Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 02161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “М” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Т” ХХК /РД: /-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 284 500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай М ХХК болон Т ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Лондон паб хамгаалалтын үйлчилгээний хөлсийг нэг сарын 800.000 төгрөг байхаар тохиролцсон.

Гэтэл Т ХХК нь зохих төлбөрөө хугацаанд өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 2017 оны 06 дугаар сарын төлбөр 800.000 төгрөг, түүний өдрийн алданги 4.000 төгрөг, 100 хоногийн алданги 400.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 01-24-ний өдрийг хүртэл хамгаалалтын төлбөр 723.000 төгрөг, түүний өдрийн алданги 3.615 төгрөг, 100 өдрийн алданги 361.500 төгрөг, нийт 2.284.500 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Т” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Т” ХХК болон “М” ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн харуул хамгаалалтын гэрээ хийгдэж хамтран ажиллаж эхэлсэн. 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч талын хамгаалж байсан Т ХХК-ийн Лондон караокед үйлчлүүлэгчид хоорондоо маргалдан улмаар харилцан зодоон үүсгэн тус караокены эд хөрөнгө болох 3 дугаартай өрөөний 60 инчийн 2 зурагтыг хагалж хохирол учруулсан. Хамгаалалтын албаны ажилтан ганцаараа хүрэлцэхгүй болохоор нь манай ажилтнууд туслалцаж мөн гэрээний 2.6, 3.11-т зааснаар шуурхай бүлэг дуудсан боловч “Мөнх тэнгэрийн ноёд” ХХК нь гэрээний зүйл заалтаа зөрчин шуурхай бүлэг явуулаагүйгээс 1 цаг гаран үргэлжилсэн маргаан нь зодоон болж эд хөрөнгөөрөө хохирсон болно. Анх харуул хамгаалалтын гэрээ хийхдээ бидний тавьсан гол шаардлага нь шуурхай бүлэгтэй байхыг хүсэхэд нэхэмжлэгч тал тухайн шаардлагад нийцсэн бүлэгтэй 5-н минутын дотор ирж үйлчилгээ үзүүлнэ гэж байсан. Би өөрийн биеэр Оросоотой уулзаж бид танай буруутай үйлдэл гэрээгээ зөрчсөнөөс болж хохирч болохгүй байна гэхэд бид хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. Манай караокед 2 зурагт байхгүй 5 сар болоход бидний үйлчилгээний нэр хүнд болон үйл ажиллагаа доголдож байсан ч нэхэмжлэгч талыг хүлээж 2017 оны 06 дугаар сарыг хүртэл гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрийг төлж байсан ба 06 дугаар сараас 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл төлбөрийг суутган Нарантуул захаас хамгийн хямд зурагтыг нэг бүрийг нь 800 000 төгрөг, нийт 1 600 000 төгрөгөөр авсан. Хагарсан зурагтнуудыг Арина электрон барааны дэлгүүрээс тус бүрийг нь 1 750 000 төгрөг, нийт 3 500 000 төгрөгөөр худалдан авсан боловч нэхэмжлэгч талын байдлыг харгалзан үзэж хямдханыг авсан. Нэхэмжлэгч “М” ХХК нь гэрээнийхээ үүргээ биелүүлж шуурхай бүлгээ явуулсан бол маргаан болж байхад асуудлыг зохицуулж хохиролгүй гарах бүрэн боломжтой байсан.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын хамгаалалтын төлбөр 800 000/найман зуун мянга/ төгрөгийг, алданги 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын хамгаалалтын төлбөр 723 000/долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийг, алданги 361 500/гурван зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 2 284 500/хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Т” ХХК нь нэхэмжлэгч шуурхай бүлэг явуулаагүйгээс 1/нэг/ цаг гаран үргэлжилсэн маргаан нь зодоон болж эд хөрөнгөөрөө хохирсон гэх тайлбар ирүүлсэн.

 

2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгаланд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгалангийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлд зааснаар шүүх хариуцагч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бат-Амгаланд хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхээ эдлэх боломжоор ханган 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр № 02/17 Харуул хамгаалалтын гэрээ байгуулсан болох нь Харуул хамгаалалтын гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Харуул хамгаалалтын гэрээний 1, 2, 3, 4-т зааснаар нэхэмжлэгч нь харуул хамгаалалтын ажил үйлчилгээ гүйцэтгэх, хариуцагч нь ажлын байраар хангаж, хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн тус хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан Хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй байх тул Хөлсөөр ажиллах гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зохигчид Гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 1/нэг/ жилийн хугацаатай байгуулсан болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Гэрээний 7-ийн 7.1-т зааснаар зохигчид хамгаалалтын 1/нэг/ сарын хөлсийг 800 000/найман зуун мянга/ төгрөгөөр, төлбөрийг 2/хоёр/ хувааж буюу сарын 15-ны өдөр болон 30-ны өдөр олгохоор харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын харуул хамгаалалтын төлбөр 800 000/найман зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын харуул хамгаалалтын төлбөр 723 000/долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь шуурхай бүлэг явуулаагүйгээс эд хөрөнгөөрөө хохирсон гэж маргаж байх боловч хариуцагчид хохирол учирсан гэх үйл явдал нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 4 дүгээр сарын 22-ны өдөр шилжих шөнө болсон болох нь 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2390 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын болон 215 дугаар гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч 2017 оны 6 дугаар сар, 7 дугаар сард харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн талаар маргаагүй байх ба 2017 оны 4 дүгээр сард болсон гэх үйл явдал нь 2017 оны 6, 7 дугаар сарын харуул хамгаалалтын төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэлд хамаарахгүй болно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд хариуцагч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй ба хариуцагч нь нэхэмжлэгч Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр хохирол нэхэмжлээгүй болно.

 

Хариуцагч нэхэмжлэгч нь Гэрээнд зааснаар 2017 оны 6 дугаар сард 800 000/найман зуун мянга/ төгрөгийн, 2017 оны 7 дугаар сард 723 000/долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн талаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-т “... ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын харуул хамгаалалтын төлбөрт 800 000/найман зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын харуул хамгаалалтын төлбөрт 723 000/долоон зуун хорин гурван мянга/ төгрөгийг, нийт 1 523 000/нэг сая таван зуун хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 6 дугаар сарын төлбөрийн алдангид 400 000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг, 2017 оны 7 дугаар сарын төлбөрийн алдангид 361 500/гурван зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хариуцагч нь харуул хамгаалалтын нийт төлбөр 1 523 000/800000+723000=1523000/ /нэг сая таван зуун хорин гурван мянга/  төгрөгийг Гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй болох нь зохигчийн тайлбар, Гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 761 500/долоон зуун жаран нэгэн мянга таван зуу/ /800000х0.5%=4000, 4000x240хоног=960000, 800000:2=400000, 723000х0.5%=3615, 3615x210хоног=759150, 723000:2=361500, 400000+361500=761500/ /долоон зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас харуул хамгаалалтын төлбөрт нийт 1 523 000/нэг сая таван зуун хорин гурван мянга/ төгрөгийг, алдангид нийт 761 500/долоон зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 2 284 500/1523000+761500=2284500/ /хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас бүгд 2 284 500/хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т” ХХК-иас бүгд 2 284 500/хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-иас ийн улсын тэмдэгтийн хураамжид 51 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ