Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00505

 

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан

түгээх сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2019/00287 дугаар шийдвэр,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 202/МА2019/00028 дугаар магадлалтай,

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хэрлэн-Импэкс ХХК-д холбогдох

Цахилгаан эрчим хүчний төлбөр 90,398,319 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттуул, Ц.Эрдэнэчимэг, Б.Шинэтуяа, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Айраг суманд байрлах Хэрлэн импэкс ХХК-ийн төмөр баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2017.02 сард 27,081,504 төгрөг, 2017.03 сард 14,149,366 төгрөг, 2017.04 сард 42,361,071 төгрөг, 2017.05 сард 52,341,908 төгрөг, 2017.06 сард 4,464,470 төгрөг гарч, 2017.05 сард 5,000,000 төгрөг төлсөн боловч эцсийн үлдэгдэл 90,398,319 төгрөг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Хэрлэн импэкс ХХК-аас цахилгаан эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр 90,398,319 төгрөгийг 2019.09.01-ний өдрийн дотор багтаан гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт: Хэрлэн импэкс ХХК нь Дорноговь аймгийн Айраг сумын IV багийн нутаг дэвсгэрт жонш баяжуулах үйлдвэр барьсан. 2016.06.05-ны өдөр Мон Лаа ХХК-тай 160615/1 дугаартай ажлын байр түрээслэх гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан. Ингээд үйлдвэрийг Мон Лаа ХХК-ийн эзэмшилд шилжүүлж өгсөн. Тухайн түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой бүх зардлыг хариуцна гэж заасан, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт түрээслэгч нь үйл ажиллагаатай холбоотой зардлыг /дулаан, цахилгаан, халуун ус/ түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлнө гэж заасан. Нэхэмжлэгчээс нэхэмжилж байгаа төлбөр нь 2017.02 сараас 06 сар хүртэлх хугацааны төлбөр ба Мон Лаа ХХК үйл ажиллагаа явуулж байхад үүссэн өр юм. Мон Лаа ХХК гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй учир 2017.07.03-ны өдөр Арбитрын шүүхэд хандсан. Үүнд түрээсийн гэрээнд заасны дагуу ус, цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагад төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2017.10.12-ны өдөр Арбитрын шүүх хуралдаан болсон. Шүүх хуралдаанаар цахилгааны төлбөртэй холбоотойгоор Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Мон Лаа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батзориг нар тооцоо нийлсэн акт үйлдсэн. Цахилгааны төлбөр төлнө гэсэн учир Хэрлэн импэкс ХХК ус, цахилгааны төлбөрийг холбогдох байгууллагад төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Ийм учир Мон Лаа ХХК нь уг цахилгааны төлбөрийг хариуцах этгээд гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2019/00287 дугаар шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар хариуцагч Хэрлэн импэкс ХХК-иас Цахилгаан эрчим хүчний төлбөр 90,398,319 төгрөгийг гаргуулан Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 609,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 609,942 төгрөгийг хариуцагч Хэрлэн импэкс ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХХК-д олгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 202/МА2019/00028 дугаар магадлалаар: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 136/ШШ2019/00287 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад ... Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч Хэрлэн импэкс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.15-ны өдрийн 136/ШШ2019/00287 дугаар шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 202/МА2019/00028 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч би хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. Хэрлэн импекс ХХК 2016.06.15-ны өдөр Мон Лаа ХХК-тай 16-0615/1 дугаартай Ажлын байр түрээслэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж, үйлдвэрийг Мон Лаа ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т Түрээслэгч барилгын ашиглалтын үйл ажиллагаатай холбогдсон бүх зардлыг хариуцна. Энэ тухайд түрээслүүлэгчээс ямарваа хөрөнгө шаардахгүй, 4 дүгээр зүйлийн 4.5-д Түрээслэгч нь үйл ажиллагаатай холбоотой зардлыг (дулаан, цахилгаан, халуун, хүйтэн ус, үйлдвэрийн хаягдал, энгийн хаягдал, техникийн болон үйлчилгээний ажилчдын цалин хөлс, инженерийн шугам сүлжээний засварын зардал г.м.) түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлнө гэж заасан. Нэхэмжлэгчээс шаардаж буй 90,398,319 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр нь 2017 оны 2-6 дугаар сарын төлбөр юм. Энэ нь Мон Лаа ХХК түрээсийн гэрээний дагуу үйлдвэрийг ашиглах хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр болно. Түрээслэгч буюу Мон Лаа ХХК нь 2017.10.12-ны өдрийн арбитрын хуралдаанд цахилгааны төлбөрийн талаар Цахилгаан түгээх сүлжээ ХХК-тай төлбөрийн үлдэгдлийн талаар Мон Лаа ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батзориг тооцоо нийлсэн акт үйлдсэн, цахилгааны төлбөр төлөхийг зөвшөөрч байгаа, маргаангүй гэж тайлбарласан. Мон Лаа ХХК нь нэхэмжлэгч байгууллагатай шууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдэн төлөгч байгууллага гэх хэсэгт Мон Лаа ХХК-ийн тамга дарж, нягтлан бодогч Ө.Батзориг гарын үсэг зуржээ. Уг актыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК хүлээн авсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Мон Лаа ХХК-ийн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон. Уг акт нь мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Хэрлэн импэкс ХХК-д холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 90,398,319 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Хэрлэн импэкс ХХК нь эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх хариуцагч Хэрлэн импэкс ХХК-аас 90,398,319 төгрөгийг гаргуулан Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХХК-д олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Талуудын хооронд 2017.04.12-ны өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байх бөгөөд цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрт 90,398,319 төгрөг төлөгдөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Хариуцагч Хэрлэн-Импэкс ХХК нь ...2016.06.15-ны өдрийн 16-0615/1 дугаартай Ажлын байр түрээслэх гэрээ-ний дагуу Мон Лаа ХХК нь ... үйл ажиллагаатай холбоотой зардлыг түрээсийн төлбөрөөс тусад нь тооцож төлөх тул ... Мон Лаа ХХК нь нэхэмжилж буй 90,398,319 төгрөгийг хариуцан төлөх ёстой гэж маргажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, хариуцагч Хэрлэн-Импэкс ХХК-ийг Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т зааснаар эрчим хүчний төлбөрийг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийг маргаанд холбогдох хуулийг оновчтой зөв сонгон хэрэглээгүй гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний нэмэлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд ...90,398,319 төгрөг нь Мон Лаа ХХК түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөр, Цахилгаан түгээх сүлжээ ХХК-тай төлбөрийн үлдэгдлийн талаар Мон Лаа ХХК тооцоо нийлсэн акт үйлдсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 2-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэснийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хэнд холбогдуулж нэхэмжлэл гаргахаа шийдвэрлэдэг тул хариуцагч Хэрлэн импекс ХХК-д холбогдуулан нэхэмжлэлээ гаргасныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй болно.

Хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн бүртгэл нь зохигчийн хооронд байгуулагдсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт хамааралтай, тооцоог хариуцагчийн зөвшөөрснөөр хийсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, Мон Лаа ХХК-тай тооцоо хийж баримт үйлдсэнийг талуудын хооронд хэлцэл байгуулагдсан гэж үзэх боломжгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид явуулсан албан бичгээс үзэхэд хариуцагч нь ажлын байрыг Мон Лаа ХХК-д түрээслүүлдэг, цахилгаан эрчим хүчний төлбөрийг тус компаниас авч дамжуулан шилжүүлэхээ илэрхийлж байсан нь тогтоогдсон байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 202/МА2019/00028 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 610,000 /зургаан зуун арван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД