Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2021/00813

 

 

Т.Өлзийбат, Ц.Баатар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Б.Ундрах, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00484 дүгээр шийдвэр

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 932 дугаар магадлалтай, 

 Т.Өлзийбат, Ц.Баатар нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Т.Өлзийбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлоор,

Шүүгч Х.Сонинбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Өлзийбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баясгалан, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.16-ны өдрийн 101/ШШ2019/01433 дугаар захирамжаар Т.Өлзийбат, Ц.Баатар нараас 28,452,222 төгрөг гаргуулж Голден хилл партнерс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Т.Өлзийбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж 163-169 тоотод хаягт байршилтай 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Сэлэнгэ эстимэйт ХХК-аар үнэлүүлэхэд 136,374,000 төгрөг буюу зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон. Энэ үнэлгээгээр орон сууцны 1 м.кв-ын үнэ 1,785,000 төгрөг болж байгаа бөгөөд одоогийн ханшаар 1 м.кв 1,900,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийн хооронд байхад багаар үнэлж үнэгүйдүүлж байна. Орон сууцыг ийм багаар үнэлсэн гэх мэдэгдлийг 2019.12.03-ны өдөр хүлээж авсан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүхийн хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.16-ны өдрийн 101/ШШ2019/01433 дугаар захирамжаар Т.Өлзийбат, Ц.Баатар нараас 28,452,222 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 185,205 төгрөг гаргуулж Голден хилл партнерс ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгч Т.Өлзийбат, Ц.Баатар нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Өлзийбатын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй,Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрлах 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019.10.17-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2019.10.30-ны өдрийн тогтоолоор барьцаалан хурааж, талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019.11.19-ний өдөр 389 дүгээр тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-аар тогтоолгоход 136,374,000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019.11.29-ний өдөр хүлээн авч, уг өдрөө албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 101/ШШ2020/00484 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204045346 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрлах 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 136,374,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Т.Өлзийбат, Ц.Баатар нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Өлзийбат, Ц.Баатар нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 932 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 101/ШШ2020/00484 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Өлзийбатын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Т.Өлзийбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүхээс зөв дүгнээгүй болно. ... Мөн анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй буюу үүнд давж заалдах шатны шүүхээс зохих дүгнэлтийг хийгээгүй Иргэний хэрэг шүүхэд хяхан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчиж мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзаж буй татгалзалыг нотлох үүрэгтэй бөгөөд тухай үүргээ биелүүлж өөрийн татгалзаж буй татгалзлыг нотолсон нотлох баримтыг гаргаж өгөөгүй атал анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. ... Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч T.Өлзийбат, Ц.Баатар нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж тайлбарлан нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... орон сууцны үнэлгээг шинжээчээр дахин тогтоолгох хүсэлт гаргасныг хангаагүй, нотлох баримт бодитой үнэлээгүй. гэх гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.05.16-ны өдрийн 101/ШШ2019/01433 дугаар захирамжид зааснаар Т.Өлзийбат, Ц.Баатар нар 28,452,222 төгрөгийг Голден хилл партнерс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Өлзийбатын өмчлөлийн 000541144 гэрчилгээний дугаартай, Ү-2204045346 улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүрэг 25 хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаяг байршилтай, 76.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 4-р хороо, Голден парк хотхон, Энхтайваны өргөн чөлөө 101-р байрны 132 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 Төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан биелүүлэх ажиллагааг явуулж, барьцааны зүйл болох орон сууцыг битүүмжлэн, хурааж үнийн санал авахад талууд тохиролцоогүй байна.

 Иймээс шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны хөрөнгөнд холбогдуулан явуулсан дээрх ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

 Шинжээчээр томилогдсон Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Нарны зам гудамж, 163 дугаар байр, 69 тоот хаягт байрлах 76.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 136,374,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг нэхэмжлэгч үгүйсгэсэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь онцлог шинжийг тодорхойлон зааж, шинжээчийн тогтоосон үнэлгээнээс их байх боломжтойг нотолсон баримт гаргаагүй тул хоёр шатны шүүх үнэлгээний талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд заасан журамд нийцүүлэн үнэлжээ.

 Орон сууцны үнэлгээг шинжээчээр дахин тогтоолгох хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаагүй гэх нэхэмжлэгчийн гомдолын талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт, хуульд нийцсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, маргааны харилцааг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/00484 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 932 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Өлзийбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЦОЛМОН

                                  ШҮҮГЧИД                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ

Г.ЦАГААНЦООЖ