гэж хуульд нийцээгүй шаардлагыг тавьсан. Би хуульд заасан мэргэжлийн нягтлан бодогч байна гэсэн шаардлагыг хангасан байгаа учир ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй. Аттестатчиллын ажлын хэсгийн гишүүд нь нягтлан бодогч мэргэжилгүй, мэргэжлийн бус хүмүүс ажил шалгасан тул уг ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзэж  2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу надтай холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан...” гэсэн тайлбарыг,

        

         Хариуцагч тал 2019 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн ... дугаартай тушаалын үндэслэлээ “...тус сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Цыг дээрх тушаалд дурдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь аттестатчиллын ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон гэдэг үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр  түүнийг ажлаас чөлөөлсөн...” гэсэн тайлбарыг тус тус гаргаж маргасан болно.

 

         Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасны дагуу хариуцагч тал нь 2019 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн .. дугаартай “Ажлаас чөлөөлсөн тухай” тушаалыг нэхэмжлэгч Г.Цад 1 сарын өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд ажил олгогч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлсэн байна.

         Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн чанарын удирдлага зохицуулалтын албаны 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ... тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан бичгээр “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаартай тогтоол, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны .. тоот албан бичгийн хэрэгжилтийг хангах, их сургуулийн удирдлагын болон бүтцийн бүх шатанд сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулж, хариуцлагатай, ил тод, мэргэшсэн, сургалт, эрдэм шинжилгээ, санхүү, төлөвлөлтийн тогтвортой бодлого, чанартай үйлчилгээг төлөвшүүлэх, бэхжүүлэх зорилгоор:

         1.1.Хууль дээдлэх, эрх тэгш, ил тод, хариуцлагатай байх, албан тушаалд томилохдоо чадахуйн зарчмыг баримтлах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, захирах, захирагдах ёсыг баримтлах,

         1.2. Албан тушаалын давуу эрхээ урвуулан ашиглах, албаны эрх мэдлээ хэтрүүлэх, хуульд нийцээгүй шийдвэр гаргахыг хориглох,...

         ...1.4. Ажлын цаг ашиглалт, бүтээмжийг сайжруулж, стратеги төлөвлөгөө, нэгжийн үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, чанар, үр дүнг сайжруулах,

         1.5. Ажилтны сургалт, эрдэм шинжилгээ, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу тэгш, шударга байдлыг ханган чанартай зохион байгуулах,

         ...1.7. Ажилтны ажлын байрны шинжилгээ хийж, чиг үүргийн давхардал, хийдлийг арилгаж, ажлын бүтээмж, үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах...” зэрэг нийт 16 асуудлын хүрээнд ажиллахыг тус сургуулийн дэд захирал, бүрэлдэхүүний болон харьяа сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал нарт үүрэг болгож, энэхүү албан даалгаврыг хүргүүлсэн байна. /хх-174-175/

         Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн ... тоот Хөдөө аж ахуйн их сургуульд хүргүүлсэн “Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах тухай” албан бичиг /хх-88/, Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн чанарын удирдлага зохицуулалтын албаны 2019оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01/05 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах тухай” албан бичиг болон Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор багшийн хөгжил, чадамжийг үнэлэх журмын хавсралт 1-д заасан Багшийн хөгжил, чадамжийн түвшинг үнэлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох журамд заасны дагуу хариуцагч Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай “Аттестатчилал зохион байгуулах тухай” тушаал гарсан байна. /хх-39/

 

         Хариуцагч Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/111 дугаартай “Аттестатчилал зохион байгуулах тухай” тушаалд “...Ажилтан, ажиллагсдын Аттестатчилал зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг:  Ажлын хэсгийн дарга П.Г /инноваци хөгжлийн төвийн захирал/, ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.О /СБЗА-ны дарга/, гишүүд Н.Н /ҮЭХорооны дарга/, А.Н /ёс зүйн хорооны дарга/, Б.М /нарийн бичиг, хүний нөөц/, Б.Д /гадаад харилцаа, чанарын мэргэжилтэн/ нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

         Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтийн Тусгайлан дүгнэх нь 2-р хэсэгт : “ ...2.2.Тус сургуулийн ахлах санхүүч Г.Цнь ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлага болох “Боловсролын зэрэг магистр ба түүнээс дээш” гэх, тусгай шаардлага болох “Мэргэшсэн нягтлан бодогч байх” гэх мэргэшлийн шаардлагыг хангахгүй байна.

         Үүний зэрэгцээ тус нэгжийн ажлын төлөвлөгөөг сар, улирал, жилээр гаргадаггүй, биелэлтийг тооцдоггүйгээс байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа төлөвлөх гүйцэтгэхэд хяналт тавих, байгууллагыг санхүүгийн нэгдсэн удирдлагаар хангах үйл ажиллагааг доголдож ирснийг харуулж байна.

         Шалгуур үзүүлэлтийн 6 дугаар шалгуур болох мэргэжлийн ёс зүйн байдлыг авч үзвэл: 2018 онд тухайн үеийн захиралтай үгсэн, албан тушаалаа урвуулан ашиглаж, ахлах нягтлан бодогч, хяналт үнэлгээ, дотоод асуудал, хүний нөөц, эрх зүй хариуцсан мэргэжилтэн нарын цалинг Засгийн газрын “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай “тогтоолын цалингийн сүлжээний зэрэглэл болон шатлалыг ТҮ-8, ТҮМБ-6 болгон өөрчлөн ажлын хөлс олгож сургуульд нийт 2,166,000 төгрөгийн хохирол учруулсан нь мэргэжлийн ёс зүйг ноцтой зөрчсөнийг нотолж байна.

         Энэ бүгдээс үзэхэд ахлах нягтлан бодогч Г.Ц нь цаашид энэ албан тушаалыг хаших мэргэжлийн болоод ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж дүгнэж байна” гэжээ./хх-83/

 

         Ажлын байрны тодорхойлолт гэдэг нь ажлын агуулгын шинжилгээний үр дүн буюу байгууллагын бүтцэд албан тушаалын эзлэх байр суурь, зорилго, зорилт, үйл ажиллагааны чиг үүрэг, хариуцлага, эрх мэдэлд тавигдах шаардлагыг нарийвчлан шинжилж тодорхойлсон баримт бичиг юм.

         Ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалын зорилго, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын байран дээрх гүйцэтгэх ажилбар, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг тусгасан байх ёстой.

         Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна” гэж заажээ.

 

         Хариуцагч Агроэкологи бизнесийн сургуулийн захиргааны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар ажилчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталж, тус сургуулийн ахлах нягтлан бодогч нь Төрийн үйлчилгээний албан хаагч, албан тушаалын зэрэглэл: ТҮ-8, ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур: дээд боловсролтой, Магистр зэрэгтэй, ажлын байранд тавигдах тусгай шаардлага: Мэргэшсэн нягтлан бодогч байхаар ажлын байрны тодорхойлолтод зааж баталсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ажлын байрны тодорхойлолт, тус сургуулийн захиргааны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлд “...Бид өөрсдөө эдийн засгийн болон санхүүгийн бакалавр болон магистрын түвшиний сургалт явуулдаг байж байгууллагын санхүүг хариуцаж буй санхүүч нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх гэдэг зайлшгүй шаардлага давхар гарч байна. Багш нар маань ч гэсэн өөрийн мэргэшсэн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаатай адил санхүүгийн ахлах нягтлан бодогч нь мэргэшсэн байх шаардлагатай. Байгууллагын бүх нь үндсэн болон эргэлтийн хөрөнгө санхүүгийн албанд хамаардаг. Одоо дан ганц сургалтын төлбөр гэхээсээ илүү бид гадаад дотоодын төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлснээр байгууллагын санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах ёстой. Бас санхүүгийн алба нь тухайн жилийн төсвийг хийх төслийг боловсруулах, зарцуулалтанд хяналт тавих, дүн шинжилгээ анализ хийх гэх мэт маш чухал ажил үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс мэргэшсэн зэрэгтэй чадвартай нягтлан байх нь ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдсан байна...” /хх-130/ гэсэн зэрэг баримтаар тогтоогдож байна.  

        

         Нэхэмжлэгч Г.Цнь дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэшсэн нягтлан бодогч, магистраас дээш зэрэгтэй байх гэсэн шалгуурыг хангаагүй боловч тэрээр өмнө тус сургуульд нярваар ажиллаж байсан нь болон нягтлангаар ажиллаж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан шалгуурыг хангах боломжтой  гэж ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр тус сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажилд томилогдсон болох нь шүүх хуралдаан дээрх гаргасан талуудын тайлбар, ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн аттестатчиллын шалгалтын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хурлын явцын 21 дугаартай тэмдэглэлд “...ажлын хэсгийн дарга П.Г: Тусгай шаардлага дээр таныг анх нярав байж байхад жилийн хугацаатай мэргэшсэн болоорой гээд үүрэг өгөөд нягтлан болгож гэрээ байгуулж байсан. Энэ хугацаанд мэргэшсэн дээр сурч байгаа юу, Юу болсон бэ? гэхэд

Г.Ц: Тиймээ тэгж байсан. Мэргэшсэн болох зав гардаггүй...” /хх-96-97/ гэсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

         Нэхэмжлэгч Г.Цнь тус сургуульд ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа өөрийн хашиж буй ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх шаардлагыг хангах үүднээс мэдлэг, боловсролоо дээшлүүлэхээр тодорхой үйлдлийг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

        

         Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтэд  тусгасан ...ахлах нягтлан бодогч албан тушаалын цалингийн сүлжээний зэрэглэл болон шатлал ТҮ-8-ыг ТҮМБ-6 болгон өөрчлөн ажлын хөлс олгосон үйлдэл нь  нэхэмжлэгч Г.Цыг мэргэжлийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэж шууд үзэх боломжгүй байна.

         Өөрөөр хэлбэл ХААИСургуулийн Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .. дугаартай “Цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай” тушаалаар ...Ахлах нягтлан бодогчийг цалингийн сүлжээний ТҮМБ-6 шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-134-135/

         Нэхэмжлэгч Г.Ц ын гаргасан “2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу “Тусгайлан дүгнэх нь” хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т заасан шүүхээр шийдвэрлэх маргаанд хамаарахгүй боловч уг Аттестатчиллын ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Г.Цыг ажлаас чөлөөлсөн Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай тушаал гарсан тул шүүх  энэхүү Аттестатчиллын ажлын хэсгийн дүгнэлтийн Г.Цтай холбоотой хэсгийг хянаж дүгнэсэн болно.

        

            ХААИСургуулийн харъяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар  сарын 02-ны өдрийн Б/69 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “...Тус сургуулийн ахлах нягтлан бодогч Г.Цнь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, ажлын цаг баримтлан ажилладаггүй, эрхэлж буй ажил үүргээ гүйцэтгэхдээ хүнд суртал гарган ажилчдыг чирэгдүүлдэг, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагад мөнгөн хохирол учруулсан...” гэх зөрчлийг заасан боловч Г.Цыг хэзээ гаргасан ямар үйлдэл,  эс үйлдэхүйг дээрх зөрчлүүдэд тооцсоныг дээрх тушаалд тодорхой тусгаагүй, мөн дээрх зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлд хамаарахгүй болохыг дурдаж байна.

        

         Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасны дагуу Г.Ц нь тус сургуулийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод заасан Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага болох магистр зэрэгтэй, тусгай шаардлага болох мэргэшсэн нягтлан бодогч гэсэн шаардлагыг хангаагүй байх тул энэхүү үндэслэлээр хариуцагч талын гаргасан ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгч Г.Ц ын гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

        

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц ын хариуцагч холбогдуулан гаргасан ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи, бизнесийн сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж, урьд эрхэлж байсан ахлах нягтлангийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Аттестатчилал явуулсан тухай ажлын хэсгийн дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу “Тусгайлан дүгнэх нь” хэсгийн 2.2-т тусгасан Г.Ц миний биетэй холбоотой дүгнэлтүүд нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилтийг нөхөн бичүүлэх, ажилгүй байсан хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны цалин 3,333,680 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц ыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                З.ТУНГАЛАГМАА