Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 64

 

Г.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2019/0189/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Б.Батсүх

              Нарийн бичгийн дарга                 Б.Мандуул нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар цагаатгах тогтоолтой, Г-ын Н-т холбогдох, 1918000000128  дугаартай эрүүгийн  хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай гэх, урьд  нь  2008 онд   Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 2 жил 6 сар 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан, ********** регистрийн дугаартай, Н- овогт Г-ын Н-

Шүүгдэгч Г.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын байрны өрөөнд иргэн М.Г-ийн цэнэглэж байсан “Самсунг жи-2” загварын гар утсыг авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар цагаатгах тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н- овогт Г-ын Н-т холбогдох эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгож  Г.Н-ыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2.т зааснаар Г.Н-т холбогдох эрүүгийн 1918000000128 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,  шүүгдэгч Г.Н- нь цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Г.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ :

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүх шийдвэрийн агуулгыг тайлбарлаж байгаа хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байсан тул улсын яллагч шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8.д зааснаар уншин сонсгосон нь гардуулсан шийдвэртэй зөрүүтэй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь тухайн орон, байр, агуулахын өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр сэм орох зэргээр хууль бусаар нэвтэрсэн үйлдлийг ойлгоно.

“Дулаан Шарын гол” ТӨХК нь байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд тус байгууллагын харуулын байр нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр мөн юм. Тус байгууллага руу гадны хүн нэвтрэхдээ тухайн байгууллагын харуулаас зөвшөөрөл авсны үндсэн дээр нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл тухай байгууллагын харуул ажлын байран дээрээ байхгүй тохиолдолд хэн ч тус байгууллага руу болон тус байгууллагын болоод харуулын үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны байрлах тусгай өрөө рүү нэвтрэх эрхгүй юм.

Иймд Г.Н-ыг харуулын ажилтны зөвшөөрөлгүйгээр тус өрөөнд сэм орж хууль бусаар нэвтэрч харуулын өрөөнд хүн байхгүй болохыг мэдсээр байж М.Г-ийн “Самсунг жи 2” маркын гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй буюу хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Эсэргүүцлээ дэмжиж байгаа., цагаатгах тогтоол хуулийн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянаж үзвэл Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Г.Н-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “Дулаан шарын гол” ТӨХК-ийн харуулын өрөөнд иргэн М.Г-ийн цэнэглэж байсан “Самсунг жи-2” загварын гар утсыг авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т заасныг баримтлан Г.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Н-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл :

“Дулаан Шарын гол” ТӨХК нь байнгын үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд тус байгууллагын харуулын байр нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болохоос гадна энэ байгууллага руу гадны хүн орохдоо тухайн байгууллагын харуулаас зөвшөөрөл авсны үндсэн дээр нэвтэрдэг бөгөөд харуул ажлын байран дээрээ байхгүй тохиолдолд хэн нэгэн этгээд байгууллага руу болон  харуулын үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны  тусгай өрөө рүү орох  эрх  байхгүй.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, онгорхой байхад нь тухайн орон, байр, агуулахын өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр сэм орох зэргээр хууль бусаар орсон үйлдлийг ойлгох бөгөөд  тухайн үед Г.Н- нь харуулын ажилтны зөвшөөрөлгүйгээр түүнийг өрөөндөө байхгүй байхад нь орж харуулын өрөөнд цэнэглэж байсан  М.Г-ийн “Самсунг жи 2” маркын гар утсыг хулгайлсан үйл баримт болжээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу ойлгон тайлбарлаж  хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч,  цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 ., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 200 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г-ын Н-т холбогдох, 1918000000128 дугаартай, 1 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Г-ын Н-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

.

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.АМАРЖАРГАЛ

                                                        ШҮҮГЧ                                    Ц.ТУЯА

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР