Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0408

 

 

 

 

 

 

 

“У*******” ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч: “У*******” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О*******

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0046389 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0270 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******

Хариуцагч  О.О*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2024/0132/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч “У*******” ХХК-иас Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О*******т холбогдуулан “нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 0046389 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0270 дугаар шийдвэрээр: 

“Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “У*******” ХХК-ийн нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.О*******ийн “2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0046389 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотолсон бичгийн нотлох баримтуудыг хариуцагч талаас гарган өгсөн ямар баримтаар няцаагдаж байгаа талаар тодорхой дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэгчээс нийслэлийн Байгаль орчны газартай байгуулсан гэрээний дагуу ямар үйл ажиллагаа явуулах байсан, овоолго шороог зөөж зайлуулахгүйгээр нөхөн сэргээлтийг ажлыг яаж явуулах байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хариуцагч талаас ч энэхүү үйл баримтыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй байдаг.

Төрийн байгууллагаас гэрээгээр тус овоолго шороо байрлаж буй талбай дээр нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэх эрхийг олгосон атлаа нөхөн сэргээлтийн ажлыг шат дараалалтай явуулж эхэлж байхад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа гэрээ байгуулагдаж байх явцад болон гэрээний сунгалт хийж байхад тус овоолго шороог зөөж зайлуулж болохгүй, тус овоолго шороо нь түгээмэл тархацтай ашигт малтмал гэж хэлээгүй атлаа өөрсдийн зардлаар зөөж тээвэрлэж, нөхөн сэргээлтийн ажлыг шат дараалалтай хийж гүйцэтгэж байхад Зөрчлийн хэрэг нээн шалгаж, түгээмэл тархацтай ашигт малтмал гэсэн дүгнэлт гаргуулж нэхэмжлэгчийг буруутгаж байна.

Хэрэв гэрээ байгуулагдаж байх явцад түгээмэл тархацтай ашигт малтмалын ангилалд нөхөн сэргээлтийн ажил хийх талбайн дээр байрлаж буй овоолго шороо нь ордог талаар мэдэгдсэн бол бидний зүгээс хуульд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой байсан. Нийслэлийн Байгаль орчны газартай байгуулсан гэрээний зорилго нь овоолго шороог тухайн 2.6 га талбайгаас зөөж зайлуулан техникийн нөхөн сэргээлтийг хийх, үүний дараа биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх зорилготой. Хөрсийг хэвлийн түвшинд хүргэх үндсэн зорилго бүхий гэрээний дагуу бол үүссэн овоолго шороог бүрэн гүйцэт зөөж зайлуулаагүй тохиолдолд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн гэдэг агуулга хангагдахгүй, биологийн нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлэх ямар ч боломжгүй.

Шийтгэлийн хуудсан дээр бичигдсэн шийтгэл оногдуулсан үндэслэл, ямар нотлох баримтаар нотлогдож байгаа болон торгуулийн хэмжээ засвартай хэдэн төгрөгөөр ямар үндэслэлээр торгож байгаа мэдэгдэхгүй хэтэрхий бүдэг, мөн засвартай байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн хэргийн холбогдогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж ажиллагаа явуулсан. Хохирлын хэмжээг тооцоолохдоо тайлбар гаргах боломж олгоогүй, хөрсний дээжийг авч шинжилгээнд явуулахдаа зөрчилд холбогдогч талыг байлцуулалгүйгээр ажиллагаа явуулсан.

Мөн гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байх хугацаанд болон гэрээ сунгуулахдаа гэрээний дагуу хийж гүйцэтгэж байсан ажлын тайланг хүргүүлж байсан. Гэтэл шүүхээс гэрчийн мэдүүлгийг үндэслэж тайлан бараг ирүүлж байгаагүй гэх үндэслэлгүй, гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг шалгаж тогтоолгүй эргэлзээтэй дүгнэлт хийсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0270 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.“У*******” ХХК нь анх Багахангай дүүргийн 2 дугаар хороо, хуучин нүүрсний уурхайн орчим элэгдэл эвдрэлийн улмаас орхигдож, овоолго шороо үүссэн 2.62 га газарт өөрийн зардлаар техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зорилгоор нийслэлийн Байгаль орчны газартай 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх тухай” БО-2021/20 дугаар гэрээ байгуулж, улмаар 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн БОГ-16 дугаар гэрээгээр хугацааг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан байх бөгөөд эдгээр гэрээний 4.5-д тус тус зааснаар гэрээнд заасан ажил, үүргийг гүйцэтгэхтэй холбоотой бүх зардлыг ашиглагч буюу нэхэмжлэгч тал бүрэн хариуцахаар тохиролцсон ч түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож бусдад худалдах эрхийг энэхүү гэрээгээр олгохгүй, холбогдох хуульд ч энэ талаар зохицуулаагүй болно.

Тухайлбал “М*******” ХХК-тай байгуулсан 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр дээрх овоолгыг олборлон тээвэрлэж, тус компанид худалдан борлуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон, гомдол гаргагчаас ч үүнийг үгүйгсээгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар энэхүү зөрчилд холбогдуулан хариуцлага хүлээлгэсэн нь Зөрчлийн болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд тус тус нийцсэн байна.

2.Нөхөн сэргээлт хийх 2.6 га газраас “овоолго шороо”-г зөөвөрлөж өөр газарт шилжүүлэх, эсхүл зөөвөрлөх нэрийдлээр бусдад худалдах гэдэг нь өөр өөр үр дагавар бүхий ойлголт бөгөөд энэ тохиолдолд “У*******” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, борлуулсан гэж үзнэ.

Учир нь давж заалдах гомдолд “…овоолго шороог түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаардаг талаар мэдээгүй, гэрээ байгуулж байх үед энэ талаар мэдэгдээгүй…” гэх боловч “М*******” ХХК-ийн хуулийн зөвлөх Т.О******* нь “У*******” ХХК-иас 2023 оны 6, 7 дугаар саруудад нийлүүлсэн нүүрсний чулуу нь цементийн найрлагад ордог түүхий эд болохыг гэрчилснээс гадна гэрээнд 1 тн-ыг 17300 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцсон, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын шинжилгээний дүнгээр нэхэмжлэгчийн нийлүүлж буй “овоолго шороо” түгээмэл тархацтай ашигт малтмал болох нь тогтоогдсон зэргийг ямар ч баримтаар үгүйсгэж чадаагүй атлаа өөрийн гаргасан чухам ямар баримтыг хариуцагчаас няцааж чадаагүй гэж, мөн шүүхээс хэргийн ямар үйл баримтад дүгнэлт өгөөгүй гэж гомдож буй нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нөхөн сэргээлтийн гэрээнд заасны дагуу шат дараатай үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч бодит байдалд овоолго шороог зайлуулах нэрийн доор түгээмэл тархацтай ашигт малтмалыг тээвэрлэн “М*******” ХХК-д худалдан борлуулж байснаас өөрөөр ямар үйл ажиллагаа явуулсан нь тодорхой бус, өөрөөр хэлбэл гэрээний 4.2-т заасны дагуу сар тутамд нөхөн сэргээлтийн явцын тайланг хариуцагчид тайлагнах үүргээ биелүүлээгүй, иймд зөвхөн 2023 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөр огноолсон нөхөн сэргээлтийн ажлын тайлан гэх 3 хуудас фото зургаар нөхөн сэргээлтийн ажлын явц, техникийн болон нөхөн сэргээлтийн ажлыг шат дараатай хэрэгжүүлж байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй, түүнчлэн нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/108 дугаар тушаалаар “гэрээний үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр гэрээг хүчингүй болгосон байх тул шүүх гомдлын шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийх эрхгүй тул “…хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, …нөхөн сэргээлтийн ажлыг яаж явуулах байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээс үзэхэд “У*******” ХХК нь гадаад худалдаа, эрдэст нунтаг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан, түүнээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй, хэдийгээр 2.6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхийн тулд “овоолго шороо” гэх түгээмэл тархацтай ашигт малтмалыг зайлшгүй зөөвөрлөх шаардлагатай байхыг үгүйсгэхгүй ч зөвхөн зөөвөрлөх бус харин бусдад ашиг олох зорилгоор худалдан борлуулж байгаа нь хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

            Шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-т Зөрчлийн болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгт хамаарал бүхий зохицуулалтыг тодорхой дурдсан, өөрөөр хэлбэл эдгээр хуульд тусгай зөвшөөрөлгүйгээр хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох, борлуулахыг хориглосон, мөн барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой буюу цементийн найрлагад хамаарах нүүрсний чулуу нь түгээмэл тархацтай ашигт малтмалд хамаарах тул нөхөн сэргээлтийн гэрээг хуульд заасан тусгай зөвшөөрөл гэж үзэхгүй.

Эсрэгээрээ гэрээний 6.2-т “Нөхөн сэргээлтийн талбайгаас дайрга олборлолт хийх, хийхийг завдах, хийсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ”, 6.3-т “Ашиглагч Байгаль орчныг хамгаалах тухай болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах ба шаардлагатай тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

4.Хариуцагчаас учруулсан хохирлыг Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу нийт олборлосон нүүрсний чулууны хэмжээнд үндэслэснийг, тухайлбал гэрч Т.О******* 2023 оны 6, 7 дугаар саруудад нийт 50.000 тн нүүрсний чулуу нийлүүлсэн гэж мэдүүлсэн байхад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн харин ч нийт олборлолтын хэмжээ 20.172,75 тн-оос хохирол тооцож, шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2-т “тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж …хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 2.0 сая төгрөгөөр торгож, учруулсан хохиролд 227.963.375 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2024/0270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

 

                        ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН