Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 108

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00108

 

 

 “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02342 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О, Ц.Н, Б.Т нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэг, хохиролд 383 507 663 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бархас, Х.Амараа, Х.Батдэлгэр

Хариуцагч Б.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Янжинхорлоо

Хариуцагч нарын өмгөөлөгч: Д.Доржсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б.О нь Хас Банктай дараах гэрээнүүдийг байгуулж, зээл авсан. Үүнд: 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1370001919 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 187 000 ам.долларыг жилийн 14.4 хувийн хувьсах хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан. Энэхүү гэрээнд Ц.Н болон Б.Т нар нь хамтран буюу нөхөх хариуцлага хүлээх үүрэгтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202011803, ГД-000131458 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу 28-р байрны 1-р давхар үйлчилгээний зориулалттай орон сууц, Улсын бүртгэлийн Ү-2204019361, ГД-000033837 дугаартай, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 00 тоот орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204024630, ГД-000068105 дугаартай, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 12-р хороолол Энхтайвны өргөн чөлөө 25-р байрны 00 тоот орон сууцыг тус тус барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Зээлдэгчийн удаа дараагийн ам.долларын зээлийг төгрөгийн зээлд шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэж, харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд тэрээр үндсэн зээлд 17 572 ам доллар, хүүнд 102 327 ам доллар, нэмэгдүүлсэн хүүнд 0.67 ам.доллар, нийт 120 078 ам доллар төлсөн байдаг. Ам долларын зээлийн үлдэгдэл 169 428 ам долларыг төгрөгийн зээлд шилжүүлэх шийдвэр гарсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн банкны ам доллартай харьцах ханшаар хөрвүүлэн тооцоход зээлийн үлдэгдэл 320 220 720 төгрөг байсан.

Иймд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үлдэгдэл 320 220 720 төгрөгөөр зээлийг дүнг тооцон, жилийн 18.5 хувийн хүүтэй, хугацааг 2031 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл сунгасан. Төгрөгт шилжүүлснээс хойш хариуцагчаас үндсэн зээлд 4 904 592 төгрөг, хүүнд 82 339 512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 10 770 төгрөг, нийт 87 254 875 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар анх 2011 оны 6 дугаар сараас эхлэн тохиролцсон графикийн дагуу зээлээ төлөх үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй. 2016 оны 11, 12 дугаар сард зээлээ төлөхийг байнга шаардаж байсан. Иймд гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул гэрээний 3.3.1, 3.3.9-д заасныг үндэслэн банк гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дараах шаардлагыг гаргаж байна.

Шүүхэд анх нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 1370001919 тоот гэрээний дагуу үндсэн зээл 315 315 480 төгрөг, хүү 36 329 716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 531 төгрөг төлөөгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу төлбөл зохих хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон тул 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 315 315 480 төгрөг, хүү 61 740 688 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86 016 төгрөг нийт 377 142 185 төгрөгийг, нотариатын үйлчилгээний хөлс 15 000 төгрөгийн хамт Б.О, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Н, Б.Т нараас гаргуулж өгнө үү.

Мөн зээлийн гэрээний 3.5, баталгаат ипотекийн гэрээний 2.7, 2.8-д тус тус заасны дагуу барьцааны гурван хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү.

2. Зээлдэгч Д.Отгонбаярт банк 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 5001616464 дугаартай овердрафтын гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгосон. Энэ гэрээнд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс зээлийн хүүг жилийн 24 хувийн хүүтэй болгон өөрчлөлт оруулж, зээлийн дансны дугаарыг 1370019601 болгон өөрчилсөн.

Овердрафтын гэрээний дагуу 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 5 542 196 төгрөг, хүү 692 395 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115 885 төгрөг төлөгдөөгүй байх тул нийт 6 350 476 төгрөгийг Б.Оаас мөн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хас банкнаас зээл авах Б.О нь өөрийн эгч болох Б.Ттай Төрийн банкинд тус тусдаа орон сууцны зээлтэй байсан болно. Б.Т Төрийн банкнаас 2007 онд 30 000 000  төгрөгийн зээл аваад 2011 оны 2 сар гэхэд 13 236 097 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй, Б.О авсан 30 000 000 төгрөгийн зээлээс 20 479 600 төгрөгийн үлдэгдэлтэй, хугацаа, хүү багатай төгрөгийн зээл байсан юм.

Анх Хас банкинд 160 000 ам.долларын зээлийг хүссэн. Гэтэл банкны зээлийн эдийн засагч нь танайх 2 зээлтэй болохоор зээл чинь гарахгүй гэж хэлээд бидний 33 715 697 төгрөгийн зээлийг хаалган, Хас банкнаас авах зээлэнд 27 000 ам.доллар нэмсэн. Тухайн үед ам.долларын зээл ямар нэг эрсдэлгүй, хөвөгч хүүтэй гэж хэлж 187 000 ам.доллараар зээлийг авахуулсан.

Энэ ам.долларын зээлийг авснаас 7 сарын дараагаас эхлэн валютын ханш бага, багаар нэмэгдэж эхэлсэн. Бид банкинд зээлээ төгрөгт шилжүүлэх хүсэлт тавьж эхлэхэд, валютын зээлийг төгрөгийн зээлэнд шилжүүлэх боломжгүй гэж явуулсаар даруй 3 жил болсон, энэ бүх хугацаанд өндөр ханштай валютын зээлийг төлж ирсэн ба 2014 онд нэг ам доллар 1892 төгрөг болох үед үлдэгдэл валютын зээлийг монгол мөнгөнд шилжүүлэн өндөр ханшаар тооцож 320 220 072 төгрөгийн зээл болгосон. 

Хас банк нь анх зээлийн эргэн төлөлтийн график гаргахдаа энэ 5 жилийн хугацаанд үндсэн мөнгөнөөс нь маш бага дүнгээр хасч зөвхөн хүү авах зарчмаар иргэдийг шулсан график гаргасан нь шударга бус, хэрэглэгчийг хохироосон үйлдэл болоод байна. Гол нь Хас банкны зээлийн эдийн засагч нь жилийн эцэст дүгнэгддэг өөрийнхөө ажлын үзүүлэлтийг бууруулахгүйн тулд зээл авч төлөхийг ятгаж овердрафтын 5001616464 тоот гэрээг байгуулуулж, 5 000 000 төгрөгийн зээлийг авахуулж, өмнөх зээлийн төлөлтөд төлсөн болно. 

Үндсэн барьцаа хөрөнгө болох 154 м.кв үйлчилгээний зориулалттай байрны зах зээлийн үнэ нь 385 000 000 төгрөг юм. Манай зүгээс зээлээ төлөх боломжгүй болсноо илэрхийлж барьцааны хөрөнгөө төлбөрт тооцон шилжүүлж өгөх, гэрээг цуцлах тухай саналыг удаа дараа банкинд тавьж байсан. Гэтэл банк асуудлыг шийдвэрлэхгүй удаасаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хурлаар хэлэлцээд обьектыг маш багаар буюу 270 000 000 төгрөгөөр үнэлж авна гэсэн. Бидний нэгэнт төлсөн байгаа 498 878 545 төгрөг дээр тэдний санал болгосон 270 000 000 төгрөгийг нэмээд тооцоход бид нийт 768 878 545 төгрөг зээлд төлсөн болох юм.

Анх 160 000 ам долларын зээл хүссэн байхад өөрсдөө өмнөх бага хүүтэй, төгрөгийн зээлийг хаалгаж нэмж саналаараа 27 000 ам долларыг өндөр хүүтэйгээр зээлсэн тул 27 000 ам долларт ноогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй. Мөн хувьсах хүүг эрсдэлд орохгүй, ханш өөрчлөгдөхөд хамаа байхгүй хүү гэж тайлбарлаж өгсөн байдаг. Төгрөгийн зээл болгохдоо хүүгээ 18.5 хувиар тооцон шилжүүлсэн байдаг. Ам долларын зээл олгох үеийн төгрөгөөр тооцож үзэхээр зээл олгох үеийн дундаж хүү 12.33 хувь байсныг 14,4 хувь болгож зээлдэгчид илт хохиролтой тогтоож өгсөн байна. Иймд зээлийн хүүг 14.4 хувь биш 12.33 хувиар тооцоод шийдвэрлэх боломжтой.

27 000 ам доллар гэдэг нь нийт зээлийн 14.43 хувийг эзэлж байх тул энэ хугацаанд төлсөн хүү, нэмэгдүүлсэн хүү, одоо нэхэмжилж буй хүү, нэмэгдүүлсэн хүүнээс дээрх хэмжээгээр тооцон хасч, хүүг анхны 12.33 хувийн хүүгээр тооцвол нэхэмжилж байгаа дүнгээс 75 669 ам доллар буюу 184 059 898 төгрөг хасагдана. Иймд энэ хэсгээр багасгаж тооцож өгнө үү.

Мөн банкны зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргасан тул түүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 25 470 457 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгааг, нотариатын зардалд 15 000 төгрөг нэхэмжилж байгааг тус тус хүлээн зөвшөөрөхгүй. 

Бид Хас банкны өөрийнх нь шахалтаар доллараар авсан 154 м.кв үйлчилгээний зориулалттай обьектоор зээлийн үлдэгдэл төлбөрийг хаахад бүрэн хангалттай гэж үзэж байгаа тул үүргийн гүйцэтгэлийг үндсэн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хамтран өмчилдөг хөрөнгөнөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед надаар гарын үсэг зуруулахад нотариатаар гэрчлүүлээгүй байдаг бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул үүргийн гүйцэтгэлийг миний хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О, Ц.Насанбуян, Б.Т нараас 351 671 727 төгрөг, хариуцагч Б.Оаас 6 350 476 төгрөгийг тус тус гаргуулж Хас банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 25 485 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Б.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын 154 мкв үйлчилгээний зориулалттай хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 57/1 дүгээр байр 00 тоот 76 мкв талбайтай хөрөнгө, Б.Т, Э.Ө нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 25 дугаар байрны 00 тоот 68.8 мкв үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 303 639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2 018 261 төгрөг, улсын орлогоос 157 950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна.

Хас банкнаас зээл авах үед буюу 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ам.долларын ханш 1255.24 төгрөг байсан ба ханш нь хэлбэлзэж байгаад 2012 оны 01 дүгээр сард огцом нэмэгдэж 1 433 төгрөгт хүрсэн. Энэ үеэс ам.долларын зээлийг төлөхөд хүндрэлтэй байгаа тухай банкинд мэдэгдэж зээлийг төгрөгт шилжүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг байнга гаргаж байсан болно. Анхнаасаа Хас банкнаас ам.долларын зээл авахыг зөвлөж бусдын барьцаанд байсан үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн санаачилгаар төлбөрийг нь өгч чөлөөлүүлэн богино хугацаанд шийдвэрлэнэ гэх зэргээр итгэж үнэмшүүлэн зээл авахуулсанд гомдолтой байдаг.

Ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасаар байтал удахгүй шийдвэрлэж өгнө гэж хүлээлгэсээр ам.долларын зээлийн хүүнд 102 327 ам.доллар, нийтдээ 120 078 ам.долларыг төлчихсөн байсан. Улмаар Монгол банкнаас бүх ам.долларын зээлийг төгрөгт шилжүүлэх үүрэг өгөгдсөний дагуу Хас банкнаас манай зээлийг төгрөгт шилжүүлэн гэрээ байгуулсан. Зээлийг төгрөгт шилжүүлсэн ч гэсэн зээлийг эргэн төлөхөд хүндрэлтэй байсан бөгөөд зээлийг 2016 оны 8 дугаар сараас ямар ч төлбөр төлж чадахгүй болсон. Энэ үеэс л гэрээг цуцалж, зээлийн төлбөртөө үл хөдлөх хөрөнгөө авахыг санал болгосон байдаг.

Хас банкнаас гэрээ цуцлах, зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авч зээлийн удирдлагын хороогоор авч хэлэлцсэн ба зээлийн удирдлагын хорооны тогтоол гарсан байдаг. Нэгэнт энэхүү тогтоол гарсанаар гэрээ цуцлагдсан гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Ийм байтал төлбөрт тооцон авч байгаа нь цуцлагдсан тухай биш гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрээг цуцалсанаар барьцаа хөрөнгийг үнэлэн тооцох авах болохоос барьцаа хөрөнгийг үнэлэн аваад гэрээг үргэлжлүүлнэ гэсэн ойлголт байхгүй юм. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс гэрээ цуцлагдсан гэж тооцон хүү, нэмэгдүүлсэн хүү тэр хугацаа хүртэл тооцох ёстой гэж үзэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоолсон тооцоолол алдаатай, ойлгомжгүй байсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ойлгомжтой болох үүднээс тооцооллыг ойлгомжтой байдлаар гаргуулахыг удаа дараа шүүхээс хүссэн боловч нэхэмжлэгч нь тооцоог гаргаж өгөлгүй, угаасаа ойлгомжтой байхад мэтээр тайлбарлан мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцоо болох гүйлгээ хийгдсэн дансны хуулга гэх баримтад хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо хугацааг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл гарган нэхэмжлэх дүн 351 671 142 төгрөг, үндсэн зээл 315 315 481 төгрөг, үндсэн хүү 36 329 716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25 945 гээд тооцооллыг Х.Амараа хийсэн гэдэг. Гэтэл шүүхээс энэхүү баримтыг үнэн зөв үнэлэлгүй банкны нэхэмжилсэн дүнгээр шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны зээл, зээлийн хүүг тооцно гэж дүгнэсэн бол түүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцолгүй хасах ёстой байсан болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Б.О, Ц.Н, Б.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд  нийт 377 157 184 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч Б.От холбогдуулан 5001616464 тоот зээлийн гэрээний үүрэгт 6 350 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Б.О, Ц.Н нар нь “Хас банк” ХХК-тай 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 187 000 ам.долларыг, 180 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэйгээр зээлдэгчид зээлүүлэх, мөн өдрөө дээрх зээлийн гэрээний үүргийг хамтран гүйцэтгүүлэхээр Б.Т, Б.О нартай нэмэлт гэрээг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.Оын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011803 дугаарт бүртгэлтэй,Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу 28 дугаар байрны 1 дүгээр давхрын 154 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019361 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайван өргөн чөлөө 57/1 дүгээр байр 00 тоот 76 м.кв талбайтай орон сууц, Б.Т, Э.Ө нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайван өргөн чөлөө 25 дугаар байрны 00 тоот 68.8 м.кв талбайтай орон сууцаар тус тус хангуулахаар барьцаат зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан байна.

 

            Мөн Б.О, Ц.Н нар нь “Хас банк” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр харилцан тохиролцож, зээлийн үлдэгдэл 169 428 ам.долларыг хөрвүүлэн үндсэн зээлийг 320 220 072 төгрөгөөр тооцон, хүүг жилийн 18.5 хувь байхаар, эргэн төлөлтийн хуваарь, хэмжээг өөрчилж, хугацааг 2031 оны 03 дугаар сарын 08-ныг хүртэл байхаар тус тус гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

 

            Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуулиар тавьсан хэлбэрийн  шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь зөв боловч зарим гэрээнд гэрээний талууд үүрэг хүлээх, өмчлөгчөөс зөвшөөрөл авах шаардлагад нийцсэн эсэх талаар дараах дүгнэлтийг буруу хийснийг залруулах боломжтой гэж дүгнэлээ. Үүнд 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ам.долларыг хөрвүүлэн төгрөгт шилжүүлсэн зээлийн гэрээнд хариуцагч Б.Насан-Өлзий, Б.О нар үүрэг гүйцэтгэгч нар болж оролцсон байх бөгөөд хариуцагч Ц.Туяа нь уг гэрээнд гарын үсэг зураагүй тул  гэрээний оролцогч биш юм. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Туяагаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 дугаар хороолол Энхтайван өргөн чөлөө 25 дугаар байрны 00 тоот орон сууц нь Ц.Туяа, Э.Ө нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө байх бөгөөд уг хөрөнгийг барьцаалах тохиолдолд өмчлөгч нар оролцох ёстой. Энэ гэрээнд өмчлөгч Э.Ө гарын үсэг зураагүй тохиолдолд түүний уг гэрээг байгуулсан гэж дүгнэхгүй юм. Нэхэмжлэгч тал Э.Өоос зөвшөөрөл авсан гэж тайлбарлах боловч хэргийн 3 дугаар хавтасны 12 дугаар талд авагдсан барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд Э.Ө гарын үсэг зурсан байдал нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, энэ баримтаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ барьцаалах эрхийг зөвхөн итгэмжлэлээр олгох боломжтой, хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Ийм учраас гуравдагч этгээд болох Э.Өын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм. 

 

            Мөн хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3.3.1, 3.3.9, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаанаас нь өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар нь 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр буюу нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь гэрээ болон хуульд нийцжээ.

 

            Хариуцагч нар нь зээлийн хөрөнгө 187 000 ам.долларыг шилжүүлэн авсан, энэ хугацаанд зээлдэгчээс үндсэн зээлд 17 572 ам доллар, 4 904 592 төгрөг, хүүнд 102 327 ам доллар, 82 339 512 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 0.67 ам доллар, 10 770 төгрөг нийтдээ 120 078 ам доллар, 7 254 875 төгрөгийг төлсөн үйл баримтын хувьд талууд маргаагүй байна.

 

            Зээлийн гэрээ цуцлагдаж дуусгавар болсон өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 315 315 480 төгрөг, зээлийн хүү 36 329 716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26 531 төгрөг, нийт 351 671 727 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

            Мөн хариуцагч Б.О нь “Хас банк” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч өөрийн картын дансны үлдэгдлээс илүү хэмжээгээр зарлагын гүйлгээг хийж, дансанд буцаан хийсэн орлогоос эргүүлэн төлөхөөр, тухайн сарын хэрэглэсэн зээлийг дараа сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр, хүү жилийн 30 хувийн хүүтэй байхаар, хэрэв тухайн сарын зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн үндсэн дүн болон өмнөх хугацаанд бодогдсон төлөгдөөгүй хүүгийн нийлбэр дүнгээс хүү тооцох нөхцлөөр тус тус харилцан тохиролцож 5 000 000 төгрөгийн нэг жилийн хугацаатай овердрафтын гэрээг байгуулжээ.

 

Хариуцагч нь уг зээлийн гэрээг байгуулсан үйл баримтад маргаагүй бөгөөд гэрээний үүрэгт 6 350 476 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргаагүй тул хариуцагч Б.Оаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

Зээлийн гэрээний талууд зээлийн гэрээний нөхцөл, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийг зөвшөөрч гарын үсэг зурж, хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 56, 57 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болохоос бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч тал шаардсанаа хүссэн хэмжээнээс илүү хэмжээтэй зээл авсан, ам.долларын ханшны зөрүүнээс зээлийн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болжээ.

 

            Түүнчлэн хариуцагч тал гэрээг цуцлаагүй, хариуцагч тал гэрээг цуцлах үндэслэл бүрдээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байдал тогтоогдоогүй тул 2016 оны 08 дугаар сараас хойш гэрээг цуцалж, зээлийн төлбөртөө барьцаа хөрөнгөө хариуцагч тал санал болгосон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.4 дэх хэсэгт заасан санал гаргах дуудлагад хамаарах тул нэхэмжлэгч хүлээн авч зөвшөөрөх байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

            Хас банкны зээлийн удирлагын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 410 тоот тогтоолоос үзвэл хариуцагчийн 342 704 192 төгрөгийн зээлийн төлбөрийн 259 000 000 төгрөгт ногдох хэсэгт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тооцож авахаар шийдвэрлэсэн боловч үүнийг хариуцагч тал зөвшөөрсөн талаар баримтгүйгээс гадна уг хөрөнгөөр зээлийг бүрэн төлөх тохиролцоо талуудын хооронд хийгдээгүй байна. Иймд энэ тогтоол гарснаар гэрээ цуцлагдсан гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Мөн хариуцагч У.Насан-Өлзийгийн нэрийг буруу бичснийг залруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02342 дугаар шийдвэрийн

1 дэх заалтаас “Б.Т” гэснийг хасч, “Ц.Насанбуян” гэснийг “Ц.Н” гэж, “нэхэмжлэлээс үлдэх 25 485 460 төгрөгийг” гэснийг Б.О, Ц.Н нараас 25 485 460 төгрөг гаргуулах болон Б.Тд холбогдох нэхэмжлэлийг тус тус” гэж өөрчилж,

2 дахь заалтаас “Б.Т, Э.Ө нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар байрны 00 тоот 68.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгө” гэснийг хасч, “даалгасугай” гэснийг “даалгаж, Б.Т, Э.Ө нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024630 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 25 дугаар байрны 00 тоот 68.8 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Хас банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 666 300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА