| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/02022/И |
| Дугаар | 02305 |
| Огноо | 2018-11-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 02305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Ц/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М Сургууль,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 1 тоотод байрлах, М Сургуулийн Шинжлэх ухааны сургууль нарт холбогдох,
Цалин хөлс нийт 2 889 464 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, Д.Очирдорж, хариуцагч МСургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, Шинжлэх ухааны сургуулийн төлөөлөгч Г.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Цэрэндорж овогтой Ц 1994 оноос өнөөдрийг хүртэл нийт 24 дэх жилдээ МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимд багшаар ажиллаж байна. Би 2004 оноос хойш ахлах багшийн зэрэглэлд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр багшаар ажиллаж байгаа бөгөөд 2014 онд Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээний 1.2 дахь заалтанд гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, Сургалтын А цаг нь 15 цаг, эрдэм шинжилгээ хийх Б цаг 6 багц цаг, бусад ажил В цаг нь 5 багц цаг байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг хичээлийн жил тутамд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байгаа юм.
Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд би сургалтын А багц 15 багц цаг заах байснаас 22,35 багц цаг зааж 7,35 илүү цаг гарсан боловч 1,35 багц илүү цагийн мөнгийг олгоод бусад 6 багц илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон.
Өөрөөр хэлбэл ахлах багш хөдөлмөрийн гэрээ болон МУИС-д Профессор, багш ажиллуулах журмын 10.4-д заасны дагуу 15 цагийн сургалтын цаг зааж, тухайн цагаас хэтэрсэн цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироосон.
МСургуулийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 06 сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 кр-р тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6-р сарын 18-ны өдрийн дугаар Б/256 тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн хөдөлмөрийн маргаан таслах коммист өргөдөлдөө 2018.06.29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасан дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар миний илүү цагийн нэмэгдэл хөлс нь цалин хөлсний бүрэлдэхүүнд орох тул илүү цагийн хөлс 2 697 049 төгрөгийг олгоогүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018.06.22-ны өдрийн тушаал гарснаас хойш өнөөдрийг хүртэл надад олгогдоогүй цалин хөлсний алданги 250 825 төгрөг болж байна.
Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 2 697 049 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олгогдоогүй нэмэгдэл хөлсний хоног тутмын 0,3 хувийн алданги 250 825 төгрөг, нийт 2 947 874 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагч МСургуулийн Шинжлэх ухааны сургуульд даалгаж өгнө үү.
Шүүхэд хандахын өмнө МУИС-ийн захиргаанд хөдөлмөрийн маргаан үүсгэх гээд олон багш цуглан гарын үсэг зурж бичиг өгөхөд МУИС-иас хариу өгөөгүй учраас 07 сард шүүхэд хандсан.” гэв.
Нэхэмжлэгч Ц.Цгийн өмгөөлөгч Д.Очирдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бол Иргэний Эрх Зүйн харилцаа юм. Талууд хоорондоо харилцан зөвшилцөн гэрээ байгуулдаг. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөл гэж байдаг. Үүнд ажилтны үндсэн гүйцэтгэх үүрэг, үндсэн цалин хөлсийг заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт аль нэг тал дангаар хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй гэсэн байдаг. Үүний дагуу талуудын хооронд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан бий болсон байдаг. Энэ асуулын талаар шалгахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байсан. Гэвч ажлын хэсгээс дахин хөдөлмөрийн гэрээг шинэчлэх талаар байгууллагаас ямар нэгэн зүйл хийгээгүй. Харин ч журмыг баримтлан 21 кредит цаг гүйцэтгэх ёстой гэсэн шаардлага тавьж, илүү гүйцэтгэсэн цаг дээр нь 6 цагийн хөлсийн олголгүйгээр 7,3 кредит цаг байсны 1,3 кредит цагийн хөлсийг л олгосон байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээний дагуу өгөх ёстой мөнгийг хуульд зааснаар хөлсийг өгөлгүй, суугал хийж цалин хөлсийг олгоогүй гэж харагдаж байгаа юм. Тийм учраас багшийн эрхийг зөрчсөн алдаа байгаа учраас хуулийн дагуу илүү цагийн хөлсийг олгох ёстой гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгч Ц.Цгийн өмгөөлөгч О.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч МУИС-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа МУ-ын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6 дахь хэсэгт заасны дагуу Эрдэмийн зөвлөлөөс багшийн судалгааны ажлын ачааллыг тогтоох зорилгоор тогтоогоод Профессор, багш ажиллуулах журамын 2 дугаар зүйлийн 2.5 дэх хэсэгт заалтыг оруулсан гэж тайлбарласан байдаг. Энэ хууль зүйн үндсэлэлтэй юу гэдэг дээр ажлын ачааллыг тогтоохын тул 6 багц байх уу, 5 багц байх уу, ямар зэрэглэлтэй багш ямар шаардлага хангахыг тогтоох зорилготой байдаг. Харин 2 дугаар зүйлийн 5 дахь заалт нь мэргэжлийн болон боловсролын зэрэгтэй хамааралтай бөгөөд боловсролын зэргийн эрхэд нь халдсан заалт байдаг. Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтад багшийн мэргэжлийн болон боловсролын зэрэг хамгаалан нь тухайн багшийн эрх юм. Докторын зэрэг хамгаалуулах шаардлага тавиад байгаа нь энэ багш нарын эрхэд шууд халдаж байгаа үндсэлэл бүхий заалтыг Профессор, багш ажиллуулах журамд оруулан багш нарт шаардлага тавиад байгаа нь учир дутагдалтай юм. Эрдэмийн зөвлөл ийм эрхийг хуулиар олгоогүй байдаг. Магистр багш хүртэл судалгаа шинжилгээний эрх эдлэх боломжтой байдаг. Тэр судалгаа шинжилгээний заалтыг Эрдэмийн зөвлөл батлаарай гэсэн заалтыг өөрөө тайлбарлан ашгилаж байгаа нь багш нарын эрхийг зөрчиж байгаа юм. Хавтаст хэргийн 48 дугаар хуудаст 2017 оны 09 сарын 20-ны өдөр байгуулагдсан н.Улаанбаатар багшийн гэрээ байдаг. Тухайн багш ахлах багшийн зэрэгтэй 21 багц цагийг хангана, судалгааны багц цаг нь 0, В цаг буюу бусад цаг нь 5 багц цаг байна гэж заасан байна. Харин хавтаст хэргийн 58 дугаар хуудаст Ж.Эрдэнэбат гэж ахлах багшийн гэрээнд А цаг 15 кредит, Б 6 кредит, В 5 кредит гэж заасан байгаа. Мөн н.Батням ахлах багшийн 2018 оны 01 сарын 08-ны өдөр байгуулагдсан гэрээнд А цаг 15 кредит, Б 6 кердит, В 5 кредит гэж заасан нь бүх багш нартайгаа ялгамжтай байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа нь адил статустай багш нартай ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхсан байдлаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаарлага буюу 6 кердит цаг буюу түүнээс оногдох цалин хөлс, алданги нийт 2,889,464 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.
Хариуцагч МСургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдзгээрт: МУИС-ийн захиргааны зүгээс бүх багш ажилчиддаа ажлын байрны дарамт үзүүлсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэе. Хоёрдугаарт: Хөдөлмөрийн дотоод журмыг хамт олноор хэлэлцүүлэн явуулдаг. Ц.Ц нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг хүргүүлж байна.
МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмыг Монгол Улсын “Дээд боловсролын тухай” 13 дугаар зүйлийн.....13.6.Багшийн хийж гүйцэтгэх сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон ажлын ачааллыг тооцох аргачлалыг сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтоох бөгөөд багшийн ажлын ачааллыг тогтоохдоо түүний мэдлэг, ур чадвараа тогтмол дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, суралцагчтай үр бүтээлтэй ажиллах, захиргааны ажилд оролцох нөхцөл, бололцоог харгалзан үзнэ ... гэж заасны дагуу МСургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан.
Журмаар их сургуулийн багшийн тухайн албан тушаал тус бүрээр /дадлагажигч, багш, ахлах багш, дэд профессор, профессор/ гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосон.
Одоо мөрдөгдөж буй “Профессор багш ажиллуулах журам” МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн болно.
Журмын 2.5-д “Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсонннс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзлыг биелүүлсэн/докторын багц цагийг бүрэн биелүүлсэн/ тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухай мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИСд үргэжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ.” гэж заасан.
МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн Дүрэм болон Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн байдаг.
МУИС-ийн Захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ноогдлыг тооцохдоо Профессор багш ажилуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлууд тус үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан.
Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ноогдлыг МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан.
МУИС-ийн хэмжээнд энэ үйлчлэлд хамрагдаж буй нийт 60 гаруй багш байгаа бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад эрх шилжүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд журмын дагуу цагийн ноогдлыг тооцож тооцоог хийсэн болно.
Ц.Ц нь тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул “МУИС-ийн Профессор багш ажиллуулах журам”-ын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамарч байгаа юм.
Иймээс Шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Ц.Цгийн цагийн ноогдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийж илүү хийсэн багц цагийн хөлсийг журмын дагуу бодож олгосон тул түүний хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх ашгийг хөндсөн ямар нэг хууль бус үйлдэл байхгүй.
Нэхэмжлэгч Цэнгэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хариуцагч МСургуулийн Шинжлэх ухааны сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон төлөөлөгч Г.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинжлэх ухааны сургууль нь илүү цагийн хөлсийг дутуу олгосон зүйл огт үгүй бөгөөд өөрөөр бодож олгох эрх зүйн үндэслэл, журмын зохицуулалт байхгүй.
2016 онд хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан. Тэгэхээр 2017 онд шинэ гэрээний загвар батлагдсан тул 2017 оны хичээлийн жилийн батлагдсан гэрээний дагуу явагдах ёстой. Бид одоо гэсэн 12 жил ажилласан багш нартайгаа 21 кредитээр ажиллаж байгаа. Яагаад гэвэл журам өөрчлөгдөөгүй байгаа учраас бид журмыг мөрдөж байгаа.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч МСургууль, хариуцагч МСургуулийн Шинжлэх ухааны сургуульд холбогдуулан илүү цагийн цалин хөлс 2 629 176/хоёр сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг, алданги 260 288/хоёр зуун жаран мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг, нийт 2 889 464/хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МСургууль нь гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийж, илүү хийсэн багц цагийн хөлсийг журмын дагуу олгосон гэж маргасан.
Хариуцагч Мсургуулийн Шинжлэх ухааны сургууль нь илүү цагийн хөлсийг дутуу олгосон зүйл огт үгүй бөгөөд өөрөөр бодож олгох эрх зүйн үндэслэл, журмын зохицуулалт байхгүй гэж маргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ц хариуцагч Мсургууль, Шинжлэх ухааны сургуульд холбогдуулан нийт 2 889 464/хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Шинжлэх Ухааны Сургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн Шинжлэх Ухааны Сургуулийн ахлах багшаар ажилладаг болох нь № А0208828 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас илүү цагаар буюу 6/зургаа/ багц цаг илүү ажилласан цалин хөлсөд 2 629 176/хоёр сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг, түүнд ногдох алданги 260 288/хоёр зуун жаран мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Зохигчийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 1-ийн 1.2-т ахлах багшийн сургалтын А цаг нь 15/арван тав/ багц цаг байхаар заасан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан МСургуульд профессор, багш ажиллуулах журмын 2-ын 2.5-д зааснаар нэхэмжлэгч нь докторын зэрэг хамгаалаагүй тул сургалтын А цаг нь 21/хорин нэг/ багц цаг байх ба нэхэмжлэгчийн илүү цагийн буюу 1.35/нэг зууны гучин тав/ багц цагийн хөлсийг олгосон гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь докторын зэрэг хамгаалаагүй байх тул сургалтын А цагийг нь 21/хорин нэг/ багц цаг биелүүлэх нөхцлөөр ажиллах үүрэгтэй болох нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан МСургуульд профессор, багш ажиллуулах журмын хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь сургалтын А цаг нь 15/арван тав/ багц цаг байна гэж хөдөлмөрийн гэрээнд заасан гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “... ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх ...”, 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажилтан нь ... хөдөлмөрийн дотоод журам ... эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.
Зохигчийн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.1.1, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн мөрдүүлж буй хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн болох нь 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн дотоод журмын 4.3-ын 4.3.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөрдөгдөж буй дүрэм, журмыг мөрдөх үүрэг хүлээсэн болох нь хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/354 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МСургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын хуулбараар нотлогдож байна.
МСургуульд профессор, багш ажиллуулах журмын 2-ын 2.5-д зааснаар нэхэмжлэгч нь докторын зэрэг хамгаалаагүй байх тул сургалтын буюу танхимын А цагийг 21/хорин нэг/ багц цаг болгох үндэслэлтэй болох нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/414 дугаар тушаалын хавсралтаар баталсан МСургуульд профессор, багш ажиллуулах журмын хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь 2017-2018 оны хичээлийн жилд 22.35/хорин хоёр зууны гучин тав/ багц цаг ажиллаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн А цагаас илүү цагаар ажилласан 1.35/22.35-21=1.35/ /нэг зууны гучин тав/ багц цагийн цалин хөлсийг олгосон болох нь 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар Багш нарт цагийн хөлс олгох тухай тушаалын болон 3 дугаар хавсралтын хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т “Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт ... ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь МСургуульд профессор, багш ажиллуулах журмын 2-ын 2.5-д зааснаар сургалтын буюу танхимын 21/хорин нэг/ багц цаг ажиллах үүрэгтэй байх тул хариуцагчаас илүү цагаар буюу 6/зургаа/ багц цаг илүү ажилласан гэх цалин хөлсөд 2 629 176/хоёр сая зургаан зуун хорин есөн мянга нэг зуун далан зургаа/ төгрөгийг, түүнд ногдох алданги 260 288/хоёр зуун жаран мянга хоёр зуун наян найм/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 130 дугаар 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МСургуулиас нийт 2 889 464/хоёр сая найман зуун наян есөн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Ц.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ